сонин mn
Зэвсэгт хүчний “Урлагийн марш-тактик” хэмээгддэг “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээний 20 гаруй жилийн түүхэн замнал, алтан тайзнаас нэрд гарч, олонд танигдсан ардын авьяастан бол Зэвсэгт хүчний 124 дүгээр ангийн номын санч Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан Амартөрийн Лхамханд билээ. Урлагийн сургууль төгсөөгүй ч унаган авьяасаа өнгөлж зүлгэн байж, Зэвсэгт хүчиндээ төдийгүй монгол түмэндээ хүлээн зөвшөөрөгдөж, соёл урлагийн салбарын тэргүүний цол тэмдэг хүртэж, түүнийхээ мялаалга болгож 2016 онд “Хорвоог бүүвэйлсэн аялгуу” анхны тоглолтоо үзэгч олноо толилуулжээ. Анхны юм бүхэн сэтгэлд дотно, гэгээхэн гэгэлгэн байдаг даа. Тэр үед ардын сайхан дуу хуураас дээжлэн үзэгч олонтойгоо хамтдаа уярч, догдолж, огшиж, анги хамт олонтойгоо, нутаг усныхантайгаа, мөрдэстэй, мөрдэсгүй анд нөхөдтэйгөө нэгэн үдшийг мартагдахааргүй өнгөрөөсөн билээ. Төрөлх Увсын цэнхэр хязгаараас аавынх нь оронд аав болон түшсэн гурван сайхан ахынх нь нэг ардын авьяастан, 71 настай А.Дамдинсүрэн гуай хүрэлцэн ирж, ерөөл цалгиаж, уртын дуугаа шуранхайлан Офицеруудын ордны жаврыг үргээсэн бол дунд охин Ч.Алтанбаяр нь ээждээ цэцгийн баглаа барингаа
 
“Мэлмий дүүрэн мандсан нар шиг 
Миний ижий наддаа ганцхан 
Мишээл дүүрэн дэлгэрсэн цэцэг шиг 
Миний ижий хамгийн хөөрхөн” хэмээн цангинатал дуулж, ээжийгээ өөрийнх нь хэлснээр “сугсартал” уйлуулан, тэсэлгүй хөшигний араар ороход хүргэсэн гэдэг. Охины сэтгэлдээ дээдэлдэг “Хөөрхөн ижий”-г нүд дүүрэн инээмсэглэж явдгаар нь, хаанахын ч тайзыг чимж, дуулан жаргадгаар нь, хүний хайлан ховорхон уужим сэтгэлээр нь Зэвсэгт хүчнийхэн андахгүй. Түүний аав ч “Улаан торгон уут” хэмээх уртын дуугаараа нутаг нугын, айл саахалтынхаа найр, наадмыг эхлүүлдэг ардын авьяастан байжээ. Үнэхээр авьяасын булаг ундаргатай, басхүү шавхагдашгүй байдгийн нэгэн жишээ энэ ажгуу. 
 
 
Тэгвэл тун удахгүй дуучин А.Лхамханд маань “Уянга төгөлдөр” хэмээх хоёр дахь бие даасан тоглолтоо Соёлын төв өргөөнд хийхээр бэлтгэл ажилдаа сэтгэл шуудран оржээ. Ардын дууны гүн утга үлэмж төгөлдөр, агуу дээдсийн өв их соёл үзэмж төгөлдөр, алтан баринтагт номын авшиг ухаан төгөлдөр, аялгуу эгшгийн сүүн түрлэг уянга төгөлдрийг билэгдэн оршоосон энэхүү сайхан тоглолтоороо тэр бээр жил жилийн “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээнээр сурч, урын сандаа баринтагласан 180 гаруй ардын дуунаас сорчлон үзэгч олондоо толилуулахаас гадна “Хайрын гэгээн бороо”-гоороо нэрд гарсан Ц.Дашзэвэг, Цэргийн чуулгын О.Эрдэнэцог, Зэвсэгт хүчний ардын авьяастны шүүгчээр ажиллаж байх үеэс уран бүтээлийн ганзага нийлсэн Д.Мөнхзаяа нарын авьяаслаг хөгжмийн зохиолчидтой хамтран хийсэн дууны уран бүтээлүүдээсээ дээжлэн хүргэх ажээ. “Есөн эрдэнийн үрс”, “Хан Хөхийн бэр”, “Дуулж явна аа, та хоёрыгоо” гээд л нэрээсээ утга уянга, ухаарал хайрыг бэлэглэх уран бүтээлүүдийн анхны сонсогч нь болж, тэр үдэш нийслэлийн зүрхэн тольтод саатан тухлахыг нийт Улаанбаатарчууддаа болон Зэвсэгт хүчний алба хаагчдадаа уриалан урьж байгааг энэ ташрамд дуулгая юу. 
 
 
2004 онд Зэвсэгт хүчний 124 дүгээр ангид анх тогоочоор ажилд орсноос хойш таван жилийн дараа шатахуун, орон сууцны нярав, ахин таван жилийн нүүр үзээд номын санчийн ажилд томилогдож, жинхэнэ соёл урлаг дундах хүсэж байсан орчноо бүрдүүлж, сэтгэлийн жаргал эдэлсэн гэдэг. Энэ ангидаа эхлээд ахлагч болох, бүр Радио тагнуулын хөдөлгөөн бүлэгт орох боломж байсан ч цэргийн албанаас сүрдэсхийж, "Тогооч хийх үү" гэхэд нь уухайн тас зөвшөөрсөн ч зэгсэн сайн хоол хийдэг өөрийгөө чамлаж, “Амьдрах ухаан” төвийн тогоочийн курст сураад авсан. Сурахдаа маш сайн сурсан нь хамт төгсөгчид нь III зэрэг авч байхад тэр мэргэжлийн II зэрэгтэй төгссөнөөс харагдана. Ажиллаж эхлээд удалгүй “Хааны эрэлд” олон улсын цэргийн хээрийн сургууль анх Монгол Улсад зохион байгуулагдахад Зэвсэгт хүчний ангиудаас шалгаруулж авсан зургаан тогоочийн нэг болж, олон улсын гал тогоонд ч ажиллаж байв. Хариуцсан ажил албаа гялалзтал амжуулангаа дуулахаа бас орхигдуулсангүй.
 
Анх “Монгол Улсын Төрийн дуулал”-ыг ганц бадаг дуулаад л тус ангийн Соёл хүмүүжлийн офицерын анхааралд өртсөнөөс хойш ангид зохион байгуулагдах бүхий л соёл урлагийн үйл ажиллагаа, тэр дундаа “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээнд баг хамт олноо бэлтгэн амжилттай оролцож эхэлжээ. Өдгөө тус ангийн “Алтан хорол” баг энэхүү тэмцээний 3 алт, 1 мөнгө, 8 хүрэл медальтай, тусгай байрын шагналыг олон удаа хүртсэн төдийгүй анхны Шилжин явах цомын эзэн болсон амжилтыг үзүүлжээ. Үнэхээр соёл хүмүүжлийн офицер хошууч Б.Золзаяа, А.Лхамханд нарын алтан медаль авахыг билэгдэж, хорол тоононы хийморь дайг хүндэтгэн нэрийг нь хайрласан “Алтан хорол” багийн үе үеийн гишүүд авьяас билэг, авхаалж самбаа, хамтач сэтгэл зүтгэлээрээ Зэвсэгт хүчиндээ нэр цуугаа нэгэнт дархалжээ. Анхны тоглолт дээр дуулсан дуугаараа ээжийгээ уйлуулж, үзэгчдийг огшоогоод авсан охин нь одоо тус ангид радио телеграфчинаар ажиллахаас гадна ангийн соёл урлагийн үйл ажиллагаанд мөн л хэдийнээ татагдан орж, дуулсаар яваа гэнэ. 
 
А.Лхамханд эгч маань амьдрал ахуй нь тэгш дүүрэн, ажил үйлс нь дориун амжилттай, уран бүтээлийн онгод хийморьтой яваагаа илэрхийлж, нутаг усны минь заяа түшдэг, олонтой явсны буян хурдаг хэмээн хэлэх дуртай.
 
Түүний унасан газар, угаасан ус нь Увс аймгийн Баруунтуруун сумын Хар цагаан ус гэдэг газар гэнэ. Тэр нь мориор бүтэн хоёр цаг явж очдог, Хан Хөхий хайрхны байцын ханан хадны нэг сувгаар сүүн өнгөт ус, нөгөө сувгаар нь рашаан ус урсдаг авшигтай, буянтай газар ажээ. Нэг эгч, гурван ахтай, айлын отгон охин тэр бээр аль багаасаа л нутаг усандаа нэн сүсэгтэй агаад нутгийн зон олон, настан буурлуудыг аав л ижий шигээ санан, одоо хаана л нутгийн уулзалт, үйл ажиллагаа болно яваад л очдог, ая дуугаа өргөдөг юм байна. 2016 онд ахтайгаа рашаан дээрээ очиж, нутаг усаа аргадаж, сүслэн залбирч, бага насаа дурсаж яваад ирсэн чинь Соёлын тэргүүний ажилтан болсон байсан талаараа дурсаад “Зүрхний шүтээн уул ус” хэмээн эрхгүй нэг шүлэглэсэн нь ая дан зохирч, дууны уран бүтээл болон түгжээ.Түүний аав нь сайхан дуулдаг байсан талаар дээр дурдсан. Харамсалтай нь охиноо амьдралын сайхныг дөнгөж амталж эхлэх хориодхон насанд нь тэнгэрт дэвшжээ. Ээж нь харин монгол бичгийн багш байсан бөгөөд угалз шиг сайхан бичдэг, үйл үртсэнд уран Мааяа гэдгээрээ алдаршсан эмэгтэй байсан гэнэ. Үндэсний дээл хувцсаа урлаж мэтгэн хийдэг авьяас нь мөн А.Лхамханд эгчид, түүнээс охин Ч.Алтанбаярт нь өвлөгдөн үлджээ.
 
Түүний тоглолтын бүхий л хувцсыг өнөөдөр охин нь оёж, урладаг бөгөөд тэр бээр өөрөө толгойн гоёл, эмээг зүүлтээ урладаг ажээ. Тэмцээнд оролцох багийнхаа хувцас өмсгөл, эдлэл хэрэглэлийг өөрсдөө л болгочихдог гэнэ.   
 
Зэвсэгт хүчний 124 дүгээр ангиас урлагийн угшилтай хүмүүс олон шүү дээ гээд Тусгай хүчний командлалын Э.Ганбаяр, Зэвсэгт хүчний 119 дүгээр ангийн ахлах ахлагч Б.Амартүвшин, холбоо тусгай техникийн нярав ахлах ахлагч Г.Золзаяа нарыгаа онцлон дурдлаа. Ер нь ангийн удирдлага түүнийг ангийн ой, соёл урлагийн үйл ажиллагаа, “Зэвсэгт хүчний ардын авьяастан”, “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээн гээд бүхий л соёлын арга хэмжээнүүдийн зохион байгуулалтыг даатган, басхүү тусалж дэмжинэ. Тэр өөрөө ч он гарангуут тэмцээний удирдамжаа хүлээн догдолж, юу хийх, яахаа төлөвлөж бодоод байдгаа “өөрийгөө уядаг морь шиг болчихжээ, би” хэмээн бяцхан хошигноод авна билээ. “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээний анх гараар зурж будаж хийж байсан эмблем бүхий энгэрийн тэмдгээс авхуулаад он оны алдаа оноо, санал сургамжаа бичсэн тэмдэглэл, эдлэл хэрэглэл гээд бүхий л дурсамж түүнд бий. Өөрөө бүр тэмцээндээ зориулж Монгол Улсын Гавьяат жүжигчин Ш.Даваахүү дуучны “Монгол үндэстэн, ястны 1008 дуу” номыг худалдан авч байсан гэнэ. Одоо залуучууддаа ардын дуугаа сургаж, тэднийг сайтар бэлдэнэ гэнэ билээ.
 
“Лхам эгчид байхгүй юм байхгүй” гэсэн нэг хэлц энэ ангийнхан дунд бий. Түүний аавынх гэж олон бужигнасан айл байж. Ялангуяа хавар тариа тарих, намар хураах цагаар тэднийх хөл гишгэх зайгүй болдог байв. Аав нь ханцуй шамлан хамтдаа ажиллаж, ээж нь тэр олны цай хоолыг хийгээд инээд алданхан суудаг. Ажлын алжаалаа тайлангаа шатар нүүж, хөзөр тоглоно. Тэр л олны хөлд дарагдан байдаг дүр зураг одоо ч үргэлжилсээр... Тэднийх мөн л найз нөхөд, хамаатан садан, ажлын хамт олон, нутаг нугынхан гээд хөл тасарна гэж үгүй. Гурван охиныхоо ангийн эцэг эхийн зөвлөлийн дарга, сургуулийн эцэг эхийн хорооны дарга, ангийнхаа эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга гээд л нийгмийн идэвх нь хэдийд ч буцалж байдаг түүний зочдын бүрэлдэхүүн нас зүс, ажил алба ялгал үгүй өргөн дэлгэр ажээ. Олонтоогийнхоо хэрээр тэр хэзээ ч, хэнд ч, юу ч хэрэг болж болно гээд өөрт хэрэггүй ч өрөөлд хэрэгтэй гээд юухныг ч өөртөө ойрхон гарын дор байлгадаг болохоор үнэхээр л түүнд байхгүй юм байхгүй нь үнэн бололтой. Өөрөө харин чихэрт нугасгүй дуртай. Ханьтайгаа, хүүхдүүдтэйгээ уралдаад л тавгийн чихрээ хуурайлдаг сурагтай. Ямартаа л хуримын зочдынхоо хотоос авчирсан чихрээс орой унтахдаа арав арвыг тоолон дэрэн дороо хийгээд хэвтдэг байж. Өглөө нь мэдээж хоосон цаасаа гал руу хийж, ул мөрөө балладаг байсан талаараа хөгжилтэйхөн өгүүлэв. Бас чихэрт дуртай ханьтайгаа тэр есдүгээр ангиасаа үерхсэн бөгөөд цэргийн албанд мордсон түүнээсээ захиа харуулдан, шуудангийн босго элээж, ирсэн захидлыг орны ширдэгтээ гүн хийж олноос нуун байж хүлээхийн жаргал эдэлж байснаа өнөөдөр жаргалтайяа хуучлан сууна.    
 
“Урлагийн марш-тактик”-ийн удаа дараагийн “Шилдэг дуучин” тэр бээр өглөө бүрийг “Үлэмжийн чанар” дуугаараа адислан сэргээж, хоёр дахь гэр болсон номын өргөөгөө арвин баялаг номын цуглуулгатай, ая тухыг тохинуулсан саруул сайхан, уужим гэгээлэг болгож, инээд цацруулан суугаа даа.
 
 
 
Д.Гүнжилмаа
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин