sonin.mn
Англи, орос, хятад хэлийг гаргууд сайн эзэмшиж, аялал жуулчлалын салбарт хүч үзэж яваа нэгэн хөдөлмөрч залууг “Эх орны манаа” онцолж байна. Тэр бол хөтөч, тайлбарлагч, орчуулагч, багш гээд олон мэргэжлийн ур чадварыг хослуулан мөрөөдлөө бодит ажил хэрэг болгож буй залуучуудын төлөөлөл юм.
 
-Манай сонины уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?
 
-Юуны өмнө та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Намайг Болормаагийн Батмөнх гэдэг. 1986 онд төрсөн. Монген цогцолборын орос, англи хэлний ангийг төгссөн. Багаасаа орос, англи хэл үзэж, IV ангиасаа эхлэн аялал жуулчлалыг сонирхох болсон. Ингээд сургуулиа төгсөхдөө МУИС-ийн аялал, жуулчлалын ангийн хуваарийг авсан юм. 2003-2007 онд МУИС-ийн Газар зүй, геологийн факультетийн аялал жуулчлалын ангид суралцаж дүүргэсэн. Аравдугаар ангиа төгсөөд хөтөч, тайлбарлагч, орчуулагчийн ажлыг зуны амралтаараа хийж эхэлсэн. 2007-2010 онд МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд магистрын зэрэг хамгаалсан. Судалгааны ажлын сэдэв маань Монгол Улсын геополитикийн орчин хэмээх нэлээд маргаантай боловч сонирхолтой сэдэв байлаа. Мөн 2008 оноос эхпэн Күнзийн институтэд хятад хэл сурч, 2010-2014 онд БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр Харбин хотын Боловсролын их сургуульд газар зүйн чиглэлээр суралцаж төгссөн. Энэ бүх хугацаанд зуны амралтаараа хөтөч, тайлбарлагчийн ажлаа хийсээр байсан. 2014 оноос хөтөчийнхөө ажлыг дагнан хийж байтал 2020 оноос “Ковид-19” цар тахлын нөлөөгөөр манай салбар уналтад орж, хамт аялж явсан хүний тавьсан саналын дагуу хуучнаар “Эрэл” сургууль, одоогийн “English school of Mongolia” сургуульд түүх, газар зүйн багшаар ажиллаж байна. Хичээлүүдээ англи хэл дээр заадаг.
 
-Сонирхолтой түүх, аялагчдад тохиолдсон адал явдлын талаар өгүүлдэг “Freem” подкастыг саяхнаас сонсож эхэлсэн. Та энэ сэдвийг яагаад сонирхон судлах болсон бэ?
 
-Миний бодлоор аялал жуулчлалын салбар бол маш олон салбаруудын нийлбэр юм. Өөрөөр хэлбэл аялал жуулчлал нь үйлчилгээний салбар учраас үйлчилгээний соёлтой, мэдлэгтэй, асуудлыг шийдвэрлэх ур чадвартай байхыг шаарддаг. Энэ салбарт ажиллаж байгаа хүн түүхийн талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх хэрэгтэй. Газарзүй, гадаад хэлний мэдлэг зайлшгүй шаардлагатай. Би өөрөө аялах дуртай. Их сургуулийн найзууд маань ч сонирхол нэгтэй учраас нийлээд подкаст хийхээр шийдсэн.
 
Бид 2021 оны гуравдугаар сарын 10-нд хамгийн анхны дугаараа бэлтгэж, одоогоор 40 гаруй дугаар хийсэн байна. Манай подкастуудыг гурван төрөлд хувааж авч үзэж болно. Нэгдүгээрт түүх, танин мэдэхүйн. Үүнд XIII зуунд Монголыг зорьсон жуулчдын тухай, Напалеоны тухай гэх мэт. Хоёрдугаарт аялал жуулчлалын салбарт ажилладаг хүмүүсийг нэвтрүүлэгтээ урьж оролцуулан тодорхой асуудлын хүрээнд ярилцдаг. Тухайлбал, англи, америк жуулчдын сэтгэл зүйн онцлог, Монгол орны 21 аймаг дахь аялал жуулчлалын нөөц бололцоо, биет болон биет бус өв, тэдгээрийг аялал жуулчлалын эргэлтэд хэрхэн оруулах талаар судалж, ярилцдаг. Хэдийгээр цар тахалтай байгаа ч хамгийн түрүүнд Сүхбаатар аймагт очиж Дарьганга гар урлалыг судалсан. Жинхэнэ Дарьганга урлал гэж ямар урлалыг хэлдэг, бусад хийцүүдээс ямар ялгаатай болохыг урлаачаас нь асуусан. Шувуу судлаачтай уулзаж Ганга нууранд ямар шувуу ирдэг, яагаад хунгийн чуулган болохоор хүмүүс хошуурдаг, хэдийд үзвэл зохимжтой, түүнийг яаж үзэх ёстой вэ гэдэг талаар асууж судалсан. Бүгд пижигнэж очоод нуурын эрэг дээрээс зураг авах ёстой юм уу, эсвэл тусгай зассан газраас байгаль орчныг бохирдуулж, шувуудыг үргээхгүйгээр харах ёстой юу, Талын агуй, Шилийн Богд уул руу шинийн найманд бүгдээрээ гарах нь хэр зөв юм, уул овоон дээр гараад архиныхаа шилийг хаяад байж болох уу гэх мэтчилэн олон асуудлыг хөнддөг. Гуравдугаарт аялагчдад тохиолдсон жигтэй, сонирхолтой, тайлагдашгүй үйл явдлыг сургамжтай талаас нь хүргэхийг зорьдог.
 
-Аялагчдад тохиолдсон үл тайлагдах адал явдлуудыг шашин талаас нь хардаг уу, шинжлэх ухаанч талаас нь авч үздэг үү?
 
-Аль аль талаас нь бодохыг хичээдэг. Шашин бол хүний итгэл үнэмшилтэй холбоотой. Буриадад 1993 онд болсон Хамар давааны хэрэг, 1956 онд болсон алдарт Дятловын давааны хэрэг, 1974 онд ЗХУ-ын Колийн хязгаарт болсон Чивруае давааны хэрэг зэрэгт заавал шашны тайлбарууд байдаг. Мэдээж хэрэг шинжлэх ухааны тайлбарууд орж ирнэ. Тухайлбал, 1993 оны наймдугаар сард Хамар даваанд яагаад асар их бороо оров гээд л судалгаа эхэлнэ дээ.
 
-Шинийн нэгний өглөөний нарыг харж, хийморио сэргээх нь таны бодлоор хэр зэрэг ач холбогдолтой вэ?
 
-Уул, ус бол манай монголчуудын уламжлалт зан үйлтэй маш нарийн холбогддог. Гэхдээ заавал шинийн нэгэнд гэхгүй тухайн хүн өөрийн сайн өдрийг харж байгаад гарч болно шүү дээ. Шилийн Богд руу шинийн найманд гарахын тулд хүмүүс эргэн тойрон майхан сав бариад, тэр хавийн амралтын газруудыг битүү дүүргэдэг. Ний нуугүй хэлэхэд үүнийгээ дагаад ууж идсэн архи дарсныхаа шилийг хаа хамаагүй хаядаг хүмүүс их бий. Зөвхөн шинийн найманд очих нь тухайн аялж байгаа хүндээ ч төвөгтэй. Тэр олон хүнтэй зэрэгцээд шавааралдаад байх нь тийм ч таатай зүйл биш. Нутгийн хүмүүс заавал шинийн найман, 15-ныг хүлээхгүйгээр уул овоондоо гарч, идээ будаагаа өргөөд хийморио сэргээхэд болохгүй юм байхгүй гэж ярьдаг. Үүнийг би зөв гэж боддог.
 
 
-Таны бэлтгэсэн подкастуудыг үзэж байхад та аливаа үйл явдлыг олон хэл дээр, эх сурвалжаас харьцуулан судалсан нь харагддаг. Миний анзаарснаар гурван хэл дээр мэдээллээ авдаг байх. Мөн тэр олон газар ус, хүний нэрийг дэвтэр, ном сөхөж харалгүйгээр тогтоочихсон байдаг нь гайхалтай санагдсан. Яаж та ийм ой тогтоолт сайтай байдаг юм бэ?
 
-Миний хувьд англи, орос, хятад гурван хэлийг сурч байгаа гэж хэлэх нь зөв болов уу. Хэлтэй гэж хэлэхээсээ би айдаг. Орос, англи хэлийг багаасаа, харин хятад хэлийг арай хожуу сурсан. Хятад хэл дээр хөтөч орчуулагч хийж, мэдээ сэлт, ном зэргийг орчуулж байсан. Бид нэг хэргийн талаарх олон материалыг судалдаг. Элбэг материалтай хэрэг ч байна, ганц хоёрхон хүн судалсан хэргүүд ч байна. Олон хэлтэй байхын нэг давуу тал нь олон эх сурвалжаас мэдээлэл авах боломжийг нээж өгдөг. Нэвтрүүлэгт орохын өмнө бид олон талаас нь судална, хоорондоо ярилцана. Ингээд олон дахин судалж, ярилцсан сэдэв учраас тэмдэглэлээ харах шаардлагагүй болчихдог.
 
-Таны судалсан сэдвүүдээс цэрэг, дайны холбогдолтой сонирхолтой бөгөөд сургамжтай ямар түүх байдаг вэ?
 
-Тухайн хэрэг явдалд цэргийнхэн оролцсон байж магадгүй гэсэн хэд хэдэн таамаг бий. Аялагчид цэргийн нууцад хамаарах зүйлийг харсан учраас цэргийнхэн тусгай ажиллагаа явуулж ул мөрийг балласан байж болзошгүй гэж үздэг хэргүүд ч бий. Мөн тэнгисийн цэргүүдийг бэлтгэдэг шумбагчид агуй руу орж амь эрсэдсэн тохиолдол гарч байсан. Цэрэг, дайны түүхийг би нэлээд сонирхдог. Сүүлийн үед Напалеоны дипломат арга тактикууд, Ателла хааны түүх, Шведийн ван XII Карл ба Умардын дайны талаар судалсан. Уг дайнд Швед улс эзэнт гүрэн байх хугацаандаа 21 жилийн турш Орос, Польш, Прусс, Норвеги, Дани, Англи гээд Умард Европын бараг бүх улстай дайтсан байдаг. Дайн тулаан гэдэг аливаа улс, үндэстний цаашдын хувь заяаг шийддэг шүү дээ. Нэг түүхч “Хүн төрөлхтний түүх бол дайны түүх юм" гэж бичсэн байдаг.
 
-Ингэхэд та ямар газруудаар аялав, хамгийн сонирхолтой аяллын түүхээсээ ярьж өгөөч?
 
-Би хөтөч, орчуулагч хийгээд 17 жил Монгол орноороо аялсан. Мөн Монгол жуулчдыг аваад Хятад, Орос, Дубай, Тайланд, Вьетнам, Индонез зэрэг улсуудаар аялсан. Мэдээж хэрэг Тэрэлж рүү жуулчдыг аваад их олон явсан. Өмнөговь миний сонирхлыг их татдаг. Дэлхийн нийт тэмээний 97 хувь нь нэг бөхтэй, гуравхан хувь нь хоёр бөхтэй тэмээ байдаг. Тэр гурван хувь хоёр бөхтэй тэмээний тал нь Монгол Улсад байна. “Дэлхий дээрх олон цөл дундаас яагаад би танай говийг үзэх ёстой юм бэ?” гэж жуулчид их асуудаг. Хоёр бөхтэй тэмээ, түүнийг дагасан ахуй амьдрал, идээ ундаанаас эхлээд сонирхол татах зүйл их бий. Говь өөрөө маш нууцлаг. Дэлхийн анхны үлэг гүрвэлийн өндгийг АНУ-ын алдарт судлаач Рой Чапмен Эндрюс монголын говиос олсон байдаг. Үлэг гүрвэл гэдэг чинь өндөглөдөг юм байна гэдгийг хүмүүс Монголоос мэдэж авсан. Энэ бүхнийг бид жуулчдад тайлбарлаж өгдөг. Хүн шавсан, шуугисан газраас говьд очиход зах нь үл харагдах цэлийсэн өргөн тал угтдаг. Тэнд очсон хүн анир гүм амар амгаланг мэдэрдэг. Хаа нэг машин давхиж, тэртээ алсад хэдэн тэмээ бэлчиж, хараа алдрах гоё мэдрэмжийг хүмүүс говьд очихдоо авдаг. Миний хувьд Ирландын алдарт аялагч, зохиолч Колин Тубронтой хамт Амур мөрний эх Онон голыг судлахаар 14 хоногийн турш морьтой аялсан.
 
Мөнгөнморьтоос Монгол-Оросын хил хүртэл аялахдаа зэлүүд тайгын араатан амьтантай таарч, маш олон адал явдалтай учирсан нь миний санаанаас гардаггүй. Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрханы орой дээр гарахад маш гоё мэдрэмж төрсөн. Энэ бол уулын оргилд гарсандаа биш өөрийнхөө айдас, эргэлзээг даван туулж, өөрийгөө ялсан, тав тухын бүсээс гарсан юутай ч зүйрлэшгүй сайхан мэдрэмж байсан. Энэ аялал миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Колин Туброны ном Английн “The Guardian” сонинд цувралаар нийтлэгдэж, надад нэг хувийг явуулна гэж мань эр хэлсэн. Түүний номыг уншаад түүнд хөглөгдөж, тухайн газар орныг сонгон аялдаг маш олон хүн бий. Мөн английн алдарт зохиолч Жон Мэнтэй хамт Монгол орны төв хэсгээр аялахдаа Хүннүгийн булшин дээр малтлага хийж байсан. Зохиолч маань өмнө нь Атиллаг судалчихсан байсан тул Монгол руу татагдаж, одоо “Хүннү” гэдэг нэртэй маш сонирхолтой ном бичиж байгаа. Жон Мэн ковид намжмагц Халхын гол руу аялж, 1939 оны дайн дэлхийн II дайны эхлэл байсан гэдэг байр сууриа бататгах судалгаа хийхээр төлөвлөж байгаа.
 
 
-Тун сонирхолтой юм байна. Та хилийн бүс зурваст аялж үзсэн үү?
 
-Аялж байсан. Маш сонирхолтой санагдсан. Хил бол хүн болгон зорьж очдог газар биш. Тухайлбал Дорнодын Нөмрөг бол хүн болгоны аяллын цэсэнд байдаг газар биш шүү дээ. Зорьсон, тэр газрыг ойлгосон хүн л тийшээ аялна. Нөмрөг бол гайхамшигтай газар. Монгол оронд байхгүй хандгай, баавгай, гахай, могой тэнд бий. Номхон далайн чийглэг уур амьсгал Хянганы нуруун дээр ирж хамаг чийгээ хаядаг. Тэгэхээр Нөмрөгийн сав газар нь Хангай, Хэнтийн нуруунаас өөр. Ургамлын төрөл зүйл нь ч өөр. Тийм учраас байгаль, ан амьтан, шувуу сонирхдог хүмүүсийг соронз мэт татдаг. Гэвч Нөмрөг дархан цаазтай, хилийн бүсэд орших нутаг тул аялахад нарийн зөвшөөрөл авах хэрэгтэй болдог. Баян- Өлгийн Хурган нуур, Хотон нуур, Даян нуур, Алтай таван Богд, Сийлхэмийн нуруу, Увсын Хархираа түргэн, Увс нуур, Хөвсгөлийн Дархадын хотгор, Дорнодын Чулуун хороот, дэлхийд ховордсон 15 зүйл тогорууны зургаа нь буудаг баруун Тарь нуур, зүүн Тарь нуур, Нөмрөгийн дархан цаазат газар, Мэнэнгийн тал гээд маш сайхан газруудыг очиж үзсэн.
 
-Таны бодлоор хил орчмын аялал жуулчлалыг хэрхэн хөгжүүлэх боломжтой вэ?
 
-Яаж хөгжүүлэх вэ гэдгийг маш сайн бодох хэрэгтэй. Хил орчмын аялал жуулчлал хэнд зориулагдах вэ? Монгол Улс өөрөө масс жуулчдад тохирсон нутаг биш. Пижигнэсэн олон жуулчдыг аялуулахад огт тохиромжгүй юм шиг надад санагддаг. Харин чанартай, цөөн, гэхдээ үнэ цэнтэй аялагчдад зориулж үзүүлэх хэрэгтэй. Гэхдээ жуулчдад биш. Аялагч, жуулчин хоёр ялгаатай. Нэг их мөнгө төлөхгүйгээр, олуулаа, нэг газар очиж зураг дарчихаад буцаад явдаг хүнийг жуулчин гэж байгаа юм. Аялагч хүн бол арай өөр. Хүний тэр бүр очдоггүй газрыг сонгож очдог, масс дунд биш өөрөө ганцаараа тухайн орчныг мэдрэхийгхүсдэг, судалгаа хийдэг хүнийг аялагч гэдэг. Манай Монгол Улс бол ийм аялагчдад тохирсон улс. Тийм учраас хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэхдээ масс жуулчдад чиглүүлээд дэмий. БНХАУ-тай хиллэдэг хэсэгт ӨМӨЗО-ны дөрвөн сая орчим монгол хүн бий. Бид нэг л монгол туургатан. Хамаатан садан нь Монгол Улсад үлдчихсэн хүмүүс ч бий.
 
 
 
Өвөрмонголчуудын заримынх нь туйлын мөрөөдөл бол Монгол Улсад очиж үзэх. Энэ хүмүүсийг татаж маш ухаалаг менежмент хийвэл хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой. Гэхдээ бидэнд маш сайн төлөвлөлт, тооцоо, судалгаа хэрэгтэй.
 
 
 
-Хүүхэд, залуучуудад эх оронч үзлийг төлөвшүүлэхийн тулд улсынхаа зах хязгаарыг үзүүлэх хэрэгтэй юм шиг санагддаг. Таны хувьд эх орны хил хязгаарын талаар ямар ойлголттой байдаг вэ?
 
-Би хилийн багана дээр очиж үзсэн. Их л өөр мэдрэмж төрдөг юм билээ. Үүнээс цааш тэр хараа бэлчиж байгаа газарт манай нутаг байсан даа... гэж бодогдоно. Хүн амьтангүй тэр зэлүүд хязгаарт их сонин мэдрэмж төрнө. Хүүхэд, залуучуудад хил үзүүлэх аялал зохион байгуулах тал дээр би тантай санал нэг байна. Танин мэдэхүйн шинж чанартай аяллыг оюутан сурагчдын дунд зохион байгуулах, эх орноороо бахархах, эх орноо хайрлах сэтгэлийг төрүүлэх, хилчдийн баатарлаг бас харамсалтай түүхийг таниулах, дэслэгч гөнөрал Базарын Цэдэн-Иш гуайн “Монгол Улсын хил хязгаар бүрэлдэн тогтсон түүх” номын хэсгээс уншиж өгөх ажлыг ч зохиосон болно шүү дээ. Халхын гол, Хайлааст манхан. Байтаг Богд, Бүдүүн харгайт гээд түүхэн газрууд, үүх түүхтэйгээ бий.
 
-Хугацаат цэргийн албаны талаарх таны бодол?
 
-Эр хүн цэргийн албыг нэг хаагаад үзчих ёстой. Цэргийн алба хаасан хүмүүс илүү бие даасан байдаг. Олны дунд биеэ зөв авч явдаг, аливаа зүйлд тэр бүр шантарч гутраад байдаггүй, бусдаас илүү сэтгэлийн хаттай болдог гэж би боддог. Харамсалтай нь би өөрөө эрдэм номын мөр хөөгөөд цэргийн алба хааж чадаагүй. Израйль болон Өмнөд Солонгост заавал цэргийн алба хааж байж их сургуульд ордог юм билээ. Магадгүй тийм болгож болох байх. Цэргийн алба хаасан хүнийг төрийн албанд ажиллуулна гэдэг нь маш зөв. Цэргийн албыг эр, эм гэлтгүй хаачихсан байхад нэг их буруутахгүй лээ. Бид энх тайван цагт амьдарч байгаа хэдий ч заавал байлдахдаа гол нь биш асар их зүйлийг сурч мэдэж авах нь чухал.
 
Бид “боловсрол гэж юу вэ?” гэдэг асуултыг дахин өөрсдөөсөө нэг асуух цаг болжээ. “Их сургуулийн ширээний ард дөрвөн жил суугаад, болсон болоогүй багш нарыгаа аргалж диплом өвөртлөн ромбо зүүгээд гарах нь боловсрол юм” гэдэг ойлголт өөрчлөгдсөн. Маш сайн гагнуурчин болчихвол тэр боловсрол. Боловсрол гэдэг нь хуульч, эдийн засагч, эмчийг хэлэхгүй. Боловсрол гэж тухайн мэргэжлээрээ амьдрахыг хэлнэ. Аливаа юманд тууштай, шаргуу, хөдөлмөрч байх чанаруудыг л хүүхэддээ сургамаар санагддаг. “Оролдлого сайт оройд нь гарна” гэдэг. Математик, гадаад хэлийг сургах гэж оролдож байхын оронд аливаад тууштай, идэвхи эрмэлзэлтэй ханддаг зан чанарыг л хүүхдүүддээ суулгаад өгчихмөөр байгаа юм. Тийм зан чанарыг сураагүй хүүхдэд мянга сайн хичээл заагаад нэмэргүй. Онц сурах, юм сурах хоёр ялгаатай. Манай өвөө надад, “Чи юм л сураарай. Онц сурах хэрэггүй" гэж захьдаг байсан юм. Ер нь жаахан ачаалал дааж сурах л хэрэгтэй юм шиг байгаа юм. Жаахан юм болохоор л би мэдэхгүй, би чадахгүй гээд байж болохгүй л дээ. Энэ чадваруудыг л эзэмшчихсэн байхад бусад нь аяндаа болчихно. Дипломын дүн харж ажилд авдаг хөг ч өнгөрсөн шиг байна. Өндөр хөгжилтэй орнуудад дипломын дүнг биш тухайн хүний хандлагыг харж ажилд авдаг болсон. Хандлага нь зөв байвал тэр хүн хэл ус мэдэхгүй байж болно. Тухайн байгууллагын концепцийг ойлгохгүй байж болно. Хандлага нь л зөв бол бусад юмыг нь сургаад явчих бүрэн боломжтой. Харин хичнээн чадвартай ч хандлага нь тогтоогүй хүний хандлагыг тогтоох ямар ч боломжгүй. Хандлагыг засахад их хэцүү, харин ур чадварыг туршлагаар ч юм уу хвэл сургалтаар олгож болно.
 
 
-Таны магистрын судалгааны ажлын сэдэв их сонирхолтой санагдлаа. Энэ талаар жаахан тодруулж болох уу?
 
-Миний судалгааны ажил тухайн үедээ нэлээд маргаан үүсгэсэн. Бидний амьдарч байгаа геополитикийн орчин их өвөрмөц. Хойд талаараа бид Орос гэдэг үнэн алдартны шашинтай, олон үндэстэн ястнаас бүрдсэн асар их байгалийн баялагтай, өргөн уудам газар нутагтай, цэрэг стратегийн өндөр чадамж бүхий улстай хиллэж байна. Өмнө зүгт дэлхийд хүн ам, эдийн засгаараа тэргүүлэгч, Күнзийн сурталтай, коммумист засаглалтай БНХАУ байна. Солонгосын хойг бол дэлхий дээрх асар цэрэгжсэн бүс. Хүчний баланс нь тэнцвэржсэн, хэзээд савлахад бэлэн. Эдгээр өөр өөрийн онцлог бүхий улс орнуудтай хамтран ажиллахын тулд их гүрнүүдээс илүү геополитикийн мэдрэмжтэй хандаж, илүү ухаалаг, уян хатан тоглолт хийх хэрэгтэй. Улс орон газар нутгийн байрлал, онцлог, эдийн засгийн чадвар, хүн амын бүтэц зэрэгтээ тулгуурлаж олон улсын тавцанд амьд үлдэх тоглолт хийх аргыг л геополитик гээд байгаа шүү дээ. Манай улс дэлхийн хоёр их гүрний дунд оршдог. Бид юу хожиж болох вэ гэдгийг бодох хэрэгтэй.
 
-Таны цаашдын зорилго?
 
-Би аялал жуулчлалын салбараа хэзээ ч орхихгүй. Багшлах нь аялал жуулчлалтай сайн уялддаг. Цаашид үргэлжлүүлэн багшилна гэж бодож байна. Гэхдээ ирээдүй надад юу бэлдсэнийг тааж мэдэхгүй. Мөн телевизийн салбарт хүч үзэж байна. С1 телевизэд англи хэл дээр мэдээ уншдаг. Зөвхөн аялал жуулчлалын салбараа л мэддэг байсан бол “Ковид-19” цар тахал дэгдсэнээр бусад салбарт өөрийгөө сорьж үзэх боломж нээгдсэн. Би чинь бас тайз, гэрэл, засал чимэглэлийн компанид ачигч хийдэг шүү дээ. /инээв. сурв/ Янз бүрийн л ажил хийж үзэж байна даа.
 
-Та бие дааж өөрийгөө хөгжүүлдэг юм шиг санагдлаа. Энэ тал дээр хүнд ер нь ямар боломжууд байдаг вэ?
 
 
 
-Хүнд боломж үргэлж байдаг. Хүн чинь өдөр тутамдаа суралцаж явдаг амьтан шүү дээ. Өдөр бүр маш бага цагийг заавал өөртөө зарцуулж байх хэрэгтэй. Аль болох их аялах хэрэгтэй.
 
 
 
Аялна гэдэг нь зугаална гэсэн үг биш, эх орноо танихын тулд шүү дээ. Би сүүлийм үед түүх, газар зүйг их сонирхож байна. Ном уншихдаа өөрөө өөртөө маш их асуулт тавьж уншдаг. Долоон жилийн дайнд англи ялснаар өнөөдөр бид бүгд англи хэл сурахаар хошуурч байна. Магадгүй франц ялсан бол арай өөр түүх бичигдэх байсан байх. Түүх бол амьдралын код. Бидний шийдэх гээд байгаа асуудал хэзээ нэгэн цагт, хэн нэгэн хүнд аль эсвэл ямар нэгэн улсад тохиолдсон байдаг.
 
Бид өнөөдөр цар тахалтай нүүр тулж байна. Гэтэл ийм цар тахал урьд өмнө нь зөндөө болж байсан. Жишээлбэл, 1918 онд гарсан Испани ханиадтай хүн төрөлхтөн хэрхэн тэмцэж ард нь гарч байсан тухай түүх байдаг. Түүхээс хүн асар их зүйлийг сурах боломжтой л доо. Ялангуяа Монголын түүх бол дэлхийн түүхийн салшгүй хэсэг. Том судлаачид “Монголын түүхийг судлахгүйгээр дэлхийн түүхийг ойлгоно гэж байхгүй” гэдэг. Аугаа түүхтэй улс орнууд эртний грек, ромчуудаас авахуулаад олон бий дээ.
 
-Сүүлийн үед та ямар ном уншиж байгаа вэ?
 
-Америкийн Монгол судлаач эрдэмтний 100 жилийн өмнө бичсэн “Монголчуудын түүх” нэртэй номыг өчигдөр уншиж дуусгасан. Монгол Улс дэлхийд мартагдаад байсан үеийн ном. Энэ номын өмнөтгөлийг АНУ-ын Ерөнхийлөгч асан Теодор Рузвельт бичсэн ба “Орос, Хятадтай өрсөлдөхийн тулд бид эхлээд Монголын түүхийг судлах ёстой” гэсэн өвөрмөц дүгнэлт хийсэн нь надад маш их таалагдсан. Мөн “Монгол орны физик газар зүйн онцлог” гэдэг ном уншиж байгаа.
 
-Цаг гаргаж ярилцсан танд баярлална. Биднийг энэ ярилцлагыг хийх хооронд хилчид маань морьтой, тэмээтэй, явган хилээ хамгаалсаар, харуулдсаар яваа. Тэдэнд хандаж та юу хэлэх вэ?
 
-Хилчдээрээ маш их бахархдаг Хилчний алба бол маш хүнд, хэцүү. Гэхдээ бахархалтай. Манай хамаатны дүү, найз нөхөд хилийн цэрэгт алба хаасан. Тэднийг хараад атаархах сэтгэл төрдөг шүү. Хилчдийнхээ албанд нь амжилт, амьдралд нь аз жаргал хүсье. Та нар маань мундаг шүү л гэж хэлье.
 
 
Ахмад Ж.Оюун-Эрдэнэ
Эх сурвалж: "Эх орны манаа" сонин