Баялгийн сангийн менежментийн тогтвортой үйл ажиллагаа, засаглалын зарчмыг нэвтрүүлж, сайн туршлагыг нутагшуулах, дэлхийн баялгийн сангуудын дунд зэрэглэл тогтоолгох замаар баялгийн сангийн удирдлага, гүйцэтгэлээ төгөлдөржүүлэх зорилгын хүрээнд Олон улсын баялгийн сангуудын итституцэд элсэх ажлыг “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК зохион байгуулсан бөгөөд 2025 оны 6 сарын 19-ний өдөр элсэх эрхээ хүлээн авсан байна.
Нийт 5 их наяд ам.долларын хөрөнгө удирддаг баялгийн сангуудын чуулга уулзалт 2025 оны 6 дугаар сарын 17-19-ний өдрүүдэд Лондон хотноо зохион байгуулагдсан бөгөөд тус “Дэлхийн баялгийн сангийн чуулган-2025” арга хэмжээнд “Чингис Хаан Үндэсний Баялгийн Сан”-ийн Гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн “Funding the Future” нээлтийн хэлэлцүүлэгт панелистаар оролцож, Чингис хаан Үндэсний баялгийн сангийн бүтэц, хүний хөгжил төвтэй хөрөнгө оруулалтын бодлогыг танилцуулсан төдийгүй Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх боломж, бизнесийн орчны талаар хуваалцсан юм. Мөн тэрээр чуулганы хаалтын үеэр “Дэлхийн баялгийн сангийн ирээдүй” сэдвээр илтгэл тавьж, дэлхийн эдийн засагт өрнөж буй тодорхойгүй нөхцөл байдалд улс орнуудын баялгийн сангийн үүрэг оролцоо, ач холбогдлыг онцолсон юм.
Чуулганы үеэр ЧХҮБС нь Катарын хөрөнгө оруулалтын агентлаг, Абу Дабигийн хөрөнгө оруулалтын сан зэрэг дэлхийн тэргүүлэх баялгийн сангууд, АНУ-ын Засгийн газрын Фючерс зохицуулах хороо болон олон улсын хөрөнгө удирдлагын байгууллагуудтай уулзалт хийж, хамтын ажиллагааны боломжуудыг судалсан бөгөөд “ОУ-ын баялгийн сангуудын институци”-ийн гишүүнчлэлийн хүрээнд олон улсын сүлжээнд идэвхтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэв.
Энэхүү оролцоо нь “Чингис хаан Үндэсний баялгийн сан”-гийн олон улсын харилцаа, нэр хүндийг бэхжүүлж, Монгол Улсыг хөрөнгө оруулалтын шинэ чиглэл болгон таниулах стратегийн чухал алхам болсон байна.
Дашрамд дурдахад Улсын их хурал 2024 оны 4 сард Үндэсний баялгийн сангийн тухай хууль баталснаас хойш хууль хэрэгжүүлэх хүрээнд Монголбанкинд төрөлжсөн сангуудын данс үүсгэж, АМНАТ болон уул, уурхайн компаниудын төрийн эзэмшлийн ногдол ашгаас эх үүсвэр төвлөрүүлж, хөрөнгө удирдлагын бодлогын суурь тавигдаж, хууль хэрэгжүүлэх тогтолцоо бүрдэж эхэлжээ.
Монгол Улсын үндэсний баялгийн санг олон улсын баялгийн удирдлагын нийтлэг жишигт хүргэх тогтвортой, хараат бус, иргэдэд ил тод арвижуулах хөрөнгийн удирдлага хийж, өнөө болон ирээдүйн иргэддээ тэгш, шударга хүртээх, үндэсний хэмжээний хуримтлалыг үүсгэх бэлтгэл хангах хүрээнд УИХ-ын 2024 оны 30-р тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 42-р тогтоол гаргаж, 2025 оны 2 дугаар сарын 21-ний өдөр “Чингис хаан Үндэсний баялгийн сан” ХХК-г байгуулсан билээ.
Мягмар - 12 сарын 23,
2025

Сэтгэгдэл2
Тэмүүлэнд амжилт хүсье. Чамаас өөр хэн чадах вэ? чи чадна
Удахгүй удахгүй л гээд байх юм. Хэзээ захиран зарцуулах эрхийг нь олгох юм бол доо. Настай хүмүүсийн нас нь хүрэх юм болов уу даа. Боловсон хүчин хүртэл дутагдалтай, Бэлдэх шаардлагатай гэж байна шүү дээ. Зүгээр л менежментийг нь гаднын компаниудаар хийлгэчхэж болдоггүй юм уу. Заавал өөрсдөө хийнэ гээд юу ч чадахгүй боловсон хүчин нь ч хүртэл дутагдалтай. Зүгээр гадаад улсад сургууль төгсөөд англи хэлтэй болчихсон гэхээр бүхнийг мэддэг гэсэн үг биш шүү дээ. Ямар ч практик байхгүй байна шүү дээ. Гадаад улсаас юм судалж байна гээд л. Энэ болгон чинь зардал шүү дээ. Энэ чинь ямар ч үр ашиггүй зардал болж хувирч байна шүү дээ. Мэдээж нэг сургалт нэг уулзалтад ганцаархнаа явахгүй нь ойлгомжтой шүү дээ энэ чинь. Хэдэн 10 хүн дагуулж явна тэр болгон чинь төсөвт ямар ч үр ашиггүй зардал шүү дээ. Яриаг нь нэлээн л харлаа. Нэлээн л сонслоо. Боловсон хүчин дээрээ гацчихсан менежментийн байгууллага юм биш үү?