sonin.mn
Бүх вирус уургаас бүтдэг ч өөрсдөө хэрэгцээт уургаа бий болгох чадваргүй. Иймээс вирус амьд биед орсны дараа хүний эсийн бэлэн уургийг ашиглан хурдан хугацаанд үржиж олшрон өвчин эмгэг үүсгэж улмаар үхэлд хүргэнэ. Энэ хугацаанд олшруулж амжсан үр удмаа гадна орчинд аль болох олноор нь тарааж бусдыг халдварлуулна. Гэхдээ вирус болгоны уурагны бүтэц өөр.Энгийнээр бид 35 үсгээр хэдэн үг үүсгэж чаддаг билээ, яг үүнтэй адил зүйл.Тэгэхээр вакцин хийнэ гэдэг нь тухайн вирус ямар ямар уургаар “үг” илэрхийлж байгааг нь тогтоож тэр үгийг аюулгүй болгон хүний биед оруулж уг үгийг таньж устгадаг эсрэг биет цусанд шинээр бий болгодог гэсэн үг. Гэхдээ ямар уураг буюу ямар үсэг байгаа нь маш чухал байхаас гадна үсэг яаж дараалсан байгаа нь ч бас чухал. Жишээ нь дөрвөн үсэгнээс бүтэх таван үсэгтэй “титэм” гэсэн вирус энэ үгний вакцин тариулсан биед ороход “титэм” гэсэн үгийг отон хүлээж байсан эсрэг биетүүд энэ үгийг шууд устгаад эхэлдэг гэсэн үг. Гэхдээ вакцин хийдэг арга  хоорондоо ялгаатай.
 
Эхлээд тахианы өндгөнд ч юм уу бусад аргаар вакцин хийх гэж буй вирусээ үржүүлж олшруулна. Дараа нь өсгөж олшруулсан вирусээ үхүүлж эсвэл үржих чадваргүй, хагас үхмэл байдалд оруулан бүрэн аюулгүй болгосны дараа вакцин болгон хүнд тарьж энэхүү вирусыг устгах эсрэг биет бий болгохыг  вакцин хийх уламжлалт арга гэдэг. Вакцин хийдэг энэхүү арганы сул тал нь их цаг, хөрөнгө бас мэргэшсэн хүн, хүч зарах шаардлага үүсдэг. Мөн хүн болгоны биеийн онцлог харилцан адилгүй байдгаас халдвар авах магадлал нөгөө вакцинуудаас арай өндөр. Ашигтай тал нь үүссэн эсрэг биет вирусний биед буй бүх  уургийг  таних чадвартай болдог учир ийм вакцин тариулсан хүмүүс коронавирусны мутацлагдсан хувилбаруудад илүү тэсвэртэй болдог.
 
Дараагийн арга нь хүний цусанд бэлэн үхмэл эсвэл үржих чадваргүй хагас үхмэл вирус бус энэ вирусны уургийн “РНК” гэх нуклейн хүчлийн генетик кодыг оруулж вакцин хийдэг явдал юм. Энэ аргын ашигтай тал нь хурдан хугацаанд хийдэг бас илүү үр дүнтэй. Муу тал нь өнөөдөр коронавирусны бүх уургийн генетик кодыг бус энэ вирус хүний эсэнд бэхлэгддэг титэм буюу зөвхөн сөртөнгийнх нь  генетик кодоор вакцин хийж байгаа явдал. Иймээс ийм вакциныг “mRNA” буюу “мРНК вакцин” гэж нэрлэдэг. Мөн маш өргөн тархалттай адено овгийн вирусны ““ДНК” гэх нуклейн хүчлийн генетик кодыг хуулбарлаж хийдэг Аденовирусны  векторын вакцин гэж  бас бий. Энэ вакцин мөн л коронавирусыг  зөвхөн сөртөнгийнх нь нэгэн төрөл уургаар таньж устгадаг  вакцин гэсэн үг.
 
Чухамхүү энэхүү сөртөнгийнх нь уурганд өөрчлөлт орж  шинжлэх ухаанд “B.1.1.529” гэж бүртгэгдэн  грек цагаан толгойн 15 дахь “Ο,ο” үсэгний “Omicron” хэмээх нэрээр нэрлэгдсэн  шинэ хувилбар тархаж эхэлсэн  учраас л “мРНК вакцин” болон “Аденовирусны вакцин” иргэддээ хийлгэсэн улсууд өнөөдөр сандралдаад байгаа хэрэг.  Энэ бүхэн маш товчоор аль болох олон аргаар хийсэн вакцин тариулсан хүн хожно гэсэн үг.
 
Иймд ямар вакциныг аль аргаар хийснийг нь мэдэж авъя. Энэ нь аль болох  олон аргаар хийсэн вакцинд  хамрагдаж гэмээ нь та эрүүл мэндээ илүүтэй хамгаалж  чадна гэсэн үг билээ. Учир нь ямар ч вакцин нэмэлтээр хийлгэсэн урьд нь бий болчихсон  таны биеийн эсрэг биетүүдийн тоо  олширдог, байгаагүй нь шинээр бий болдог юм байна.
 
Г.Амарсанаа