sonin.mn

Шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг Их сургуультай нэгтгэх нь шинжлэх ухааныг өөрийг нь устгах эрсдэлтэй гэж эрдэмтэн судлаачид үзэж “Шинжлэх ухаанаа аваръя” түр хороо байгуулан тэмцлийн үйл ажиллагаа зохион байгуулж байгаа билээ. Харин зарим хүмүүс "Их сургуулийг түшиглэж хөгжсөн шинжлэх ухаан өгөөжтэй, сонгомол загвар гэдгийг олон улсын жишээ харуулж байна" гэж үзэж байгаа. Энэ зөрчилтэй асуудлын талаар Шинжлэх ухааны Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга П.Баярын ярилцлагыг нийтэлж байна.

-Шинжлэх ухааны байгууллагыг Их сургуультай нэгтгэж болохгүйн гол шалтгааныг Та юу гэж харж байна вэ?

-Их сургуульд хүрээлэнгүүдийг нэгтгэх цаг ч болоогүй, санхүүгийн чадавх, боломж нь ч бүрдээгүй байна. 1997 оны Засгийн газрын 31-р тоггоолоор тухайн үед байсан эрдэм шинжилгээний 70 орчим байгууллагыг нэгтгэн статусыг нь тодорхой болгон 30 гаруй хүрээлэнг бий болгосон нь өнөөг хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байна.

Харин эдийн засаг, хууль зүй, математикийн гурван хүрээлэнг МУИС-д нэгтгэснээр тэдний үйл ажиллагаагаа тогтмол явуулах, судалгаа шинжилгээ хийх боломж нөхцөл нь муудаж зарим нь бүр нэрнээс өөр юмгүй болсон    харамсалтай түүх бидэнд сургамж болоод байна. Энэ нь их сургууль хүрээлэнг авч явах санхүүгийн чадал тэнхээ, боломж байхгүйтэй холбоотой.    

Оюутны сургалтын төлбөрөөр багш ажилчдынхаа цалин хөлс, бусад зардлаа хариуцдаг ийм нөхцөлд хүрээлэнгүүдийг механикаар нэгтгэвэл судлаачид ажилгүй болж судалгааны ажил зогсож устах эрсдэлтэй. Монголын шинжлэх ухааны түүх 700-800 жилийн настай. Түүхэнд тэмдэглэн үлдээснээр бол Хубилай цэцэн хаан 1275 онд "Мэргэдийн хүрээлэн” гэдэг байгууллага анх байгуулж байсан. Харин орчин цагийн хувьд 90 гаруй жилийн түүхтэй салбар.

Их сургуулийн багш, судлаачдын хийдэг ажил, авдаг цалингийн хооронд их ялгаа бий. Багш нарын цалин судлаачдынхаас хоёр дахин өндөр, тэдний заах цаг ахиу байвал цалин хөлс нь ахиу учир багшлах нь тэдэнд ашигтай. Зуны улиралд багш нар хоёр сар гаруй амардаг. Харин эрдэмтэн судлаачид хавар дулаарахаар л хөдөө гадаа хээрийн судалгааны ажилдаа гарна. Сүүлч нь 11 сард, бараг анхны цаснаар орж ирнэ. Тэгээд цуглуулсан материал, дээж, ургамлаа судалж шинжилж үр дүнгээ гаргаж суудаг. Энэ бол ганц л жишээ.

-Монгол   улсад олон жил шинжлэх ухааны салбар, их дээд сургуулийн үйл ажиллагаа салангид явж ирсэн нь алдаатай бодлого байсан юм биш үү?

-Хүрээлэнгүүдийг их сургуультай нэгтгээд хөгждөг гэдгийг миний хувьд сонгодог, төгс хэлбэр гэж бодохгүй байна. Өөр олон хэлбэр байдаг. Тухайлбал, Европын холбооны 43 улсаас Франц, Швед, Голланд гэх мэт 29 улс нь ШУА-тайгаа ажиллаж байгаа гэсэн мэдээлэл авсан. Германы Макс-Планкийн нийгэмлэг гэдэг байгууллага байдаг. Манай ШУА-аас олон залуу тэнд сурч доктор хамгаалж ирсэн. Нэр нь нийгэмлэг гээд дотроо 82 хүрээлэнтэй, хэлбэр бүтцийн хувьд манай ШУА-тай адил байдаг гэж тэд хэлдэг.  Харин манай ШУА хуучны нэрээрээ байгаа нь зарим хүмүүст муухай харагдаад байж магад. “Нийгэмлэг” гэсэн нэртэй болж болно. Гэхдээ асуудлын гол нь нэрэндээ биш байхаа. ШУА-ийн их чуулган гэдэг бүтцийн байгууллага байдаг.

Их чуулган хуульд заасны дагуу төрдөө шинжлэх ухааны үндэстэй зөвлөмжөө өгөх үүргээ бүрэн хэмжээгээр биелүүлж байгаа. Их чуулганы бүрэлдэхүүний хувьд 30 гаруй хувь нь их сургуулиудад ажилладаг доктор, профессор, академич нар байдаг. Бага чуулган гэдэг бүтэц нь шинжлэх ухааны аль салбар чиглэлээр ямар судалгааг хийх вэ, ач холбогдол нь юу вэ гэх мэт үндсэн үйл ажиллагаагаа явуулж, салбар бүрийн төрөл бүрийн байгууллагад ажилладаг эрдэмтэдтэй, их сургуулиуд, төрийн болон төрийн бус хувийн хэвшлийн гэх мэт олон чиглэлийн төлөөлөлтэй.

-Сүүлийн үед шинжлэх ухааны салбар ахмадаар дүүрсэн, мөнгө аваад л сууж байдаг гэх шүүмжлэлийг зарим хүн хэлж байна?

-Энэ бол ор үндэсгүй яриа. Нэгдүгээрт, манай нийт судлаачдын 54 хувь нь 35 хүртэлх насны залуучууд, дундаж нас нь 39 байна. Хоёрдугаарт, бидний хийсэн бүтээсэн зүйл хангалттай их байна. Харин түүнийг минь үл тоох, улс орны хөгжилд ашиглахгүй байх, зориудаар мушгин гуйвуулах далд санаа бодлоор хандаад байна уу гэдэг хардлага төрдөг боллоо. Хүрээлэн болгоноор яваад үзэх хэрэгтэй. Эрдэмтдийн бүтээл, шинэ технологи овоолоостой байна. Аваад хэрэглээч ээ.

Гуравдугаарт, академич гэдэг хэргэм цолтой ердөө 62 хүн байдаг. Үүний 25 нь ШУА-даа ажиллаж байна. Үлдсэн нь их сургууль, төрийн захиргаа, ТББ зэрэгт ажиллаж байдаг. Миний бодлоор Академич нь тухайн шинжлэх ухааны салбартаа хийсэн, бүтээсэн бүтээлтэй, тэр салбартаа толгой эрдэмтэн бөгөөд кино жүжигчидтэй зүйрлэвэл    Оскарын шагналтнууд гэж ойлгож болно. Ер нь тамирчин хүн булчин шөрмөс нь чанга байх ид залуу, эрч хүчтэй насан дээрээ амжилт үзүүлдэг бол эрдэмтэн хүн нас ахих тусмаа илүү их амжилт гаргадаг. 60-аас доош насандаа Нобелийн шагнал авсан хүн дэлхий дээр байхгүй гэж сонссон.

-Та бүхний байгуулсан түр хороо чухам юунаас, хэнээс шинжлэх ухаанаа аврах гээд байна вэ?

-Бид энэхүү “Шинжлэх ухаанаа аваръя” нэртэй түр хороог 2014 оны 12 дугаар сарын 20-д байгуулаад ажиллаж байна. Зорилго бол Монгол улсын шинжлэх ухааны салбарыг устгуулахгүй, мөхөөхгүй, сүйтгүүлэхгүйн төлөө байгуулсан. Ерөнхий сайдын 12 дугаар сарын 19-ний өдөр УИХ дээр хэлсэн үгийн шинжлэх ухааны салбарт хамааралтай бүлэг үгийг эсэргүүцэж байгаа юм.

Энэ хэлсэн үг нь шинжлэх ухааныг байхгүй болгох, устгах санааг агуулж байна гэж хардаж байгаа. Тодруулбал, “хүрээлэнгүүдийг их сургуульд нэгтгээд төсвөөс гаргана” гэсэн үг байгаа. Суурь судалгаа нь төсөвгүй болоод их сургуульд нэгтгэнэ гэхээр их сургууль маань өөрөө шинжлэх ухаанаа аваад санхүүжүүлээд, судалгаа шинжилгээг үргэлжлүүлэх чадамж байхгүй байна.

Тиймээс судлаачид ажилгүй болох, судалгааны ажил зогсох, цаашлаад шинжлэх ухаанаа өөрийг нь байхгүй болгох, устгах сөрөг үр дагавартай. Эцэст нь шинжлэх ухааныг устгахгүй, харин ч дэмжиж хөгжүүлнэ гэдэгт судлаачид бид итгэж, найдаж байгаагаа хэлэхийг хүсч байна.

Хууль бусаар ажлаас халах, ажлын байрны баталгааг хангуулах, нийгмийн асуудлыг шийдүүлэхийн төлөө шинжлэх ухааны салбарт ажиллаж буй 1000 судлаачийн хууль ёсны эрх ашгийг хамгаалахаар ажиллах нь энэ салбарын ҮЭ-ийн үндсэн үүрэг. Энэхүү үймээн бужигнаанаар хүн хохирох вий гэдэгт бид санаа их зовж, нугалаа завхрал гаргуулахгүйн төлөө хичээн ажиллаж байна. МҮЭХ-ноос энэ чиглэлэээр анхаарч ажилла гэдэг заавар чиглэлийг бидэнд өгсөн.

Б.Жаргал
Эх сурвалж: "Хөдөлмөр"