sonin.mn
ЦТЭ-ийн Гэмтэл, согог заслын тасгийн ахлах сувилагч ахлах ахлагч В.Одсүрэн: -Би 2011 онд Анагаах ухааны их сургуулийг сувилагч мэргэжлээр төгсөөд хоёр жилийн дараа Цэргийн төв эмнэлэгтээ ахлагчийн албанд орж байв. Дөнгөж л цэргийн анхан шатны бэлтгэлээсээ үргэлжлүүлээд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаа үзчихсэн "азтай" хүн дээ, би. Би ёстой л нэг цэргийн хүний оргилсон сэтгэлээр хилийн чанадыг зорьж байлаа. Өнөөдрийг бодвол харьцангуй залуу ч байж. Тэр бол Судан Улсын Дарфур муж дахь НҮБ, Африкийн холбооны хамтарсан "UNAMID" ажиллагааны цэргийн II шатны эмнэлгийн багийн V ээлж байсан. Би тус ажиллагаанд хагалгааны сувилагчаар үүрэг гүйцэтгэсэн. Бид 2014 оны 1 дүгээр сард буюу яг л идэр ес тачигнаж байхад Монголоос нисэж аагим халуун Африкт газардаж байв. Тухайн газар оронд анх хөл тавьснаас эхлээд л шинэхэн, соньхон байсан нь сэтгэлд үлдэж дээ. Мэдээж дэлхийн халуун цэгүүдийн нэг учир байнга шахам буун дуу дуугараастай, сэтгэл санаанд хүртэл түгшүүртэй.
 
 
Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх нь эх орондоо энгийн нөхцөл байдалд ажлаа хийхээс тэс өөр юм байна гэдгийг л хамгийн сайн мэдэрсэн. Дээрээс нь тус улсад эмэгтэйчүүд, хүүхдүүдийг их дорд үздэг, хүний эрхийг уландаа гишгэсэн байдал нь сэтгэл сэртхийлгэм байсан. Тэр үеэс хойш ямар азаар Монголдоо төрсөн юм бэ гэж өөрийн эрхгүй бодогддог болсон.
 
 
Манай эмнэлэгт ихэвчлэн сумны шархтай, яаралтай хагалгаанд орох шаардлагатай өвчтөнүүд ирнэ. Ер нь бүхий л хугацаанд бэлэн байдлын өндөр зэрэгт ажиллана гэсэн үг. Хүндрэлтэй, асуудалтай үед чадварлаг баг, хамт олныхоо хүчинд даван туулна. Үүнийхээ хэрээр бид олон хүний амийг аврах үйлсэд оролцсон гэж боддог. Өвчтөнүүд урт дараалал үүсгэж бидэнд хандаж, эмчилгээ сувилгаа хийлгэдэг байлаа. Үүрэг гүйцэтгэх хугацаанд хойно үлдсэн гэр бүлээ маш их санасан. Явах дөхөөд ирэхтэй зэрэгцээд сэтгэл догдлоод хэцүүхэн байсан шүү. Ямартай ч их л бахархалтай цаг хугацааг өнгөрөөсөн.
 
 
 
Эх сурвалж: "Соёмбо" сонин