sonin.mn
Тэр жил амьдрал хөөж би Солонгос явсан юм. Уг нь Магваны Эрдэнэбат бид хоёр хамт явсан боловч, тэр маань удалгүй буцсан билээ. Хүний нутгийн тэнгэр дор хоёр жил шахам халуун наранд шарагдаж, бүлээн бороонд шавшуулж, хүнд хүчир хар ажлын буулганд талхиулсаар 2007 онд ирлээ. Монголын радио телевиз их өөрчлөгджээ. Миний унаган байгууллага юм. Хууль гарч, Олон нийтийн статустай болсон байна. Үндэсний зөвлөл гэдэг удирдах дээд байгууллагатай. Дарга нь яруу найрагч, миний хар багын нөхөр Х.Чилаажав. Ерөнхий захирал нь идэр залуугаасаа нөхөрлөж, радио телевизийн саарал байшинд бужигнуулж явсан М.Наранбаатар найз минь болсон байв. Тэд маань найз нөхөр намайгаа мартаагүй юм шүү. “Яаралтай ир. Ажилдаа ор” гэж М.Эрдэнэбатаар дамжуулан дуудсаар байв. Эр хүн санасан даа, эмээлт морь харайсан даа гэдэг дээ. Нэрэлхсэн ч гэх үү, санасандаа хүрэх хараахан болоогүй байсан тул тэдний шахалт шаардлагыг сонссон ч “унжсаар” байв. Ингээд 2007 оны зун ирж билээ. Буянт-Ухаагийн буурал дэнжид буухад хар ногоон зун угтлаа. Ээ дээ, төрсөн нутаг, эх орон гэдгийн хагацашгүй сайхныг тэгэхэл л яс махаараа мэдэрсэн дээ.
Ирээд хоёр хонож байтал М.Эрдэнэбат ярив. “Нараа /М.Наранбаатар/ чамайг ээж аавтайгаа золгоод ир гэж машин гаргаж өглөө. Жолооч нь би” гэв. Ингээд эхнэр хүүхдээ аваад нутгийн зүг хөдөллөө. Хотоос гарч явтал Эркагийн утас дуугарч ярив. М.Эрдэнэбат “Шар хөвийн дөрөлж дээр хүлээж байя. Чилаа ирж уулзая. Нутаг руугаа мордоход чинь гаргаж өгье гэнээ” гэв.
Шар хөвийн дөрөлжнөөс эхлэн засмал замыг дөнгөж хуулаад байв. Өнөөх алдартай Дамба-Очирын зам эхэлж буй нь тэр шүү дээ. Х.Чилаажав, Ц.Буянзаяа, улсын начин У.Сүхбаатар гурав радио телевизийн цагаан Патрол жиптэй араас нэхэж ирэв.
Тэврэлдлээ, уулзалдлаа, нулимс унагалаа, сэржим өргөлөө.  Бид чинь 1990-ээд оны Улаанбаатарт өлмөн зөлөмхөн амьдарч, шүлгээ уншин сагаж, архи сархад сэржимдэж, хөөрч дэвэрч галзуурч явсан хархан багын найзууд билээ.
 
Зуны дуниартсан нартай тэр өдөр улсын начин Уртнасангийн Сүхбаатартай нүүр тулж танилцсан юмсан. Өмнө нь бол мэднэ л дээ. Мэдэх болсон минь ч учиртай юм.
1997 онд билүү дээ, улсын наадмын дөрвийн даваанд Г.Өсөхбаяр, заан байхдаа цэргийн арслан У.Сүхбаатарт уначихдаг юм. Өмнөх жил нь Д.Бумбаярт тахимдуулчихдаг ч билүү. Өсөхөө аварга бид хоёр нэг сургууль, дээд доод төгсөлтийн хоёр.
 
Эцгийн нэрний өмнө бид адилхан “Архангай амйгийн Батцэнгэл сумын харьяат” гэж дуудуулдаг. Улсын наадмын 512 бөхөөс ганцхан түүнийгээ л харж, горьдож суудаг байлаа. Тэгтэл уначихдаг байна. Хойтон жилийн наадам хол байна даа гэж харуусан бодож, Г.Өсөхбаярыг өвдөг шороодуулсан цэргийн арслан У.Сүхбаатарыг ойроос харж байсан юмсан. Тэгэхэд би төв цэнгэлдэхэд ажиллаж байв. Наадам дамжуулж байсан Монголын радиогийн багийг ахалж байсан билээ.
Уртнасангийн Сүхбаатар гэж шагай шиг дөрвөлжин эр байлаа. Улаан хүрэн шуудаг, хөх цэнхэр далбаатай байсан санагдана. Зузаан хүнд цээжтэй, бөөрөнхий бүдүүн гуятай, нарийн ууцаараа хотгор. Өмнөөс нь харахад гэдгэр юм шиг, араас нь харахад бөгтөр юм шиг.  Тийм сайхан эр анх нүдэнд туссан юм. Ховорхон, сайхан төрсөн эр байлаа, миний найз. Анх тэгж харснаас хойш нүүр тулж уулзсан нь минь арван жилийн хойно, Шар хөвийн дөрөлж дээр билээ. М.Наранбаатар ерөнхий захирал болоод автогражийн даргаар У.Сүхбаатар, ерөнхий нягтлангаар О.Сүхбаатарыг авчирсан юм билээ. Ингэж л хоёр Сүхээтэй бид нэг тогооноос хоол идэж, нэгнээ нөхөж, нэгнээ дүүргэж, нэгнээ хөглөж, хөгжөөж амьдрах нөхөрлөлийн он жилүүд эхэлсэн. Арван гурван жил үй зайгүй андалжээ, цаг хугацаа гэдэг гялалзаад өнгөрөх юм.
Өдөр тумын ажил ч яахав дээ, жолооч нараас болж Сүхээтэй маргах, дуугаа өндөрсгөх үе бишгүй л гарна. Төдхөн мартчихаад, муушигны ширээний ард мар мар инээлдэж сууна. Мань хүн намайг “Булдруу, юу гээд хашгираад байсан бэ” гэнэ. Би мөчөөгөө өгөхгүй “Энэ том халзан толгойд их юм бий” гэх жишээний. Сүхээ бол мань мэтээр зүгээр л “тоглочихно”. Нэгэнтээ муушигдаж байтал Сүхээ “бороо ороод, цэцэг ургаад” гэв. Хэн ч анзаарсангүй. Бас нэгэнтээ “Улаан цагаандаа ч гарлаа л даа” гэв. Тэр болгон прол байх жишээтэй. Өөрт нь цэцэг хөзөр байгаа, эсхүүл улаан хөзөр хэрэгтэй байгаа тухай прол байдаг. Бас нэг удаа У.Сүхбаатар хэлэв. Бид тоглож байсан юм. “За ингээд хөөрхий муу жижиг Сүхээ нисэв ээ хөөрхий” гэв. О.Сүхбаатар “Яг ш дээ” гэж цодхийтэл хариулав. Мань хүн ноёнтой байсан аж. Тэгтэл том Сүхээ матаж гараад Амарсайханыг унагачихав. Ярьж тоглолоо гэж жижиг Сүхээ рүү Амраа уурлалаа. Ноён хөзөр хаана байгааг л мэдэх гэж нясалсан чулуу нь ингээд Амраа Сүхээ хоёрын дунд гал асаачихаж билээ. Тэр минь наад зах нь ингэж л муур хулганаар тоглох шиг л бидний сэтгэхүйгээр наадчихдагсан.
Радио телевизийн өдөрлөг гэж олон аймагт хийсэн. Сүхээ гражийн дарга болохоор машин тэргээ зохицуулж, цуваа ахалж явна. Бид хоёр олон аймагт, нэг машинд хамт явлаа. Шооч гэж, наргианч гэж. “Баяраатайгаа хамт явахад амар байдаг. Уйдаад байвал шүлэг уншуулчихна. Унтахдаа өвөртлөөд унтчихна” гэхээр нь би “Хуцаад бай” гэнэ. Бид хоёр тэр жил М.Наранбаатарын ургийн баярт Сүхээгийн Ланд-80-тай явсан юм. Явахдаа Сүхээ машинаа барьж, нутагтаа очиж баахан балгуушдсан түүний машиныг би барьж ирсэн билээ. Тэгж явахдаа бид сумын төвийн ойролцоо хээр хоноцгоолоо. Майхан сав барих нь барьж, гадаа ор дэвсгэр засах нь заслаа. Сүхээ бид хоёр машиндаа ор засссан юм. Маргааш нь л “уйдаад байвал шүлэг уншуулчихна, унтахдаа өвөртлөөд унтчихна” гэдэг үг гаргасан юмдаг. Хол замд хоёулхнаа явахдаа юу эсийг ярих билээ. Амьдрал, үр хүүхэд, хүн байхын тухай хүүрнэж явлаа. Ээж нь бага залууд нь өнгөрч, дүү нар нь өнчирч үлдсэн, тэднийгээ харж хандаж, хүний зэрэгт авч явах ёстой гэж ярьж явлаа. Аав нь нутагтаа байдаг байлаа. Энэ явалтын дараа найзыгаа нэг удаа баярлуулсан юмсан. Манай радиогийн инженер Цэгмид зах дээрээс хуучин ВЭП радио авч засч сэлбээд зардаг гэж сонслоо. Хоёр Сүхээгийнхээ аавд нэг нэг ийм радио авч өгье гэж бодоод Цэгмидэд захиалж хоёр радио угсруулав. Хоёр Сүхээгийн аавууд нас дээр гарсан хоёр сайхан буурал энх тунх байсан юмсан. Хөдөөний улс радио л сонсдог. Амьдралын нь дадал хэвшил байдаг даа. У.Сүхбаатартаа радиогоо өгч, “Аавдаа аваачиж өг” гэв. Миний найз хэрийн юманд тэгтэл баярлаж, хөл алдахаар хүн биш шүү дээ. Тэгэхэд л үнэхээр нэг баярлаж билээ. Миний угсруулсан радио заримдаа сонсогдоод, заримдаа болохгүй байна л гэж дуулдсан. “Аваад ир, ахиад засулж өгье” гэж хэлсэн. Мань хүн ч авчраагүй, би ч тэгсгээд мартаж.
Энэ он жилүүдэд “Том халзан толгойд их юм бий” гэдгийг олон юман дээр анзаарсан юм. Бөх хүн бүдүүн ширхэгтэй гэдэг чинь ёстой худлаа юм билээ. Даан ялангуяа манай Сүхээ бол гүйлгээ ухаантай, торгон мэдрэмжтэй. Ер нь ч тэгээд барилдана гэдэг тэр чигээрээ “ухаан” байх. Тархиндаа давхар мэх, нарийн тооцоо, уужуу ухаантай байх хэрэгтэй болдог байх аа. Нэрийг нь хэлээд яахав, манай нутагт нэг сайхан бөх бий. Ямар ч хүнийг дээш өргөөд гаргаад ирнэ. Даанч хаях ухаанаа олдоггүйм. Тэрнээр жишихэд ч тэр, барилдана гэдэг их ухаан гэж бодох болсон юм. Энэ бодол манай Сүхээгээс салаалж, батажсан бодол л доо.
 
 
 
Барилдахад гардаг тэр ухаанаараа амьдардаг байсан гэж боддог. Хүнтэй яаж нөхөрлөхөв, хүнийг яаж ойлгохов, хүнийг яаж хайрлахав, амьдралын аз жаргалтай өдрүүдийг яаж алдахгүй байхав, хэрхэн яаж илүү ихийн шуналгүй амьдрахав гэдгийг би ойр явсны хувьд найзаасаа олж харсан юм. Даанч, түүнийхээ энд хүрч амьдрах сачий дутах юм. Би түүн шиг том нөхөрлөж, гүндүүгүй амьдарч, цөлх хайрлаж, уужим орон зайтай амьдарч чадахгүй л байх даа гэж бодох болов. Түүний минь надад үлдээсэн “юм” их дээ.
 
 
 
Хоёрхон сарын өмнө шүү дээ, Сүхээтэй ярилаа. Аравдугаар сард цэрэг татлага эхэлж байв. “Миний том хүү 25 хүрчихсэн. Японд олон жил байсан болохоор зарлан алдаг оног ирсэн, цэргээс яаж гаргах вэ” гэж асуусан юм. Мань хүн “Чи манай ах дээр яваад оч. Би хэлчихнэ. Утсыг нь чам руу мессежээр явуулъя. Дөрөв таван зуун мянган төгрөг албан ёсоор төлөөд цэргийн алба хаасан гээд тамгалаад өгчихнө” гэж билээ. Ахтай нь уулзлаа. Сүхээгийн найз байна. Тан руу явууллаа гэв. Ах нь цаашаа өөр хүнтэй ярилаа. Миний ажил ч бүтлээ.
Ахтай нь таван үг солиод сууж байтал Сүхээ залгав. “Ажил чинь бүтэв үү хө гэж байна”. “Бүтлээ бүтлээ. Одоо харилаа” гэв. Сүхээ “Төгсөлтийн 30 жил болох гээд найз нь спортын арга хэмжээ зохион байгуулах гээд завгүй байна. Намайг үг хэл гэсэн. Чи нэг үг бэлдэнэ байгаа хө” гэв. Би тоглоом тоху хийж “Гурван хуудас шүлэг бичээд өгье. Миний найз уянгалтал уншчих” гэсэнд “Нэг хуудасны тал байхад л болно. Тэрнийг бол баараггүй цээжилчихэж дөнгөнө шүү” гэж байна. Ингээд би нэг тал нүүр юм бичээд, “Энэ бол зүгээр санаа шүү. Үг үнэн, бодитой, сэтгэлээсээ байвал илүү хүрнэ дээ” гэж бичээд өнөөхөө явуулав.
Маргааш орой нь телевизээр Өвөрхангай аймгийн Хужирт сумын төгсөгчдийн 30 жилийн ойн спортын арга хэмжээ боллоо гэсэн мэдээ гарч байлаа. Би дотроо, “Манай том халзан толгой хүртээмжтэй эр шүү. Телевиз аваачаад мэдээ авахуулчихаж” гэж дөгөөн бодож байлаа.
Хоёр хоног. Ердөө хоёрхон хоногийн дараа фээс рүү ортол “Улсын начин У.Сүхбаатар таалал төгслөө” гэсэн гаслант хар мэдээ дурайж байв. Амьдрал ийм санамсаргүй, ийм итгэмээргүй гэдгийг мэдддэг хэрнээ итгэж ядмаар болдог юм билээ. Би аавыгаа алдсан, багш нараа алдсан, яруу найрагч андуудаа алдсан. Цочирдом, элийрэм хэцүү байдаг. Дөнгөж хоёрхон хоногийн өмнө ярьж хөөрч байсан найзаа ингэж гэнэтхэн алдах үгээр хэлэх юм биш, зүрх зүсэм ёстой хэцүү юм аа. Анд минь бидэндээ хүн чанарын, хүн байхын, эр улсын нхөрлөлийн үлгэрлэл, “мөнх бусын багш” болон үлдлээ дээ.
 
 
2021.01.18
 
Зохиолч, сэтгүүлч Бидэрийн Баярсайхан