Наадам ид дундаа. Говь нутгийн эгэл малчин ард Цэндоо гуайнх улсын наадмын хүчит бөхийн барилдааныг радиогоороо сонсоод л. "Циркийн Дамдин гарлаа... давлаа", "Дархан аварга Мөнхбат, Баянмөнх, аварга Бээжин, Өмнөговийн хүчит арслан Дэмүүл нар даваад туг тойрч явна...".

Тайлбарлагч Ц.Бадамсэрээжид арслангийн дуу эх орон даяар ийн хүнгэнэхэд хаяаг нь ханын тэхий дундаас дээш гаргаж шуусан гэрийн сүүдэрт хэвтэж байсан хүүгийн сэтгэл өөрийн эрхгүй хөдлөх. Тэрхүү аварга бөхчүүдийн дүр төрхийг тайлбарлагчийн дуу хоолойны өнгө аясаар дамжуулан сэтгэлдээ ургуулан төсөөлж бодоод л...

Цэндоогийн Төрмөнх, Сандуйн Найдан, Агвааны Ганбаатар гурав хонь хурганы бэлчээрт, асгар үнэртсэн худаг дээр, ер нь хаана л бол хаана зав л гарвал ноцолдоостой. Төрмөнх нь Баянмөнх, Найдан нь Дамдин, Ганбаатар нь Мөнхбат "болоод" тэнгэр сэрүүцтэл дэвж, газар халцартал барилдана. Нөгөө хоёрыгоо барилдахад Ганбаа ташуураа микрофон болгож барьчихаад тайлбарлаад л...

Тэр цагаас хойш билгийн дөрвөн улирал хэдэнтээ солигдож, 1993 он урган гарав аа. Энэ он Монголын спортын түүхэнд бас нэг шинэ шан татаж, бөхчүүдийн нутаг ус, үүх түүх, цол гуншин, гавьяа шагналыг цээжээрээ мэддэг "амьд" лавлах болсон тайлбарлагч, улсын начин Агвааны Ганбаатар соёлын гавьяат зүтгэлтэн цолыг Монголын тамирчдаас анх хүртсэн билээ л.

Түүний дуу, хоолойны өнгө цаанаа л нүнжигтэй, тослог. Үл ялиг марзагнал, бөхчүүдийн тухай жаахан давстай яриа, хүнгэнэсэн сайхан дууг нь сонссон шигээ бөх харах үнэнхүү бахтай.

ЗҮЙРЛЭВЭЛ, арсалдан тэмцэлдэгч хүчит бөхчүүдийг найрал уртын дууч гэх аваас тэрхүү найрал уртын дуучдад хөг нэмэгч, зүг чиг бологч хөлгөн их хуурч нь тайлбарлагч Агвааны Ганбаатар буюу.

ЗҮЙРЛЭВЭЛ, олныг цэнгүүлэн баясуулагч бөхчүүдийг хурмастаас асгаран буух догшин аадар бороо гэх аваас тэрхүү аадар бороог сүр хүчтэй, арвин болгогч тэнгэрийн их дуу нь тайлбарлагч Агвааны Ганбаатар буюу.

"Халуун хүйтэн хоёр орчилдож, хатуу нь зөөлөндөө дийлдэж бүрэлдсэн нутаг" Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд төрсөн, 1964 оны луутан энэ эрхэм долоон хүүхэдтэй айлын ууган хүү.

Нэгдэл нийгмийн олон ямаа хариулж, хаврын урт шар өдрийг бэлчээрт өнгөрөөж, угалз босоход айж, сургуульд ороод дотуур байранд идээшиж өгөхгүй хэсэгтээ зутарч, өвөө эмээгээ санан оргохдоо тулж, зургадугаар ангид орох жилээ сумынхаа наадамд зодоглон Доржсэмбэ заанд нусаа сугартал гуядуулаад унасан ч зориг зүрх
алдаагүй "эрийн хуйх .

Түүнийг Даланзадгадын арван жилд сурч байхад, секц дугуйланд авдаг багш нэгээхэн бээр байсангүй. Сахилгагүйн "шалтаг" түүний хүчтэй "өрсөлдөгч" байснаас тэр. Харин нэг өдөр Жаргал багш нь "Хотоос Рагчаа гэж дасгалжуулагч ирсэн. Спорт хороон дээр бөхийн секц хичээллүүлэх юм гэсэн. Чи ирж уулз" гэнгүүт мань эр ч чавхны чулуу шиг "нисээд" хүрч.

Гоё ах байна гэнэ. Өтгөн хар хөмсөгтэй, бас сахалтай. Улсын шигшээ багийн тамирчин, спортын мастер цолтой. Багш ч шалгаж, Гамбаа ч шалгуулаад тэнцэн "сэтгэлийнх нь нар" гарч бөхийн секцэнд орж явчихсан гэнэм.

"1977 онд ээж минь өөд болж, зургаан дүүгийнхээ хамт өнчирч үлдсэн сэн...". Ийн хэлэхдээ гавьяатын дуу бүүдийн цаашлах. "Тэр үед биднийг гэх хүн нагац эгч Цэрэнчимэд, хүргэн ах Чимэддорж нар минь л байсан даа. Миний амьдралын хамгийн хүнд үед тус болсон хүмүүс, тэд". Ийн ярихдаа гавьяатын дуу цээлшин наашлах.

Бөхийн секцэнд явахын тулд оройн хоолны гурилыг маш хурдан элдчихээд л гарч өгдөг байсан Ганбаа хүү 1980 онд наймдугаар ангиа төгсөөд Налайхын ТМС-д сурахаар "ГA3-53" хөлөглөн нутгаасаа гарч байсан гэнэм.

Даахаас цүнх, дагахаас сүүдэр хоёроосоо өөр ханьгүй нутгаасаа гарсан жаахан хүү "бэлчээрт гартлаа" ямархан урт зам, ямархан хэмжээний бэрхшээл, зовлон туулсныг үгээр эвхэж яахан барах.

"1979 онд МБАТ-ний VI спартакиад Өмнөговьд болсон юм. Манай шилдэг дасгалжуулагчдын нэг Ш.Рагчаа тэнд томилолтоор ажиллаж байв. Ж.Мөнхбат, Х.Баянмөнх, Д.Цэрэнтогтох, П.Дагвасүрэн тэргүүтэй хэсэг бөх өмнийн говийн домогт хүчтэн, хурц арслан Г.Дэмүүлийнд бууж, говь нутгийн амтат мах, айраг, сархдаар дайлуулж, хот хүрээний сонин сайхныг хүүрнэлдэн зөндөө саатсан сан.

Орой нь Ш.Рагчаагийнд очив. Гайгүй барилдмаар хэдэн залуу байгаа тухай ярьж, зургийг нь үзүүлэн Ганбаатар, Түвшинтөр гэж танилцуулж байв, тэр. Түүнээс хойш олон жил болж 1984 он гарлаа. Намар нь шигшээ багийнхан бэлтгэлээ хийж байтал "хар" Ганбаа /Н.Ганбаатар/ ирдэг юм.

Тэр хэлж байна. "Багшаа Налайхад нэг өнчин хүү байна. Улсын баяр наадмаар хэн хэнтэй, хэрхэн барилдсаныг цээжээр мэддэг, бас ч үгүй хөөрхөн барилдчихмаар авьяастай юм. Та түүнийг анхааралдаа аваач" гэж. Удалгүй дагуулаад ирэв. Хэдэн жилийн өмнө "сахал" Рагчаагийн зургийг нь харсан хүү дүрээрээ.

Бэлтгэлийн дараа авч үлдээд суүлийн таван жилийн улсын наадмын тавын даваанаас хойших барилдааныг асуухад юу ч харахгүй, тэгсэн мөртөө түгдрэхгүйгээр бөхчүүдийг аймаг, сум, цол гуншинтай нь, хэн хэнийг амлаж, хэрхэн барилдсаныг уянгалаг сайхан хоолойгоор маш эвтэйхэн уншиж байна шүү.

Ингээд шигшээгийнхэнтэй бэлтгэл хийлгэв. Жил орчмын дараа барилдах ур чадвар нь өсч, 68 кг-ын жингийхэнтэй эн тэнцүү өрсөлддөг болсон доо, Ганбаа.
"Энэ хүүхдэд сайн тайлбарлагч болох авьяас байна" гэж шавь нартайгаа бэлтгэлийн бус цагаар ярилцана.

Манай багийн эмч, улсын арслан П.Дагвасүрэн ч дэмжиж, улсын аварга шалгаруулах үндэсний бөхийн өсвөр үеийнхний тэмцээнийг тайлбарлуулахаар шүүгчидтэй ярилцан тохиров. Бид тэмцээний дундуур очиж, юу нь болж, юу нь болохгүй байгааг хэлж өгдөг байв. Алдаагаа давтдаггүй нь түүний гайхамшигт онцлогийн нэг. Ингэж л бөхийн тайлбарлагчийн ажилд эргэлт буцалтгүй орсон хүн дээ, тэр" хэмээн дасгалжуулагч Ч.Дамдиншарав гавьяат нэгэнтээ дурссан л...

"Бөх тайлбарлаж, тайлбарлахын зэрэгцээ эвлэгхэн барилдаж, улсын начин цол хүртэж, түүний хэлснийг болон бөхчүүдийнхээ адал явдлаас "өнгөтөөр" ярьж бусад руу гэрэл гэгээ цацаж, их спортын зовлон жаргалыг биеэрээ мэдэрсэн Ганбаа бэлтгэлийн хүнд ачааллын үеэр алиа марзан юм ярьж, нөхдөө хөгжөөн бие сэтгэлийнх нь хөндүүрийг илааршуулж өгөх нь дэндүү урамтай" хэмээн алдарт дасгалжуулагч нэмж өгүүлсэн л.

...Наадам ид дундаа. Улсын баяр наадмын хүчит бөхийн барилдааныг Төв цэнгэлдэх хүрээлэнгээс радиогоор шууд дамжуулаад л. "Дархан аварга Бат-Эрдэнэ учраагаа барьж авах гэж хөөгөөд л байгаа харагдана", "Далай аварга Сүхбат, гарьд Цэрэнпунцаг, Гантогтох нар даваад тугаа тойрлоо".    Тайлбарлагч

А.Ганбаатар гавьяатын дуу эх орон даяар ийн хүнгэнэхэд хаяаг нь ханын тэхий дундаас өнгөртөл шуусан гэрийн сүүдэрт хэвтэж байсан хүүгийн сэтгэл өөрийн эрхгүй хөдөлнө. Тэрхүү аварга бөхчүүдийн дүр төрхийг тайлбарлагчийн дуу хоолойны өнгө аясаар дамжуулан сэтгэлдээ ургуулан төсөөлж бодоод л...

2005.07.25 Ц.Галбадрах
"Монголын цуут" номоос

Эх сурвалж: "Бөх" сонин