
ИСЛАМАБАД, 2024 оны нэгдүгээр сарын 23 /Anadolu/. Пакистан, Иран улсууд Элчин сайд нараа буцаан илгээхээр тохиролцсон нь өнгөрсөн долоо хоногт харилцан пуужингийн цохилт өгсний дараа хурцдаад байсан харилцаа сайжирч буйг илтгэж байна.
“Пакистан, Исламын Бүгд Найрамдах Иран Улсын Гадаад хэргийн сайд нар утсаар ярьж, хоёр улсын Элчин сайд нарыг 2024 оны нэгдүгээр сарын 26-ны дотор тус тусын албан тушаалд эргүүлэн оруулах талаар харилцан тохиролцлоо” гэж Пакистаны Гадаад хэргийн яамнаас даваа гарагт мэдэгджээ.
Мөн Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амир Абдоллахиан Пакистаны Гадаад хэргийн сайд Жалиль Аббас Жиланигийн урилгаар нэгдүгээр сарын 29-нд Пакистанд айлчилна гэж дээрх мэдэгдэлд дурдсан байна.
Өнгөрсөн долоо хоногт Ираны тал Пакистаны баруун өмнөд Белужистан мужийн хилийн Панжгур тойрог дахь “террористуудын нуувчинд” цохилт өгсөн гэж мэдэгдсэнээр хөрш хоёр орны хоорондын хурцадмал байдал улам хурцдаж, Исламабад Техранаас Элчин сайдаа эргүүлэн татахад хүргэсэн юм.
Ираны агаарын довтолгооноос хойш 48 цаг хүрэхгүй хугацаанд Пакистаны арми Систан-Белужистан мужийн Сараван хотын нэгэн тосгонд “босогчдын нуувчийг онилон” цохилт өгсөн байна. Ираны төрийн мэдлийн хэвлэлийн мэдээлснээр, пуужингийн цохилтын улмаас есөн хүн амиа алдсан бөгөөд бүгд “гадаадын иргэд” байжээ.
Э.Хулан
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг
Сэтгэгдэл0