sonin.mn
Олон улсын боловсролын өдрийг тохиолдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Цэдэвсүрэнтэй ярилцлаа.
 
-Өнөөдөр олон улсын боловсролын өдөр. Энэ өдрийг тэмдэглэдэг болсон шалтгаан юу вэ?
 
-НҮБ-ын Ерөнхий ассамблейн 2018 оны хурлаас жил бүрийн нэгдүгээр сарын 24-ний өдрийг боловсролын олон улсын өдөр болгохоор шийдвэрлэсэн. Энэхүү өдөр жил бүр зохион байгуулагдахдаа тодорхой уриа дэвшүүлдэг, энэ жилийн уриа нь “Ковидын үеийнхний боловсролын үйлчилгээг сэргээх” юм. НҮБ-ын тогтвортой хөгжлийн зорилгын нэг гол зорилт бол иргэнд чанартай боловсрол олгох явдал юм. Тогтвортой хөгжлийн зорилго 2030-ийг 2015 онд НҮБ-ын 70 дугаар чуулганаар баталсан. Энэ хөтөлбөрийн гол концепци нь НҮБ-ын гишүүн орнууд ирээдүйн хөгжлийн төлөө хамтдаа зүтгэх, харилцан туслах, аль нэг улс орныг хөгжлөөр нь орхихгүй гэсэн явдал юм. Тэгэхээр иргэнд чанартай боловсрол олгох зорилтын хүрээнд НҮБ-ын орнууд тодорхой асуудлаар хамтдаа, харилцан туслах зарчмаар ажиллахаар олон улсын боловсролын өдрийг бий болгосон гэж үзэж болно.
Энэ жилийн уриа ковидын үеийн боловсрол гэдэг шинэ нэр томьёог гарган ирж байна. Ковидын энэ цар тахлын дараа дэлхий хуучин хэвэндээ орохгүй, маш олон зүйл өөрчлөгдөнө гэж олон эрдэмтэн мэргэд хэлж бичиж байгаа. Хожмоо түүхэнд энэ үеийг “Ковидын үе” гэж нэрлэгдэхийг үгүйсгэхгүй.
Дэлхий даяар бидний амьдрал, ажилд цахим технологи хүчтэй нэвтэрч, өөрчлөлтийн шинэ үе эхэлж байна. Боловсролын салбар үүнээс хоцроогүй ээ. Иргэндээ чанартай, тасралтгүй боловсрол олгох бодлого зорилтоо хэрэгжүүлэх ажлыг бид өнгөрсөн хугацаанд буюу 2020 оны 2 дугаар сараас хойш олон төрөлт хэлбэрээр зохион байгуулж байна.
 
-Сургалтанд цахим технологи, хэлбэр үнэхээр хүчтэй орж ирж байгааг бид харж байна. Таны боловсролын салбарт хийж байгаа реформын эхлэлийг цахим боловсролын шилжилт гэж харж байгаа?
 
-Манай улс өмнө нь боловсролын салбарт зайн сургалт гэдэг нэр томьёог ашиглаж байсан. Гэхдээ сургалт нь ийм технологи, контент, хөтөлбөр агуулаагүй, нийтийг хамарсан шинжгүй байсан. Бид богино хугацаанд сургалтыг цахим, зайн хэлбэрээр, массыг буюу цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсрол, дээд боловсролыг хамруулан шилжүүлж, хөрвүүлж чадлаа. Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний суурь мэдлэгийг хүүхдүүдэд заавал эзэмшүүлэх чиглэлээр хичээлүүдийг богинсгосон цагаар бэлтгэх, хичээл сурлагын хоцрогдол аль болох гаргахгүй байх, нэмэлт хичээл, давтлага өгөх, багш нараа хурдан хугацаанд чадавхижуулан сургахад илүү анхаарч, хамгийн гол нь сургалтыг аль ч хэлбэрээр бай тасралтгүй явуулах нь чухал байсан. Үүнийг багш, эрдэмтэд, албан хаачид, мэдээлэл технологийн мэргэжлийн байгууллага, телевизүүдийн холбоо, эцэг эхтэй хамтран хийж чадсан, цаашид улам илүү сайжруулна. Өөрийн тань хэлж байгаагаар салбарт хийгдэх шинэчлэлийн гол ажлын нэг нь “Цахим боловсрол” байсан.
Теле, цахим хичээл бүрэн үзэж, хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдэд хэвлэмэл хэлбэрээр материал бэлтгэн хүргүүлэх, багш нар байнгын эргэх холбоотой ажиллах, зөвлөх, хичээл бататгах, эцэг эхэд нь дэмжлэг үзүүлэх гээд манай орны нөхцөлд таарсан боломжит бүх л арга хэмбэрийг ашиглаж байгаа. Хичээлд хамрагдалт, чанар, хоцрогдолын талаар яам, харьяа байгууллага, мөн хөндлөнгийн байгууллагаар тогтмол судалгаа хийлгэн, гарсан дүнд нь суурилан авах арга хэмжээний менежментийг өөрчлөн ажилласаар байна.
 
 
 
Цахим боловсрол, цахим сургалттай холбоотой хууль эрх зүйн орчны нарийвчилсан зохицуулалт манай улсад байхгүй тул үүнд анхаарал хандуулах нь миний ажлын дараагийн чухал зүйл байлаа.
 
 
 
-Боловсролын шинэчлэлийн гол цөм нь ер нь юу вэ, цахим боловсрол уу? Шинэчлэл эхлэхгүй байна, удаан байна гэсэн шүүмжлэл байгаа...
 
-Боловсрол, шинжлэх ухааны сайдын ажлыг хүлээн аваад хамгийн түрүүнд боловсролын чанарт ахиц гаргах, үндэсний боловсролын чанарыг дэлхийд хүлээн зөвшөөрүүлэх бодлого гарган ажиллаж байна. 2018 оноос ерөнхий боловсролын сургуулийн сургалтын чанар, үнэлгээнд хөндлөнгийн түүврийн аргаар судалгаа хийж эхэлсэн. Сургалтын чанарын үнэлгээ хангалтгүй гарсан. Өмнө нь энэ талаар хэвлэлд мэдээлэл гаргаж байсан тул дэлгэрэнгүй ярихаа больё.
Шинэчлэлийг хэрхэн хийх, яаж хийх вэ гэдэг асуудлыг хувь хүн аль өнцгөөс нь харж байгаа нь сонин. Шинэчлэл хийнэ гэж цээжээ дэлдэн байнга түүнийгээ ярих амархан л байх. Харин ямар шинэчлэлийг ямар аргаар, яаж хийх вэ гэдэг өөр. Тэгээд ч шинэчлэл гэдэг зүйлийг нэг өдөр гэнэт хийчихдэг ч юм биш, ялангуяа боловсролын салбарт. Таны хэлж байгаачлан боловсролын салбарт шинэчлэл, реформ хийгдэхгүй байна гэдэг яриаг хэд хэдэн хүн байнгын давтамжтай хэлээд байгааг би анзаарсан. Гэхдээ шинэчлэл хийгдэхгүй байна гэдэгтэй санал нийлэхгүй.
Салбарын шинэчлэлийн гол цөм нь хууль эрх зүйн орчноо шинэчлэх, ирээдүйн хөгжил, бодлогоо хэрэгжүүлэхэд чиглүүлэх ёстой гэж үзсэн. Тийм ч учраас энэ ажил дээр илүү их анхаарал хандуулж ажиллалаа. ЗГҮАХ-т боловсрол, шинжлэх ухааны салбарын үйл ажиллагааны бодлого, зорилтоо тусган батлуулж хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулсан гэж үзэж байгаа. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд бид багаараа ЗГҮАХ-ийг хэрэгжүүлэхээр бодлогын гол асуудлаар УИХ-ын Байнгын хорооны 1 тогтоол, Засгийн газрын 9 тогтоол, ЗГ-ын хуралдааны 8 тэмдэглэл гаргуулж, сайдын олон тушаал баталсан. Тухайлбал, Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө /2021-2030/, Тэгш хамран сургах боловсролын талаар авах зарим арга хэмжээний тухай, Яслийн үйлчилгээний тухай, Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай, Чадварлаг багш арга хэмжээг хөтөлбөр, төлөвлөгөөний тухай, Боловсролын багц хуулийн төсөл гэх мэт. Ер нь миний ажилдаа барьсан зарчим бол салбарын шинэчлэлийн хүрээнд 2020-2021 онд гол хууль, тогтоомж, шийдвэрүүдийг бүхэлд нь батлуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, 2022-2024 онд хэрэгжилтийг бодитойгоор эрчимжүүлж үр дүн гаргах, үнэлэх, дараагийн таван жилийн нарийвчилсан төлөвлөлтийн төсөл боловсруулах байв.
 
-Та сая боловсролын багц хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлсэн гэлээ, тодруулж яриач...
 
-Бидний өнөөдөр мөрдөж байгаа Боловсролын тухай хууль 2002 онд шинэчлэн батлагдсан хууль юм. Энэ хуулийг шинэчлэх ажлыг 2017 оноос эхэлсэн боловч төдийлөн ахиц гараагүй. 2020 оны эхээр хуулийн төсөл боловсруулах ажил идэвхжиж эхэлсэн боловч мөн л зогсонги байдалд орсон. Улс төрийн нөлөөлөл, бусад хөндлөнгийн нөлөөллүүд гараад байсан л даа. Би ажлаа авснаас хойш хуулийн төсөл боловсруулах ажлыг шуурхайлуулж, ажлын хэсгийг өргөтгөн байгуулж ажилд нь оруулсан. Багш нарын VII дугаар их хурлын зөвлөмж, Шинжлэх ухааны ажилтны анхдугаар их хурлын зөвлөмж, боловсрол, шинжлэх ухааны салбарын суурь болон бусад цогц судалгаа, олон улсын боловсролын хууль тогтоомжийн харьцуулсан судалгаанууд, Алсын хараа 2050, Боловсролын дунд хугацааны төлөвлөгөө 2030, Тогтвортой хөгжлийн 2030 үзэл баримтлал, үндсэн чиглэл, ЗГҮАХ гээд боловсролын, шинжлэх ухааны салбарын хуулиудыг нэн яаралтай шинэчлэх шаардлагатай нь тодорхой болсон. Үүнийг тэргүүн ээлжинд хийнэ гэж төлөвлөсөн, түүнийгээ ч сайн хэрэгжүүлж чадлаа гэж үзэж байгаа.
Анх удаа салбарын хуулийн төсөл боловсруулахад багш, эрдэмтэн, иргэн, албан хаагчдаас өргөнөөр санал авч, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ тийм хялбар, бага ажил байгаагүй. Олон хүний хүч хөдөлмөр, оюун ухаан шингэсэн, цаг хугацаа шаардсан ажил байлаа. Боловсрол, шинжлэх ухааны яамны веб сайтад байршуулсан үзэл баримтлал болон хуулийн төсөлтэй 57,654 иргэн хандалт хийн танилцаж, цахимаар 24,381, цаасаар 5,319, нийт 29,700 хүн саналаа ирүүлсэн. Албан бичгээр төрийн 50 байгууллагын 4,988 санал, иргэний нийгмийн 14 байгууллагын 331, нийт 5,319 санал ирүүлсэн байна.
Хэлэлцүүлгийг цахимаар зохион байгуулсан, хэлэлцүүлэгт 21 аймаг, 9 дүүргийн боловсролын байгууллагын хамт олны төлөөлөл болох 5,632 багш, ажилтан, бусад их дээд сургууль, шинжлэх ухааны болон харьяа байгууллагын 505 төлөөлөл, нийт 6,137 хүн оролцож саналаа илэрхийлсэн. Хуулийн төслийг сайжруулан боловсруулахдаа дээр дурдсан санал, хэлэлцүүлгийн үр дүнг тусгасан. Боловсролын ерөнхий хуулийн болон дагалдан батлагдах гурван хуулийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтоод байна.
 
-Бусад салбарыг бодвол зогсож, хүлээж, хойшлуулж болдоггүй ажилтай гол хоёр салбарыг эрүүл мэнд, боловсрол гэж боддог. Ковидын энэ цаг үед багш нар ч зарим талаараа ачаалалтай ажиллах шиг боллоо?
 
-Тантай санал нэг байна. Хичээл сургалтын үйл ажиллагаа теле, цахим хэлбэрт шилжсэнээр багш нарын ачаалал эрс нэмэгдсэн. Сурагч, оюутантай эргэх холбоотой ажиллах, хичээлийн нэмэлт ойлголт мэдээлэл, сургалтын материал өгөх, бататгах хичээл заах, давтлага өгөх гэх мэт. Энэ ажил бидний яриад сууж байгаа шиг, хэлж байгаа шиг, цаасан дээр бууж байгаа шиг тийм амар хялбар биш. Бид эцэг, эх, иргэн, нийгэмд ойлголт өгөх зорилгоор теле хичээл хэрхэн бүтдэг, багш нар түүнийг хэрхэн заадаг, теле хичээлийн дараанаас багш нар хүүхдүүдтэйгээ хэрхэн ажилладаг талаар богино хэмжээний контентууд бүтээн сурталчилж байсан. Багшийн ажлын үнэлэмж, нэр хүндийг монгол хүн бүр ойлгон, өндрөөр үнэлж, дэмждэг байх ёстой л доо. Теле, цахим хичээл чанар муутай, тааруу гэсэн шүүмжлэл гарч л байсан. Уулын мод урттай, богинотой гэдэг шиг багш нар дотор ажилдаа хариуцлагатай ханддаггүй, сэтгэлгүй, аргацааж өнгөрөөх цөөн тооны хүмүүс байгааг үгүйсгэхгүй. Цөөн хүмүүсээс болж салбарын ажлын үнэлэмж буурч, үгүйсгэгдэх ёсгүй л дээ.
 
-Саяхан боловсролын үйлдвэрчний байгууллагаас багш нарын цалин, нэмэгдлийг яамнаас хассан шийдвэр гарлаа, эсэргүүцэж байна гэсэн мэдээлэл гарсан. Энэ талаар тодруулаач. Хоёр үйлдвэрчний байгууллага байдаг уу?
 
-Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос яаманд шаардлага ирүүлсэн. Тухайн үед хэвлэл мэдээллээр ямар шаардлага ирүүлж, ямар хариу өгч байсан талаар мэдээлэл гарсан.
Цар тахлын энэ цаг үед Засгийн газар, яамнаас багш нарынхаа цалин, нэмэгдлийг хасах ямар ч шийдвэр гаргаагүй, гаргах ч үгүй. Харин ч Засгийн газраас иргэдийн эрүүл мэнд, амьжиргааны баталгааг хангахтай холбоотой олон чухал эерэг шийдвэрийг гаргаж байгаа. Энэ байгууллагаас ирүүлсэн шаардлагад багш нарын ур чадвар, үр дүнгийн урамшууллыг яагаад өгөхгүй байгаа, төсвийг яаманд төвлөрүүлсэн талаар бичсэн байсанд тайлбар хийе. ЗГҮАХ-т “”Чадварлаг багш” арга хэмжээг хэрэгжүүлж, мэргэжлийн стандартыг нэвтрүүлэн, үнэлэмжийг хөдөлмөрийн бүтээмж, гүйцэтгэлд суурилсан тогтолцоонд шилжүүлнэ” гэсэн зорилт дэвшүүлэн түүнийг хэрэгжүүлэх ажлыг эхлүүлсэн.
Төрийн үйлчилгээний албан хаагчдад Засгийн газрын 2018 оны тогтоолоор баталсан журамд зааснаар ажил гүйцэтгэх чадвар, ажлын арга барил, идэвх санаачилгыг нь дэмжиж, үр бүтээлтэй ажиллуулах зорилгоор албан хаагч, ажилтанд ур чадварын нэмэгдэл олгодог. Гэхдээ тухайн салбар, мэргэжлийн онцлогийг харгалзан ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг салбарын сайд нь хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайдтай хамтран тогтоох журамтай юм. “Чадварлаг багш” арга хэмжээ, төлөвлөгөө батлагдсантай уялдуулан багш, ажилтанд ур чадварын нэмэгдэл олгох шалгуур үзүүлэлтийг шинээр боловсруулан хамтран батлахаар тушаалын төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Сангийн сайд нарт хүргүүлсэн, арай баталгаажаагүй байна.
Боловсролын салбарт 2020 оны байдлаар 13,190 багш ажиллагсад ур чадварын нэмэгдэл авсан. Энэ нь нийт ажиллагсдын 26 хувь байгаа юм. Энэ оны сайдын багцад ур чадварын нэмэгдэл олгох төсөв нь батлагдсан, шалгуур албажин батлагдсаны дараа нэмэгдлийг саадгүй олгоно. Улс төрийн энэ нөхцөл байдлаас хамаарч бага хэмжээгээр цаг хугацааны хоцрогдол гарч болзошгүй болчихлоо. Нэгдүгээр сардаа багтаан шалгуурыг батлуулан нэмэгдлийг олгоно.
 
 
 
Үр дүнгийн урамшууллыг багш нарт улирал тутам олгодог журамтай. Үүнийг мөн саяхан батлагдсан “Чадварлаг багш” арга хэмжээ, төлөвлөгөөтэй уялдуулан шалгуурт нь өөрчлөлт оруулж батлан, хугацаанд нь олгоно. Улсын төсөвт зардал нь батлагдсан байгаа. Мэдээж багш нар өөрийн хөдөлмөрийн бодит бүтээмж, гүйцэтгэлдээ суурилсан, хийсэн ажлаа үнэн зөвөөр үнэлүүлсэн цалин, нэмэгдэл, урамшуулал авахыг дэмжинэ, үүнийг эсэргүүцэх хүн байхгүй гэдэгт итгэлтэй байна.
 
 
 
За тэр хэдэн үйлдвэрчин байдаг, аль нь жинхэнэ, аль нь өөр хэлбэрийн гэдэг дээр тайлбар хэлэхгүй, энэ асуудалд яам оролцохгүй.
 
-Нэгэнт боловсролын салбарын талаар ярилцаж байгаа болохоор танаас нэг зүйл тодруулья гэж бодлоо. Монгол хэлний дүрэм өөрчилсөн, хичээлийг хасна, монголын түүхийн хичээлийн талаар нэг хэсэг шуугисан. Энэ талаар?
 
-Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн зарим хичээлийн үнэлгээг кредитийн системд шилжүүлэхээр төлөвлөж байгаа юм. Оюутан ямар сургуульд, ямар чиглэлээр мэргэжил эзэмшихээр суралцаж байгаагаас үл хамааран нэгдүгээр курст заавал судлах 6-8 хөтөлбөр/хичээл/ байдаг. Тухайн оюутан хэрвээ ЕБС-ийн ахлах ангидаа эдгээр хичээлийг амжилттай сурч, үнэлүүлсэн байвал тэрхүү үнэлгээг нь кредитээр дүйцүүлэн тооцдог болгохоор журамлах юм. Жишээлбэл, анагаахын сургуульд элссэн оюутан ЕБС-даа түүхийн хичээлээ 80-аас дээш хувиар сайн үнэлүүлсэн бол түүнийг нь кредитэд шилжүүлэн дүйцүүлнэ гэсэн үг. Ингэснээр тухайн оюутан мэргэжлийн өөр хичээлээ нэгдүгээр курстээ сонгон үзэх боломжтой гэсэн үг л дээ. Мэдээж түүх, нийгэм, монгол хэлний чиглэлээр мэргэжил эзэмшин цаашид суралцах оюутанд энэ хамаарахгүй. Асуудлыг судлаагүй, нэмэлт мэдээлэл аваагүй, янз бүрээр гуйвуулж дайрсан үйлдэл гарсан гарсан. Цаашид энэ кредит дүйцүүлэх, хүлээн зөвшөөрөх ажлыг хийнэ.
Монгол хэлний хуульд зааснаар манай улсад Хэлний бодлогын үндэсний зөвлөл гэж ажилладаг. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгч шинэчлэн баталсан. Энэ зөвлөл Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэд ажилладаг.
Хэлний бодлогын үндэсний зөвлөлөөс 2016 оны 9 дүгээр сард 05 тоот тогтоол гарган “Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын Монгол үсгийн дүрмийн тольд хавсаргасан “Монгол үсгийн дүрэм”-ийг нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон. Бид өнөөдөр Ц.Дамдинсүрэн, Б.Осор нарын “Монгол үсгийн дүрэм”-ийг мөрдөн сургалтад хэрэглэж байгаа. Ер нь кирил болон үндэсний бичгийн зөв бичих дүрэм, түүний өөрчлөлтийг Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн хариуцан боловсруулж, Хэлний бодлогын үндэсний зөвлөл баталдаг хуультай.
 
-Энэ асуудалтай холбоотойгоор таныг өөр үндэстэн гэх мэтээр хэсэг шуугисан л даа
 
-Миний аав Баянхонгор аймгийн, ээж минь Төв аймгийн харьяат сайхан буурлууд бий. Яах вэ хэсэг увайгүй хүмүүсийн тийм дайралтад аав, ээж хоёр минь л хамгийн их хямарч, ядарсан. Аав, ээж, миний төрсөн эгч, дүүс бид бүгд халх. Үр хүүхдүүд минь ч халх. Би ер нь хэвлэл мэдээлэл, сошиал, цахимд гэр бүл, хувийн амьдралаа гаргадаггүй, ярьдаггүй зарчимтай. Хоёулаа сэдвээсээ хазайгаад хувийн амьдрал руу минь орчлоо.
 
-Уучлаарай, гэхдээ нийгэм нь ийм болчихсон үед зөв мэдээллийг өгөх л хэрэгтэй гэж би бодож байна. Таныг боловсрол мэддэггүй, багшийн ажил ч мэддэггүй гээд, бас өөр өөр хувийн зүйлээр чинь хүмүүс их бичдэг л дээ
 
-Сайдын ажлыг хүлээн авсанаас хойш би нэг удаа л хэвлэлд ярилцлага өгөхдөө аав ээж, гэр бүлээ товч танилцуулж байсан. Ер нь миний ажил хөдөлмөртэй миний гэр бүлийн амьдрал огт хамаагүй, би ажил, амьдралаа хэзээ ч хольдоггүй зарчимтай. Энэ зарчмаасаа төрийн албанд энэ олон жил зүтгэхдээ нэг ч удаа хазайгаагүй. Миний аав, ээж, эгч, дүү нар минь ч миний ажилд оролцож, хувийн асуудлаа хутгадаггүй, ингээд сурчихсан юм л даа. Одоо ч, өмнө нь ч хашиж байсан албан тушаал ажлаа би бизнесийн нүдээр харж байсангүй. Манайх энгийн л нэг, Монголын дундаж амьдралтай гэр бүлүүдийн нэг, хүүхдүүд, зээ нар маань дотооддоо улсын сургууль, цэцэрлэгт явдаг. Аав, хоёр дүү минь багш. Тэгэхээр би багшийн ажил, хөдөлмөрийн цар хүрээ, үнэлэмжийг сайн мэднэ. Хэдийгээр мэргэжил минь багш биш ч гэлээ энэ салбарт чамлалтгүй олон жил ажилласных салбараа бас мэднэ ээ.
 
 
 
Аав ээж хоёр минь үр хүүхэд биднийг шударга, ажилдаа хариуцлагатай, үнэнч, тусархуу байхаар хүмүүжүүлсэн. Дүү нарыг багш гэхээр бас буруу ойлгочихвий дээ, тэдний ажилд миний оролцоо байхгүй.
 
 
 
Миний нэг дүү хөдөө сумын ЕБС-д олон жил багшилж байна, ажил мэргэжилдээ их сайн хамт олондоо хүндлэгдсэн, үнэлэгдсэн эмэгтэй бий. Нөгөө дүү минь төрийн өмчийн их сургуулийн багш мөн л олон жил хийж байна, сайн эрдэмтэн. Бас л ажилдаа махруун, шудрага нь дэндсэн, хариуцлагатай бүсгүй. Би аав, ээж, эгч, дүү, үр хүүхдүүдээрээ бахархдаг шүү. Үргэлж намайг дэмжин, урам зориг өгч байдагт нь баярладаг.
 
-Та сошиал орчинд идэвхтэй биш байх аа. Ажлын мэдээлэл л гардаг. Улс төрч хүний хувьд цахим орчинд идэвхтэй байх нь ажилд чинь дэм болно гэж боддоггүй юу?
 
-Хийж байгаа ажлаа хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим бусад сүлжээгээр түгээж, сурталчилаад байж болно. Өнөөгийн сошиал буюу facebook, twitter-н хэрэглээ улам л ёс жудаггүй, бохир болоод байна. Мэдээлэл түгээж, хуваалцаж, харилцан санал солилцож, хурдтай байгаа нь сайхан ч зөв хэрэглээ нь буруудаа дарагдаад байна гэж хардаг. Хүмүүс үзэл бодлоо илэрхийлэх нь чөлөөтэй ч энэ нь заримдаа хэтрээд хар талбар болж хувирах юм. Хэн нэгэн хүн рүү дайрах, доромжлох, гүтгэх, зугаагаа гаргаж сэтгэл ханамж эдлэхдээ түүний цаана эцэг, эх, үр хүүхэд, гэр бүл нь байгааг бодох хэрэгтэй. Бичиж байгаа хүмүүст ч мөн гэр бүл, аав ээж үр хүүхэд байдаг л байх. Өнгөрсөн хугацаанд надтай холбоотой гарч байгаа мэдээлэл, сэтгэгдэлийн хамгийн өрөвдөм хохирогч нь аав, ээж, эгч, дүү, хүүхдүүд минь байлаа. Тэд надаас илүү хямарч, өвдөж, туйлдсан, гутарсан. Би үүнд маш их харамсаж байгаа. Миний тухай огт мэдэхгүй хүмүүс миний өвчин зовлонгоор даажигнан аав, ээжийн минь элгийг эмтэлж байгааг харах хэцүү л юм байна лээ. Ийм болохоор би сошиалд идэвхтэй биш байдаг.
 
-Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээр огцорчихлоо, их гэнэтийн юм боллоо. Цахимд шинэ ерөнхий сайдын дараагийн багийн талаар бичигдээд эхэллээ...
 
-Хуульд заасны дагуу Ерөнхий сайд огцрох асуудлаа танхимдаа танилцуулж, бид бүгд дэмжсэн. Засгийн газрын кабинет багийн зарчмаар ажилладаг. Бид баг болж ажиллахдаа эхнээсээ хамтын хариуцлага хүлээх зарчмаа тохирсон. Сайд нар тангаргаа Ерөнхий сайдын өмнө хариуцлагаа хүлээнэ гэж өргөсөн. Тэгэхээр хамтын хариуцлагын энэ үйлдэлд нэг их цочирдоогүй.
Шинэ Ерөнхий сайд удахгүй УИХ-аар томилогдоно. Ерөнхий сайд багаа өөрөө бүрдүүлэх хуулийн эрхтэй. Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудалд бид тайлбар өгөх эрхгүй, мөн зохимжгүй. Ерөнхий сайд надад ямар ч санал тавьсан, ямар ч шийдвэр гаргасан би хүндэтгэлтэй хандана.
Төрийн буян гэж Монголчууд маань ярьдаг даа. Төрийн ажилд зүгээр л хоёргүй сэтгэлээр зүтгэсний үнэлэмж нь надад итгэл үзүүлж энэ сайдын албан тушаалд томилсон гэж би бодож хүндэлдэг. Монгол Улсын Ерөнхий сайдын итгэлийг хүлээн энэ албан тушаалд зүтгэсэн маань манай гэр бүлийн түүхийн хамгийн сайхан бахархууштай үе байх болно.