sonin.mn
“Тавантолгой түлш” ХХК, Хятад түлш худалдан борлуулсан гэх асуудлыг шалгуулахаар өнөөдөр Тагнуулын ерөнхий газарт хандаж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
 
Сүүлийн өдрүүдэд тус компанийг өвлийг давах нөөцгүй болсон, БНХАУ-аас түлш оруулж ирэн нийслэлд худалдан борлуулж байна гэх ташаа мэдээлэл гарах болсон. Тэгвэл энэ асуудлыг шалгаж, иргэдийн дунд үүсээд байгаа төөрөгдлийг арилгаж өгөхийг хүсч тус компанийн зүгээс ТЕГ, ЦЕГ, МХЕГ-т албан ёсоор хандаж байгаа аж.
Тус компанийн хувьд өнгөрсөн зунаас эхлэн нийслэлд 97 байршилд 120.000 тонн түлш нөөцөлсөн бөгөөд өнөөдрийн байдлаар 105.000 тонн түлшний нөөцтэй байгаа юм. 10 дугаар сарын 1-ээс өнөөг хүртэл 111.245 тонн түлш худалдан борлуулжээ.  Мөн үйлдвэрийн 14 шугам 24 цагаар ажиллаж хоногтоо 2500 тонн түлш үйлдвэрлэж байгаа юм байна. Энэ үеэр "Тавантолгой түлш" ХХК-ийн төлөөллүүд:
 
 
"Айл өрхүүдэд 25кг-р, аж ахуйн нэгжүүдэд 1тонн гэсэн хэмжээтэйгээр савлаж түгээдэг. Гэтэл аж ахуйн нэгжүүдэд түгээдэг 1 тоннын савлагаатай түлшийг Хятад улсаас оруулж ирсэн мэтээр буруу мэдээлэл түгээж байна. Зүүн үйлдвэрийн хувьд хэвлэх төхөөрөмжид эвдрэл үүссэний улмаас уг төхөөрөмжийг шинэчилж сольсон. Хэвлэх төхөөрөмж өөрчлөгдсөнтэй холбоотой шахмал түлшний хэвнүүд арай өөр гарч байгаа.
 
 
Тийм учраас Хятад улсаас орж ирсэн гэх шахмал түлш, Монгол улсад үйлдвэрлэж байгаа шахмал түлшийг мэргэжлийн хяналтыг байгууллагад өгч шалгуулья. Бид энэ жил урьд өмнө байгаагүй их хэмжээгээр шахмал түлшний нөөцөө бэлдсэн учир гадны улсаас түлш оруулж ирж борлуулах шаардлага огтхон ч байхгүй." гэсэн юм.