sonin.mn
 
 
Есөн жилийн турш тасралтгүй хэвлэгдэж уншигчдын хэзээний танил болсон Four seasons сэтгүүл rebranding хийж, цоо шинэ өнгө төрх, өргөн хүрээний агуулгатай болжээ. Аялал, гоозүй, урлаг, зочлох үйлчилгээний салбар болон амьдралын хэв маяг гэсэн үндсэн агуулгын дор бичигдсэн булан бүр нь шинэлэг, сонирхолтой. 
 
 
“Бид үнэ төлбөргүй тараагддаг боловч үнэ цэнэтэй агуулга бүтээнэ” гэсэн бодлоготой хэвлэгддэг тус сэтгүүл гадаадын өндөр зэрэглэлийн сэтгүүлтэй эн зэрэгцэх чанартай контенттой бөгөөл зөвхөн зорилтот цэгүүдэд үнэ төлбөргүй тараагддаг. “High-end membership, inflight magazine” гэсэн брэнд тодотгол нь харин хэвээр үлдсэн байна. 
 
Тус сэтгүүлийн хамт олны редакцын зурваст “Бид Монгол улс дахь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дагаж мөрдөх ёстой бүх хууль дүрэм журмыг мөрдөж, мэргэжлийн ёс зүйтэй ажиллахаас гадна НҮБ-ын SDG буюу тогтвортой хөгжлийн зорилтуудыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тусгаж, жендерийн мэдрэмжтэй, тэнцвэртэй нийтлэлийн бодлого баримталж ажиллах болно. Хүний эрхийг дээдэлдэг, хүүхдэд ээлтэй байгууллага байх болно. Тийм ээ, бид есөн жил тасралтгүй үйл ажиллагаа явуулсны эцэст хөгжлийнхөө дараагийн шатанд хүрч, ийнхүү шинээр мэндэлж байна. Улам сайханд хамтдаа тэмүүлцгээе!” гэжээ.
 
 
Тус сэтгүүлийн цахим хувилбарыг www.fourseasons.mn хаягаар үнэ төлбөргүй үзэж болно. Мөн түүнчлэн сэтгүүлийн материал бүрийн ард тухайн контентын гол баатрын сошиал хаяг руу холбосон QR code байршуулж, зарим нь шууд холбогдох видео контенттой холбогдож байгаа нь хэвлэмэл сэтгүүлийн төрөлдөө анхны хагас дижитал буюу олон сувгийн сэтгүүл болсныг илтгэж байна. 
 
Шинэчлэгдсэн Four seasons сэтгүүлийн хамгийн анхны ковер буюу нүүр хавтасны зочноор Adore брэндий үүсгэн байгуулагч Б.Янжиндулам уригджээ. Түүний ярилцлагыг сэтгүүлд хэвлэгдсэн бүрэн эхээр нь хүргэж байна. 
 
 
ADORE
 
YOU ARE ADORED
 
Four seasons сэтгүүл дугаарын гол зочноор Adore брэндийн үүсгэн байгуулагч, залуу бизнес эрхлэгч хатагтай Б.Янжиндуламыг хүндэтгэн урилаа. Түүний үүсгэн байгуулсан Adore брэнд нь хувцас загвар, тансаг цэцгийн үйлчилгээ, тусгайлан сонгосон дарс болон коктэйлийг цэцгийн дэлгүүр,  тухлаг лаунжтай хоршуулсан концепт кафе гэсэн салбаруудтай.
 
Сайн байна уу. Бидний урилгыг хүлээн авч шинэ оны эхний дугаарын зочин болж байгаад баярлалаа. Four seasons сэтгүүл цоо шинэ өнгө төрхөөр уншигчиддаа хүрч буй анхны дугаар болж байна.  
 
Хүндтэй, чухал дугаартаа урьж оролцуулж байгаа танай хамт олонд баярлалаа. Мөн сэтгүүлээ дахин шинэчилж, rebranding хийж байгаад нь баяр хүргэе. Багагүй цаг хугацаа, зах зээлийн болон бусад судалгаа, деталь ажиллагаа шаарддаг ажил байдаг болохоор өмнөөс нь баяртай байна. 
 
Бид 2021 онд таны хэрэгжүүлсэн Adore Woman campaign-ийг олж хараад нэгэн дуугаар таныг энэ дугаарын нүүр хуудасны гол зочноор урихаар шийдсэн. Яриагаа шууд тэндээс эхэлчих үү?
 
Тэгье ээ, бололгүй яахав. Үүний тулд эхлээд Adore брэндээ танилцуулах хэрэгтэй болов уу. Одоогоос яг таван жилийн өмнөөс Adore Fashion бүтик нээснээр миний болон манай хамт олны хувьд Adore брэнд хөгжүүлэх анхны гараа тавигдсан. Хэрэглэгч үйлчлүүлэгчдийнхээ тав тух, хэрэгцээ шаардлагад нийцсэн загварлаг, чанартай бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхийн хажуугаар зах зээлийн бодит эрэлтийг тасралтгүй анзаарч судалж байлаа. Тун удалгүй 2 жилийн дараа бид Adore Premium Flowers тансаг цэцгийн үйлчилгээг нэвтрүүлсэн. Яг амьдралаас, бодит хэрэгцээ шаардлагаас урган гарсан учраас илүү шинэлэг, мэдрэмж, ур гаргаж бэлддэг цэцгийн зохиомжууд маань хэрэглэгчдийн таашаалд нийцсэн шийдэл болж чадсан. Үүний дараа бид TANK by Adore, өдөр тутмын unisex хувцас тусгайлан гаргаж эхлээд, хамгийн сүүлд Adore House концепт кафе лаунж нээсэн. 
 
Ингээд нэг мэдэхэд бид хэрэглэгчдийн эрэлтэд тулгуурлан бизнесээ хөгжүүлсээр хувцас загвар, цэцгийн үйлчилгээ, зочлох үйлчилгээний салбарт орчихсон. Тус тусдаа өөр салбарууд боловч алсын хараа, бизнест баримталдаг зарчим, үнэт зүйлс, хүргэж буй бүтээгдэхүүн үйлчилгээний чанар, цаашлаад нийгэмд үзүүлэх эерэг нөлөөлөл зэргээр нэгдэн Adore brand үүссэн гэсэн үг. 
 
 
Тэгэхээр Adore brand дотроо дөрвөн тусдаа салбартай, нийлээд нэг цогц брэнд үүсгэж байгаа гэсэн үг үү?
 
Тийм. Бие даасан брэндийн хувьд бид аль ч салбараар үйлчлүүлсэн, хэрэглэгчиддээ хамгийн чанартай, шинэлэг, дээд зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхийг зорьдог. Мөн үйл ажиллагаагаараа дамжуулж нийгэмд эерэг хандлага түгээх зорилготой. 
Брэнд гэдэг зөвхөн нэр, шошго, лого, өнгө үзэмж төдий зүйл биш гэдгийг хүн бүр мэдэж байгаа. Мэдээж ойролцоо чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг хүн өөр хаанаас ч авчихаж болно. Бидэнд маш олон сонголт байдаг шүү дээ. Харин брэнд байж оршин тогтнохын хамгийн гол үзүүлэлт нь хэрэглэгчиддээ төрүүлж буй мэдрэмж, сэтгэл ханамж, эргэх амьд холбоо, итгэлцэл гэж би боддог. Adore брэнд болон манай хэрэглэгчдийн харилцан бие биедээ авчирдаг зүйл бол үнэ цэнэ, хүндлэл, итгэлцэл байдаг. 
 
Adore woman campaign тэгвэл тэр санаанаас гарсан байх нь ээ? Яагаад хийх болсон, зураг авалтад оруулсан моделиудын сонголт, мэссэжийн талаар уншигчдад товч танилцуулбал?
 
2021 онд бид брэнд шинэчлэлийн ажил хийж байхдаа багаараа ярилцаж гаргасан санаа юм. Манай үйлчлүүлэгчдийн дийлэнх хувь нь эмэгтэйчүүд байдаг. Бид харьцангуй хэрэглэгч бүртээ тулж үйлчилдэг, зарим тохиолдолд тусгайлан VIP үйлчилгээ үзүүлдэг учраас байнгын хэрэглэгчидтэйгээ илүү ойрхон болчихсон байдаг. 
 
 
Брэндийн нүүр царай сонгох ажлаас эхлээд багтайгаа brainstorming хийж удаан ярилцсан. Гэтэл яг үнэндээ манай брэндийг хамгийн сайн илэрхийлж чадах, хамгийн үзэсгэлэнтэй “модель” нь манай хэрэглэгч бүсгүйчүүд байсан. 
 
 
Эмэгтэй хүн бүр өөр өөрсдийнхөө байгаагаараа үзэсгэлэнтэй. Гоо сайханд хил хязгаар гэж үгүй. Үүний хамгийн гоё илэрхийлэмж бол хоорондоо ялгаатай атлаа дотоод сэтгэлийн болон гадаад гоо үзэсгэлэнтэй байдлаараа хоорондоо адилхан эмэгтэйчүүд юм гэсэн эцсийн дүгнэлтэд хүрсэн. 
 
 
 
Ингээд бид таван өөр ажил мэргэжил, таван өөр түүх, таван өөр дүр төрх бүхий Adore брэндийн жинхэнэ үйлчлүүлэгч эмэгтэйчүүдийг сонгож зураг авалтдаа хүндэтгэн урьсан. Тэд эмэгтэйчүүдийн талаар, гоо сайхны талаар, амьдралын хэв маягийн талаар өөрсдийн үзэл бодлоо товч илэрхийлж, “Эмэгтэй хүн бүр үзэсгэлэнтэй. Өөрийгөө байгаагаар нь хайрлая” гэсэн мэссэж дор нэгдсэн юм. 
Маш товчхондоо л ийм байна. Үнэхээр гайхалтай түүхтэй, амьдрал дээр өөрсдийгөө үнэхээр сайхан авч явдаг, өөр өөрсдийн нандин ертөнцтэй, эрхэмсэг сайхан бүсгүйчүүдтэй хамт Adore баг ажиллаж сайхан дурсамж үлдээсэн. 
 
 
Зураг авалтын концепт, өнгө, мэссэж үнэхээр гайхалтай байсан. Хэрэглэгчид хэрхэн хүлээн авсан бэ? Энэ цаашид үргэлжилнэ гэсэн байсан?
 
Тийм ээ. Бид цаашдаа ч хэрэглэгч бүсгүйчүүдээсээ зураг авалтдаа урьж Adore брэндийн дурсамж үүсгэнэ гэж төлөвлөсөн. Мэдээж мэргэжлийн загвар өмсөгчидтэй хамтралгүй яахав. Гэхдээ нийгмийн хариуцлагын хүрээнд хийх Adore woman санаачилгын хүрээнд хийгдэх ажлуудад бид яг л жинхэнэ хэрэглэгч бүсгүйчүүдээ онцлон урих болно оо. 
Хэрэглэгчдийн зүгээс маш талархалтай хүлээн авсан. Манай хамт олон ч маш их урам зориг авч, хийж буй брэнд шинэчлэлийн ажилдаа улам итгэл төрсөн. Хэд хэдэн хэрэглэгч “Ийм гоё мэссэжтэй санаачилга гаргасанд баярлалаа, хэзээ нэгэн цагт би ч гэсэн ингээд өөрийн дуу хоолойг нийгэмд хүргэж зураг авалтад орж болох юм байна гэж бодохоор их сайхан байна” гэсэн мэссэж цахимаар илгээсэн. 
 
Брэнд шинэчлэлийн ажил хийж байгаа гэж ярьлаа. Тэр тухай нь тодруулж болох уу?
 
Бид үйл ажиллагаа эхлээд таван жил болж байгаа босгон дээрээ Adore брэнд ямар үнэ цэнэ оршоож, юунд зорьж яваа тухай дахин нэг эргэцүүлэх хэрэг гарсан. Ирээдүйн стратеги төлөвлөгөө, брэндийн агуулга ямар байх, цаашид юу зорьж ажиллах гэх мэт асуултуудад  тодорхой хариулт өгөх шаардлага тулгарсан. Логикоор бодсон ч гэсэн зүй ёсны дагуу бизнес тодорхой хэмжээнд хүрээд, үйл ажиллагааны хөгжлийн дараагийн шатандаа гарч ахих хэрэгтэй болсон. Том, жижиг ямар ч бизнест тийм хүрэх цэгүүд байдаг байх. Дараагийн хүрэх цэг тодорхой байхад очих замаа бид өөрсдөө гаргана шүү дээ.
 
 
Би өөрөө бизнесийн салбарт тийм ч олон жил ажиллаагүй учраас бусад мундаг бизнес эрхлэгчдийг бодоход туршлага багатай. Гэхдээ мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ авч, дараа дараагийн шатандаа хэрхэн ажиллах төлөвлөгөө гаргасан. Үүний тулд бид өөрсдөө брэндээ 100% ойлгох, ухаарах, үндэс язгуураас нь тодорхой болгох хэрэгтэй болсон. 
 
Би ер нь аливаа ажлыг хийхдээ бүх зүйлийг эхнээс нь дэс дараатай эхэлж, хийх ёстой бүх зүйлийг ном журмын дагуу цэгцтэй, нямбай хийхийг чухалчилдаг. Тиймээс Adore rebranding буюу брэнд шинэчлэн хөгжүүлэлтийн ажлыг эхлүүлсэн. Олон сар ажилласны эцэст анхны brand book бэлэн болж байгаа. Хэрэглэгчиддээ танилцуулна гэж бодохоор сэтгэл догдлоод хүлээж байгаа.
 
Та бол амжилттай яваа залуу энтерпренер эмэгтэй. Бизнестээ баримталдаг зарчим юу вэ?
 
Амжилттай залуу энтерпренер гэж анх удаа дуудуулж байна. Билэгшээлтэй, сайхан санагдаж байна шүү. Би өөрийгөө амжилттай яваа гэхээс илүүтэй Монголын зуу зуун залуу бизнес эрхлэгчдийн адил амжилтанд хүрэхийг тэмүүлж яваа залуу хүн гэж боддог юм. Амжилт гэдэг өөрөө харьцангуй ойлголт шүү дээ. Түүнийг дүгнэх хүн бүрийн хэмжүүр, ойлголт өөр. Мэдээж би болон манай хамт олон анх эхэлсэн үетэй харьцуулбал тодорхой хэмжээнд амжилттай явж байгаа. Тэр утгаар нь хүлээж авлаа, баярлалаа.
 
Зөвхөн бизнест ч гэлтгүй ер нь амьдаралдаа үнэн байх гэдэг нэг зарчимыг өдөр тутамдаа баримталж явдаг. Үнэн сэтгэл, мөн чанар, шударга байх гэдэг өөрөө энгийн юм шиг хэрнээ мөрдөж явахад их сэтгэлийн тэнхээ, ухаан, зориг шаарддаг зүйл санагддаг. Гэхдээ өдөр бүр л хичээж явдаг. Ямар ч тохиолдолд бусдыг хуурч, хуумгай зүйл хийснээс төгс биш ч гэсэн үнэнээрээ байх нь сэтгэлд амгалан санагддаг. Тиймээс миний энэ зарчим, мөн чанар эрхэлж буй бизнест минь ч нэвт шингэсэн байдаг  гэж бодож байна.  
 
 
Брэндээ яагаад заавал Adore гэдэг нэрлэсэн юм бэ?
 
Adore гэдэг хамгийн сайн, сайхан бүхнийг шингээсэн үг гэдэгт би итгэдэг. Өдөр бүр хамгийн дэгжин мэдрэмж төрүүлсэн гоёмсог хувцас өмсч, тансаг цэцгийн баглаанд зүрх нь догдолж, сэтгэлийн амар амгаланд умбах тухлаг газраар зочилж, жаргалтай байхыг хүн бүр, ялангуяа эмэгтэй хүн бүр хүсдэг. Чухам тэр л хүслийг биелүүлэхийн тулд ADORE брэнд оршиж байгаа гэдэгт би өөрөө итгэдэг. 
 
Бидний уриа үг хүртэл “You are adored” буюу “Та хайрлагдаж хүндлэгдсэн хүн” гэсэн үг байдаг. Энэ уриа үгэндээ их хайртай. Хааяа бид завгүй амьдралын хэв маяг, үр хүүхэд, ажил төрөл гээд өдөр тутмын асуудлуудад түүртээд өөрийгөө хайрлахаа, бас хэн нэгэн хүнд хайрлагдсан эрхэм хүн нь шүү дээ гэдгээ мартчих гээд байдаг үе гардаг шүү дээ. Хэнэггүйдээ биш, анзаарч санах завгүй гүйгээд байдаг. Яг тийм мөчид нь Adore танд “та хайрлагдсан, хүндлэгдсэн хүн шүү дээ. Мартаагүй биз?” хэмээн сануулж, сэтгэлд нь жижигхэн ч гэсэн жаргалын оч үсэргэж байвал хичнээн сайхан. Болж өгвөл өөртөө ч, өрөөлд ч өдөр бүр сануулж баймаар үг. 
 
You are adored!~ 
 
***
Та өөрийнхөө тухай болон гэр бүлийнхээ тухай хуваалцаж болох уу? Энэ сэдвээр ямар нэгэн ярилцлага өгч байгаагүй санагдаж байна?
 
Тийм ээ. Би ер нь ярилцлага, нэвтрүүлэгт их ордоггүй. Өөрийгөө их голно оо, “Хийж бүтээсэн зүйл маруухан, залуухан хүүхэд юу ярихав” гэж боддог байлаа. Тэр тусмаа эцэг эх, гэр бүлийнхнийхээ тухай олон зүйл ярихгүй байх нь зөв гэж үздэг. Тэдний орон зайг бас хүндлэх хэрэгтэй гэдэг үүднээс хувийн сошиал хуудас дээрээ хүртэл зургийг нь оруулдаггүй. Энэ гэхдээ миний л бодол. Сайхан гэр бүлээрээ бахархаж пост хийхэд буруу юм огт байхгүй. Харин танай сэтгүүл яг манайхтай адил rebranding хийж байгаа цаг нь таараад, бас санаачилж хийсэн ажлыг минь, хамт олноороо хөгжүүлж буй Adore брэндийг хүндэтгэн санал тавьсан болохоор зориг гарган ярилцлага өгч байгаа юм шүү.
 
Тийм байх шүү. Сэтгүүлчийн хувьд “гэрийн даалгавар” хийж таны өмнө өгсөн ярилцлага олж унших гэтэл олдоогүй. Таны бага нас хэрхэн өнгөрсөн бэ? Гэр бүлийн хүмүүжил хүний төлөвшилд чухал үүрэгтэй санагддаг учраас асуумаар санагдлаа.
 
Миний хувьд товчхон доо. Adore брэндийн үүсгэн байгуулагч, залуу бизнес эрхлэгч гэхэд л болно. Хийж буй ажлаараа дамжуулж бусдад бага ч болов хэрэгтэй зүйл хийчих юмсан гэсэн чин хүсэлтэй эмэгтэй.
 
Би багадаа спортын гимнастикийн тамирчин байсан, урлаг, хөгжим, дуу бүжиг, тэмцээн уралдаан гээд гүйж явдаг идэвхтэй хүүхэд байлаа. Дээрээ хоёр эгчтэй, доороо нэг эрэгтэй дүүтэй, айлын дунд охин. Миний аав насаараа барилгын инженер хийсэн, Монгол улсын зөвлөх инженер хүн байдаг. Аавын минь хүч хөдөлмөр шингэсэн олон барилга Улаанбаатар хотыг өнгөлөн чимж байдаг болохоор багаасаа л хотын гудамжаар алхахдаа, хажуугаар нь өнгөрөх бүртээ ааваараа бахархдаг охин байсан. Одоо ч хэвээрээ. Харин ээж минь 20 гаруй жил улсад, эмнэлгийн салбарт удирдах алба хашиж ажилласан сайхан эмэгтэй бий. Хэдийгээр өвчтөн гардаж үздэг эмч биш ч гэсэн хүн зоныг өвчин зовлонгоос салгах эрүүл мэндийн салбарын менежмент, зохион байгуулалтын ажил гэдэг эмчилгээ сувилгаанаас дутахгүй чухал үүрэгтэй алба гэж боддог болохоор ээжээрээ бас их бахархаж явдаг. Миний хамгийн их үлгэр дуурайлал авдаг хүмүүс, дотны зөвлөхүүд минь. 
 
Бага насны тухайд, бусдын адил гэртээ байхдаа эгч дүү нартайгаа бужигнаж, харин бусад цаг нь гимнастикийн зааланд өнгөрсөн байдаг. Аав ээж минь аль аль нь завгүй, хариуцлагатай ажилтай хэрнээ бид дөрвийг их хайрлаж, ямар ч тохиолдолд цаг зав зориулж, сонсч, харилцан ярилцаж, ухаанаар хүмүүжүүлж өсгөсөн санагддаг. Юу хүсч байна, юу болж байна, юу болохгүй байна, одоо цаашид яамаар байна гээд шууд нээлттэй ярилцана. Буруу зүйл хийсэн ч дуугаа өндөрсгөнө гэж ер байхгүй, учирлаж, аргадаж, ойлгуулна. Тийм болохоор бид бүгд эрх чөлөөтэй, дураараа, эрхэлж өссөн хүүхдүүд. Дуртай дугуйландаа явна, хүссэн тэмцээн уралдаандаа бэлдээд явцгаачихна, тэр болгонд аав ээж хоёр бидний бат найдвартай ар тал болж цаг зав, ур ухаан, байгаа бүхнээрээ дэмжинэ. Тэр их хайранд умбуулж, жаргааж өсгөсөн аав ээждээ баярлалаа гэж танай сэтгүүлээр дамжуулаад хэлье. 
 
Хүмүүжил төлөвшлийн тухайд гэвэл мэдээж гэр бүлийн суурь хүмүүжил хамгийн чухал. Аав ээжээс гадна эгч, дүүтэйгээ харилцах харилцаа, сургууль хамт олон гээд бүх л хүчин зүйлс тодорхой хэмжээгээр нөлөөтэй. Энэ дундаас хамгийн их нөлөөлсөн нь спортын гимнастик. Хичээлдээ явна, зааландаа бэлтгэл хийнэ, заримдаа бүр хэдэн цагаар ч сунаж бэлтгэл хийх үе гарна. Тэмцээн уралдааны өмнө бол бүр тусгай хуваарьтай бэлдэнэ.  Мэргэжлийн тамирчин байх амаргүй шүү дээ. Ялангуяа олон улсын уралдаан тэмцээнд улсаа төлөөлж оролцоно гэдэг их нэр төртэй хэдий ч тэр чинээгээрээ хариуцлага өндөртэй үүрэг.
 
Та бүр мэргэжлийн тамирчин байсан юм уу? 
 
Тийм ээ, би чинь 8 настайгаасаа 18 хүртэлээ мэргэжлийн спортын гимнастикаар хичээллэсэн, олон улсын хэмжээний мастер цолтой тамирчин хүн шүү дээ. Улсын шигшээ багийн 6 тамирчны нэгээр шалгарсаны дараагаас спортын гимнастикийн ОУХМ Ч.Энхтүвшин багшийнхаа удирдлагад зодог тайлтлаа хичээллэсэн. Спортын гимнастик өөрөө залуу насны спорт учраас 18 нас хүрээд өөр мэргэжил сонгож байлаа. 
 
Улсын шигшээ багт шалгарсан мэргэжлийн спортын гимнастикч гэж мэдээгүй юм байна шүү. Хамгийн сэтгэлээс гардаггүй, дурсамжтай тэмцээн юу байсан бэ?
 
2006 онд болсон ДОХА-2006 Азийн наадамд Монгол улсаа төлөөлөн улсын шигшээ багийн тамирчидтайгаа хамт оролцсон тэмцээн. Яг тэмцээн болохоос зургаан сарын өмнө бэлтгэл хийж байхдаа бэртэл авчихсан. Сайн дасгалжуулагч багш нарынхаа ачаар түргэн хугацаанд эдгэж, бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж, хамт олонтойгоо явж байсан минь санаанаас гардаггүй. ДОХА-2006 тэмцээний дараа олон улсын хэмжээний мастер цолтой болсон. 
 
Спортын гимнастикаар хичээллэснээр танд суусан дадал, зарчим юу вэ?
 
Энэ спортын төрөл байнгын бэлтгэл, шаргуу хичээл зүтгэл, тэвчээр хатуужил, өндөр мэдрэмж шаарддаг. Бие бялдарын хувьд байнгын бэлэн байдалд хөнгөн жинтэй, уян хатан хэрнээ тэнцвэртэй байх шаардлагатай байдаг. Энэ бүх чадвар, бие бялдарын хөгжлийг өөрөө л хөдөлмөрлөж олж авахгүй бол чиний өмнөөс өөр ямар ч хүн мянга хичээгээд нэмэргүй. Тийм болохоор аливаа зүйлийг яг өөрөө гардаж бие даан хийх, ажил мэргэжил, амьдралдаа өөрөө эзэн байж тасралтгүй хөдөлмөрлөх ёстой гэдгийг голдоо ортол ойлгож авсан. 
 
Тийм ч учраас бизнесээ эхлүүлсэн цагаас эхлэн бүхий л шийдвэрийг өөртөө гаргаж, хамт олонтойгоо яг зэрэгцээд бүх ажилдаа ороод явдаг. Ажлаас хойш суух, зүгээр суух, аливааг амар хялбар аргаар яаж ийгээд болгочих гэсэн хандлага ямар ч тамирчин хүнд байхгүй байх. Урсгасан хөлс бүрийн үнэ цэнэ нь оюун санаа, бие мах бодод шууд мэдрэгддэг учраас байгалийн энэ хуулийг хуурах аргагүй гэдгийг спорт өөрөө ойлгуулчихдаг юм шиг санагддаг. Магадгүй ийм учраас заавал мэргэжлийн тамирчин болох албагүй ч ямар нэг спортын төрлөөр хичээллэхийг мэргэжилтнүүд зөвлөдөг байх.
 
Нөгөө талаас тэгтлээ хичээж, хөлсөө дуслуулж хүрсэн амжилт ямар амттай гээч. Алдаа ч,  амжилт ч зөвхөн чамаас 100% хамаардаг учраас тэр ялалтын мэдрэмжийг зүйрлэхийн аргагүй сайхан байдаг. Энд би зөвхөн тэмцээн уралдаанд ялах тухай яриагүй шүү. Өөрийгөө өчигдрийн байснаасаа ахиулаад сайжраад л байгаа бол энэ нь тодорхой хэмжээний амжилт, ялалт. Тэгэхээр спорт бас хүнийг шунан дурлуулдаг увдистай. 
 
Гэхдээ та спортоос зодог тайлаад шууд жүжигчний мэргэжил эзэмшсэн байдаг. БНСУ-ын Үндэсний урлагийн их сургуулийг оны шилдэг оюутны бөгжтэй төгссөн, сурч байхдаа ТВ-ийн ОАК-нд дүр бүтээсэн гэж дуулсан. Гэхдээ мэргэжлээрээ ажиллахгүй байгаа юм байна?
 
Тийм, аль аль нь үнэн. Кино урлагт татагдаж жүжигчин болохоор суралцсан. Дэлгэцийн урлаг агуу шүү дээ. Ялангуяа спортын суурьтай болохоор БНСУ-д тулаантай киноны дүр бүтээх боломжууд байсан. Янз бүрийн гимнастикийн элементтэй трюк, эргэлттэй цохилт, зодооны хөдөлгөөнүүдийг харьцангуй хурдан сурч, гүйцэтгэлээ ч дажгүй сайн хийдэг байлаа. 
 
Гэхдээ жүжигчин болох гэж сурч байхдаа Adore Fashion бүтик нээх санаагаа олчихсон, эхний судалгаагаа хийчихсэн байсан учраас Монголд буцаж ирээд шууд л тэр ажил руугаа ханцуй шамлаад орчихсон. Бизнесийн анхан шатны туршлагагүй хэрнээ ёстой л залуу насны аагиар зориглоод эхэлсэн. Анхны бүтикээ нээхэд аав, ээж, эгч, дүүтэйгээ засвараас нь авахуулаад л хамт ажилласан даа. Санасандаа хүрсэн тансаг зэрэглэлийн, тухтай, онцгой газар нээх гэж зүтгэсэн. Болсон. Ямар их хариуцлага үүрч эхэлсэнээ анх удаа бүтикдээ бүтэн цагийн ажилтан авч цалинжуулж эхлэхдээ ухаарч билээ. Тэрнээс хойш ерөөсөө л олон тийш сатааралгүй эхлүүлсэн ажлаа тасралтгүй улам сайжруулах тал дээр анхаарч эхэлсэн. 
 
 
Ингээд Adore брэнд өөр өөр салбарт өргөжин тэлж, хамт олон томрохын хэрээр хариуцлага нэмэгдэн, улам завгүй болсоор нэг мэдэхэд ингээд таван жил өнгөрчихсөн байна. Тэрнээс би тухайлан дахин жүжигчний мэргэжлээрээ ажиллахгүй гэдэг ч юм уу, тийм огцом шийдвэр гаргаж бизнесээ эхэлсэн гэсэн үг хараахан биш ээ.  
 
Тэгвэл одоо танд киноны эсвэл ямар нэгэн дэлгэцийн бүтээлийн санал тавьбал яаж хүлээж авах вэ?
 
Хэрвээ тэгвэл мэдээж хүндэтгэлтэй, талархалтай хүлээж авалгүй яахав. Ямар ч дүр санал болгосон байсан тэр бол найруулагчийн, кино багийн зүгээс үзүүлж буй асар том итгэл найдвар юм. Өнгөрсөн хугацаанд надад бас хэд хэдэн ч дүр бүтээх саналууд ирж байсан. Мэргэжлээрээ идэвхтэй ажиллахгүй байгаа намайг гээд холбогдоход нь маш их баярлаж байсан. Гэхдээ Adore брэнд маань бүтик брэнд болохоор яг л нялх хүүхэд шиг анхаарал, ажиллагаа шаарддаг учраас одоохондоо энэ ажилдаа илүү цаг зарцуулж байгаа. 
 
Тэгээд ч хүн сургууль төгсөөд шууд жүжигчин болчихдоггүй. Тасралтгүй хөгжиж байж, бүх анхаарлаа зөвхөн бүтээх гэж буй дүрдээ хандуулж, дүрийн судалгаагаа чанартай хийж, бүр тухайн дүрээрээ амьдарч байж чанартай үр дүн гардаг гэж боддог. Үүний тулд маш их төвлөрөл, цаг хугацаа хэрэгтэй. Яг өнөө маргаашдаа бол надад тийм цаг хугацааны тансаглал байхгүй байна. Гэхдээ ирээдүй надад юу санал болгохыг таашгүй учраас тэр хаалгаа үргэлж нээлттэй байлгадаг. 
 
Adore гээд ярихаар таны нүд сэргээд ирэх юм?
 
Тэгэлгүй яахав. Энэ чинь миний, манай хамт олны услаж ургуулж, өндийлгөж байгаа хүүхэд л гэсэн үг. Анхнаасаа дурлаж хийсэн ажил болохоор аль ч салбартаа ажлаа хийсэн байсан хамаагүй үнэн сэтгэлээсээ жаргаж ажлаа хийдэг. 
Зүгээр нэг бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэгчиддээ санал болгохгүй, утга учиртай, үнэ цэнэтэй мэдрэмж, нандин дурсамжуудыг бүтээлцэж өгдөг болохоор ажилдаа хайртай байдаг. 
 
Танай салбаруудаар үйлчлүүлж ороход залуу хүүхдүүд их ажиллаж харагддаг?
 
Манайхан ер нь ихэвчлэн 20 гаруй насны залуу ажилтнуудтай. Том жижиг гэлтгүй бүх байгууллагын цөм нь ажилтнууд байдаг шүү дээ. Төрөл бүрийн мэргэжил, ур чадвартай хэрнээ Adore брэндийн үнэт зүйлийн дор нэгдэж, нэг гэр бүл болж чадсан мундаг залуус байдаг. Миний бас нэгэн бахархал бол манай залуус. Би ажилтан шинээр авахдаа хамгийн түрүүн хандлага, суурь хүмүүжил, төлөвшлийг нь хардаг. Суурь, хүн чанар, мөн чанар сайтай байхад бусад чадварт хүн явцын дунд суралцаад хөгжөөд явчихна. Харин худлаа хэлдэг, хуурамч загнадаг, бусдыг хайхардаггүй хүйтэн хандлага гэх мэт зүйлс өөрчлөгдөхөд хэцүү. 
 
 
Adore fashion менежер Д.Тулгабаатарын хамт