sonin.mn

Хэдэн сарын өмнө Монгол Улсын гавьяат жүжигчин, "ХТҮЦ" продакшны жүжигчин Л.Баттулга буюу Аглуу хулгайгаар машиныхаа дугаарыг  сольж байгаа зураг сайтад гарч олон хүний эгдүүцлийг төрүүлээд авсан. Гэхдээ мань жүжигчин хийсэн хэргээ амархаан цайруулж дүүгийнхээ машины номерыг сольж байсан ч билүү, юу ч гэлээ тайлбар хийгээд цагдаа нарыг хуурч дөнгөсөн.

 

Түүний энэ ярианд итгэхээсээ итгэхгүй нь олон байсан санагдана. Мань жүжигчний бодит амьдралд ийнхүү тоглосон жинхэнэ жүжгийн цаад шалтгаан нь хотын даргын гаргасан захирамжтай холбоотой байсан билээ. Зургаан сарын өмнө хотын Засаг дарга нийслэлийн замын хөдөлгөөнд оролцож байгаа тээврийн хэрэгслийг автомашиных нь дугаараар ангилан хөдөлгөөнд оролцуулах захирамж гаргасан.

 

Тодруулбал, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний хэт ачааллаас урьдчилан сэргийлэх зорилгоор НИТХ-ын тогтоол, хотын даргын захирамжийн дагуу цогц арга хэмжээг хэрэгжүүлж, шат дараатай хэд хэдэн ажлыг зохион байгуулсны нэг нь автомашиныг улсын дугаараар нь ялган замын хөдөлгөөнд оролцуулах байсан. Түүнчлэн нийтийн тээврийн үйлчилгээг сайжруулах зорилгоор парк шинэчлэх ажлыг эхлүүлж, зөвхөн нийтийн тээврийг Таван шараас Офицеруудын ордон хүртэл зорчих хэсгийн нэгдүгээр эгнээр явуулах болсон нь замын хөдөлгөөний ачааллыг 20 хүртэлх хувиар бууруулж чадсан юм.

 

Гэхдээ эдгээр ажлуудыг хийж хэрэгжүүлэхийн өмнө нийслэлийн удирдлагууд иргэдээсээ асууж, санал бодлыг тусгасан билээ. Мөн замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор хийгдэж байгаа цогц арга хэмжээг үргэлжлүүлэх тухай санал асуулгыг олон нийтийн дунд явуулахад санал асуулгад оролцсон 100 мянган хүний 80 хувь нь дэмжиж автомашиныг улсын дугаараар нь ялган замын хөдөлгөөнд оролцуулдаг журам үргэлжилсээр байгаа билээ.

 

Хэдийгээр, нийтийн тээврийн автобус, троллейбусыг нэгдүгээр эгнээгээр явуулж, тээврийн хэрэгслүүдийг улсын дугаараар нь ангилан хөдөлгөөнд оролцуулж байгаа боловч халтиргаа гулгаа, томоохон тэмдэглэлт баяртай холбоотойгоор түгжрэл үүсч иргэдийг бухимдуулсаар байна. Үүнээс гадна тээврийн хэрэгслийн механик өсөлт нэмэгдэж, өдөрт улсын хэмжээнд 150-300 тээврийн хэрэгсэл шинээр улсын дугаар авч байгааг мэргэжлийн байгууллагууд мэдээлж байгаа.

 

Иймээс буруу талдаа жолоотой тээврийн хэрэгслийг ням гаригийн 08-22 цагийн хооронд замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх зохицуулалтыг шинээр хийх талаар олон нийтээс санал асуулга явуулахыг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Автозамын хэт ачааллаас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгээс өгсөн чиглэлийн дагуу нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвөөр дамжуулан санал асуулга явуулж эхэлсэн.

 

Нийслэлийн хэмжээнд замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт автомашины 49 хувь нь буруу талдаа жолооны хүрдтэй байна гэсэн судалгаа байдаг бөгөөд буруу талдаа хүрдтэй тээврийн хэрэгслийн гэрлийн тусгал нь жолооч нарт болон замын хөдөлгөөнд оролцож байгаа бусад оролцогч нарт хүндрэл учруулдаг тухай Замын цагдаагийн газраас мэдээлж байгаа юм.

 

Баруун гарын дүрэмтэй манай улсын хувьд гүйцэж түрүүлэх, тойрон гарах үед үзэгдэх орчин ихээхэн хязгаарлагддаг ба энэ нь зам тээврийн осол гарах бас нэгэн шалтгаан болдог байна. Тиймээс цаашид буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг хилээр оруулахгүй байх талаар УИХ болон Засгийн газрын хүрээнд бодлогын чанартай хэд хэдэн баримт бичиг боловсруулсан байна.

 

Өчигдрөөс эхлэн нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвөөс Мобикомын хэрэглэгчдийн дунд санамсаргүй сонгогдсон 100 мянган хүнд мессеж илгээх бөгөөд та хариу мессеж илгээн энэхүү судалгаанд оролцож саналаа илэрхийлэх боломжтой юм. Хэрвээ буруу талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг ням гаригт замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх шийдвэр гаргавал дэмжих үү гэсэн асуулга тавьж, энэхүү санал асуулгад идэвхтэй оролцож, нийслэлийн удирдлагаас гаргаж байгаа шийдвэрт өөрийн байр сууриа илэрхийлэхийг уриалсан юм.

 

Мөн нийслэлийн Лавлагаа мэдээллийн төвийн 1200 утсаар болон, ub1200.mn цахим хуудас, нийслэлийн албан ёсны Facebook, Твиттерт нэгдэж саналаа илэрхийлж болох ажээ. Зөвхөн иргэдийн саналыг үндэслэн хотын удирдлагууд аливаа шийдвэрийг гаргана гэдгийг иргэд анхаарах нь зөв болов уу. Хэрвээ энэхүү санал асуулгад иргэд нааштай хариу өгөх юм бол хэрэгжүүлээд эхлэхийн цагт дээр өгүүлсэн Гавьяат жүжигчний хийсэн шиг үйлдэл гарахгүй гэх баталгаагүй, Түүнчлэн эсэргүүцэх хүн ч байх биз.

 

Гэхдээ зүүн, баруун талдаа жолооны хүрдтэй автомашин холилдон замын хөдөлгөөнд оролцож байгаа улс бараг л манайхаас өөр байдаггүй гэнэ. Тиймээс энэ талаарх судалгааг мэргэжилтнүүд ч тун сайн хийсэн ажээ. Ганцхан жишээ татахад л, дэлхийн 190 гаруй орноос 56 орон нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй байдаг бол Америк, Австрали, Канад зэрэг өндөр хөгжилтэй 133 орон зүүн талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэлтэй байдаг байна.

 

Ер нь судалгаанаас харахад сүүлийн гурван жил 28 орчим мянган осол зөрчил гарснаас 51.6 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслүүдээс болж гарсан байна. Өнөөдрийн байдлаар манай улсад замын хөдөлгөөнд оролцож байгаа нийт тээврийн хэрэгслийн 58 хувь нь зүүн талдаа жолооны хүрдтэй, 42 хувь нь баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгсэл байгаа юм байна.

 

Албаны хүний эмгэнэлтэй гэмээр нэгэн баримтыг энд дурдахгүй өнгөрч боломгүй мэт. “Нийслэлийн хэмжээнд автомашин худалдаалах нийт аж ахуйн нэгжийн 19 хувь нь албан ёсны зөвшөөрөлтэй байдаг бол үлдсэн 81 хувь нь Пакистан гаралтай зургаан хүний гарт байдаг гэнэ. Уг том сүлжээ нь 80 орчим зогсоолтой. Наанаас нь харахад монголчууд уг бизнесийг эрхэлж байгаа юм шиг харагддаг ч цаанаа бол хэдхэн гадаадын хүний гарт байдаг.

 

Тиймээс гадны цөөхөн хэдэн хүнийг дэмжээд Монгол Улсыг осол их гаргадаг хуучин машины цуглуулгатай болгох хэрэг байна уу” хэмээн ярьж байна. Хэн нэг гадны нөхрийн бизнесийн үйл ажиллагааг дэмжих хэрэггүй хэмээн уриалаагүй монголчууд бид нэгийг бодох ёстой гэдгийг албаны хүний үг бэлээхэн батлаад байна бус уу.

 

Тэгээд ч өнөөдөр нийслэл гэлтгүй хөдөө орон нутгийн замд гарч байгаа ослын дийлэнх нь буруу талдаа жолооны хүрдтэй автомашин гаргадаг гэсэн баримт бас байна. Хэрвээ энэ шийдвэр хэрэгжээд эхэлбэл олон хүн дургүйцэх нь тодорхой ч хамгийн гол нь хэрэгжүүлэхээсээ өмнө бэлтгэл ажлаа хангана гэдэг юу юунаас илүү чухал гэдгийг эрхэм дарга нар бодох биз ээ.


Эх сурвалж: “Улаанбаатар таймс”