sonin.mn

Украины эсрэг Оросын цэргийн СВО нэртэй бүрэн хэмжээний дайн 5 дахь жилийнхээ босгыг даваад цаашаа 4 дэх сардаа байлдаж байгаатай холбогдуулан мэдээллийн тэнцвэр хангах үүднээс Европын Холбоо гэж ер нь хэн юм бэ, яг нацизмын замаар орчихсон уу, нацист гэгдэх Украинаа элсүүлж авах нь уу гэдэг сэдвээр Ukraine–European Union relations (Wikipedia), Politico эх сурвалжаас хөрвүүлж буулгая. Энд sonin.mn сайтын байр суурь огт тусгагдаагүй болно.

 

European Union (EU) буюу монголоор ЕХ товчилсон нэрээрээ. Кремлийн суртал ухуулгаар бол нацизм руугаа живээд алга болсон, дэлхийн ба Европын дайны аюул нь Брюссель болчихсон гэдэг тархи угаалт нэн түгээмэл. Гэтэл хуучин Зөвлөлтийн БНУ-ууд толгой дараалан Москваг биш, Брюсселийг сонгоод байдаг. Молдова, Армены сонгууль ягштал харууллаа! Украин ЕХ-г эргэлтгүй сонгосон! Хэрэв 2020 оны Беларусийн сонгуулийн шударга дүн хэрэгжсэн бол энэ улс эргэлтгүй ЕХ руу тэмүүлэх байсансан!


Ингэхэд тэр ЕХ гэдэг нь Европын 27 улсыг нэгтгэсэн эдийн засаг, улс төрийн блок. Гишүүн-орныг албадан элсүүлдэггүй, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн эвсэл. Харин нэгдмэл гадаад бодлого, зөвшилцсөн батлан хамгаалах бодлогоо бүгд баримтлах ба 9 улс нь нэгдмэл  валют болох Еврог гүйлгээ-төлбөр тооцоондоо хэрэглэдэг.


Энэ тухай монголчууд сайн мэднэ. ЕХ-ны үндсэн институц нь Европын Парламент, Европын Зөвлөл, Засгийн газрын үүрэгтэй Европын Комисс, ЕХ-ны Зөвлөл, ЕХ-ны Шүүх, ЕХ-ны тооллогын танхим, Европын Төв банк гэх мэт. Институц болгон нь хууль батлах, худалдаа, хөдөө аж ахуй, бүс нутгийн хөгжлийн бодлого боловсруулж дээш өргөн барих эрх бүхий манай гариг дээрхи ардчиллын зарчмаар ажилладаг хамгийн төгс (нөгөөх нь НАТО) олон улсын Засгийн газар хоорондын эвсэл (байгууллага) бол ЕХ яах аргагүй мөн. Украинтай ЕХ ямар холбоотой вэ? 2013-2014 оны Майданы хувьсгалын үндсэн шалтгаан нь Украин ЕХ-нд хавсарга гишүүн болох гэж санал хураасан, түүнийг нь Кремлиэс эсэргүүцэн Москвад хамааралтай байлгах гэж дотоод хэрэгт нь эрээ цээргүй оролцсоноос үүдэлтэй юм. Москваг сонгосон нь нацист биш, Брюсселийг сонгосон нь нацист болчихоод оросууд одоо Украиныг ЕХ төдийгүй Европоос нь салгах гэж дайтаж байгаа ухаантай юм.



ЕХ-нд Украин хэзээ нэгэн цагт элсэж таарна. Харин ямар арга замаар вэ гэдгийг ЕХ-ны өргөжүүлэн тэлэх асуудал эрхэлсэн комиссар хатагтай Марта Кос ийм хувилбараар томъёолжээ. Стандартын бус шийдэл гэж нэрлжээ. “ЕХ-ны ассоцацчилагдсан гишүүн” гэдэг статусаар элүүлэх тухай канцлер Фридрих Мерцийн саналд хариу өгөх маягаар хатагай М.Кос ярьжээ. Онолын хувьд гурван ч хувилбар байж болно гэжээ.

 

  1. ЕХ-ны одоогийн дүрмээр бол нэр дэвшсэн улс орнууд жинхлэнгүүтээ ЕХ-той  интеграцчилагдана.
  2. Тодорхой салбарт ЕХ-ноос тавих шаардлагуудыг биелүүлсний дараа нэр дэвшигч тэр улс ЕХ-ны ерөнхий бодлогод нэгдэх мөртлөө салангид, салбарын интеграцад оролцоно. Украин энэ чиглэлд ажиллаж байна. Мөн Норвег, Швейцарь хоёр ЕХ-нд элсэхгүйгээр Шенгений бүсэд багтахаар ажиллаж байна.
  3. Хатуу гишүүнчлэлгүй, буцаж гарч, эргэж орж болох хувилбар яригддаг ч түүнийг нь ЕХ няцаасан гэжээ.

 

Ингэхэд ноён Ф.Мерцийн санал бол 2013 оны намар, өвөл украинчууд санал өгсөн, Киевт Дээд Радад батлачихаа шахсан тэр хувилбар шүү дээ. Ерөнхийлөгч В.Янукович ЕХ-ны талд байснаа Путины шаардлага тулгалтаар эргэж буцсанаас “Майдан” дэгдсэн. Харин энэ удаа бол санал өгөх эрхгүйгээр ЕХ-нд ассоцацлагдана гэж Ф.Мерц үзсэн. ЕХ-ны бүх хурал чуулганд Украины удирдагч, сайд нар, түшмэд оролцоно, гэхдээ санал өгөхгүй, санал хураалтад оролцохгүй. Ф.Мерцийн энэ саналыг Владимир Зеленский шүүмжилсэн.


В.Зеленскийгээс Европын Зөвлөлийн дарга Антониу Кошта, Европын Комиссын Ерөнхийлагч хатагтай Урсула фон дер Ляйен, одоогоор ЕХ-ны Зөвлөлийг даргалж буй улс болох Киприйн Ерөнхийлөгч Никос Христодулидис нарт захидал илгээж, ХБНГУ-ын канцлерын саналыг шударга бус гэж нэрлэж шүүмжилсэн.


Харин Ф.Мерц энэ хувилбараа Украиныг ЕХ-ны интеграцад оролцуулах завсрын формат хэмээн үзсэн. В.Зеленскийн захидалд нэг учиг байна. Унгарт засгийн эрх солигдсоноор Украиныг ЕХ-нд элсүүлэх хэлэлцээнд том боломж гарч ирлээ, Украиныг бүрэн эрхт гишүүн болгохоор хэлэлцээ хийхэд саад тээг алга боллоо, зөвхөн урагшаа алхмаар байна, дайны энэ хүнд үед дэмжиж буй Европын түншүүддээ талархаж байна, Украин нь хэрэг дээрээ бүх Европыг Оросын түрэмгийллээс хамгаалан тулалдаж байгааг тэмдэглэмээр байна. Бид Европыг бүхэлд нь шүү, салангидаар биш, хагас дутуу биш хамгаалж байна. Украин нь Европт шударга харилцаа, тэгш эрх эдлэх гавьяатай хэмээн В.Зеленский онцлон тэмдэглэжээ.


Унгарт парламентын сонгуульд Москваг дэмжигч В.Орбан ялагдах үест Европын “Politico” (“Улс төр”) сонинд 5 алхам гэгчийн тухай өгүүлэл хэвлэгдсэнийг нь бүрэн эхээр нь хөрвүүлж сонирхуулъя. Европын нийслэлүүд Унгар дахь сонгуулийн дүнгээс шалтгаалан олон янзын хувилбар дэвшүүлж байжээ.


Тэр 5 алхам гэдэгт нь:

 

1)Украиныг хэлэлцээнд бэлтгэх. ЕХ нь Украинд хандан албан бус зөвлөмж хүргүүлж, гишүүн болох хуулийн үе шатны хэлэлцээний “кластер” гэдгийг санал болгожээ. Энэ саналыг хүлээн авбал интеграцын үйл явц руугаа бэрхшээл багатай ахина. Тэрхүү кластер гэх 6 хэлэлцээний гурвыг Украинд санал болгосон. Бусад кластер нь ч нээлттэй. Брюсселиэс санал болгож буй реформын шаардлагуудыг Украин нь сулруулаагүйгээр барахгүй дайны маш хүнд нөхцөлд реформ хийх хүч чармайлтаа үргэлжлүүлж байгаад ЕХ баяр хүргэсэн.


2)Хоёр дахь алхам–“хөнгөвчилсөн” гишүүнчлэл олгох. Хатуу гишүүнчлэлгүй өргөжин тэлэлтийн загвар буюу ЕХ-ны хатуу шалгуургүйгээр элсэх хувилбар. ЕХ-нд хатуу гишүүнчлэлээр элсэхгүй байж болно. Эхлээд ЕХ-ны институцуудад гишүүн болчихно, дараа нь аажмаар эрхээ эдэлж, үүргээ биелүүлнэ. Гэхдээ энэ хувилбар эсэргүүцэлтэй тулгарсан. ЕХ-нд гишүүнчлэлийн олон түвшин тогтоохыг Герман эсэргүүцсэн. Өөрийгөө бэлтгээгүй улс орнуудад боломж олгочихдог, нөгөөдүүлд нь Брюсселиэс амлалт өгчихдөг, тэр нь хэрэгжихгүй болчихно хэмээн Берлинд санаа зовж байна.


3)Унгарын байр суурь. Виктор Орбаны эсэргүүцэл гэж Брюссельд толгойны өвчин байв. Хэрэв В.Орбан эргэж ялсан бол Унгарыг хааж хавчих улс төрийн шинэ механизм эрж хайхад хүрэх байлаа.


4)Олон улсын улс төрийн даралт шахалт хэрэгтэй. Хэрэв В.Орбан ялчихвал ЕХ-ноос 4 алхам хийх байлаа. В.Орбан нугаршгүй, түүнд зөвхөн Дональд Трамп л нөлөөлж чадахаар байв. Украиныг ЕХ-нд 2027 оноос өмнө элсүүлэх Д.Трампын “20 зүйлт энх тайвны төлөвөлгөө” гэж буй. Д.Трамп Будапешт руу ганц утас цохиод хэлэлцээр байгуулуулчихаж чадна гэж үзэж байв.


5)ЕХ-ны сүүлчийн ганц механизм. Хэрэв В.Орбан ялсан бол ЕХ нь Унгарын санал өгөх эрхийг хасах тухай процедур хэрэглэхээр зэхсэн байв. Ганц Унгар биш тодорхой нэр бүхий гишүүн улсуудын эрхийг хязгаарлах тухай. Хэрэв Д.Трамп В.Орбанд нөлөөлж чадахгүй бол ЕХ нь Гэрээнийхээ 7 дугаар заалтыг хэрэгжүүлэхээр Унгарын эсрэг санал нэгдэхээр байжээ. Түүнд юун тухай заасан бэ гэвэл, эвслийн үндсэн үнэт зүйлсийг зөрчих эрсдэл хийвээс улс төрийн ноцтой санкц тавих, тэгснээрээ эрхээ хасуулах дээрээ Унгар тулах байв. 

 

“Politico”-д бичсэнээр ЕХ нь өнөөдрийг хүртэл ийм эрс хатуу алхам хийж байгаагүй, зөвхөн Унгарт л хэрэгжүүлэх дөхжээ. Азаар В.Орбан нь ялагдаад улс төрөөс явчихсан.  

 

Украин ЕХ-нд элсэх тухайд 2025 оны 12 дугаар сард ийм нэг мэдээ түгсэн. Энх тайвны хэлэлцээр байгуулагдаад, дайн дуусвал Украин нь ЕХ-нд 2027.01.01 гэхэд элсчихсэн байна гэж тэгэхэд шуугисан. Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич мөн энэ тухай дурдсан. Украин улс ЕХ-нд элсэхийн өмнөхөн энэ дайныг дуусгах төлөвлөгөө гэж бүр нэрлэсэн.  Украинд 2027 оныг АНУ-ын энх тайвны төлөвлөгөө хэрэгжинэ, ЕХ-ны гишүүн ганц нэг гишүүн улсуудын эргэлзээ арилах он болно гэж үзэж тооцсоор байна.

Украин нь эх орноо хамгаалах дайн ч хийж байна, Ардчилсан Европын стандартыг хангах реформоо ч хийж байна.

Англи хэлнээс хөрвүүлсэн Дүгэржавын Номиндарь