сонин mn
Зөвлөлтийн ард түмний ой тойноос хэзээ ч үл арчигдах 1941 оны зургаадугаар сарын 22-ны амралтын өдөр фашистын Герман үл довтлох гэрээг итгэл эвдэн зөрчиж, дайн зарлахгүйгээр гэнэт үлэмж их хүчээр Зөвлөлт улсын эсрэг халдан довтолсон билээ.
Зөвлөлт эх орны дайн эхэлсэн энэ өдөр МАХН-ын Төв хороо, БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчид, Ардын сайд нарын зөвлөлийн хамтарсан хурлаас Германы зүгээс ийнхүү довтолсныг жигшин эсэргүүцэж 1936 оны гуравдугаар сарын 12-ны өдрийн хамтран ажиллах, харилцан туслах гэрээгээр хүлээсэн үүргээ баримтлан Германы фашистын халдан өдүүлсэн дайныг СССР улсаас ялж дийлэх явдалд зохих тусламжийг үзүүлэх шийдвэр гаргасан байна.
 
 
 
1941 оны зургаадугаар сарын 23-нд Улаанбаатар хотод болсон цуглаан дээр Ерөнхий сайд Х.Чойбалсангаас нам засгаа нягт тойрон хүрээлж, улс орныхоо аж ахуй, батлан хамгаалах хүчийг бэхжүүлж, ЗХУ-ын талд баттай зогсохыг ард түмэндээ уриалсан юм. Энэ уриалгыг малчин, ажилчин, албан хаагч, оюутнууд зэрэг нийгмийн бүх давхаргынхан талархан хүлээн авч Улаан армид зориулан хөрөнгө хуримтлуулах хөдөлгөөн өрнүүлсэн байна.
 
 
 
Энэ үеэс Монголын ард түмэн “Бүхнийг фронтод”, “Бүхнийг улаан армид” гэдэг уриан дор Улаан армид туслах хөдөлгөөн Монгол орон даяар өрнөсөн түүхтэй. Улаан армид бэлэг цуглуулах, түүнийг Зөвлөлт оронд хүргэж өгөх ажлыг зохион байгуулах бэлэглэлийн төв комисс байгуулагдсан ба энэ комиссын бүрэлдэхүүнд бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, намын Төв хорооны нарийн бичгийн дарга, бэлэглэлийн төв комиссын дарга С.Янжмаа, Бүх цэргийн жанжны орлогч, дэслэгч генерал Ж.Лхагвасүрэн, намын Төв хорооны нарийн бичгийн дарга армийн улстөрийн газрын дарга Ю.Цэдэнбал, Ерөнхий сайд маршал Х.Чойбалсан нар багтсан байна.
Аж үйлдвэрийн комбинат, Үйлдвэрлэлийн хоршооллын ажилчид ням гараг ба ээлжийн амралтын өдрүүдэд илүү цагаар ажиллан бүтээсэн нийт 15000 цэргийг хувцаслах нэхий дээл, эсгий гутал, үстэй бээлий, хантааз, цэрэг бүс, 6000 ширхэг ноосон цамц, 440 нэхий хөнжил зэргийг багтаасан бэлгийн анхны цувааг 1941 оны 11 дүгээр сард илгээсэн байна. Бэлгийн үнэ нь тухайн үеийн ханшаар бодвол 587 мянган төгрөг болж байсан. Бэлгийн анхны энэ цувааны төлөөлөгчдийг Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч С.Лувсан удирджээ. Зөвлөлтийн Улаан армийн 24 жилийн ойг тохиолдуулан 1942 оны хоёрдугаар сард бэлгийн хоёр дахь цувааг илгээсэн байна.
 
 
 
 
Энэ цувааг БНМАУ-ын Ерөнхий сайдын нэгдүгээр орлогч С.Лувсан, намын Төв хорооны нарийн бичгийн дарга С.Янжмаа, БНМАУ-аас ЗСБНХУ-д сууж байсан Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Самбуу нарын 10-аад хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид армийн генерал Г.К.Жуковын командалсан баруун фронтын 49 дүгээр армийн их бууны ба буучийн дивизийн дайчдад гардуулж өгсөн байна. Бэлгэнд зориулж зээр, гахай агнах, сүү тос, мөөг жимс бэлтгэх ажил эрчимтэй өрнөж байжээ. Энэ ажлыг Сайд нарын Зөвлөлийн орлогч С.Лувсангаар удирдуулсан тусгай комисс байгуулагдан ажиллаж байсан. 1942 оны нэгдүгээр сард хуралдсан БНМАУ-ын 25 дугаар бага хурлаас “Хувьсгалт Монгол’’ танкийн бригад байгуулж, улаан армид бэлэглэх шийдвэр гаргажээ. Манай Засгийн газраас 2.5 сая төгрөг, 300 кг алт, 100 мянган америк долларыг ЗХУ-ын гадаад худалдааны дансанд шилжүүлсэн байна.
 
 
 
1942 оноос эхлэн улаан армийн цэргийн хэрэгцээнд зориулан иргэдээс агт морь худалдаж авах ажил эхэлжээ. Зөвхөн 1942 онд малчин ардууд 104000 морьд худалдаж 6417 агт бэлэглэсэн. Энэ нь бэлэглэх хөдөлгөөн болж эрчимжсэн байна. Жишээ нь, Завхан аймгийн Их-Уул сумын малчин Гарьд 76, Говь-Алтай аймгийн малчин Ж.Бавуу 55, Ховд аймгийн Дарви сумын малчин Ядам 50, Өмнөговь аймгийн Баяндалай сумын малчин Наваан 43 морио бэлэглэжээ.
 
 
 
Зөвлөлтийн морин цэргийнхэн эцэж, цуцдаггүй тэсвэр хатуужилтай монгол мориор ямагт бахархаж байдаг. 1942 он нь Октябрийн хувьсгалын 25 жилийн ойн жил байсан учир бэлгийн гурав дахь цувааг мөн оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Наушкаас хөдөлгөж БНМАУ-ын Ерөнхий сайд маршал Х.Чойбалсан ахалсан бүрэлдэхүүнд 40-өөд хүнтэй төлөөлөгчдийн баг оролцжээ. Монголын ард түмний чин сэтгэл, цаг наргүй хөдөлмөрөөр бүтсэн бүгд 236 вагон бэлэгт хамт олны бэлэг 127 авдар, хувийн бэлэг 22176, мөн цаг, хутга зэрэг ард түмний бэлэг оржээ. Жишээ нь, хошууч Дэмбэрэлийн анги идэвхтэй оролцож бэлэн 713 төгрөг, морь 3, сарлаг 3, хонь ямаа 14-ийг бэлэглэжээ. Байлдагч Пүрэв, Шагдарсүрэн, Молом нар байлдаан дуустал сар бүр 8 төгрөгийг бэлэглэхээр илэрхийлжээ. Тэрчлэн эмнэлэгт эмчлүүлж буй байлдагч Цэнд 25 төгрөг бэлэглэсэн аж. Улаан армид сэтгэлийн бэлэг тусламж хүргэж өгч байсан амьд гэрч бол “фронт" С.Цэгмэд юм. Тэр бэлгийн гурав дахь цувааны төлөөлөгч бөгөөд ЗХУ-ын баатар нисгэгч П.В.Носовтой уулзсанаа хамгийн сайхан дурсан ярьдгийн зэрэгцээ ОХУ ялалтын 75 жилийн ойд зориулан баримтат кино хийж буй аж.
 
Түүнд “фронт” хэмээх С.Цэгмэдийн тухай оруулах болсон байна. С.Цэгмэд гуай одоо төрөлх нутагтаа үр, ач нараараа тойруулан мал маллах арга ухаан зааж сурган энх тунх аж төрж байгаа юм байна. Бэлгийн гурав дахь цуваа нь бусад цуваануудаас томоохонд тооцогдож байсан ба Ерөнхий сайд маршал Х.Чойбалсан, Улсын бага хурлын тэргүүлэгчдийн дарга Г.Бумцэнд, Ардын өөрийгөө хамгаалах сайн дурын морьт отрядын жанжин Ч.Мижид, МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга Ч.Сүрэнжав нараар ахлуулсан дөрвөн хэсэгт хуваагдан баруун, баруун хойт, Волохов, Калинины фронтод бэлгүүдээ гардуулан өгчээ. Энэ үеэр ЗХУ-д үйлдвэрлэсэн Т-34, Т-70 маркийн 53 танкаас бүрдсэн “Хувьсгалт Монгол” танкийн бригадыг 1943 оны нэгдүгээр сарын 12-нд Москвагаас холгүй орших танкийн 112 дугаар бригадын бүрэлдэхүүнд маршал Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид хүлээлгэн өгчээ. Танк бүрийн цамхаг дээр оросоор “Хувьсгалт Монгол Улс”, дээд захаар МБ, МАХН-ын Төв хорооноос”, БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдээс”, БНМАУ-ын Сайд нарын зөвлөлөөс", 18 аймгийн ардуудаас”, “АҮК-ын ажилчин, албан хаагчдаас”, “Монголын эмэгтэйчүүдээс”, “Үйлдвэрчин ба залуучуудаас”, “Партизануудаас” гэх зэрэг тусгай нэртэй байсан.
 
Гол толгой танкууд нь “Д.Сүхбаатар, Х.Чойбалсан”, “Хатанбаатар Магсаржав”, “Г.Бумцэнд” хэмээн нэрлэгдэж байсан байна. Бэлэг цуглуулах ажил эрчимжиж 1942 оны арванхоёрдугаар сарын 1-нээс 1943 оны хоёрдугаар сарын 24 хүртэл гурван сар гаруйн хугацаанд манай ард түмэн 8.3 сая төгрөгийн бэлгийн фонд хуримтлуулжээ.
Бэлгийн ээлжит дөрөв дэх удаагийн цувааг 1943 оны гуравдугаар сарын 1-нд илгээжээ. МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ю.Цэдэнбал, БНМАУ-ын Цэргийн явдлын яамны сайд Ж.Лхагвасүрэн нар ахалжээ. Төлөөлөгчдийн хэсэг баруун фронтын зарим армийн хороо, Москвагийн ойролцоох алс нислэгийн хүнд бөмбөгдөгч онгоцны гвардын нэгдүгээр дивиз, төв фронтын танкийн армийн анги нэгтгэлүүдэд гардуулжээ.
1943 оны гуравдугаар сард хуралдсан БНМАУ-ын 26 дугаар бага хурлаас “Монгол ард” гэдэг нисэх онгоцны эскадрил байгуулах шийдвэр гаргажээ.1943 оны наймдугаар сарын 18-нд И.В.Сталинаас Ерөнхий сайд маршал Х.Чойбалсанд ирүүлсэн цахилгаан утсандаа ЗХУ-ын Засгийн газарт өөрийнхөө нэрийн өмнөөс танд ба танаар уламжлан БНМАУ-ын Засгийн газар, ард түмэнд улаан цэрэгт зориулан “Монгол ард” гэдэг нисэх онгоцны эскадрил байгуулахаар хоёр сая төгрөг өгсөнд үнэн зүрхний талархал илэрхийлье” гэжээ. МАХН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, армийн улс төрийн газрын дарга Ю.Цэдэнбал, БНМАУ-ын цэргийн явдлын яамны сайд Ж.Лхагвасүрэн нарын ахалж явсан энэ цувааны төлөөлөгчид Зөвлөлтийн цэрэг, дарга нартай уулзаж Монголын ард түмний илгээсэн бэлгийг гардуулан өгч ялалт түргэн ирэх болтугай гэсэн ерөөлийн үгийг дэвшүүлж байжээ. Монголын төлөөлөгчид дэслэгч генерал П.А. Беловын удирдсан 61 дүгээр армид очиход энэ армийн командлал баяртай хүлээн авч баяр хүргэхийн зэрэгцээгээр энэ армийн катюш батарейн суман дээр үг бичихийг Ю.Цэдэнбал даргаас хүсэхэд “Смерть” буюу үхэл гэж бичжээ. 1939 онд Халх голын дайнд Монгол Зөвлөлтийн цэрэг Японы милитаристүүдтэй байлдаж байх үед энэ дайны үеийн Монгол Зөвлөлтийн цэргийг мал мах, хүнс тэжээл, мөнгө санхүүгээр хангах Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр Ю.Цэдэнбал дарга томилогдон Монголын өмнө ба зүүн талын аймаг сумуудаар явж төр засгийн даалгаврыг цагт нь гүйцэтгэж байсан ба энэ үед Г.К.Жуковтой уулзан танилцах үед Г.К.Жуков Ю.Цэдэнбалд хандаж “Чиний бэлэн болгосон үхэр, хонины мах тарган байлаа” гэж талархаж байжээ.
 
 
 
Ю.Цэдэнбал эх орны дайны үеийн дөрөв дэх цувааг ахалж Зөвлөлтийн фронт дээр бэлэг хүргэх явцдаа Г.К.Жуков баяртай уулзаж түүнд тусад нь зэхсэн монгол дээлийг бэлэглэхэд Г.К.Жуков баяртай хүлээн аваад энэ дээлийг би фронтод авч явж галт тэргэнд өмсөнө гэсэн аж.
 
 
 
Монголын ард түмний хөрөнгөөр байгуулагдсан “Ла-5” маркийн 12 нисэх онгоцноос бүрдсэн “Монгол ард" нисэх онгоцны эскадрилыг дэслэгч генерал А.С.Благовещенскийн нэгтгэлд 1943 оны есдүгээр 23-нд гардуулсан бөгөөд энэ эскадрил нь Волохов, Калинин, Брянск, Беларуссын гурав, Балтийн нэг ба баруун фронтод байлдан Беларус, Литва, Дорнод Прусс, Польш, Герман, Чехословакийн нутгийг чөлөөлөхөд оролцон Монголын ард түмний итгэлийг биелүүлжээ. Энэ эскадрил нь гарамгай гавьяа байгуулсан учир ЗХУ-ын Байлдааны улаан тугийн болон Суворовын одонгоор шагнагдаж, 1944 оны долоодугаар сард Оршийн нэрэмжит болжээ. 1945 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн эскадрилын дайчдын нэгдсэн хурлаас маршал Х.Чойбалсанд ирүүлсэн захидалд 1944 онд “Монгол ард” эскадриль нь 547 байлдааны нислэг хийж, агаарт 38 онгоц сөнөөж, газар дээрх дайралтын явцад хоёр гүүр дэлбэлж, 70 автомашин, галт тэрэгний хоёр цувааг устгав. Мөн дайсны аэродром дээрх 70- 88 маркийн 5, Х6-111 маркийн 3 онгоцыг тус тус устгасныг илтгэжээ. Дөрвөн удаагийн бэлгийн цуваагаар Монголын ард түмний илгээсэн бэлгийн үнэ бэлэн мөнгөөр 24 сая 895 мянга 311 төгрөг, арьс шир түүхий эд, ноос, ангийн үс, дулаан хувцас зэргийн үнэ 458957 төгрөг, цугласан алт мөнгийг тухайн ханшаар үнэлж бодвол 522607 төгрөг, фронтод удаа дараагаар явуулсан гарын бэлэг 5982 төрөл бүрийн зүйлүүдийн үнэ 661565 төгрөг, бэлтгэн явуулсан зэрлэг гахай, зээр, шувууны үнэ 558955 төгрөгийн хамтаар бүгд 28193053 төгрөг болжээ.
 
Эхний 3 удаагийн бэлгэнд бод мал 25301, бог мал 254450-ыг шилжүүлжээ. Тав дахь удаагийн бэлгийн цувааг БНМАУ-ын ерөнхий сайдын орлогч Б.Ламжав, Н.Жагварал нарын төлөөлөгчид 1944 оны нэгдүгээр сард Украины нэгдүгээр фронтод хүргэжээ. Энэ цувааны 127 вагоныг Наушкаас, 25 вагоныг Чойбалсан станцаас илгээсэн ба нийт үнэ нь 8 сая төгрөг болжээ. Улаан цэрэг ба чөлөөлөгдсөн бүс нутгуудын ард түмэнд зориулан хөрөнгө хуримтлуулах хөдөлгөөнийг Улаанбаатар хот /2558296 төг/, Увс /517877 төг/, Архангай /509334 төг/ аймгууд тэргүүлж, гар үйлдвэрийн хоршоолол, засан хүмүүжүүлэх, АҮК, хиамны үйлдвэр, савангийн завод, хотын худалдааны трест зэрэг газрууд онцгой сайн оролцжээ. Зургаадугаар цуваа 1945 оны нэгдүгээр сард фронтод хүрчээ. Түүнд олон арван мянган дулаан хувцас хэрэглэл, олон зуун мянган тонн хүнсний зүйл оржээ. Цувааг МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга С.Янжмаа, Элчин сайд Ж.Самбуу нар Украины нэгдүгээр фронтын төлөөлөгчийг Москва хотноо урин ирүүлж хүлээлгэн өгчээ.
Монголын ард түмнээс илгээсэн удаа дараагийн бэлгийн цуваа нь Германы цэргийн цахилгааны дайны төлөвлөгөөг сүйрүүлсэн, Москвагийн дэргэдэх ялалт, дайны явцад үндсэн эргэлт гаргасан, Сталинград, Зөвлөлтийн нутгаас дайсныг үлдэн хөөж, бүх фронтоор давших эхлэлийг тавьсан Курскийн тулалдаан, Дорнод Европын орнуудыг чөлөөлж, фашист Германыг бут цохисон 1944-1945 оны чөлөөлөх байлдаан зэрэг гол гол ялалтын үед янз бүрийн фронтод хүрч очиж байснаараа онцлог юм.
Бэлэг гардуулахаар очсон Монголын ард түмний төлөөлөгчдийг улсын хил давсан цагаас Зөвлөлтийн зам зуурын хотуудын удирдлага тосон уулзаж, Зөвлөлтийн төр, улаан армийн командлал хийгээд фронтын шугаман дээр байлдаж байсан Зөвлөлтийн анги нэгтгэлийн дайчид, дарга нар халуун дотноор хүлээн авч, өөрсдийн ялалт амжилтаас танилцуулж, уулзалт зохион байгуулж байлаа. Тэрчлэн олзлогдсон герман цэргүүдтэй манай төлөөлөгчдийг уулзуулж, чөлөөлөгдсөн хот тосгодтой танилцуулж байлаа.
Монголын ард түмний чин сэтгэлийн бас нэг илэрхийлэл нь фронтын дайчдад захидал илгээх хөдөлгөөн байлаа. МАХН-ын Төв хорооны дэргэд Фронттой харилцах тусгай тасаг ажиллаж ялалтыг хүссэн хэдэн зуун мянган захидлыг тасралтгүй илгээж байсны тоонд БНМАУ-ын 25 дугаар бага хурлаас 95 хүний гарын үсэг бүхий шүлэглэсэн илэрхийлэлт, 1942 оны намар Улаанбаатар хотын хөдөлмөрчдийн нэрийн өмнөөс 800 хүний гарын үсэгтэй захидал, зүй ёсоор орно. Монголоос очсон захидлын хариу фронтоос мөн мянга, мянгаар ирж, улаан армийн дайчдын ялалтын баяр талархал, тэдний амжилтын мэдээг авчирдаг байлаа. Монгол, Зөвлөлтийн дайчдын мянга мянган захидлын багагүй хэсгээр бүрдсэн “Монголоос фронтод”, “Фронтоос Монголд” гэдэг захидлын цоморлиг хэвлэн гаргасан нь олон түмний урмыг сэргээсэн, ухуулга сурталчилгааны бас нэг хэлбэр болж байжээ.
 
 
 
Ийнхүү дайны фронтоос 6-7 мянган км алслагдсан гүн ар талд монголчууд бүхий л бололцоогоо дайчлан хөдөлмөрлөж улаан армид туслах олон хэлбэрийн ажил өрнүүлсний дүнд нийтдээ 435 сая төгрөгийн үнэ бүхий мал, эд материалын зүйл ба 300 орчим кг алтыг биетээр өгч, 485000 морьд худалдаж, 32500 гаруй шилдэг хүлгийг фронтод илгээжээ.Монголын ард түмний энэхүү тусламжийг Зөвлөлтийн дайчид өөрсдийн ялалтаар хариулж, ЗХУ өндрөөр үнэлж байв.
 
 
 
СССР-ийн дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн 1944 оны долоодугаар сарын 11-ний өдрийн зарлигаар германы эзэрхэг түрэмгий нар луу байлдаж буй улаан армид туслах хэрэгт гарамгай гавьяа байгуулсан БНМАУ-ын маршал Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал, Г.Бумцэнд нарыг Лениний одон, Ч.Сүрэнжав.С, Янжмаа, Д.Дамба, С.Лувсан нарыг Хөдөлмөрийн улаан тугийн одон, Ж.Чойдог, Б.Тогмид, Ж.Аюурзана нарыг Улаан одон тэмдгээр шагнасан бол Улаан армийн ерөнхий командлагч Г.К.Жуковоос 1945 оны тавдугаар сарын 2-нд ирүүлсэн цахилгаан утсандаа энэхүү аймшигт хатуу ширүүн тэмцэлд танай ард түмний үзүүлсэн тусламжийг ямагт үнэлж, мэдэрч байна гэжээ. Энэ ялалтыг авчрахад үнэлж баршгүй гавьяа байгуулсан нам, улс, олон нийтийн байгууллага, үйлдвэр аж ахуйн байгууллагуудын удирдах ажилтан, иргэн хөдөлмөрчид нийт 521 хүнийг төрийн дээд одон, мөдалиар шагнажээ.
 
 
Гавьяат багш, судлаач, дэд профессор Ц.ТӨВӨӨ