сонин mn
Дэлхий дээр 6000 орчим хэл байдаг гэж бүртгэгджээ. Эдгээр хэл нь логик бүтцийнхээ хувьд хоёр том бүлэгт хуваагддаг. Нэг хэсэг нь ярианы хэл, бичгийн хэлтэй байхад нөгөө хэсэг нь ярианы хэл, бичгийн хэл хоёр нь хоорондоо ялгарамгүй ижил байдаг. Бичгийн хэлгүй хэлний энэ бүлэгт олонхи хэл багтдаг.
Монгол, англи, франц гэх мэтийн цөөнхи хэл нь бичгийн хэлтэй хэлний бүлгийг бүрдүүлдэг. Бичгийн хэлтэй хэлний онцлог нь ярианы хэлээ бичгийн хэл нь ядууруулахгүй барьж байдагт оршдог. 
 
 
 
 
Тодруулж хэлбэл бичгийн хэл, ярианы хэл хоёр нь хоорондоо дотоод нарийн диалектик холбоогоор холбогдсон байдаг. Энэ нарийн дотоод холбоосыг ухвар мөчдөөр тасалж хаях юм бол ярианы хэл ядуурч доройтон, улмаар уналтад ордог. Энэ диалектик хуулийг нь харийнхны шахалтаар зөрчиж, доройтлын замаар оруулсан хэлний сонгодог жишээ бол яахын аргагүй манай Монгол хэл мөн.
 
 
 
 
Монгол хэлийг бичгийн хэлнээс нь салгаж, дотоод диалектик холбоог нь таслахын тулд Худам Монгол бичгийг нь эхлээд халж, кирилл бичигт оруулахдаа бичиг үсэгт нь хамт Монгол хэлний унаган дүрмийг устгаж, харь хэлний дүрмийг хүчээр тулгасан. Монгол хэлний бичгийн хэл, дүрмийг 1944 онд халаад дөнгөж 20-хон жил өнгөрөхөд нэгд, хэл маань уянгалаг чанар, хөг хоёроо алдаж маш хахир хатуу аялгуутай болсон; хоёрт, өгүүлбэрийн зохион байгуулалт нь харь хэлний бүтэцтэй болж, орчуулгын модон хэл гарч ирсэн; гуравт, Монгол хэлээ сайн мэддэг хүмүүс нь 60-аас дээш насны хөдөөгийн хүмүүс л болж үлдсэн; дөрөвт, хүндэтгэлийн үгсээ феодал ноёдыг өргөмжилсөн долигнуур үг гэж үзэж халснаас үгсийн сан нь 30-40 хувиар ядууруулсан байх жишээтэй. Бичгийн хэлтэй хэлний дотоод диалектикийг оролдоход нөмөрч орж ирдэг хор уршгууд анх ингэж илэрч эхэлсэн.
Харин өдгөө 77 жил өнгөрөхөд нэгд, ярианы хэл туйлын ядуурч гаж хэллэг ихэсчээ; хоёрт, орчуулгын модон хэл нь оршуулгын төмөр хэл болжээ; гуравт, Монгол хэлээрээ зөв ярьдаг хүн битгий хэл, хэлнийхээ дотоод зүй тогтлыг зөвөөр ойлгосон нэг ч хэлзүйч байхгүй болжээ; дөрөвт, хэл маань хар ёр гэсэн маш хахир аялгатай болж, гадны хүний сонсголд нохос хэрэлдэх мэт сонсогддог болсон байна.
Хэрвээ гүн ухаж үзэх юм бол кирилл бичгийг дагаж орж ирсэн харь хэлний дүрэм бол орос хэлний унаган дүрэм ч биш латин хэлний дүрэм гэж яригддаг. Харин бидний үзэж байгаагаар оросууд латин хэлний дүрмийг гэхээсээ грек хэлний дүрмийг авч ашигласан байх магадпалтай. Ямар ч атугай манайд орж ирээд ДҮД-ийн, хожуухан ЛҮД-ийн гэж нэрлэгдсэн шинэ бичгийн дүрэм нь хоёр үеийг дамжиж байж сая манайхыг хүрчээ. Энэ дүрэм европын ойролцоо аймгийн хэлний дүрэм болохоор Монгол хэлэнд чирсэн шиг том гай түйтгэрийг орос хэлэнд чирсэнгүй (гэхдээ угсийн санг аймгаар хуваах асуудал үргэлж маргаан дагалдуулсаар байгаа).
Монгол хэл бол дээр дурьдсан хоёр хэлний аль алинаас нь эрс ялгарах огт өөр хэлний аймагт багтдаг, нөгөө талаар бичгийн хэлтэй өвөрмөц хэл учраас тэдний дүрмийг хүчээр тааруулж хэрэглэж болохгүй учиртай байсан юм. Хамгийн наад жишээ нь Монгол хэлний үгсийн аймаг эр, эм, саармаг үг гэж хуваагддаггүй. Хэрвээ тэгэж хуваагддаг зүй тогтолтой байсан бол эр, эм, саармаг үгс өгүүлбэрт ороход тэдний хүйсийг дагаад тодотгол нь хувирч байх ёстой.  Тодруулж хэлбэл тийм зүй тогтолтой сонгодог хэл болох орос хэлнийх шиг “красный карандаш” (эр үг), “красная майка” (эм үг), “красное сердце” (саармаг үг) гэх мэтээр тодотгол үг нь хувиралд орж байх ёстой байтал манай хэлний үгст тийм ялгаа байдаггүй учраас тийм дүрмэнд захирагддаггүй.
 
Монгол хэлний бас нэг том өвөрмөц онцлог бол цагуудыг (гурван цагийг) заасан бие даасан үг байдаггүйд оршиж байдаг. Гэтэл орчин цагийн хэлзүйчид Монгол хэлэнд тийм үг байх ёстой мэтээр сэтгэж, түүнийгээ эрсээр байгаад оллоо гэж бодсон нь “болно” гэдэг үг болж таарчээ.
 
Ингээд Монгол хэлний дотоод зүй тогтол, унаган дүрмийг үл мэдэхийн харгайгаар ирээдүй цаг дээр ярьж, бичиж байгаа нь энэ гэж “Та хүсэхгүй болно”. “Чи юу ч хэлэхгүй болно”. “Тэр чамд дурлах болно". “Би хийх болно”. “Та нар амьдрах болно" гэх мэтээр санаа бодлоо ирээдүй цаг дээр илэрхийлэх гэж оролддог болсон нь үнэн хэрэг дээрээ харь гадаад хэлээр сэтгэж буй, хэрэв зэ байдаг сан бол Меврол, Морос хэлээр ярьж байна гэхээр болгожээ. Өөрөөр хэлбэл тийм өгүүлбэрээр ярьж буй нь Монгол хэлээр сэтгэж чадахгүй байгааг харуулж буй хэрэг юм. Яагаад гэвэл Монгол хэлэнд ийм найрлага байдаггүй. Учир нь Монгол хэлний өнөөгийн дүрмээр “-на, -но, -нө, -нэ” дагавар ирээдүй цагийг зааж өгдөг гэдэг боловч дээр хэлснээр бас л яг таг илэрхийлж өгдөг гэхэд хэцүү. Жишээлбэл “Тэр тэгэж хэлсэн байна” гэвэл, одоо цаг дээр ч ярьж байж магад, тэр ч бүү хэл бүр өнгөрсөн цаг дээр ч ярьж байж магадгүй.
Ер нь бол Монгол хэлэнд ирээдүй цагийг “удахгүй, аажимдаа” гэх мэтийн үгсийн тусламжтайгаар гаргадаг түгээмэл зарчимтай. Тухайлбал “Чи удахгүй хорин нас хүрнэ”. “Та тэр ажлыг аажимдаа авна" гэх мэт. Харин “болно” гэдэг үгийн жинхэнэ хэрэглээ нь байж болзошгүй юмны талаар ярих, зөвшөөрсөн санаагаа илэрхийлэхэд илүүтэйгээр хэрэглэгддэг. “Тийм байж болно”. “Үгүй ч байж болно”. “Тэр болно, болно” гэх мэт юм. Энэ нь үгээ мэдэрч, үгээ зөв сонгож хэрэглэж чадахгүй байгаатай, түүнээс гадна дээр Монгол хэлнийхээ онцлог, унаган зөв дүрмийг нь мэддэггүйтэй холбоотой юм. “Болно” гэдэг үг ирээдүй цагийг хөдлөшгүй илэрхийлдэг юм бол одоо болон өнгөрсөн цагийн ядаж аль нэгнийг нь хөдлөшгүй илэрхийлж харуулж өгдөг тусгай үгс байх ёстой болж таараа даа. Тухайлбал цаг заасан тусгай үгтэй сонгодог хэлний нэг болох англи хэлэнд “was, were” гэдэг өнгөрсөн цагийг зааж өгдөг, “shall, will” гэдэг ирээдүй цагийг зааж өгдөг тусгай үг байдаг. Орос хэлэнд “-л, -ла, -ло, -ли” гэсэн өнгөрсөн цагийг хөдлөшгүй зааж өгдөг дагаврууд, “будет, будут” гэсэн ирээдүй цагийг заасан бие даасан үгс буюу төлөөнийхөө үгийг дагаж хувирдаг дагавар, тусгай үгс байдаг. Гэтэл манайд хэлэнд одоо цагийг илэрхийлж өгдөг ямар ч тусгай үг байхгүйгээс гадна дагавар ч байдаггүй, харин өнгөрсөн цагийг харуулж өгдөг “-лаа, -лоо, -лөө, -лээ, -ав, -ов, -өв, -эв” гэсэн дагаварууд байдаг нь л харагддаг. Үүнээс үзэхэд Монгол хэлэнд ганцхан өнгөрсөн цаг л их тодорхой илэрхийлэгддэг, харин бусад хоёр цаг нь өгүүлбэрийн утгаасаа ойлгогддог онцлогтой гэдэг нь тодорхой болж ирдэг.
Кирилл бичгийн дүрмийн дагуу орос хэлийг дууриалгаж хуваасан шиг үгсийн тийм олон аймаг буюу утга учрыг нь олоход хэцүү, заримдаа хаашаа харъяалагдах нь ойлгомжгүй, нааш цаашаа будлиулдаг нилээд үгтэй олон аймаг Монгол хэлэнд байдаггүй. Монгол хэлний унаган дүрмээр ердөө л Үйл үг, Нэр үг, Сул үг гэсэн гуравхан аймаг л байдаг. Мөн түүнчлэнгээр манай хэлний жинхэнэ дүрэм ёсоор Монгол хэлэнд ганц тоо, олон тоо гэж байдаггүй, харин бөөн тоо, хэсэг тоо л гэж байдаг. Жишээлбэл Монгол хүн “би хонио алдчихлаа” гэж ярьж буй нь хэсэг тоон дээр ярьж байгаа болохоос биш ганц тоон дээр ярьж байгаа хэрэг биш юм. Харин “ганц хонь харлаа” гэж ярьвал л ганц тоон дээр ярьж байна гэж баттай ойлгогддог. Бүр тод бас нэгэн жишээ татахад Монгол хэлний “морь, гүү” гэх мэтчлэнгийн үгийг ганц тоон дээр байгаа үг, харин "адуу" гэдэг үгийг олон тоон дээр байгаа үг гэж өнгөн талаас нь үзэж болмоор...Гэтэл Монгол хүн “морь, гүү" хоёрын аль нь явж байгааг нь ялгахын аргагүй хол байх юм бол "тэр ганц адуу явж байна” гэж ярьдаг. Мөн түүнчлэнгээр аав нь юмуу ээж нь хүүхэддээ “гараа угаа" гэж хэлдэг болохоос биш “гарнуудаа угаа” гэж хэлдэггүй, Гэсэн ч хүүхэд нь ойлгоод хоёр гараа хоёулангий нь л угаадаг байх жишээтэй. Тэрчлэнгээр Монгол хэлний бөөн тоо бидэнд буруу суулгасан  ойлгоцоор ганц тоон дээр ярьж байгаа юм шиг ойлгогддог болчихжээ. Тиймээс зарим хүмүүс Монголчууд ихэвчлэн ганц тоон дээр ярьдаг гэж цэцэрхэх нь сонсогддог. Үнэндээ бол Монгол хүн ганц тоон дээр бус хэсэг, бөөн тоон дээрээ л ярьж байдаг.
Бид олон тооны дагавар гэж ойлгодог “-чууд, -чүүд, -чид, -сад, -сэд, -сөд” гэх мэтийн дагавар нь хэсэг тооны дагавар болохоос бус олон тооны дагавар биш юм. Өөрөөр хэлбэл “залуучууд, эмэгтэйчүүд, эрэгтэйчүүд, хөдөлмөрчид, ажиллагсад" гэхээр бүхэл бүтэн ард түмний нэг хэсгийх нь тухай ярьж байна гэсэн үг юм. Харин бөөн тоог “-ууд, -үүд” зэрэг дагаврууд зааж байдаг. Жишээлбэл “дайснууд, бэрдүүд, хулганууд” гэх мэт. Энэ бүхэн юу хэлээд байна гэхээр Монгол хэлэнд ганц тооны хувирал гол төлөв “нэг, ганц” гэсэн тодотгол урдаа авч байж сая бүтдэгийг харуулж өгч байна. Гэтэл олон тоотой сонгодог хэлний төлөөлөл болсон орос хэлэнд үйл үг нь олон тооны дагавар авч хувирдаг онцлогтой. Жишээ нь “они ушли”, “депутаты проголосовали” гэх мэт, Мөн нэр үг олон тооны хувиралд ороход тодотгол нь олон тооных болж хувирдаг. Тухайлбал “белые машины”, “синие полотенцы” гэх мэт Хэрвээ Монгол хэл олон тоотой байсан бол дээрх орос үгсийг “цагаанууд машинууд”, “цэнхэрүүд алчуурууд" гэж орчуулах ёстой байсан. Гэтэл тэгэлгүй “цагаан машинууд”, “цэнхэр алчуурууд” л гэж орчуулдаг. Хэрвээ эхний хувилбараар орчуулбал ямар ч Монгол хүн ойлгохгүй гэдэг нь тодорхой. Өөрөөр хэлбэл  хоёр өөр юмны тухай ярих, эсвэл бичих гэсэн юм болов уу л гэж Монгол хүн ойлгох нь дамжиггүй. Зөв Монгол хэлэнд эгшиг бүдгэрэх ёс байна уу гэхээс бус гээгддэг эгшгийн ёс гэж байдаггүй. Бичиг, бичвэрт зориулж ийм буруу дүрэм гаргаж ирсэн нь яваа яваандаа аливаа буруу зүйлийн адилаар айхтар гажуудал чирч ямар ч үгэнд дагавар залгахад сүүлийн үений эгшгийг гээж бичдэг хавтгайрсан байдлыг бий болгожээ. Тэр ч битгий хэл үйл үгийн “х”-гийн өмнөх эгшгийг гээдэггүй гэдэг дүрэм нь “хууль биш гууль” болж хаа нэгтээ хаягджээ. Тэр ч битгий хэл нэр үгийн эгшгийг гээдэггүй гэдэг дүрэм ч үүний адил замаар орж ор сураггүй алга болсон бололтойдог оо. Жишээ нь “яриулхын”, “бодхын”, “гархын”, “сансрын”, “тэнгэрийн”, “хүн төрөлхтний” гэх мэт. Бүр “бодоход”, “гарахад” гэх мэтийн үгсийг хүртэл эгшиг гээгдэх ёсны дагуу хувиргаж байгаа бололтой “бодход”, “гархад” гэж бичдэг болчихсон нь харин ч бүр үйл үгийн “х"-гийн өмнөх эгшгийг ямар ч тохиолдолд заавал гээж бай гэдэг хатуу ширүүн дүрэм шинээр гараад ирээ юү дээ гэх сэтгэлгээ төрүүлмээр бичвэрзүйн нөхцөл байдал харагддаг.
Кирилл бичгийн дүрэм бол ярьснаараа бичдэг логиктой дүрэм гэдгийг манай хэлзүйчид өдийг хүртэл (77 жилийн дотор) сайн ойлгоогүй явсаар ирээ юү гэмээр сэдлүүд үе үе хэлний салбарт ажиглагдсан байх юм. Жишээ нь “санаачилга", “ноогдох”, “дурьдсан”, “махбодь”, “гариг” гэж ярьж хэлдэг үгсийг “санаачлага”, “ногдох”, “дурдсан”, “махбод”, “гараг” гэж бичнэ гэж бусдын мэддэггүйг мэдэгч хэн нэгэн айлдаж ярианы хэлнээс хөндүүрүүлж, кирилл бичгийн дүрмийнхээ логикийг эрээ цээрээгүй зөрчиж, ярианы хэлнээсээ өөрөөр бичдэг бичгийн Монгол хэлний логиктой хутгаж мунхаглаа юу даа гэмээр үзэгдлийг дээрх байдлаар хэд хэд дэглэсэн байх юм.
 
Мөн түүнчлэнгээр кирилл бичгийн дүрэм (бас л мартагдчихсан) ёсоор дүрмийн бус хувиралд ордог үгс гэгддэг “хуулинд", “дүрмэнд”, “номонд” гэж хувирах ёстой үгсийг “хуульд”, “дүрэмд", “номд” гэж бичих болгосон нь бичгийн Монгол хэлний “хаули-ду”. “дүрим-дү”, “ном-ду” гэдгээс хуулбарлаж авсан бололтой ядмаг үзэгдэл гэдэг нь илт харагдахаар байна.
 
Тэрчлэнгээр “компаний”, “британий” гэх мэтийн үгсийг “компанийн”, “британийн" гэж бичнэ гэж дүрэмдсэн нь Монгол хэлний “сарны”, “нарны” гэж хувирдаг дүрэм ёсыг эсвэл гажуудуулсан, эсвэл үгүйсгэсэн үзэгдлийг хэн нэгэн дураараа дэглэж тоглоо юу даа гэмээр харагдана. Ингэж эх хэлээ урт удаан хугацааны турш яргалах зуршил манайд тогтсоны уг ужиг нь шинэ бичгийг авахдаа хэлнийхээ дотоод нарийн диалектикийг ухаарах ухаан дутаж, ухвар мөчдөөр бичгийн хэлээ устгасан явдал болж өгсөн билээ. Социализмын үеийн соёлын хүчирхийлэл буюу дэлхийн соёлын түүхэнд манайхаас өөр газар гараагүй энэ айхтар гаж үзэгдэл хэлзүйчид, хэл судлаачдад Монгол хэлийг дураараа оролдож ач холбогдолтой, холбогдолгүй нь хамаагүй ямар нэгэн дүрэм зохион гаргаж ирж болдог юм байна, тэр ч бүү хэл Монгол хэлэнд ямар ч утга учиргүй дүрмийг гаднаас хуулбарлан оруулж ирж, тулгаж ч болох юм байна гэдэг эндүүрлийг тархи толгойд нь хэтэрхий гүн суулгаж өгсөн бололтой байдаг.
Ний нуугүй хэлэхэд: “Хэлийг алдар нэр олж авах хэрэгсэл болгож болдоггүй.” гэдгийг хэн ч бай юун түрүүнд гүн гүнзгий ойлгож авах шаардлагатай. Тэр тусмаа хэлзүйчид эх хэлнийхээ цэвэр ариун байдлын манаанд зогсох ёстойгоос биш хэлээрээ дур мэдэн оролдож, ухаж төнхөж яргалдаг этгээдүүд байх ёсгүй гэдгээ ухаарах зайлшгүй шаардлагатай. Өөрөөр хэлбэл хэлзүй, хэл судлалаар төгссөн хүмүүс өөрсдийгөө “хэлний мэргэжилтэн”, би мэднэ, чадна, өөрчлөнө гэж цээжээ дэлдэж, аархах эрхгүй хүмүүс байх учиртай. Тэдний сурсан зүйл бол бүхэл бүтэн ард түмний бүхэл бүтэн хэл гэдэг агуу их соёлын маш өчүүхэн үртсээс хүртэх төдий мэдээлэлтэй болсон гэсэн үг байдаг. Тэр ч бүү хэл эрдмийн зэрэг хэд хэд хамгаалаад ч үгээр оролддог, хэрхэн ярих, бичих талаар мэдэмхийрч өөрчилдөг, ард түмэнд зааварчилж заадаг эрхийг хэнбугайд ч огт олгодоггүй шинжлэх ухааны салбар бол хэл судлал мөн. Үүгээрээ хэл судлал шинжлэх ухааны салбаруудаас эрс ялгаатай салбар юм. 
 
 
 
Учир нь ард түмэн өөрийнхөө хэлийг олон мянганыг дамжуулан тордон боловсруулж зүлэгсэн “алмаз эрдэнэ" шиг болгож авдаг болохоос биш хэн нэгэн “мэргэжилтэн” гэж өөрөө өөрийгөө өргөмжилсөн их мэдэгч, эсвэл хэсэг бүлэг хүмүүс будлиантуулж, хөл толгойгүй хөлбрүүлдэг хөнгөн хийсвэр зүйл биш гэдгийг хатуу ойлгож авах ёстой.
 
 
 
Хэл бол хэн ч халдаж болдоггүй ард түмний өмч, зон олны өв соёл байдаг. Тиймээс хэл бол хэн нэгэн мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач гэгдсэн хүний урьдчилан лүндэгнэсэн юм уу, олж харж тогтоож өгсөн замаар ороод явчихдаг өчүүхэн гарвалын зүйл огт биш ээ. Хэл бол өөрөө өөрийнхөө хөгжлийн замаа олоод хөгждөг зүй тогтолтой хэтийдсэн нарийн нандин тогтолцоо, дээдийн дээд зүйл мөн. Энэхүү утгаар хэлийг амьд бүтэц гэж хэлж болно. Түүний жишээ нь Монгол хэлэн дэх сондгойрол гэмээр олон тоо заасан “-д”, “-с” дагавар нь эрт цагт Монгол хэлэнд олон тоо, цөөн тоо байсныг илэрхийлж байдаг бүдэг үлдэц юм. Энэ үлдэцийн улмаас “хүн, зочин, яам” гэх мэтийн олон үгс “хүнүүд, зочнууд, яамнууд” болж хувиралгүйгээр “хүмүүс, зочид, яамд” болж хувирдаг. Үүнээс харахад Монгол хэл хөгжил хувьслынхаа явцад олон, цөөн тооны зарчмаас аажимдаа хөндийрч бөөн ба хэсэг тооны зарчимд шилжиж орсны шинж тэмдэг гэж дүгнэж болохоор байна. Үүний нэгэн адилаар англи хэлний “s” дагавар мөн л олон тоот хэлний үлдэц юм. Англи хэл эрт үед Монгол хэлний нэгэн адилаар олон тоотой байж байгаад тэр зарчмаараа хөгжилгүй өөр замаар хөгжсөн байна.
Монгол хэл өнгөрсөн 77 жилийн туршид өөрийнхөө унаган дүрмийг шаардаж, харь хэлний дүрэмтэй зөрчилдсөөр ирсэн гэдгийг Монгол хүн бүр хатуу ойлгох ёстой. Үүнийг эх хэлээ дээдэлдэг Монгол хүн бүр хэрхэвч мартах учиргүй. Тэр тусмаа хэлзүйчид, хэл судлаачид эх хэлний дүрмийг бусниулсан, дотоод нарийн диалектикийг нь алдагдуулах гэсэн тохиолдол бүрийг таслан зогсоохын төлөө үхэн хатан тэмцэх ариун үүрэгтэй хүмүүс байх ёстой. Өөр зам тэдэнд байхгүй. Үүнийг эс ухаарвааас холион бантан хутгагчид, эх хэлээ яргалан бусниулагчид болж хувирах аюултай. Эх хэлээ яргалж хоолоо олж идэх гэдэг гутамшгийн дээд гутамшиг мөн. Ийм амьдын хар нүгэлээс ангид явахтун!
 
 
Ж.БОР
Д.БААТАР