sonin.mn
Агуу их Марадона биднээс алсран холдож алаг бөмбөгөө хөөсөөр тэнгэр өөд довтлоод явчихлаа. Сэтгэлийн гүн дэх гунигийн саарал манан намрын сэрүүнтэй сүлэлдсэн уйтай зэврүүн өдөр юм. Хөлбөмбөг хэмээх гайхалтай ертөнцөд шунан дурлаж явахад хараад ханашгүй торгон гоё мөчүүдийг халуун залуу насанд минь олонтой үзүүлж бишрүүлсэн энэ л домогт дүр өдөржин толгойд эргэлдлээ. Зүлэг ногоон талбайг зүглэн ширтсэн сая сая хүмүүний сэтгэлд шигдэж хадагдаад зүрхэнд шингэж хоногшсон уран хурц тоглолтыг чинь дэлхий мартахгүй. Алдар нэрийн оргилыг авч атгаж, хүндэтгэл хайрын дээдийг хүртэж эдэлсэн шигээ энэ орчлонд өөрийн хүсэл сонирхолдоо элдэв хаалт хориг хийлгүй дандаа урагшаа давших мэт туулсаар дууслаа. Арай л эрт хайран байна. Гэхдээ тоглолт шигээ тод яруу торго мэт гялалзан гэрэлтсэн амьдрал. Баяртай, сениор дон Диего!
 
 
 
Дэлхийн өнцөг бүрээс хөлбөмбөгийн хорхойтнууд харамсан гашуудаж эх оронд нь эмгэнэлийн 3 хоног зарлагдлаа. ХХ зууны хөлбөмбөгийн суут гени тоглогч түүний намтар түүхийн арвин их хуудас уншигч фэнүүдийн өмнө бүтэн нээлттэй бүрэн тодорхой ч тамирчны замналаас нь ганц нэгийг онцлон багцлаад цухас дурдая. 
Аргентины нийслэл Буэнос-Айресын зах залгаа Ланус хотноо тэртээ 1960 оны 10-р сарын 30-нд удам дамжсан усан тээрмийн жирийн ажилчны гэр бүлд анхны хүү нь болж төржээ. Угсаа гарлын хувьд эцэг талаасаа ихэнхи аргентинчуудын адил Итали цустай, ургын модыг нь хөөвөл дээш явсаар алдарт аялагч Марк Полотой холбогддог гэж гени судлаачид үздэг юм байна. Мөн бас нэг салаа мөчир буюу ээж Сальваториагийн эмэг эх нь яах аргагүй Хорват цустай гэнэ, за тэгээд мэдээж уугуул нутгийн унаган индиан гени мэдээж холилдсон байж таарна. 
Ирээдүйн их одын бага нас ядуусын дүүргийн хамар хашааны халтар жаалуудын хамт тоос шороо бургисан бохир гудамжинд бөмбөг хөөцөлдөн тоглож өнгөрчээ. Гэхдээ манай хүн гэрээсээ холдож зориглон гарах тэр нэгэн зуныг хүртэл үеэл ахынхаа бэлэглэсэн анхны бөмбөгийг өвөлжин биенээсээ салгалгүй өвөртлөж унтдаг, өөр хэн нэгэнтэй хуваалцахгүй гээд хашаан дотороо хааяа хэдэн эгчтэйгээ тоглодог "харамч" жаал байж. 
 
 
 
Дөнгөж 8 настайдаа алдарт "Архентинос Хуниорс" багийн мэргэжилтний хараанд өртөж "Лос Себалитос" буюу "Нялх сонгинууд" хэмээх хүүхдийн багт шилэгдэн албан ёсоор анх талбайд гарсан гэдэг. Авъяас чадвар нь өдөр өдрөөр ахисаар тэр цагийн Аргентиний хүүхэд багачуудын босоо аварга "Ривер Плайт"-ын залуусын шигшээ багийн хаалганд ганцаараа 5 гоол оруулсан 10 настай хүү анхаарлын төвд амархан ороод ирж.  
 
 
 
 
Аргентины өсвөр үе залуучуудын шигшээ багт 12 наснаасаа эхлэж шилэгдэж тоглосоор 16 нас амжиж хүрээгүй үедээ "Аргентинос Хуниорс" багийнхаа үндсэн багт орж томчуудтай зэрэгцээд үзэлцэж эхлэв. Энэ хугацаанд багтайгаа хамт 5 сезон туулахдаа улсынхаа хошой аварга болж залуучуудын шигшээд уригдан 1979 онд дэлхийн залуучуудын аваргын титэмийг шилдэг тоглогчийн шагналтай хамт эх орондоо аваад ирлээ. 
Харин 1978 онд болсон Аргентины дэлхийн аваргаар улсынхаа шигшээд дуудагдан багтаж тоглож чадаагүй 18 настай шилдэг супер одын талаар бичсэн ярьсан өчнөөн тайлбар бий. Баг нь дэлхийд анх удаа түрүүлсэн гайхамшигтай тэр сайхан баярыг ард түмэндээ авчралцаж чадаагүйдээ тэрээр насан туршдаа харамсаж явсан. 
Гэвч урган мандаж байгаа улаан нарыг усан манан хэр удаан халхлах билээ 1981 оноос улсынхаа толгой шилдэг багуудын нэг "Бока Хуниорс"-ыг аварга болгож өгөөд, 1982 оны дэлхийн аваргын дараа Испанийн домогт "Барселона" багт тэр цагийн хамгийн үнэтэй өртөгөөр (8 сая доллар) шилжин ирж 2 жил тоглохдоо зүүн гуяндаа хүнд гэмтэл бэртэл авч урт хугацаагаар завсарласан ч эхний жилд 35 тоглолтонд 23 гоол, дараагийн жилд 23 тоглолтонд 15 гоол оруулсан гайхалтай амжилт үзүүлж байв. 1984 онд Италын А лигийн "Наполи" багт өмнөхөөсөө дутхааргүй үнэ ханшаар шилжин ирж эхний жилдээ 32 гоол оруулж үнэн тасархай тоглосон гээд "гэрээсээ" гараад үзүүлсэн амжилт ялалтын буухиа нь үргэлжилдэг. 
Дэлхийн аваргын дэмжээнээс улсынхаа шигшээг манлайлан 1986 онд аваргын алтан цом, 1990 онд дэд аварга буюу мөнгөн медал хүртсэн нөр их хөлс хүч амжилт ялалтын хугацаанд шигшээ багтаа 115 удаа тоглож 47 гоол оруулсан тоо байдаг бол клубийн хэмжээнд нийтдээ 492 тоглолтонд оролцож 258 гоол оруулсан толгой эргэм тоо бий. Хамгийн сүүлийн удаа тоглогчийн хувиар талбайд гарсан нь 1997 онд юм байна. 
Аргентины шигшээ дэлхийн хошой аварга болсон 1986 оны Мексикийн дэлхийн аваргаар 1/4 финалд Английн багтай хийсэн тоглолтонд үсрэлтэн дундаа түүний зүүн гараараа оруулсан "бурханы мутар" нэртэй шидэт нэгэн гоолыг уншигч та бараг санаж буй бизээ.
 
 
 
 
Талбайн шүүгч анзаарч чадалгүй тооцсон энэ оноо Англичуудыг дэлхийн дэвжээнээс хасагдахад үүрэг гүйцэтгэсэн нь үнэн ч дараа нь Марадонагийн нэмээд оруулсан тэр нэгэн гоол дэлхийн аваргын давтагдашгүй шилдэг уран шигтгээ шидээвр болж үлдсэн билээ. Аргентины эрэг дагуу байрлах Фолкдендийн хэсэг шүрэн арлуудыг эзэмших эрхийн төлөө 1982 онд хоёр улс агаарын мөргөлдөөн дайн хийж Англичууд ялсаны хариуд булаан эзлэгчдийг бурхан Диегогийн гараар хашраасан гэдэг үг ч бий. 
 
 
 
За тэгээд алдар суут Марадонагийн тухай бичээд байвал гаргасан амжилт ялалт авч гардсан шагнал, хүртсэн хүндлэл нь тоочоод барагдахааргүй билээ. Агуу тамирчны спортын замналын өчүүхэн хэсгээс сануулан дурдахын хамт дурсгалын зурагных нь өмнө өчүүхэн зул асаахад ийм байна. 
 
 
Д.Цэрэндорж 
2020.11.26