Ерөнхий сайд асан Г.Занданшатар сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
Та дэлхийн аваргад оролцоно гэсэн байсан. Энэ талаар мэдээлэл өгөөч. Танд санал ирсэн гэсэн?
Тийм. Дэлхийн багийн шатрын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 22-26-ны хооронд Хонконгод болно. Энэ багийн шатрын аварга шалгаруулах тэмцээнд мөн WR Chess буюу дэлхийн шилдгүүдийн нэг багт тоглох урилга ирсэн. Манай багт дэлхийн шатрын ноён оргил болох Магнус Карлсен байна. Эмэгтэйчүүдийн багт ноён оргил болох дэлхийн дөрвөн удаагийн аварга Хоу Ифань байна. Тэгээд Америкийн нэрт шатарчин Фабиано Каруана байна. Ер нь дэлхийн шатрын нэлээд том оддын багт би тоглох урилга авсандаа бахархалтай байгаа.
Та нэгийг нь ялаад тэгээд урилга авсан гэсэн. Тэр талаар яриач?
Манай багийн ахлагч нь Вадим Морозонштейн гэж Германы шатрын холбооны ФИДЕ-ийн төлөөлөгч байдаг. Вадим Морозонштейн сая Азийн аварга шалгаруулах шатрын тэмцээний нээлтэд ирж оролцсон. Дэлхийн томоохон тэрбумтнууд, Азийн шатрын лидерүүдийн чуулга уулзалт Сингапурт болоход би тэнд шатрын хөгжил, шатар хүнд хэрхэн нөлөөлдөг талаар илтгэл тавьж, хэлэлцүүлэгт оролцсон. Бид тоглож, сайхан танилцаад надад тоглох урилга өгсөн. Бид хоёр шатар тоглоод би хожсон. Вадим Морозонштейн тэдний багийн гуравдугаар ширээнд тоглодог байсан юм.
Та хэдэн настайгаасаа шатар тоглож байна вэ? Танд шатар хэрхэн нөлөөлсөн бэ?
Би аавыгаа тухайн үед дээд сургуулийн оюутан байхдаа ангийнхаа хүүхдүүдтэй ирж тоглодог байхад нь харж, дөрвөн настайдаа шатар сурсан. Нэг удаа аав маань "Шатар тоглоё" гэж асуухад тоглоод үзтэл намайг сурсан байсныг мэдсэн. Тэр үед өнөөдрийнх шиг гар утас, олон сувагтай телевиз байгаагүй. Бидний сэтгэлгээг хөгжүүлэхэд шатар их хувь нэмэр оруулсан гэж боддог.
Шатар хүүхдэд өөрөө шийдвэр гаргах чадвар суулгадаг. Дэлхийн боловсролын шинжлэх ухааны нотолгоогоор бол нэгдүгээрт төвлөрөлд сургадаг. Хоёрдугаарт, problem solving буюу асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлдэг учраас хүүхэд их хэрсүү болдог гэж үздэг.
Та ажлаа өгсний дараагаар шатарт илүү анхаарал хандуулж байна уу? Олон нийт таныг юу хийж байгаа бол гэж сонирхож байгаа байх?
Би одоо нийгмийн ажилд цагаа зарцуулж байна. Яагаад гэвэл шатар бол зөвхөн спорт биш.
Нэгдүгээрт, шатар бол урлаг. Энэ бол оюун санааны урлаг. Шатрын нүүдлийн гайхамшиг нь тэр нүүдэлдээ биш, харин түүний ард байгаа бодол, уран сэтгэмжид байдаг. Гаднаас харахад тэр нүүдэл өөрөө гоо сайхангүй мэт боловч ард нь тооцоолол, магадлалын онол, төсөөлөл, уран сэтгэмж агуулагдаж байдаг. Тиймээс дэлхийн их мастер Юмцов "Шатрын нүүдлийн гоо сайхан нь нүүдэлдээ биш, харин түүний ард байгаа бодол, уран сэтгэмжид байдаг" гэж хэлсэн байдаг. Ийм учраас шатрын урлаг гэж үздэг.
Хоёрдугаарт, энэ бол шинжлэх ухаан. Хиймэл оюун ухаан, математик зэрэг олон шинжлэх ухаантай холбоотой.
Гуравдугаарт, хүмүүст ёс суртахуун, зөв хүмүүжил олгодог. Өрсөлдөгчөө хүндэтгэх, тэвчээртэй байх, хожиж хожигдож сурах зэрэг чанаруудыг төлөвшүүлдэг. Энэ бол зөвхөн ялах, ялагдах асуудал биш. Ялагдсан ч сургамж авч, хөгжиж явдаг том спорт юм. Тийм учраас би шатрыг бүх сургуулиудад нэвтрүүлэхийг дэмжиж байна. Шатрыг боловсролд хэрхэн ашиглах вэ, боловсролын арга хэрэгсэл болгон хэрхэн хөгжүүлэх вэ гэдэг чиглэлээр дэлхийн туршлагыг хэрэгжүүлж байна.
Монгол Улсын 700 орчим сургуульд 10 мянган шатар бэлэглэж, багш нарыг бэлтгэх, гадаадад сургах ажлыг Дэлхийн шатрын холбоо, Казахстаны шатрын холбоо, Азийн шатрын холбоотой хамтран хэрэгжүүлж байна.
Ингэснээр хүүхдэд зөв хүмүүжил, төлөвшил олгоно. Өнөөдөр гар утас, дэлгэцийн донтолт дэлхий даяар асуудал болж байгаа. Тиймээс шатрыг сургуульд нэвтрүүлж байгаа нь хүүхдийн ирээдүй, боловсролд хийж буй том хөрөнгө оруулалт юм.
Орчин үеийн мэдээллийн урсгал дунд хүүхдийг хэрсүү, төлөвшсөн иргэн болгон хүмүүжүүлэхэд шатрыг боловсролд хэрэгжүүлэх нь маш чухал ажил гэж үзэж байна.
Энд би цагаа зарцуулж байгаа нь зөвхөн тоглоом, спорт биш, ийм олон талын ач холбогдолтой учраас юм. Үүнийг олон түмэнд чиглэсэн ажил гэж үздэг. Улс төрийн ажил ч гэсэн олон түмний ажил байх ёстой. Тиймээс Монголын нийт хүүхдүүдэд өгөөжтэй энэ ажлыг хийх нь миний үүрэг хариуцлага гэж ойлгож байна.
Таны хувьд парламентын дараах олон хэлэлцүүлэгт оролцож байсан. Энэ хаврын чуулганаар парламент олон чухал асуудал хэлэлцэж байна. Ерөнхийлөгчийн болон УИХ-ын даргын санаачилсан хэд хэдэн хууль орж ирж байна. Та үүнийг хэрхэн харж байна вэ?
Ер нь аливаа хууль эрх зүй нэгдүгээрт шинжлэх ухааны үндэслэлтэй байх ёстой. Хоёрдугаарт, олон түмний санал бодолд нийцсэн байх ёстой. Энэ бол ардчиллын үндсэн зарчим. Тийм учраас парламент хууль хэлэлцэхдээ ард иргэдийн санал бодлыг тусгаж, хэлэлцүүлж, зөвлөлдөж, Үндсэн хуульдаа тулгуурлан шийдвэр гаргах ёстой. Энэ бол парламентын суурь зарчим. Энэ дээрээ нийцэж байх хэрэгтэй. Түүнээс биш би эсвэл өөр хэн нэгэн зөв, буруу гэж дүгнэхээс илүүтэйгээр олон түмний санал бодолд нийцсэн байх нь зөв.
Тоо чухал уу, чанар чухал уу?
Чанар чухал.
Н.Отгон
Пүрэв - 06 сарын 04,
2026
Сэтгэгдэл0