sonin.mn
Их Британийн  “Челленджер” танкуудын хамт Украинд нийлүүлэх шавхагдсан урантай сумыг Оросын эрх баригчид “цөмийн бүрэлдэхүүнтэй зэвсэг” хэмээн буруушааж, хариу арга хэмжээ авахаа мэдэгдэж байна.
 
Шавхагдсан уран нь атомын цахилгаан станцад ашиглах ураныг баяжуулах явцад үүсдэг дагалдах бүтээгдэхүүн болох уран-238, уран-235 зэрэг цацраг идэвхт хүнд металл юм. Ялангуяа шавхагдсан уран-238 нь өндөр нягтралтай, мөн гянт болдоос харьцангуй хямд учраас түүнийг байлдааны онгоцны бүрхүүл, танкийн цамхаг, хуяг нэвтлэгч сум хийхэд ашигладаг. Шавхагдсан урантай сум хагас метрийн зузаантай танкийн хуягийг нэвт цоолоход үүсэх өндөр температур нь уг металлыг хайлуулж, ураныг уур, цацраг идэвхт тоосонцор хэлбэрт шилжүүлэх нь танкан дотор хүчтэй шаталт, дэлбэрэлт явагдах үндэслэл болдог төдийгүй үүний улмаас танкны өөрийнх нь сум, түлш мөн давхар дэлбэрч, хуягт танкийг бүрмөсөн сүйрэлд хүргэдэг онцлогтой. Шавхагдсан урантай сумыг олон улсын хуулиар хориглоогүй учир АНУ, Их Британи, Франц, Хятад, Орос зэрэг орны зэвсэглэлд байгаа төдийгүй Персийн булангийн дайн, Югослав, Иракийн дайнд өргөнөөр ашигласан.
 
Их Британи шавхагдсан урантай сумтай “Челленджер” танкаа Украинд шууд нийлүүлэх болсонтой холбогдуулан Оросын эрх баригчид байр сууриа илэрхийлж байна.
 
Тухайлбал,
 
“Украинд шавхагдсан урантай танкийн сум хэрэглэсэн тохиолдолд тариалангийн талбай бохирдож, тээврийн хэрэгсэл бусад нутаг дэвсгэрт цацраг идэвхт бодис тархаах магадлалтай” хэмээн ОХУ-ын Химийн цэргийн дарга, генерал  И.Кириллов (зураг дээр) мэдээлж байгаа бол “Өрнөдийнхөн Украинд шавхагдсан урантай сум хэрэглэсэн тохиолдолд ОХУ зохих хариуг өгөхөөс өөр аргагүй болно” гэж Ерөнхийлөгч В.Путин мэдэгдэж байна.
 
Харин АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хэвлэлийн төлөөлөгч Ж.Кирби  “Шавхагдсан урантай сум бол танкны хуяг цоолох зориулалттай сум болохоос биш цөмийн зэвсэглэлтэй ямар ч холбоогүй. Хэрэв Оросууд танкныхаа хувь заяанд санаа зовж байгаа бол Украины нутаг дэвсгэрээс гарах хэрэгтэй ” гэжээ.
 
Шавхагдсан урантай сумны дэлбэрэлтийн үед үүсэх  альфа цацрагтай тоосонцор нь агаар мандал, хөрсөнд удаан хугацаагаар оршин тогтнож, амьд организмыг туяаны өвчин, хорт хавдар, цусны өвчлөлд (лейкеми) хүргэх эрсдэлтэй хэмээн мэргэжилтнүүд үзэж байна. Тухайлбал, альфа цацраг нь хүний арьс, хувцас хэрэглэлийг нэвтлэх чадваргүй ч  өндөр ионжуулах чадвартай  тул хэрвээ хоол хүнс, амьсгалын замаар дамжин хүний дотоод организмд орсон тохиолдолд илүү аюултай байх магадлалтай юм байна.[1]
 
Стратеги судалгааны хүрээлэн бэлтгэв