sonin.mn
 
Судлаач Ц.Буянцогтоотой ярилцлаа. 
 
 
ОХУ, Украины асуудал дэлхий нийтийн анхаарлын төвд байна. ОХУ-ын төр засаг бол цэргийн тусгай ажиллагаа, АНУ тэргүүтэй НАТО-гийн зүгээс бол дайн, түрэмгийлэл хэмээн нэрлэж буй энэ үйл явдлын цаад учир шалтгаан яг юу юм бэ? Та судлаачийн хувьд дэлгэрэнгүй тайлбарлаж болох уу? 
 
Украины хямралын цаад шалтгаан нь ОХУ-ын хүчийг сулруулах, улмаар энэ улсыг задалж, байгалийн баялгийг нь гартаа оруулж авах гэсэн Америкийн даяарчлалыг дэмжигч улстөрийн фракцынхны шунахай санаархалтай шууд холбоотой. Оросыг эзэлж авах нь Их Британийн эзэнт гүрний үеэс үргэлжилж ирсэн Англо-саксоны геополитикийн стратеги юм.
“Зүрхэн газар буюу Оросын нутгийг гартаа оруулсан улс дэлхийг захирна” гэх зарчим англо-саксоны геополитикийн тулгуур стратеги байсаар ирлээ. Геополитик өөрчлөгддөггүй гэдгийн нотолгоо өнөөдрийн энэ дайн болж байна. Гэхдээ энэ бодлогыг АНУ-ын төрийн нэгдмэл бодлого гэж үзэж бас болохгүй. Америкийн консерватив үзэлтнүүд, америкийн эрх ашгийг нэгд тавигч үндэсний үзэлтнүүд нь арай өөр бодлого баримталж ирсэн түүхтэй.
 
Жишээ нь Д.Трампын бодлого үүнд хамаарна. Оросыг эзэлж авахаар санаархаж, шууд өдөөн хатгах бодлого явуулах нь хаа хаанаа ашиггүй гэх бодлогыг тэд баримтална. Дайн эхэлснээс хойш Америкт явуулсан санал асуулгын дүнгээс үзэхэд асуулгад оролцсон хүмүүсийн 62% нь хэрвээ Трамп ерөнхийлөгч байсан бол энэ дайн болохгүй байсан гэж хариулжээ. Америкийн төрийн консерватив үзэлт зүтгэлтнүүд Оросыг хяналтдаа оруулахын тулд түүнийг өдөөн хатгаж, шууд эсвэл дам хэлбэрээр дайн өдөөх замаар эзэлж авах гэсэн түрэмгий бодлого явуулах биш, “хайрцаглах”, “бүслэн хориглох” замаар хүчийг нь сулруулж, хяналтдаа байлгах бодлого хэрэгжүүлэхийг илүү чухалчилна.
 
Хүйтэн дайны үед яг л тийм бодлого явуулсаар эцэстээ АНУ ялсан шүү дээ. Гэтэл, хүйтэн дайнд ялж, дэлхийд дангаар жанжлах болсон хугацаанд АНУ-ын глобалист фракц ихээхэн түрэмгий бодлого явуулсаар эцэстээ улсынхаа хүчийг маш ихээр сулруулахад хүргэлээ. Өнөөдрийн украины хямрал ч гэсэн АНУ тэргүүтэй барууны улсуудад хүнд тусч байна. 
 
 
1980-аад оны сүүлээс эхэлсэн ЗХУ, АНУ хоорондын яриа хэлэлцээрийн гол цөмд НАТО хэмээх цэргийн эвслийн хамрах хүрээг зүүн тийш буюу Орос улс руу ойртуулж тэлэхгүй гэх зарчим оршиж байв. Тийм амлалтыг АНУ-ын тал бүх шатандаа өгч байв. Төрийн тэргүүний хэмжээний уулзалт, сайдын түвшний уулзалт, газрын дарга нарын түвшний уулзалт гээд бүх л өндөр түвшний нийт 10 гаруй уулзалт дээр НАТО-г зүүн тийш тэлэхгүй гэдэг амлалтыг америкийн тал өгч, хурлын протоколд тусгажээ. Гэхдээ гэрээ болгож баталгаажуулаагүй. Гэтэл Б.Клинтоны засаг захиргааны үеэс америкийн тал гэнэт энэ амлалтаасаа буцаж НАТО-гийн хүрээг дорно зүг рүү тэлэх бодлогыг эрчимтэй явуулсаар Украиныг 2014 оноос үнэн хэрэгтээ “дефакто” НАТО-гийн гишүүн болгож хувиргасан нь өнөөдрийн энэ хямралын гол шалтгаан болсон юм. 
 
ОХУ-ын хил дээр НАТО хүрч ирнэ гэдэг бол оросуудын хувьд орших, эс оршихуйтай нь холбоотой томоохон аюул занал болж хувирч буй хэрэг. НАТО зүүн тийш хүрээгээ тэлэх үйл явц хэд хэдэн шаттай явагдсан юм.
 
Анх 1999 онд Польш, Чех, Унгарыг НАТО-д элсүүлж, 2004 онд хоёр дахь үйлдлээрээ Балтийн гурван улс (Эстони, Латви, Литва), Болгар зэргийг хамруулж улам бүр тэлсээр байв. Түүний зэрэгцээ тэдгээр улсын зарим нь Европын холбоонд ч элсэж эхлэв. Энэ л үеэс Оросын тал НАТО-гийн тэлэлтийг тус улсын оршихуйд шууд аюул занал учруулж эхэллээ гэж үзэх болсон юм. Тиймдээ ч, тухай бүрд нь Оросын зүгээс албан ёсоор эсэргүүцэл илэрхийлж байв. Тэг тэгсээр 2008 онд асуудал улам хурцдаж ирсэн юм. 2008 оны 4 сард Румын улсын нийслэл Бухарест хотод НАТО-ийн дээд хэмжээний уулзалт болж, Украин, Гүрж улсуудыг элсүүлэхэд бэлэн гэдгийг зарлан тунхаглав.
Энэ ажиллагааг Америкийн тал санаачилж идэвхтэй дэмжиж байсан бол Францын Саркози ерөнхийлөгч, Германы канцлер Меркель нар ихээхэн болгоомжтой байр сууринаас хандаж байв.
Учир нь, Оростой шууд хил залгаа улсыг НАТО-д элсүүлэх нь Оросыг улайм цайм өдөөн хатгасан хэрэг болно гэдгийг тэд сайн ойлгож байсан хэрэг. Гэвч эцсийн дүндээ америкийн Ж.Буш ерөнхийлөгч зүтгэсээр байж дээд хэмжээний уулзалтын тунхаг бичигт Украин, Гүрж улсыг гишүүнээр элсүүлнэ гэх үг өгүүлбэрийг оруулж дөнгөсөн юм. Оросын ерөнхийлөгч тэр даруйд нь хатуу эсэргүүцэл илэрхийлж, хэрвээ уг хоёр улсыг НАТО-д элсүүлбэл тэр дороо манай пуужингийн шууд бай болох болно гэж мэдэгдэж байв.
 
Тэгсэн ч гэсэн, НАТО-г тэлэх, Оросыг өдөөн хатгах үйл ажиллагаа зогссонгүй.
 
2014 онд Украинд өнгөт хувьсгал хийж, тусгаар улсын дотор террорист төрийн эргэлт хийж, албан ёсны сонгуулийн дүнг орвонгоор нь эргүүлж дөнгөсөн юм. Хариуд нь Оросын тал Крымийг өөртөө нэгтгэн авсан билээ. Мөн энэ үеэс Донецк, Луганск мужуудад албан бусаар дайны голомт үүссэн болно. Явцын дунд Герман, Франц улсууд оролцсон хэлбэрээр Минскийн гэрээг байгуулж тохиролцох оролдлого  хийсэн ч, Украины тал гэрээгээр хүлээсэн үүргээ үл хэрэгсэн, Оросын эсрэг дайны ажиллагааг хурцатгаж, орос иргэдийг алан хядах ажилллагааг тасралтгүй явуулж байлаа. Барууны тал ч Украины армийг бүх талаар дэмжиж, онол практикийн сургалт явуулах, зэвсэг техникээр хангах ажлыг идэвхтэй үргэлжлүүлж байв.
 
Бүр сүүлдээ тэд цөмийн бөмбөгтэй болохоор тодорхой алхам хийж эхэлсэн нь Оросын талыг хариу хөдлөхөөс аргагүй байдалд оруулсан юм. Ж.Байден америкийн ерөнхийлөгч болсноос хойш Украинд зэвсэг техник нийлүүлэх нь улам эрчимжиж, америкийн хиймэл дагуулаас мэдээлэл авдаг өндөр хүчин чадалтай дроныг украины тал ашиглан байлдаж эхэлсэн нь аюулыг улам ихэсгэжээ.  
Энэ дайныг ерөнхийдөө америкийн глобалист үзэлтэй, улстөрийн элит цөөнхийн зүгээс зориудаар өдөөсөн гэж үзэх бүрэн үндэслэлтэй. Тэд агуу их Орос үндэстний соёл иргэншлийг бүрмөсөн устгахыг санаархаж байна. Ийм харгис санаархлын эсрэг Оросын удирдагч В.Путин, оросын ард түмнээ удирдан босох нь гарцаагүй сонголт мөн байсан гэж үзэж байна. 
 
Энэ цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш ОХУ-д дотоодын нөхцөл байдал, иргэдийнх нь уур амьсгал ер нь ямар байгаа вэ? Барууны зарим хэвлэлийн мэдээлж буйгаар бол хэзээ мөдгүй төрийн эргэлт юм уу? Иргэдийн эсэргүүцлээс үүдэлтэй хувьсгал гарч магадгүй л гээд байгаа шүү дээ? 
 
Оросын ард түмэн харин ч урьд урьдынхаасаа улам илүү эв нэгдэлтэй, хүчирхэг болжээ гэж би хувьдаа дүгнэж байна. Ер нь аливаа зовлон бэрхшээл гэдэг ард түмнийг нэгтгэх нэг хүчин зүйл болдог жамтай. Тийм ч учраас, зарим их мэдэгчид Путин өөрийн нэр хүндийг өсгөх гэсэндээ, эв нэгдлийг зохиомлоор бий болгох гэсэндээ энэ дайныг хийчихлээ гэхчлэн бурж байв даа. Гэтэл зарим нь оросын ард түмэн Путины эсрэг, төрийнхөө эсрэг байна гэхчлэн зохиомол, хуурамч мэдээлэл ч цацаж байх шиг. Бодит байдал дээр, оросын ард түмэн өөрсдийнх нь оршихуйд шууд заналхийлсэн аюулын эсрэг эв нэгдэлтэйгээр босон тэмцэж байна. Оросын ард түмний эв нэгдэл хүчтэй байна. 
 
 
Төр гэдэг бол сонгодог утгаараа АРД ТҮМНИЙГ НЭГТГЭГЧ ҮЗЭЛ САНАА юм гэдэг. Мөн тэрхүү үзэл санааг ард түмнийхээ оюун сэтгэл дотор бүтээж буй тэр үйл явцыг ТӨР гэж нэрлэдэг юм байна. Германы их сэтгэгч Ф.Гегель зэрэг мэргэд тэгж тодорхойлжээ.
 
 
Оросын төр бол сонгодог төрийн шинжтэй, барууны ардчилсан, даяарчлалыг шүтсэн либерал төрөөс ихээхэн ялгаатай. Тиймдээ ч, барууныхны дургүйг хүргэсээр ирлээ. В.Путин бол даяарчлагчдын эсрэг тууштай тэмцэж буй үндэсний үзэлт удирдагч. Тийм ч учраас, америкийн улстөр дахь неокон (неоконсерватив) гэх жүүд голдуу гишүүдтэй, дэлхий дээр элдэв дайныг өдөөж ирсэн фракцынхан В.Путины засаглалыг унагахаар улайран зүтгэж байна.
Тэд Америкаас өдөөсөн бүх л дайны ард байж ирсэн юм. Путиныг унагахын тулд Оросын эргэн тойронд “Өнгөт хувьсгал” гэх цуврал үзэгдлийг америкийн засгийн газрын мөнгөөр санхүүжүүлэн хэрэгжүүлж ирлээ. 2014 оны Украин дахь террорист халдлагыг ч тэд зохион байгуулсан юм. Үүнийгээ америкийн засгийн газар албан ёсоор хүлээн зөвшөөрч мэдэгдэл хийж байв. Элдэв хор хутгадагаараа алдартай Жорж Сорос ч гэсэн тэр террорист ажиллагааг санхүүжүүлснээ мэдэгдэж байв. 
 
ОХУ, Украины асуудал дэлхий дахинд ямар өөрчлөлт, шинэ нөхцөл байдал үүсгэнэ гэж дүгнэж байгаа вэ? 
 
Олон улсын харилцааны зарим шинжээчид Д2Д-аас хойш оршиж ирсэн дэлхийн дэг журам ерөнхийдөө нурж уначихаад, 1930-аад оны байдалтай төстэй нөхцөл байдал үүсээд байна гэж дүгнэж байна. Украины хямралаар америк долларын ноёрхол улам бүр суларч байна.
 
“Их Долоо” хэмээх бүлгийн улсууд нэгдмэл байр суурьтай байж чадахгүй байгаа, Ойрх дорнод, арабын улсууд Америкийн эсрэг байр суурьтай байгаа, Герман улс гэхэд бүх зүйл дээр Америкийн уриалгыг хүлээж авахгүй байгаа зэргээс үзэхэд 1930-аад оных шиг байдал үүссэн гэдэг дүгнэлт зөв байх магадлалтай.
 
Ийнхүү даяарчлал хэмээх дэг журам энэ цаг үед ирээд нурж унаж байна. Харин оронд нь гарч ирэх дэлхийн шинэ дэг журам ямархуу байхыг тааж хэлэхэд хэцүү. Геополитик судлаачид, олон улсын харилцааны реализмын онолыг баримтлагчид дэлхий олон туйлт дэг журамд шилжинэ, энэ шилжих үйл явц урт хугацаанд, магадгүй, 10-20 жил үргэлжлэх магадлалтай гэж үзэж байна. Украины хямрал ч гэсэн урт хугацаанд үргэлжилж магадгүй. Манай улсын хувьд дэлхийн геополитикийн сөргөлдөөний үйл явцыг анхааралтай ажиглаж, бодлого стратегиа боловсронгуй болгож байх шаардлагатай болж байна. Оросыг ямар ч арга замаар хамаагүй эсэргүүцэх ёстой гээд шийдчихсэн том том мэргэжилтнүүд манайд олон байна. Тэдэнд хандаж шулуухан хэлэхэд “Больж үзээч дээ” л гэмээр байна.
Би дайныг дэмжсэндээ, Оросыг өмгөөлсөндөө энэ үгийг хэлж байгаа юм биш. Дайны цаад учир шалтгааныг олон нийтэд зөв тайлбарлаж ойлгуулахын оронд зөвхөн нэг талыг барьж, ямар ч онол мэдлэггүйгээр элдэв буруу зүйлийг хамж шимэн олны толгойг эргүүлэхийг оролдох нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд аюул учруулахаас өөр ямар ч үр дагавар авчрахгүй гэдгийг сануулъя.  
 
ОХУ, Украинд довтлохтой зэрэгцэн АН-ын голдуу улс төрчид "Путин параной өвчтэй болсон, ОХУ манайх руу ч дайрч магадгүй" гэх мэтээр ярьж, бичиж, мөн дайныг эсэргүүцсэн жагсаал хэд хэдэн удаа боллоо. Энэ талаар та ямар байр суурьтай байна? 
 
Энэ хямралын үеэр өргөн хүрээтэй мэдээллийн дайн, сэтгэл зүйн дайн өрнөж байна.
 
“Путин өвчтэй болсон, Орост төрийн эргэлт болох гэж байна, Шойгу үхлүүт байна” гэх мэтчилэн маш их хэмжээний худал мэдээлэл цацагдаж байгаа ч, бүгд худлаа болох нь тэр дороо илэрсээр байна.
 
Манай хөрш улс оролцсон энэ дайныг манай иргэд анхааралтай ажиглаж, бас талцаж мэтгэлцэж байгаа нь нэг талаасаа бидний мэдлэгийн хүрээг тэлэх ач холбогдолтой юм. Бид бүх юмыг ардчилал гэгч “зүүд, зэрэглээ” шиг сайн сайхныг номлогч үзлээр хараад байж болохгүй юм байна, хорвоо ертөнцийн бүх юм хоёр талтай юм байна гэдгийг ойлгож авах ёстой.
Ялангуяа олон улсын харилцааны систем дотор улс хоорондын харилцаа гэдэг нь “ардчилал гэгч сайн сайхан зарчим”-аар явдаггүй юм байна, Дайн хийж буй хоёр талын нэгийг нь хар, нөгөөг нь цав цагаан гэж дүгнэх боломжгүй юм байна, аль аль талд нь хэлэх үг, өчих шалтгаан байдаг юм байна гэдгийг бид ойлгох ёстой.
Ингэж чадвал бид өөрийн улсын аюулгүй байдлыг хангаж, тусгаар тогтнолоо бэхжүүлэхэд нэмэр болно. Дайныг эсэргүүцэж болно. Гэхдээ байлдаж байгаа 2 талын нэг Америк тэргүүтэй барууны талд харанхуйгаар орж, Оросыг хэт муулж давхих нь манай үндэсний эрх ашигт ноцтой аюул дагуулна. Монгол Улсын тусгаар тогтнол Орос улсаас шууд хамааралтай. Зөвлөлт Холбоот Улс, түүний удирдагчид манай тусгаар тогтнолыг олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийн төлөө онцгой хүчин чармайлт гаргасныг түүх нотолно. Монголын ард түмэн үүнийг маш сайн мэднэ. Мэдээж, бидний өвөг дээдсийн нөр их хичээл зүтгэл, халуун амь, бүлээн цусаа урсгаж тэмцсэний үр дүнд тийнхүү Зөвлөлт Холбоот Улсын дэмжлэгтэйгээр өнөөдрийн манай бүрэн эрхт тусгаар улс бүрэлдэж буй болсон юмаа. Энэ бол монголчууд бид үеийн үед мартаж үл болох үнэн билээ. 
 
Өнөөдөр зарим хүмүүс Оросын тус дэм ер нь ямар хамаатай юм, тэд манайхыг жийргэвч улс болгох гэж л бидэнд тусалсан биз дээ гэдэг?
 
Манай олон арван мянган сэхээтнийг буудан алж хэлмэгдүүлсэн Орос улсад бид өргүй гэхчлэн аманд орсноо бурцгааж байна. Маш буруу, маш тэнэг үг, үйлдэл.  Манай тусгаар тогтнол асар их үнээр олдсон, эрхэм нандин хэрнээ ихээхэн эмзэг  зүйл  гэдгийг бид мартаж болохгүй. 1945 оныг хүртэлх цаг үед манай нутаг дэвсгэр дээр их гүрнүүдийн ширүүн сөргөлдөөн болж байлаа.
 
XIX зуунаас Их Британи, Орос хоёрын хооронд эхэлсэн “Их сөргөлдөөн” (Great Game) хэмээх дайны үргэлжлэл 1905 оны Япон-Оросын дайны дараагаар Азийн эх газар луу орж, улмаар манай улсын нутаг дэвсгэрийг хамрах болж ирсэн юм. Тэр үе бол Япон улс Манжгуо улсыг байгуулж, Өвөр Монголыг бүрэн эзэлчихсэн, манайх руу цэрэг тагнуулын үйл ажиллагаа идэвхтэй явуулж байсан тийм цаг байв.
 
Монголын газар нутаг дээр Зөвлөлт Холбоот Улс, Их Японы хаант улс хоёрын хооронд далд дайн явагдаж байлаа. 1937 оны их хэлмэгдүүлэлт гэдэг үзэгдэл бол үндсэндээ Японы зүгээс зохион байгуулж өдөөсөн далд дайны нэг хэлбэр байжээ гэж үзэж болох талтай. Далд дайнд тэд ялалт байгуулсан гэсэн үг. Японы тал манай тэргүүний сэхээтнүүд, цэргийн өндөр мэргэжлийн боловсон хүчнүүдийг өөрсдөөр нь хядуулчихаад, 1939 оны Халх голын дайнд ялна гэдэгтээ итгэлтэй байсан гэдэг. Халх голын байлдаан маш хатуу ширүүн тулаан болж, хоёр тал аль аль нь маш их хохирол амсаж, эцэстээ дайтагч талууд Москвад уулзаж хэлэлцээрийн аргаар асуудлаа шийдээд салсан түүхтэй. Манай улс харин тодорхой хэмжээний газар нутгаа алдаж, хохирч үлдсэн билээ. Хэдийгээр энэ дайнд Япон ялагдсан гэдэг ч, Зөвлөлтийн тал Японоос илүү их хохирол амссан болох нь саяхнаас Оросын талын нууц архивын мэдээлэл нээлттэй болсны дараа илэрхий болж байна.
 
 Та үндэсний үзлийн тухай судалж, ярьж, бичиж байдаг хүн. Монголын улс төрд үндэсний үзэл ба либерал үзэл бодлын аль нь илүү хүч, нөлөөтэй байх шиг байна. Ер нь үндэсний үзлийн ач холбогдол нь яг юу байдаг тухай тайлбарлаж болох уу?
 
Үндэсний үзэл бүх улсад бий. Улс гэдэг зүйл, Төр гэдэг зүйл Үндэсний үзэл дээр тогтоно. Америк, Орос, Хятад, Франц, Англи, Израил гээд дэлхийн бүх л улс гүрнүүд бүгд хүчирхэг үндэсний үзэлтэй. Их Монгол гүрэн мөн л ялгаагүй үндэсний үзлийнхээ хүчээр хүчирхэгжиж босож ирсэн түүхтэй. Аливаа улс үндэсний үзлийнхээ хүчээр Төрөө бүтээж байгуулж, хөгжиж дэвждэг жамтай. 
 
Ардчилал гэдэг бол улстөрийн эрхийг ард түмэнд олгох засаглалын хэлбэр. Сонгуулийн тогтолцоо гэсэн үг. Монгол Улс Ардчиллыг тултал хөгжүүлж чадсан улс. Цаашдаа ч улам бүр сайжруулж хөгжүүлж таарна. 
 
Хүний эрх, эрх чөлөөг бүтээгч нь Төр юм. Төрөө сайжруулж бүтээсний үр дүнд ард түмэн цэнгэлийн манлайд хүрч, эрх чөлөө, аз жаргалыг эдлэх учиртай. Харин хүний эрх, эрх чөлөө гэж ярингаа Төрөө эсэргүүцээд байвал хэзээ ч тэр зорилгодоо хүрч чадахгүй. Ардчилал, Либерал ардчилал гэх үзлийн гол зөрчил энэ. Төрөө эсэргүүцэгч үзэл аливаа улсын дотор оршиж болохгүй л дээ. Бид өөрсдөө ч мэдэхгүй, ардчилал ардчилал гэж баруун солгойгүй ярьж төрөө муулж эсэргүүцэж байдаг нь утгагүй үйлдэл гэж болно. Төрөө шүүмжлэхдээ арай өөр байр сууринаас, тодруулбал, үндэсний эрх ашгаа нэгд тавьсан, хамтын эрхэм нандин зүйлсээ бэхжүүлэхийн төлөө, төрөө бэхжүүлэх гэсэн үзэл бодол, байр сууринаас хандах нь чухал. 
 
Монголд сүүлийн 32 жилд ардчилал хэмээх либерализмын үзэл санаа дагнан хөгжиж ирлээ. Бид энэ үзэл санааны сайн мууг ялгаж салгаж ойлгох цаг одоо нэгэнт болжээ.
 
Ер нь либерал ардчиллаар замнасан улс орнуудын дотор энэ үзлийг дахин эргэж харах үзэгдэл дэлхийд түгээмэл болж байна. Оронд нь консерватив үзэл, үндэсний үзэл түгэн дэлгэрэх хандлагатай болж байна. Энэ бол дэлхий ертөнцийн жинхэнэ байх ёстой дүр төрх мөн л дөө. Либерал үзэл гэгч нь зохих хэмжээ түвшиндээ байх ёстой зүйл мөн. Бүрмөсөн үгүйсгэж мэдээж болохгүй. Барууны ардчилал дэлхий даяар нэгэн хэвд цутгачихсан юм шиг яв цав таарч тохироод явах зүйл биш юм. Хүн төрөлхтний урт удаан түүхийн явцад нэг төрлийн үзлийг стандарт болгон түгээн дэлгэрүүлж, төрийнх нь үзэл болгож суурьшуулсан түүх байхгүй. Ардчилал гэдэг угаасаа их эртний түүхтэй. Хүн төрөлхтөн үүнийг эртнээс мэддэг байлаа. Зөвхөн энэ цаг үед ирж барууныхан хөгжүүлээд дэлгэрүүлчихсэн зүйл ерөөсөө ч биш. Эртний Грекийн төр улсууд ч тэр, монгол үндэстний байгуулсан Хүн гүрэн, Их Монгол гүрэнд ч ардчилал байсан шүү дээ. Барууны ардчилал гэгч нэгэн хэвээр цутгасан зүйлийг улс үндэстнүүдэд тулган шахах үйлдэл байж болохгүй.
 
Өнөөг хүртэл оршиж ирсэн, бидний дагаж ирсэн АРДЧИЛАЛ бол АНУ хэмээх энэ цагийн дэлхийн жанжлагч гүрний зориудаар хэрэгжүүлсэн бодлого байсан гээд товчхон ойлгочиход болно. Сайн мууг нь шигшиж ялгаж ухаарах цаг болжээ. 
Ардчилал гэдэг зүйл универсаль түгээмэл зүйл огт биш. Улс үндэстэн бүр өөр өөрийнхөөрөө хөгжүүлээд явах ёстой. Францын түүхч, антропологич Эммануэль Тоддын хэлснээр “ТӨР гэдэг зүйл бол универсаль шинжтэй.
Эзэнт гүрэн гэдэг бол түгээмэл универсаль.
Төрийн үзэл санааг Ардчиллаар орлуулах боломжгүй” юм байна. Өнөөдрийн Монгол улс Ардчилал гэгч үзэлд хэт итгэж, хэт автчихаад байна. Энэ байдалдаа дүгнэлт хийж, үндэсний үзлээ хөгжүүлж, өөрийн толгойтой болж, бие даан бодож сэтгэж чаддаг болох хэрэгтэй байна.
 
Эцэст нь хэлэхэд баруун, зүүн гэлтгүй дэлхийн том гүрнүүд наанаа либерализм, ардчилал энээ тэрээ гэхчлэн сайн сайхан юм ярьж байвч, цаанаа өөрсдийн бодит эрх ашгийг гэсэн аминчхан бөгөөд хорлонтой санаа өвөрлөж явдаг гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Хаана ямар дайн өдөөгөөд эгэл жирийн ард түмнийг золиослохоос огтхон ч сийхгүй, харгис үзэл зарчим баримталж байдаг гэдгийг ойлгоцгооё. Монгол үндэстний эрх ашгийг хамгаалахын төлөө Монголчууд биднээс өөр хэн ч тэмцэхгүй.
 
 
 
 
Баярлалаа.
 
 
Ярилцсан М.Чойжал