sonin.mn

Энэ жил экс удирдлагуудад халгаатай байв. Цагтаа төрийн өндөр албан тушаал хашиж явсан эрхмүүд ээлж дарааллан дээлээ нөмөрч “аавынд” залрав. Долдугаар сарын 1-ний үймээний үеэр үүрэг гүйцэтгэж явсан цагдаагийн экс удирдлагууд эрүүгийн хуулиар шийтгүүлж хорих ангид хоног төөрүүлэх болсон. Тэр ч байтугай төрийн эрх мэдлийг гартаа атгаж явсан экс Ерөнхийлөгч ч хорих ангид шилжив.

 

Хоёр шатны шүүхээс дөрвөн жилийн ял сонссон эксийг өнгөрсөн долоо хоногт Улсын Дээд шүүх өршөөж ялыг нь хөнгөлсөн. Түүнд 2.6 жилийн ял оногдуулсан ч намын нөхөд төдийгүй өөрөө хүлээн зөвшөөрөхгүй байсаар өдийг хүрэв. Экс Ерөнхийлөгч  хоригдсон нэр зүүж буй ч үнэндээ эмнэлэгт энэ хэдэн сарыг илээв. Элдэв янзын эмчилгээ хийлгэж биеэ эмчлүүлж байгаа ч сэхэл авахгүй байгаа бололтой.

 

“Н.Энхбаярын бие эрс муудаж байна” гэх бор шувуу төрийн ордон төдийгүй түмний уншдаг хэвлэлээр цацагдах болов. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад “Түүний бие муу байгаа төдийгүй биеийн жин нь алдагдаж өдөртөө 300-500 граммаар хасагдаж байна” гэв. Байдал хэвээр үргэлжилж экс эрхэм жин хаяад байвал амь насанд нь аюул учирч магадгүй аж.

 

Тэрбээр шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж өлсгөлөн зарлана хэмээн “сүрдүүлсэн” ч биеийн байдлаасаа болж хэлсэн амандаа хүрч чадахгүй хэвтээ гэнэ. Сонирхуулахад, өнөөдөр МАХН-ынхан даргынхаа биеийн байдлыг ямар байгааг хэвлэлийнхэнд тайлагнах аж.


Б.Чанцал

Эх сурвалж: "Нийгмийн Толь"