sonin.mn
Тэртээ 1945 онд 140 шахам мянган хүнээ атомын бөмбөгт алдсан Японы Хирошима хотод АНУ, Англи, Франц зэрэг цөмийн зэвсэгтэй улс орнууд багтдаг Их долоогийн дээд хэмжээний уулзалт энэ сарын 19-21-ны өдрүүдэд амжилттай болж өнгөрлөө. Хирошимагийн Энхтайван, дурсгалын музейд дэлхийн хамгийн чинээлэг, эрх хүчтэй улс орнуудын төрийн тэргүүн нар аймшигт цаг үеийн сэтгэл сэрдхийлгэсэн зураг, бодит баримтыг нүдээр үзэхээс чуулга уулзалтын ажиллагаа эхэлсэн юм.
 
Цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх, үл дэлгэрүүлэх, даян дэлхийд энх тайван, амар амгалан байдал тогтоохын төлөө тэд цэцэг өргөж, цөмийн зэвсэгт хэлмэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэсэн билээ. Цөмийн зэвсэгтэй улс орнуудын удирдагч нар цөмийн аюулын түүхэн бодит баримт, материалыг нүдээрээ харахын утга учир их биз ээ.
 
Чуулга уулзалтад Их долоогийн удирдагч нараас гадна цөмийн зэвсэгтэй Энэтхэг болон Индонез, Бразил, Вьетнам, Австрали, БНСУ, Күкийн арал, Коморын төрийн тэргүүн нар урилгаар оролцов. Global South -ийн орнуудын төлөөлөл юм. 77-ын бүлэг ч гэдэг. Украйны үйл явдлаас хойш эрчим хүч, хоол хүнс, бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтөд хамгийн их нэрвэгдэж буй, цар тахлын нөлөөлөл хүнд туссан улс орнууд бий. Эдгээр орнууд дунд хэт нэг талыг барилгүй төвийг сахидаг улс ч бий. Энэ бүхэн Global South-ийн орнуудын нэгдэл нягтралыг бий болгож, ДНБ-ийн хэмжээгээрээ Английг гүйцэж, Дэлхийд 5-д бичигдэх болсон Энэтхэг улс манлайлан өнгөрсөн 1-р сард онлайнаар 120 гаруй улс орны тэргүүн нар оролцсон “Global South -ийн орнуудын дуу хоолой” саммит зохион байгуулсан билээ. Эдгээр орнуудыг партнер гэж үзэж харилцаа хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь Их долоогийн хувьд өнөө цагт маш чухал, тулгамдсан асуудал бөгөөд даргалагч улс болох Японы Ерөнхий сайд Кишида “Никкей” сонинд өгсөн ярилцлагадаа “Олон улсын хууль дүрэм буурай байр сууринд байгаа улс орнуудад ч хамаатай, тэдний тусын тулд ч байдаг. Хуулийн засаглалыг чанд сахиж, олон улсын дэг журмыг баримтлах нь Азид ч Африкт ч хамаатай” гэж онцолжээ.
 
Украйны Ерөнхийлөгч В.Зеленский чуулга уулзалтын сүүлийн өдөр оролцлоо.Тэрээр цахимаар оролцох ёстой байсан ч өөрийн хүсэлтээр биеэр оролцох болжээ.Тэрээр мөн дээрх музейд зочилж “нэг талаараа тухайн үеийн Хирошиматай манай эх орон адилхан байна, одоо Хирошима энх амгалан, тайван, сэтгэл татагдам сайхан хот болжээ, бид ч мөн улс орноо дахин сэргээн байгуулах болно” гэж ярьжээ. Зэр зэвсэг, хөрөнгө санхүүгийн дэмжлэг хэрэгтэй байгааг, мөн цөмийн зэвсэг хэрэглэхгүй байхыг уриалж буй бололтой байна.
 
Цөмийн зэвсэгтэй АНУ, Англи, Францын төрийн тэргүүнүүд зэрэгцэж зогсоод G-7-ийн дээд хэмжээний уулзалтаас “Хирошимагийн тунхаглал” хамтарсан мэдэгдэл гаргалаа. Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнцийг алсын хараа болгож, аюулгүй байдалд хохирол учруулахгүй хэлбэрээр бодит, хариуцлагатай зөвшилцөл бүхий үйл ажиллагаанд нэгдэнэ гэдгээ илэрхийлсэн байна. Цөмийн зэвсгийн ямар ч хэрэглээг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн онцолж.цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээ (ИРТ) -г баримтлах болно гэжээ.
 
Цөмийн бөмбөгдөлтөд өртсөн цор ганц улс болох Японд G-7 саммит болж байгаагийн хувьд цөмийн аюул занал, сүрдүүлэг ялангуяа БНАСАУ, БНХАУ-ын цөмийн зэвсгийн тунгалаг шилэн бус нөхцөл байдлыг буруушааж, цөмийн зэвсгийг хориглох, дэлгэрүүлэхгүй байхад чиглэсэн үйл ажиллагааг улам бүр идэвхижүүлэх шаардлагатай байгааг онцоллоо.
 
Манай дэлхийд 2022 оны байдлаар цөмийн цэнэгт хошуу 13 мянга орчим байна. АНУ 5425, ОХУ 5975, Англи 225, Франц 290, БНАСАУ 40,Израйль 90, Пакистан 165, Энэтхэг 160, БНХАУ 350 орчим цөмийн цэнэгт хошуу хадгалж байна. Монгол Улс нутаг дэвсгэрээ цөмийн зэвсэггүй бүс болгон зарлаад 30 гаруй жил өнгөрчээ. Биднийг тойроод 6000 орчим цөмийн цэнэгт хошуу байна. Орос-Украины дайны эгзэгтэй цаг үед ОХУ нь Беларусийн нутаг дэвсгэр дээр цөмийн төхөөрөмж суурилуулж, АНУ- ОХУ-ын хооронд байгуулагдсан "Шинэ эхлэл’’ гэрээнээс энэ оны 2-р сард түр гарч байгаагаа зарлаад байгаа билээ.Энэ гэрээгээр орос, америкийн талууд цөмийн цэнэгт хошуугаа тус бүр 1550 хүртэл бууруулан барьж байх, 2026 он хүртэл хүчин төгөлдөр байхаар туссан байдаг. БНХАУ 2035 он гэхэд одоогийнхоос 4 дахин их буюу орос, америкийн нэгэн адил 1550-д хүргэнэ гэсэн америкчуудын судалгаа бий.
 
Хирошимагийн тунхаглалд “Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнц" бий болгохын тулд цөмийн зэвсгийн тоог  бууруулах, ил тод нөхцөл байдлыг хангах, цөмийн зэвсэг хэрэглэхгүй байх, цэрэг дайны зориулалтаар плутон үйлдвэрлэлийг хориглох, дэлхийн удирдагчид Хирошима, Нагасакид ирж цөмийн эсрэг дуу хоолойд нэгдэх, түүхийн баримттай танилцахын чухлыг тэмдэглэсэн байна.
 
Их долоогийн удирдагчид хиймэл оюун ухааны хэрэглээ, аюулгүй байдал, зохиогчийн эрхийн асуудал, худал мэдээллээс хэрхэн сэргийлэх арга хэмжээний талаар санал солилцож Их 7 ийн орнуудын баримтлах бодлогыг нэгтгэх дээр санал нэгдлээ. Тиймээс мэдээллээ хуваалцах, мэдээлэл цуглуулах “Хирошимагийн процесс” үйл ажиллагаа явуулах юм. Асар хурдацтай хүчээ авч байгаа хиймэл оюун ухаан АI-ы олон улсын дүрэм журам бий болгохыг зорьж байна. Хиймэл оюун ухааныг багтаасан шинэ дижитал технологийн тухайд олон улсын дүрэм бий болгох асуудал зайлшгүй хөндөгдөхийг ийнхүү үгүйсгэсэнгүй. Энэ ондоо багтааж мэдээллээ боловсруулж илтгэх юм байна. Чуулга уулзалтаар эдийн засгийн аюулгүй байдлын талаар нарийвчилж хэлэлцжээ. Ялангуяа Хятадын бодлогыг онцгойлон авч үзсэн байна. Хятадын эдийн засгийн өсөлтийг аюул хэмээн харж байна. Худалдаагаар дамжуулан эдийн засаг нь Хятадаас салшгүй хамааралтай болсон орнуудтай Бээжин сөргөлдөж байгааг дурьджээ. Худалдааны хориг арга хэмжээ авахаасаа цэрвэхгүй болсон. Тухайлбал АНУ-ын пуужингийн довтолгооноос хамгаалах системийг суурилуулсан Өмнөд Солонгос, ковидын эх үүсвэр уг голомтын талаар санал зөрөлдсөн Австралийн чулуун нүүрсний экспортод өндөр татвар ноогдуулж, Балтийн орнууд Тайваньд де-факто элчин сайдын яамаа байгуулахыг зөвшөөрсний дараа Литвийн экспортод хориг тавьсан нь Европын холбооны дургүйцлийг төрүүлээд байгаа ажээ. Иймд Их-7 “эдийн засгийн эмзэг байдлыг зэвсэг болгон ашиглаж” буй БНХАУ-ын эдийн засгийн өсөлт нь “түгшүүр төрүүлж байгааг” онцолсон байна.
 
Их Британийн Ерөнхий сайд Риши Сунак “Хятад улс дэлхийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтэд “манай эриний хамгийн том сорилт” болоод зогсохгүй "дотоод болон гадаад бодлого нь улам бүр авторитар шинжтэй болж байна” хэмээн мэдэгдсэн байна.
 
 
Хамтарсан мэдэгдэлд “Эдийн засгийн албадлагын талаарх зохицуулалтын платформ” гэж нэрлэсэн санаачилгыг дэвшүүлж, санаачилгад нэгдсэн гишүүдийг тогтмол хуралдуулж, мэдээлэл солилцож, “эдийн засгийн албадлага” хэрэглэхээс өмнө сэрэмжүүлэх үйл ажиллагаа явуулах ажээ. Мөн чуулга уулзалтанд оролцогсод илүү уян хатан нийлүүлэлтийн сүлжээ бий болгох, онц чухал технологиудыг хамгаалах зэрэг арга хэмжээ авна гэдгээ онцоллоо. Түүхий нүүрсний хэрэглээг үе шаттайгаар багасгах арга хэмжээ авна гэдгээ зарлалаа. Хагас дамжуулагчийн түүхий эд болох газрын ховор элемент зэрэг стратегийн ач холбогдолтой түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлэх тал дээр онцгой анхаарах юм байна. Мөн цар тахлын сургамжаар дэлхий даяар вакцин нийлүүлэлтийн шинэ бүтцийн талаар хамтарсан мэдэгдэлд дурьдсан байна. Хүйсийн тэгш байдал, хүний эрхийн зөрчилд анхаарлаа хандуулжээ. Тайваны хойгийн энх тайван, аюулгүй байдал нь “олон улсын хамтын нийгэмлэгийн аюулгүй байдал, хөгжил. цэцэглэлтэд зайлшгүй чухал" гэж хамтарсан мэдэгдэлд дурьджээ. Украинд үзүүлэх тусламжаа нэмэгдүүлэхээ зарлалаа. АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден Украинд үзүүлэх 375 сая долларын цэргийн тусламжийн багцыг чуулга уулзалтад танилцуулсан байна. Энэ нь дайн эхэлснээс хойш Украинд амлаад байсан 37 тэрбум ам.долларын тусламжийн хамгийн сүүлийн хэсэг юм. Ж.Байден Хирошимад хэвлэлийн бага хурал дээр “Украины өөрийгөө хамгаалах. чадвар нь энэ дайныг бүрмөсөн, дипломат аргаар зогсооход чухал ач холбогдолтой” хэмээн мэдэгдлээ.АНУ байлдааны сөнөөгч онгоц F-16-г Европын орнууд Украйнд нийлүүлэхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлэв.Тун удахгүй европын аль нэг оронд Р-16 -аар нисэх украйн нисэгчдийг америкчууд бэлтгэх, давтан бэлтгэх сургалтаа эхлэх нь. Япон 100 орчим цэргийн хэрэгцээний авто машин Украйнд нийлүүлэх юм. В.Зеленский чуулга уулзалтад оролцох далимаар Их-7-ийн удирдагч нартай ганцаарчлан уулзаж, тусламж дэмжлэг хүсч аль болох олон улс орноор дэмжүүлэх гадаад харилцааны тэсрэлт хийлээ. Мөн Моди тэргүүтэй Global South -ийн орнуудын төлөөлөлтэй ч ганцаарчилж уулзаж амжжээ.
 
Бразилийн Ерөнхийлөгчтэй уулзаагүй байна. Энэ бүхэн чуулга уулзалтын хамтарсан баримт бичигт ОХУ-ын эсрэг хориг арга хэмжээг нэг шатаар ахиулж эрчимжүүлэхээр тусгаж буйтай хамааралгүй гэж хэлэх аргагүй юм. Энэтхэг ОХУ-аас нефть, эрчим хүч, Вьетнам зэвсгийн 80% орчмыг ОХУ-аас нийлүүлдэг.
 
G-7 дээд хэмжээний энэ удаагийн Чуулга уулзалтын үр дүнгээс харахад “Цөмийн зэвсэггүй дэлхий ертөнц” бодлогод манай улс урьдын явуулж байсан санаачилгатай үйл ажиллагаагаа идэвхижүүлэх шаардлагатай байна. Манай Улсад G-7-ийн удирдагчдын нэг, Францын Ерөнхийлөгч Э.Макрон Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар төрийн дээд хэмжээний айлчлал хийж, хоёр орны хамтын ажиллагааг хэд хэдэн чиглэлд хөгжүүлэхээр санал нэгдлээ. Мөн хөгжиж байгаа орнуудтай буюу Global South-ын орнуудын нэгдэл нягтралд манай улс идэвхитэй хамтарч ажиллах, хуулийн засаглалд суурилсан олон улсын дэг журмыг бэхжүүлэхэд оролцоогоо хангах, дэлхийн цаг уурын өөрчлөлтөөс үүдэж түүхий нүүрсний экспортыг үе шаттайгаар бууруулах их гүрнүүдийн бодлогод бэлтгэлтэй байх, учрах эрсдэлийг бууруулахад анхаарч ажиллах шаардлагатай байна.
 
УИХ-ын гишүүн Д.Өнөрболор