сонин mn
Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төслийг ХЗДХЯ-наас боловсруулан хаврын ээлжит чуулганаар хэлэлцүүлэхэд бэлэн болжээ. Улмаар өмнөх долоо хоногт хуулийн төслийг  МАН-ын бүлгийн хурлаар хэлэлцэн дэмжсэн.  Тэгэхээр удахгүй холбогдох байнгын хороод, чуулганаар хэлэлцэж батална гэсэн үг.  Хуулийн төслийн онцлох заалтууд болон хувь хүний мэдээллийг хамгаалах асуудал өнөөдөр ямар байгаа тухай мэдээллийг хүргэе.
 
Хувь хүний нууцын тухай хуулийн хамрах хүрээ хязгаарлагдмал байна
 
Сүүлийн үед  үйлчилгээний газруудад хэрэглэгчийн худалдан авалтын үнийн дүнд суурилсан оноо цуглуулах, хувь хүнийг таньж баталгаажуулах зорилгоор гарын хурууны хээ болон хувь хүний бусад мэдээлэл цуглуулах нь түгээмэл болсон.  Одоо мөрдөгдөж буй Хувь хүний нууцын тухай хуульд  дээрх асуудлуудыг тусгаагүй.  Хувь хүний нууцыг хязгаарлагдмал хүрээнд тогтоож, зөвхөн эрүүл мэнд, захидал харилцаа, хөрөнгө, гэр бүлийн нууцыг хувь хүний нууцад хамааруулахаар заасан.  Тэгэхээр хувь хүний мэдээлэл алхам бүрт алдагдаж байж болох энэ цаг үед дээрх хуулийг батлах нь ус агаар мэт хэрэгтэй байгааг хууль санаачлагчид онцолж буй.
 
Х.Нямбаатар: Царай таних камеруудыг хориглоно
 
Хуулийн төслийн зарим заалтын талаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар байр сууриа илэрхийлсэн байдаг. Тэрбээр “Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн төсөлд царай таних камерыг хориглож байгаа. Мөн албан байгууллага, дэлгүүр хүний биометрик мэдээллийг замбараагүй цуглуулж байгааг хязгаарлана” гэжээ.  Хуулийн төслийн агуулга.
 
Агуулга 1. Хуулийн төсөлд нэр томьёоны тодорхойлолт оруулж, хүний хувийн мэдээлэл, хүний эмзэг мэдээлэл, биометрик, генетикийн, эрүүл мэндийн мэдээлэл зэрэгт юуг хамааруулах, эдгээр мэдээллийн эзэн хэн болох, мэдээллийг цуглуулах, боловсруулах, ашиглах ойлголтыг улс орны жишигт тулгуурлан тодорхойлжээ. 
Агуулга 2. Хүний хувийн мэдээлэл цуглуулахад мэдээллийн эзнээс зөвшөөрөл өгдөг байх, эсхүл хуульд заасан үндэслэлээр хүний хувийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглаж болох тохиолдлуудыг тогтоож өгчээ. Түүнчлэн мэдээллийн эзнийг тодорхойлох боломжгүй болгож түүхийн болон шинжлэх ухааны судалгаа, шинжилгээний зорилгоор мэдээлэл боловсруулах, ашиглах зохицуулалтыг оруулсан.
Агуулга 3. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нийтийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, нийтэд мэдээлэл хүргэх зорилгоор хүний хувийн мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж болохоор оруулжээ.
Агуулга 4. Хүний хувийн мэдээлэл хамгаалах эрх бүхий байгууллагыг тогтоож, энэ хуулийн хэрэгжилтийг хянаж ажиллах чиг үүргийг тодорхой болгоно.
Агуулга 5. Дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмжийг байршуулах тохиолдол, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн системд тавигдах шаардлага, хориглох, хяналт тавих зохицуулалтыг тусгасан. Тухайлбал, ариун цэврийн өрөө, хувцас солих өрөө, нийтийн үйлчилгээний газрын тусгай зориулалтын үйлчилгээний өрөө, караоке, зочид буудлын өрөө, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг үзүүлэх хэвтүүлэн эмчлэх өрөө зэрэг хувь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд илтэд халдахаар байршилд дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийн төхөөрөмж байршуулахыг хориглохоор заажээ.
 
ЭКСПЕРТИЙН ҮГ
 
ХЗДХЯ-ын Хууль зүйн бодлогын газрын дарга П.Сайнзориг: Хүний хурууны хээ уншуулдаг асуудал байх ёсгүй
 
-Технологийн давуу байдлыг ашиглан хүний хувийн мэдээллийг авах, боловсруулах асуудал нэлээд түгээмэл болчихлоо.  Тиймээс дээрх хуулийн төслийг боловсруулан онцгой анхаарч ажиллаж байна. Түүнчлэн зах худалдааны төв, байрны орц зэрэгт байгаа дүрс бичлэгийн камерыг ямар стандартын дагуу тавих уу. Тэнд цуглуулсан мэдээллийг хэн ямар журмын дагуу үзэж болох вэ гэдгийг хуульчилсан. Мөн дэлгүүр, банк санхүүгийн байгууллага хүний хурууны хээ шаарддаг. Үүнийг хуулийн хүрээнд таслан зогсоох арга хэмжээ авна.
 
 
Хуульч Ү.Амарбат: Эрх бүхий иргэд хүний хувийн мэдээллийг задлах тохиолдол гардаг
 
 
 
-Төрийн мэдээллийн сан, банк, үүрэн телефоны оператор зэрэгт ажиллаж байгаа иргэд хүний хувийн мэдээлэлтэй маш болгоомжтой хандах ёстой.
 
 
 
Тэд хүний хувийн мэдээллийг өөрийн авах ёстой чиг үүргийнхээ хүрээнд биш хувийн ашиг сонирхолдоо ашиглах байдлаар олж авсан тохиолдол олон бий.  Түүнийг нь мэдсэнээс үүдсэн маргаан хуулийн байгууллагад олон ирдэг.  Гэвч ил болж байгаа нь болохоос үүний цаана мэдээгүй олон тохиолдол нууц хэвээр үлдэж байна.  Тэгэхээр энэ асуудлыг ч хүний хувийн мэдээллийг хамгаалах хуульд тодорхой тусгаж батлах ёстой. 
 
“Глоб” интернэшнл” ТББ-ын хуульч Б.Пүрэвсүрэн: Иргэн, хэвлэл мэдээллийн байгууллага бичлэг цацахдаа прокурорын зөвшөөрөл авна
 
-Хэвлэл мэдээллийн байгууллага гэлтгүй иргэд цахим орчинд хувь хүний мэдээлэл рүү халдах боллоо. Орцны камерын бичлэгийг аваад л иргэдийн нүүр царайг шууд цацчихаж байна. Үүнийг 1995 онд баталсан хуулиар зохицуулах ямар ч боломжгүй. Иргэн өөрийн мэдээллээ алдсан тухай шүүхэд мэдээлэл гаргахад ямар ч нарийвчлан заалт байхгүй.  Харин Хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулиар тодорхой зохицуулж байна.  Иргэн болон хэвлэл мэдээллийн байгууллага аливаа хүний нэр хүндэд халдсан бичлэг тараахдаа ямар ч онцгой эрх эдлэхгүй.  Хуульд заасан үндэслэлийн дагуу прокурорын зөвшөөрлөөр цацах ийм зохицуулалтыг хийж өгсөн.
 
 
Т.Батсайхан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин