sonin.mn
Монгол цэрэг НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойг угтаж БНӨСУ-д явагдаж байгаа UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монгол Улсын Зэвсэгт хүчний Xl ээлжийн цэргийн багийн захирагч хурандаа О.Заяаттай ярилцлаа. 
 
Та өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу?
 
-Би Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд төрсөн. 1985-1994 онд Хэнтий аймгийн Гурванбаян сумын дунд сургууль, 1995-2000 онд ЦИС /одоогоор ҮБХИС/-ийг холбооны инженер-командын офицер мэргэжлээр, 2012-2013 онд БНЭУ-ын Батлан хамгаалахын команд штабын коллежийг цэргийн шинжлэх ухааны магистр зэрэгтэй төгссөн. Миний бие Зэвсэгт хүчинд 27 жил тасралгүй ажиллаж байна. Эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг.
 
Таны энхийг сахиулах үйлсийн гараа анх хэзээ эхэлсэн бэ?
 
-Анх 2003 онд “Иракийн эрх чөлөө” ажиллагааны цэргийн багийн нэгдүгээр ээлжид холбооны офицерын албан тушаалд үүрэг гүйцэтгэж байсан. Миний хувьд хамгийн анхны ажиллагаа бөгөөд анх удаа хилийн дээс алхсан минь тэр. Анхны цэргийн баг, хамт олонтой үүрэг гүйцэтгэж, төр засаг, Зэвсэгт хүчний удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг амжилттай биелүүлж, их итгэл, хүлээлтийг дааж ажилласандаа баяртай явдаг.
 
Дараа нь ...
 
-Дараа нь 2007 онд Этиоп, Эритрэй Улсад явагдсан НҮБ-ын мандаттай “UNMEE”, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад явагдаж байгаа “MONUC” энхийг сахиулах ажиллагаанд 2009-2010 онд цэргийн ажиглагч офицероор үүрэг гүйцэтгэсэн. 2014 онд Афганистан Улсад явагдсан “Тогтвортой эрх чөлөө” ажиллагааны 10 дугаар ээлжийн цэргийн багт захирагчийн орлогчоор, 2016-2017 онд БНӨСУ-д явагдаж байгаа НҮБ-ын мандаттай “UNMISS” энхийг сахиулах ажиллагааны Хүчний штабт Холбооны хэлтсийн даргаар ажилласан туршлагатай. Энэ цаг хугацаанд БНӨСУ-д явагдаж байгаа энхийг сахиулах ажиллагаанд 11 дүгээр ээлжийн мотобуудлагын батальоны захирагчаар томилогдон, итгэлийг зүтгэлээр уриатай ажиллаж байна. 
 
“UNMISS”-ын хувьд НҮБ-ын бусад aжиллагаанаас ялгарах онцлог юу вэ?
 
-Бүгд Найрамдах Өмнөд Судан Улс нь 2011 онд тусгаар тогтнолоо тунхагласан дэлхийн хамгийн залуу улс гэдгийг та бүхэн мэднэ. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тус улсад үүсээд байгаа нөхцөл байдал нь Олон улсын энх тайван, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа гэж үзэн энх тайван, аюулгүй байдлыг бэхжүүлэх, тухайн улсын хямралт байдлыг зогсоох, ард иргэдийн амар тайван ажиллаж, амьдрах нөхцөл, боломжийг бүрдүүлэх зорилгоор “UNMISS” ажиллагааг явуулаад 10 гаруй жил болсон.
Тодруулбал, мандатад заагдсаны дагуу энгийн иргэдийг хамгаалах, хүмүүнлэгийн тусламж хүргэх нөхцөлийг бүрдүүлэх, энхийн үйл явцыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, мөрдөн шалгах, тайлагнах үндсэн үүрэгтэй энхийг сахиулах ажиллагаа юм.
 
Та бүхэн ажиллагааны газар оронд очоод хагас жилийн нүүр үзжээ. Энэ хугацаанд танай батальон ямар ажлуудыг амжуулав ...
 
-Саяхан өмнөх цэргийн багаас үүргээ хүлээн аваад ажил, алба маань эхэлж байсан. Түүнээс хойш багагүй хугацаа өнгөрсөн байна. Нэн тэргүүнд бие бүрэлдэхүүнийхээ эрүүл мэндэд анхаарч ажиллах, цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулж халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, заавар зөвлөмжийг байнга хүргэж, урьдчилан сэргийлэх ажлыг хэвшүүлж байна.
Цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах орчныг сайжруулахад анхаарч секторын ар тал ахуйн хангалтын хэлтэс, албадтай сайтар харилцан ажилласнаар нийтдээ 27 өрөө байрыг татан авч, ашиглалтад оруулсан. Нэлээд байранд сэргээн засварлах ажлыг хийж, батальоны болон баазын дотор болон гадна хэсгийн гэрэлтүүлгийн асуудлыг бүрэн шийдэж нарны гэрлээр цэнэглэгддэг гэрлийг шинээр суурилууллаа.
Мөн Засгийн газрын дэмжлэгтэйгээр авто болон хуягт техникийнхээ 23 хувийг шинэчлэн, хүлээн авсан гэх мэт ажлыг гүйцэтгээд байна.
Хүчний штабаас төлөвлөн, баталсан хуваарийн дагуу секторын штабаас удирдан явуулсан батальоны бэлэн байдлын үзлэгт амжилттай шалгуулж, 91,8 хувийн үнэлгээг авлаа.
 
            
Өмнөх ээлжүүдээсээ танай цэргийн багийн онцлог юу вэ?
 
-Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт бидний үүрэг гүйцэтгэж байгаа газар оронд ч мэдрэгдэж байна. Сүүлийн 60 жилийн хугацаанд тохиолдож байгаагүй үер, усны аюул хариуцлагын бүсийн нутаг дэвсгэрийг хамраад байгаа нь мандатад заагдсан үүргийг биелүүлэхэд сөргөөр нөлөөлж буй хүчин зүйлсийн нэг болоод байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан үүсэж болох бүх эрсдэлийг үнэлж, тооцох, дадлага сургуулилтыг явуулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.
Мөн үерийн гамшгаас шалтгаалж төв хангалтын замууд хаагдсанаар Олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудын тусламж орон нутгийн иргэдэд хүрч чадахгүй байгаа. Үүнээс шалтгаалж хүнс, тэжээлийн хомсдолд орсон иргэдийн дунд малын хулгай, дээрмийн гэмт хэргийн гаралтын тоо буурахгүй байна. Мотобуудлагын батальоны хувьд явган болон автомашинтай эргүүлийн тоог нэмэгдүүлэх, харуул хамгаалалтын үүргийг гүйцэтгэхдээ сонор сэрэмжээ дээшлүүлж ажиллах шаардлага тавигдаж байгаа юм.
 
Ажиллагааны үлдсэн хугацаанд ямар ажлуудыг хийхээр төлөвлөж байгаа вэ?
 
-Цэргийн алба хаагчдын эрүүл мэндийн байдалд анхаарч, эрүүл, аюулгүй орчинд ажиллаж, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх ажлын хүрээнд дараагийн байрыг шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэнэ. Бие бүрэлдэхүүний мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх талаар анхаарч, сургалт, дадлагыг тасралтгүй явуулж, англи хэлний сургалтыг зохион байгуулна.
НҮБ-ын мандаттай энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсний төлөөх батальоны медаль парад, Хүчний штабаас явуулах “Бэлэн байдлын бататгах шалгалт”-д цэргийн багийн үйл ажиллагааг үнэлүүлэх ажлыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Түүнчлэн НҮБ-ын зэвсэглэл, техникийн чанар байдал, ажиллагааны улирлын шалгалтад өөрийн зэвсэглэл, техникийг шалгуулна.
 
Цаашид "UNMISS" ажиллагаанд үүрэг гүйцэтгэх цэргийн багуудын үйл ажиллагааг улам сайжруулахад салбарын түвшинд хэрхэн анхаарах хэрэгтэй гэж та харж байна вэ?
 
-Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргээ оролцуулж эхэлснээс хойш даруй 20 жилийг үджээ. Энэ хугацаанд Зэвсэгт хүчний офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчдын энхийг сахиулах ажиллагааны ур чадвар, арга, туршлага улам нэмэгдсээр байгаа билээ. Цэргийн алба хаагчдын бие бялдар, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхээс гадна тэдэнд гадаад хэлний мэдлэгийг эзэмшүүлэх бодлогыг эрчимжүүлэх, энд ашиглагдаж байгаа зэвсэглэл, техникийг шинэчлэх, хүн нэг бүрийн эд аж ахуйг тодорхой хугацаанд сольж байх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй юм болов уу гэж боддог.
 
Сүүлийн үед НҮБ-ын ажиллагаануудад гарч буй өөрчлөлтийн талаар юу хэлэх вэ?
 
-Цэргийн ажиллагаа бүр өөр өөрийн онцлогтой, гүйцэтгэх үүрэг харилцан адилгүй байдагчлан миний харж байгаагаар НҮБ-ын баримтлах чиглэл нь цэрэг, иргэний хамтын ажиллагааг бэхжүүлэхэд илүү анхаарах болсон. Энэ хүрээнд эмэгтэй энхийг сахиулагчдын тоог нэмэгдүүлж орон нутгийн иргэдтэй илүү ойр ажиллуулахад түлхүү анхаарсан бодлого баримталж байна.
Түүнчлэн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэрэг хандивлагч орнуудын батлан хамгаалахын сайд нарын хуралдаанд үг хэлэхдээ НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцох эмэгтэй цэргийн алба хаагчдын тоог үе шаттайгаар нэмэгдүүлж, 15 хувьд хүргэхээр зорин ажиллаж байгаагаа дурдсан. Ингэснээр эмэгтэй цэргийн алба хаагчдад цаашид олон боломж нээгдэх байх гэж бодож байна.
 
Мэдээлэл өгсөнд баярлалаа. Танд НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд монгол цэрэг үүрэг гүйцэтгэж эхэлсний 20 жилийн ойн баярын мэнд хүргэе. Таны ажил, амьдралд эрүүл энх сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
-Баярлалаа. Монгол Улсын Зэвсэгт хүчин НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цэргээ оролцуулж эхэлсний 20 жилийн ойг тохиолдуулан үе үеийн энхийг сахиулагчид, энэ цаг үед мөр зэрэгцэн үүрэг гүйцэтгэж байгаа офицер, ахлагч, цэргийн гэрээт алба хаагчид, тэдний ар гэрт эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
 
Монгол цэргийн суу алдар, үеийн үед мандан бадраг!
Ярилцсанд баярлалаа.
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин