sonin.mn

БНСУ-ын ЭСЯ, тус улсын Худалдааны танхимаас “Монгол-Солонгосын бизнес уулзалт”-ыг саяхан Улаанбаатарт зохион байгууллаа. Манай улсын эдийн засгийн хурдацтай өсөлтийг даган гарч байгаа өөрчлөлтийг Өмнөд Солонгосын бизнес эрхлэгчид болон байгууллагынханд үзэж харуулж, танилцуулах зорилготой энэ уулзалтад манайд үйл ажиллагаа явуулж байгаа болон Өмнөд Солонгосын Худалдааны танхимын урилгаар ирсэн 30 шахам аж ахуйн нэгж, Монголын талаас мөн нижгээд компанийн төлөөлөл оролцсон. Энд мөн манай талаас ЭЗХЯ, ҮХААЯ, БХБЯ, ЭХЯ-ны дэд сайд нар салбарынхаа чиг бодлого болон томоохон төслүүдийг танилцуулав. Хоёр улсын бизнес уулзалтаас хийсэн сурвалжлагаа хүргэе.

Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат:
 

-Төрийн сайд болон эдийн засагч, санхүүгийн хүний хувьд бизнес уулзалтаас Танд юу “харагдав”?

-Өмнөд Солонгос бол манайд ойрхон байгаа экспорт, импортын өндөр хүчин чадалтай улс. Ялангуяа, шинжлэх ухаан, техник технологи, санхүү хөрөнгө мөнгөний хувьд асар их боломжтой. Уул уурхай, дэд бүтцийн хөгжлийн хөтөлбөрт БНСУ шиг орон оролцоход үйл ажиллагаа чанартай хийгдэх боломж бүрдэнэ. Уулзалтаар манайхан дэд бүтцийн томоохон төслүүдээ танилцууллаа. Өмнөд Солонгосын компаниуд энд янз бүрийн хэлбэрээр хөрөнгө оруулж, оролцож болно. Тухайлбал, хувь аваад, зээл олгоод оролцож болно. Ялангуяа, уул уурхайн төслүүд тэдэнд сонирхолтой байгаа байх. Хоёр талын хамтын ажиллагаа Засгийн газар, хувийн хэвшил сайн хамтарч чадвал бидний төлөвлөгөө хурдан биелнэ.



-Уул уурхайгаас бусад салбарт ямар боломжууд байна?

-Өмнөд Солонгос бол гар утас, интернэт, электрон бараа, технологийн хөгжил өндөртэй. Өөрсдөө маш хүчирхэг учраас манай компаниудыг “чирэх” бүрэн боломжтой. Хамтрах, гадаад зах зээлд эсвэл Монголд бүтээгдэхүүнээ үйлдвэрлэх боломж байна. Гэхдээ гадныхан манай хууль зүйн орчинг шүүмжилж байна. Бидэнд хууль эрхзүйн орчноо сайжруулах шаардлага бий.


БНСУ-ын Гадаад худалдааны Танхимын ерөнхий менежер Хо Кей Жан:


-Таны харж байгаагаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн байдал ямар байгаа вэ?

-Өнөөдөр Монголд БНСУ-ын арваад байгууллага салбараа нээгээд үйл ажиллагаа явуулж байна. Манай хоёр орны сүүлийн нэг жилийн гадаад худалдааны нийт дүн 400 сая ам.доллар давсан. Энэ нь хоёр улсын гадаад худалдаа үр дүнтэй эрчимтэй хөгжиж байна гэсэн үг. Зөвхөн дэд бүтэц гэлтгүй, гоо сайхны бүтээгдэхүүн, барилгын материал, техник технологи сэлбэг оруулж ирэх, засах сэлбэх түрээслэх зэрэг олон боломж байна. Хоёр улсын харилцаа өргөжихийн хэрээр, нэр нөлөөтэй том компани гэхгүй бүхий л салбарт хамтын ажиллагаа өргөжинө гэж боддог.


-Танайхан Монголд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхол их байгаа нь харагдаж байна. Тэгвэл монголчууд танайд бизнес эрхлэх боломж хэр байна вэ?

-Солонгосчууд Монголын зах зээлд хэрхэн гарах, хөрөнгө оруулах вэ гэдэг тал дээр анхаарч ирсэн боловч яг энд ирээд төрсөн сэтгэгдэл гэвэл таны асууснаар эргээд Монголчууд манайд очоод юу хийх боломж байна гэж бодогдсон. Зах зээл, иргэд хоорондын харьцаа хөгжиж байгаа учраас энэ тал дээр олон боломж байгаа. БНСУ-ын кино, дуу бүжиг дэлхийд гарч Солонгос урсгал бий болсон. Соёлын салбарыг даган гарч ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг Солонгост үйлдвэрлэж, бизнес хийхэд болохгүй гэх газаргүй. Иргэд хоорондын харилцаа хөгжиж байгаа учраас соёлын салбарт хөрөнгө оруулах боломж байна гэж үзэж байна.



-Монголын бизнесийн орчныг хэрхэн дүгнэж байна вэ? Бэрхшээл гарч байна уу?

-Монгол Улс хүн ам цөөн, түүнийгээ дагаад хэрэглээний зах зээл багатай юм гэж дүгнэсэн. Тиймээс томоохон компани, корпорациуд гэхээсээ ЖДҮ, хөнгөн үйлдвэрийн салбарууд Монголын зах зээлд гарвал зүгээр гэж бодож байна . Нөгөөтэйгүүр Монгол нь хуурай, эх газрын улс учраас бараа, бүтээгдэхүүний экспорт импорт гуравдагч улсаар дамждаг. Тээврийн буюу хэрэглээний зах зээлийн багтаамж бэрхшээлтэй байна.


БНСУ-ын ЭСЯ-ны Уул уурхай, эрчимхүч.дэдбүтцийнбизнесийн зөвлөх С.Бүрэнтогтох:

-1990 онд БНСУ-тай дипломат харилцаа тогтоосноос хойш өнөөдрийг хүртэл тус улс манай худалдаа эдийн засгийн томоохон түнш орон, түүний дотор гуравдахь том хөрөнгө оруулагч болсон. Өнөөдрийн хувьд манай улсад суугаа БНСУ-ын ЭСЯ, тус улсын томоохон компаниуд цаашдым зорилго чиглэлээ шинээр тодорхойлж байна. Худалдааны түнш орноос хөгжлийн түнш орон болох зорилт тавьж байна. Өмнөд Солонгос улс хөгжлийн богино хугацаанд дэд бүтцийн томоохон төслүүдийг маш амжилттай хөгжүүлсэн. Тиймээс энэ чиглэлийн ирээдүйтэй төслүүдэд БНСУ-ын тал оролцох сонирхолтой байгаа.


БХБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Р.Эрдэнэбүрэн:


-БНСУ-ын зүгээс манай барилгын салбарт хөрөнгө оруулалт татах боломж хэр байна вэ?

-Энэхүү хөрөнгө оруулагчдын уулзалтад барилгын салбараа төлөөлөн илтгэл тавьж байна. Барилгын салбарт хөрөнгө оруулах эрхзүйн орчныг хэрхэн шинэчилж байгаа талаар, хоёрт барилгын салбарын норм стандартыг дэлхийн стандартад ойртуулахаар ажиллаж байгаа учраас үүнийгээ тайлбарлав. Гуравдугаарт гэр хорооллыг орон сууцжуулах чиглэлээр ямар ямар үйлдвэрлэлд хөрөнгө оруулбал илүү дэмжих боломжийг тайлбарласан Хамгийн гол нь орон сууцны дэд бүтцийг төрөөс тавиад өгье дэд бүтэц нь бэлэн газар дээр орон сууц хямдхан бариач гэж санал болгож байна.



-Манай хууль эрхзүйн орчныг тогтворгүй гэж дүгнээд байгаа?

-Тогтвортой, тогтворгүй гэдэг нь уул уурхайн салбарт гадны хөрөнгө оруулалт их байгаа учраас нийгмийн уур амьсгал нөлөөлж тэгж харагдаад байгаа. Барилгым салбар бол өөр.

 

Д.Зоосоо
Эх сурвалж: “Бизнес таймс”