sonin.mn
Энэ өдөр Монгол Улсын Зэвсэгт хүчинд 2021 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн дайчдын Цэргийн тангараг өргөх ёслол хүндэтгэлийн арга хэмжээ боллоо. БХЯ, ЗХЖШ, төрлийн цэргийн командлалын удирдах бүрэлдэхүүн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад очиж тангаргийн баярт оролцдог уламжлалтай бөгөөд энэ удаад Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай, БХЯ-ны ГХАГ-ын дарга, хурандаа Б.Бат-Эрдэнэ, ЗХЖШ-ын МТГ-ын штабын дарга, хурандаа З.Баянмөнх, БЗД-ийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, дэд хурандаа О.Энх-Амар нар Зэвсэгт хүчний 015 дугаар ангид, Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж. Болдбаатар, Зэвсэгт хүчний ХЗЦ-ийн командлагч, хошууч генерал Б.Амгаланбаатар, Нийслэлийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт нар Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн тангаргийн баяруудад тус тус оролцлоо. 
 
 
Сар гаруйн өмнө эх орныхоо өнцөг булан бүрээс цэргийн албанд мордсон эдгээр дайчид өнгөрсөн хугацаанд цэргийн албанд дасах, анхан шатны бэлтгэл сургаалтдаа бүрэн хамрагдаад ийнхүү эх орныхоо өмнө хүлээсэн үүргээ үнэнчээр биелүүлэхээ батлан тангараглаж байгаа билээ.  
 
 
Цэргийн тангаргаа өргөөд сэтгэл догдлон, бахдал дүүрэн зогсож буй Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн шинэхэн байлдагч нарт хандан Батлан хамгаалахын Ерөнхий хянан шалгагч, хурандаа Ж.Болдбаатар “Ард түмэндээ инженер сапёрын хороо хэмээн алдаршсан Зэвсэгт хүчний 014 дүгээр ангид цэргийн жинхэнэ алба хаахаар ирсэн эр цэргүүд та бүхэн Монгол Улс анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд найрамдах улс тунхагласны 97 жилийн баярын өдрийг тохиолдуулан цэргийн тангаргаа өргөлөө. Та бүгд үндсэн хуулиар хүлээсэн журамт үүргээ ийнхүү биелүүлснээр ээж аавын хүүгээс эх орны эр цэрэг болж байна. Та бүхний алба хааж буй анги 80 жилийн баялаг түүхтэй, Зэвсэгт хүчний ууган ангиудын нэг юм. Тиймээс та бүхэн ангийнхаа баатарлаг түүх, удирдлага, хамт олноос ихийг сурахын зэрэгцээ цэргийн эрдэмд шамдан суралцаж, сурлага хөдөлмөрөөрөө манлайлагч байгаарай. Өргөсөн тангарагтаа үнэнч, эх орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулсан үлгэр жишээч залуус байна гэдэгт итгэл төгс байна. Та бүгдийн цаашдын ажил амьдралд амжилт хүсье” гэв. 
 
 
Энэ жилийн цэргийн тангаргийн ёслолын ажиллагаа “COVID-19” цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдаж байгаа тул цэргийн алба хаагчид, тэдний ар гэрийн төлөөллийг Google meet, Messenger, Zoom  апплекэйшн  зэргийг ашиглахаас гадна газар дээрээс нь live хийж шууд дамжуулан цахимаар уулзуулах ажлыг амжилттай зохион байгууллаа.