сонин mn
Брюссель хотноо пүрэв гарагт болсон Европын 27 улсын дээд хэмжээний уулзалтын үеэр Украин ба Молдов улсад Европын Холбооны гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статус олгох асуудлыг дэмжин баталлаа. Энэ нь тус холбооны түүхэнд хамгийн богино хугацаанд гаргасан шийдвэр болж байна.
 
Өмнө нь, уг асуудлаар Европын парламентад санал хураалт явагдаж, 529 гишүүн дэмжиж, 45 гишүүн эсэргүүцэж, 14 гишүүн түдгэлзсэн санал өгснөөр Украин ба Молдов улсад дээрх статусыг хойшлуулшгүйгээр олгохыг гишүүн орнуудын төр засгийн тэргүүн нарт уриалсан тогтоолыг баталжээ. Түүнчлэн Европын Комиссын тэргүүлэх зорилтуудыг биелүүлсний дараа Гүрж улсад дээрх статусыг олгохыг уриалсан байна.
 
ЕХ-нд элсэх хүсэлтээ Украин улс энэ оны 2 дугаар сард буюу Оросын цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хэдхэн хоногийн дараа гаргасан юм. Түүнээс хойш үйл явц маш хурдан өрнөж байна. Ерөнхийлөгч В.Зеленский богино хэмжээний дүрс бичлэгээр үг хэлэхдээ “Энэ бол ялалт. Үүнийг бид 120 хоног, бас 30 жилийн турш хүлээсэн” гэлээ. Тэрбээр твиттер хуудсандаа “Украинд нэр дэвшигчийн статус олгосон явдал бол Украин-ЕХ-ны харилцаан дахь онцгой үе мөн” гэжээ.
 
Францын Ерөнхийлөгч Э.Макрон хэлэхдээ “өнөөдөр бид Украины хувьд, Молдовын хувьд, Европын хувьд шинэ үе шатыг эхлүүлж байна. Энэ бол түүхэн үйл явдал” хэмээн дүгнэлээ. “Украины ард түмэн Европын гэр бүлд хамаарна, Украины ирээдүй ЕХ-той холбоотой” гэж ЕХ-ны Гадаад бодлого, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Жозеп Боррель онцлон тэмдэглэсэн байна.  
 
 
Өөдрөг бодол ба хоосон найдлага
 
 
“Дайн дууссаны дараа интеграцийн үйл явц жинхэнэ ёсоор эхлэх болно, мэдээж үүний тулд цаг хугацаа хэрэгтэй, гэхдээ дараагийн үе шат хэдэн жилээр сунжрахгүй, харин хэдэн сарын хугацаа орно” гэж ЕХ-нд суугаа Украины элчин сайд Всеволод Ченцов ярьж байна. Түүний хэлснээр, Украин улс бүгдийг тэгээс эхлээгүй бөгөөд Брюссель, Киев хоёр Холбооны гэрээг 2014 онд байгуулснаас хойш багагүй зүйлийг хийжээ.  
 
Өмнө нь Европын зарим дипломатчид хэлэхдээ, Украинд нэр дэвшигчийн статус олгох нь тус улсад хий хоосон найдлага төрүүлэх вий, бодит байдал дээр ЕХ-нд элсэхэд олон жилийн хугацаа шаардлагатай байдаг гэдгийг сануулж байсан билээ. ЕХ-нд элсэх хэтийн төлөв, цаг хугацааны тухайд Украины элчин сайд “Ээлж дараалал байх ёстой гэдэгтэй бид санал нийлэхгүй. Улс орон бүр өөрийн гэсэн замын зурагтай, өөрийн гэсэн сонгосон замтай. Хэрвээ улс төрийн хүсэл зориг байвал, хэрвээ нийгэм ба бизнесийн салбарынхан шинэчлэлийг эрчимтэй түргэн хийхийг дэмжиж байвал яагаад заавал хүлээх ёстой гэж?” хэмээн ярьжээ. Өнгөрсөн долоо хоногт Европын Комисс ЕХ-нд гишүүнээр элсэх нэр дэвшигчийн статусыг Молдов улсад олгохыг дэмжсэн бол Гүржийн хүсэлтийг авч хэлэлцээд татгалзсан хариу өгчээ. Үүнтэй холбогдуулан даваа гарагийн орой Тбилиси хотын гудамжинд 100 мянга гаруй хүн жагсаал хийж, Европын интеграцийн үйл явцад Гүрж улсыг нэгтгэхийг дэмжиж байгаагаа илэрхийллээ.
 
 
Нэр дэвшигчийн статус гэж юу вэ?
 
Эл статус бол ЕХ-нд элсэхээр хүсэлтээ өгсөн улсын хувьд тус холбоонд элсэх зам дахь анхны албан ёсны алхам юм. Харин Албани, Хойд Македон, Черногор, Серб зэрэг улсууд олон жилийн турш нэр дэвшигчийн статустай байгаа бөгөөд холбооны жинхэнэ гишүүн болоход одоогоор төдийлөн ойртоогүй байна. Босни Герцеговин улс гэхэд нэр дэвшигчийн статус авахаар 2016 онд өргөдлөө өгсөн боловч өнөөг хүртэл асуудал шийдэгдээгүй байх жишээтэй.
 
Тбилиси хот. 2022 оны 6 дугаар сарын 21 
 
Уг асуудал шийдэгдэх магадлал одоохондоо бага байгаа боловч Хойд Македон, Албани хоёр ЕХ-той хамтран ажиллах тал дээр ахиц дэвшил гарч байгаа нь тодорхой хэмжээний найдлага төрүүлж байгаа юм. Энэ тухайд Европын парламентын дарга Роберта Метсола хэлэхдээ “Итгэл найдвар байгаа цагт үр дүнд хүрдэг гэдгийг Европын Холбоонд элсэхээр хүлээж буй Баруун Балканы орнууд харах ёстой. Цаг үе нэгэнт иржээ” гэсэн байна.
 
 
Европын хамтын нийгэмлэгийг өргөжүүлэх Макроны санал
 
Брюссельд болж буй дээд хэмжээний уулзалтын явцад Украин, Молдовт статус олгох асуудлыг хэлэлцсэний зэрэгцээ Украины боомтуудыг Оросын арми бүслэн хаасны улмаас үүссэн хүнсний  хямралыг хөндөн ярилцжээ.
 
Түүнээс гадна, Францын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн Европын хамтын ажиллагааны илүү өргөн шинэ талбарыг байгуулах санаачилгыг хэлэлцлээ. Э.Макроны урьдчилан төсөөлж буйгаар, ийм талбар нь үзэл санаа, үнэт зүйлсийн хувьд ойр хөрш орнууд, тухайлбал, ЕХ-ноос гарсан Их Британи, гишүүнээр элсэх найдлага тээж буй Украин болон Балканы орнуудыг нэгтгэх боломжтой ажээ.
 
Энэ оны 5 дугаар сард Макроны дэвшүүлсэн санал ёсоор, үзэл санааны хувьд ойр ЕХ-ны гишүүн орнуудын өргөтгөсөн клуб байгуулах, ингэснээр улс төр, эрчим хүч, тээвэр, аюулгүй байдал, хөрөнгө оруулалт, дэд бүтэц, хил дамнасан худалдаа, иргэд харилцан зорчих асуудлаар хамтран ажиллах боломжтой ажээ. Гэвч уг саналд гишүүн орнууд хаширлангуй хандаж байгаа бөгөөд зарим дипломатчдын үзэж байгаагаар, уг саналыг дутуу дулимаг боловсруулсан ажээ. Их Британийн Гадаад хэргийн сайд Лиз Трасс хэлэхдээ, одоо ажиллаж буй “Их7”, НАТО гэсэн бүтцүүдээр дамжуулан хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэж үзэж байгаагаа илэрхийллээ. ЕХ-нд суугаа Украины элчин сайд уг саналыг үгүйсгээгүй бөгөөд “магадгүй энэ нь Украин, Их Британи, ЕХ гурвыг нэг ширээний ард суулгахын тулд ЕХ, Их Британид зориулсан хувилбар байж болох юм” гэжээ.
 
 
 
Б.Адъяахүү
Эх сурвалжууд: www.voanews.com; bbc.com