sonin.mn

Оргилсон эмнэг танхай барилдаанаараа улирагч зууны далаад оны сүүлч наяад оны эхээр дэлхийн чөлөөт бөхийн дэвжээг чимэлцэж, эх орныхоо нэрийг бусдын нутгийн тэнгэрт сонсгож явсан цөөхөн монгол байдаг.

Нэг нь Буяндэлгэрийн Болд. Долоон бандитай эгэл монгол айлын хоёр дахь хүү. Хотын унаган хүү. Аав ээж нь ажилтай , нялх балчир хүүгээ хажуу айлынхаа хөдөөнөөс ирсэн эмээгээр харуулдаг байв.

Хүүг  ой хүртэл нь "малласан” буурай нутаг буцахынхааа урьд өдөр “Та хоёр залуу улс. Дахиад зөндөө л хүүхэдтэй болно. Болдыгоо надад өргүүлчих” гэж сэтгэл дэвсэн гуйж. Залуус зөвшөөрсөнгүй. Яалтай ч билээ. Сэтгэл хоргодонгуй нутгаа зорьсон хөөрхий хөгшин хагас жил бололгүй буцаад ирэх нь тэр. “Би танайд байж энэ хүүхдийг өсгөж өгье” гэснээр Буяндэлгэр гуайнх хүүгийнхээ хуурай эмээгээр бүл нэмсэн гэдэг.

Долдугаар ангид байхдаа "тэнэж" яваад “Алдар” нийгэмлэгт орж , чөлөөт бөхийн секцэнд бүртгүүлэн алдарт Ч.Дамдиншаравын “торгон сүрэгт” нийлсэнээр спортын гараагаа эхэлж , найм, ес, арав дугаар ангидаа улсын идэрчүүдийн аваргаар гурван жил дараалан шалгарч дараа нь “Интернациональ-78” олон улсын тэмцээнд түрүүлж байснаа Болд гавъяат дурссан.

Одоо арав дугаар ангийн банди ийм амжилт гаргавал нэлээн шуугиан тарих байх даа. Хэн ч тэгж хэлэх. Үүнээс хойш түүнээс цааш Болд өөрийн жинд Монголдоо ноёрхлоо тогтоож, дээш арсан тив, дэлхийн дугуй дэвжээнд бөмбөрцөгийн шандас төгөлдөр эрстэй ана мана, ач тач үзэж тарж , үзүүр түрүү булаалдаж эхэлсэн бөлгөө.

...1979 он. Дэлхийн залуучуудын аварга шалгаруулах чөлөөт бөхийн тэмцээн тэр жил Улаанбаатар хотноо болсоныг мартамгүй. 18 орны 112 бөх зодоглосон энэ тэмцээний 68 кг-ын жинд 14 хүчтэн барилдахад залуу мастер Болд Кубын Э.Мартин, Польшийн В.Странсинский , Германы "Р.Хюник, АНУ-ын Г.Фризел нарыг ялаад Болгарын Ц.Цветанд хожигдсон ч дараагиин даваандаа гоц мөргөж, аваргын төлөө ЗХУ-ын “буриад" Б.Будаевтай тулж мөнгөн медаль хүртсэн байдаг.

...1980 он. Хойд хөршийн Москва хотноо болсон зуны спортын XXII олимпийн наадамд түүнийг чөлөөт бус сонгомол барилдаанаар оролцуулахаар шийдчихэж. Бөхийн энэ төрлөөр дагнан хичээллэж үзээгүй ч “бамбарууштай" олимп хорин нас, хонгор зүстэй Болдын хувьд баяр харуусал зэрэгцүүлэн өндөрлөснийг хойно дурдалтай.

Тэнд сонгомол 68 кг-д хүч үзэхдээ тэр Иракийн Ахмад Сахида, Польшийн Андерзеж Супран нарыг цэвэр ялж гоц мөргөж тав дугаар тойрогт Шведийн бөх , олимпийн хүрэл медальт Лоре Эрих Шельд оноогоор ялагдсанаар олимпийн шагналт тавдугаар байрт Монголын сонгомол барилдаанаар цөөнгүй удаа оролцсон ч Болдын гаргасан дээрхи амжилтанд “дөхөж очсон” монгол бөх өнөөг хүртэл байхгүй байгаа нь хэр зэргийн өндөрлөгт хүрсэнийг илтгэх мэт.

Харин түүнийг Москвагийн дэвжээнд чөлөөтөөр нь барилдуулсан бол сонгомолын шагналт байраас илүү амжилт гаргах боломжтой байсан... гэж бөхийн мэргэжилтнүүд одоо ч ярилцахыг сонсохоор нэг тийм хармын сэтгэл эрхгүй төрөөд байдаг юм. Нээрээ чөлөөтөөр нь барилдуулсан бол ...гэж. 1981 он. АНУ-ын Толидо хотноо болсон дэлхийн шилдэг багуудын цомын төлөөх тэмцээнээс хүрэл медальтай ирж байв.

...1982 он. Канадын Эдмонтон хотноо болох дэлхийн аваргын тэмцээнд оролцохоор шаргуу бэлтгэж “ уяа” нь эвлэчихээд асан монголын бөхчүүдийг “ дээд газар”-аас явуулахыг нь гэнэт болтулсан амтгүй шийдвэр гарсан байдаг. Иртэй хэнийг ч хяргаад өгөх хэмжээнд хүрээд байсан Болд намар нь Энэтхэгийн Дели хотноо Азийн наадмын аварга болж гомдлын хүрмээ жаахан нимгэлсэн түүхтэй.

...1983 он. Түүнийг Киев хотноо болох дэохийн аваргын тэмцээн хүлээж байв. Киевт жиндээ хэн хэнтэй таарч яаж барилдах талын судалгааг Дамийл багшийнхаа хамт чамгүй хийв. Азийн наадмын түрүү бөх Болд иэнд Турк, Финланд, Грек, Куба, Японы бөхийг ялаад аваргын төлөө ЗХУ-ын Бүх ард түмний спартакиадын аварга А.Фазаевтай барилдах болж.

Хойд хөршөөс 1980 онд Москвагийн олимпийн болон 1981оны дэлхийн аварга С.Абсайдов, 1982 оны дэлхийн аварга М.Харачура хоёрын аль нэгийг ирэх байх гэсэн төсөөлөлтэй байтал олимпийн болон дэлхийн аваргуудыг нутагтаа орхиод ирсэн Фазаев түүнд ганц ч оноо алдалгүй түрүүлэн дэлхийн авага болж , Монголын Болд мөнгөн медаль дээр буух нь тэр.

1984он. Лос -Анжелесийн “хөрөнгөт” олимпод оролцоогүй ЗХУ тэргүүтэй социалист орнууд тамирчидынхаа хөдөлмөрийг талаар болгохгүйн тулд “Найрамдал-84” тэмцээнийг зохион байгуулж тухайн тэмцээнд үзүүлсэн амжилтыг олимпийнхтой дүйцүүлэн үнэлж цэгнэхээр тогтсон юмсанж.

Болгарын Софид чөлөөтөөр арван орны 100 шахам бөх барилдсан байна. Энд нэгэн зүйлийг тодотгоход 1983 оны дэлхийн аваргын тэмцээний шагналт байрын 30 бөхийн 20 нь “Найрамдал-84”-өөс медаль авсаныг бодоход чөлөөтийн гол тулаан АНУ-д болсон уу, эсвэл Болгарт болсон уу гэдэг нь сонин. Болд тэр тэмцээний хэсгийн барилдаанд “гайхал” А.Фазаевтай таарч ялагдсан ч дэвжээний эзэн орны К.Пеневийг өвдөг шороодуулан хүрэл медаль хүртсэн билээ.

... 1985 он. Чөлөөтийн дэлхийн аваргын тэмцээн Унгарын Будапешт хотноо бдлоход тэрбээр нэгдүгээр тойрогтоо Финландын Л.Раухалатай таарч. Л .Раухала Монголын бөхчүүдийн оролцоогүй 1984 оны Лос-Анжелесийн олимпоос хүрэл хүртсэн хүчтэн. Лос-Анжелсийн олимпийн хүрэл мелальтан, “Найрамдал-84"-д тэмцээний хүрэл медальтан хоёр ийн таарч.

Тэгэхдээ бүр нэгдүгээр тойрогт шүү. Шийдвэрлэх барилдаанд манай тамирчин олимпийн медальтаныг оноогоор ялсандаа урамшин удаад нь Афганистан, Швейцар, Канад, Хятадын бөхийг “шударч” зургаа дугаар тойрогтоо хийлэв.

Долоогийн даваанд Унгарын Салонтайг цэвэр ялсан ч аваргын төлөөх барилдаанд өнөөх лүд А.Фазаевтайгаа үлдэж ялагдан мөнгөн медаль хүртжээ. Өрсөлдөгч найз гэсэн нэг тийм нандин харьцаа , гаргалгаа спортод байдаг. Дан ганц спортод ч биш юм аа, үйлдвэр, шинжпэх ухаан, соёлын салбарт ч буй бөлгөө.

Олимпийн хошой аварга, дэлхийн зургаан удаагийн аварга домог Арсен Фазаев , Буяндэлгэрийн Болд хоёр дэвжээн дээр эвлэршгүй тэмцэлддэг өрсөлддөг ч амьдралын эгэл хонгор өдрүүд дунд үерхэл нөхөрлөлийн бат бөх , хүчирхэг үндэстэй мод, турьхан, арчаагүй бол цаг зуурын ойворгон азарган салхинаа булга үсрэн унах байсан биз ээ.

Тэгээгүй. Одоо ч цэцэглэн ургасаар буй. Афины олимпийн өмнөхөн дөө. Болд гавъяат “өрсөлдөгч” найзынхаа заллагаар Г.Өсөхбаяр аваргыг хойд хөршийн  луугаруудтай нэг дэвжээнд багагүй хугацаанд нухаж бэлтгэл хийлгээд ирж байсныг санаж байна.

Нэгэн үе Буяндэлгэрийн Болд, Зэвгийн Дүвчин, Адуучийн Баатархүү, Авирмэдийн Энхээ, Халтмаагийн Баттуул, Лувсангийн Энхбаяр... энэ хэдэн монгол дэлхийн бөхийн ертөнцөд “ газар хөдөлгөж’’ байсныг надтай надгүй нарны тэнгэр мэдэх юм хойно.

Энд монголын спортын, тэр дундаа бөхийн түүхэнд Болд гавъяатын гаргасан нэгэн шинэ зам мөрийн тухай дурьдахгүй өнгөрч боломгүй. Хотод төрж, хотод өссөн цэвэр суурин соёл иргэншилийн бүтээгдэхүүн тэрбээр хөдөөний хүүхэд л бүлтэй чадалтай, бяртай тэнхээтэй гэсэн хуршмал ойлголтыг тасар татан хаяж, хотын унаган хүүхэд барилдаж чаддагийг тивийн наадамд түрүүлж, дэлхийгээс ганц нэгээр бус хоёр гурваар нь медаль авч олимпийн дэвжээнд нэр алдраа дуурсгаж болдгийг монгол даяханд харуулсан мөнхийн гавъяатан бөлгөө.

Түүний зам мөрөөр их хотын олон мянган хүүхэд олон мянган охид, хөвгүүд их спортын дэвжээ рүү усандаа ирж буй адуу шиг цувж , тэмцэж босч, амжилт алдраа дуудуулан тив дэлхийд эх орныхоо нэрийг дуурсгах болсон. Дуурсгаж ч байгаа. Дуурсгасаар ч байх буй за.

Ц.Галбадрах

Эх сурвалж: "Бөх" сонин