sonin.mn

Тавантолгойн нүүрсний ордын өрөм болсон Ухаахудагийн тухайд аваад үзэхэд яг ийм “…Ухаахудагаас олуулаа хувь хүртэх үү”, эсвэл “…Ухаахудагийг одоо эзэмшиж байгаа эт­гээдүүдийн хувьд үлдээх үү” гэдэг асуулт хариугаа хүлээж байна.


Засгийн газар бол шийдэхэд хэцүү. Өмнөх нь Үндсэн хууль, Баялгийн сан­гийн хуулийг хэрэгжүүлж Ухаахудаг зэрэг стратегийн ордуудаас хувь хүртэх арга хэмжээ аваад унасан. Тэгээд ч стра­тегийн ордуудын Баялгийн санд оруу­лах хувь нэмрийн асуудлыг УИХ-аар шийдүүлэх гээд шилжүүлчихсэн. Тод­руулбал, өмнөх Засгийн газар “…Ухаахудагийг “Энержи ресурс” компанид УИХ, Засгийн газрын шийд­вэргүй, өөрөөр хэлбэл, Засгийн газ­рын тэмдэглэлээр өгсөн нь хууль бус” гэж үзсэн. Үүнийгээ нотлох гээд Ухаа­худагийн бүх “түүх”-ээр хоёр боть эм­хэт­гэл хүртэл гаргасан. Түүнийгээ УИХ-ын тогтоолын төсөлтэй хамт өр­гөн барьсан. Ингэснээсээ хойш удалгүй унасан.


Харин УИХ уг тогтоолын төсөл, холбогдрох баримт материалуудыг хүлээж аваад Ажлын хэсэг томилсон. УИХ-ын дарга Д.Амарбаясгалан 2025 оны тавдугаар сарын 8-нд “…Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамааруулах тухай УИХ-ын 2007 оны 27 дугаар тогтоолын 4 дэх заалтын хэрэгжилттэй танилцаж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулах” захирамж гаргасан. Тус ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн П.Мөнхтулгыг томилсон. Гишүүдэд нь УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Р.Батболд, О.Батнайрамдал, Б.Бат-Эрдэнэ, Э.Болормаа, Ш.Бямбасүрэн, С.Зулпхар, Б.Жаргалан, М.Нарантуяа-Нара, Д.Пүрэвдаваа нарын 10 гишүүн багт­сан. Өөрөөр хэлбэл, эдгээр 11 ги­шүүн дээр хэлсэн “…Ухаахудагаас олуулаа хувь хүртэх үү”, эсвэл “…Ухаа­худагийг одоо эзэмшиж байгаа этгээ­дүүдийн хувьд үлдээх үү” гэдгийг ший­д­эхээр болоод байгаа юм. УИХ-ын гишүүүн П.Мөнхтулга болохоор дөнгөж Ажлын хэсгийн ахлагч болоод “…Бид мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх чиг­лэлээр холбогдох байгууллага, албан ту­шаалтан, мэргэжлийн хүмүүсийг та­тан оролцуулж, мэдээлэл судалгаа гар­гуулан дүн шинжилгээ хийх ажлыг зо­хион байгуулна. Үүний үндсэнд санал, дүгнэлтээ гарган цаашид авах арга хэмжээний талаарх санал шийд­вэрийн төсөл боловсруулж, УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганы хугацаанд танилцуулна. 2007 оны УИХ-ын 27 дугаар тогтоол бий. Энэ тогтоолоор зарим ордын төрийн хувь эзэмшлийг тогтоох тухай заасан. 4 дэх заалт дээр Оюу толгой, Тавантолгой, Цагаан суварга, Асгатын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээ, төр хэрхэн оролцох талаарх асуудлыг судалж УИХ-д санал дүгнэлтээ танилцуулахыг үүрэг болгосон байдаг. Энэ заалтын хэрэгжилт бүрэн хангагдаагүй учраас уг 4 дэх заалт дээр манай ажлын хэсэг бай­гуу­лагдаж ажиллана. 11 гишүүн ор­сон. Бид нэгдсэн байр суурь гаргана. Нөх­ц­өл байдал, баримт бичигтэй бүрэн танилц­саны дараа хэвлэлд байр сууриа илэр­­хийлнэ” гэж байсан юм. Түүний мэ­­дээл­лээс харахад, асуудлыг зөвхөн Ухаа­­худагийн түвшинд бус, өдгөө хувийн хэвшлийнхний мэдэлд байдаг стра­тегийн ордуудын хүрээнд судлах бо­лолтой. УИХ-ын даргын захирамж ч тэгж гарчээ. Гэхдээ, түүнээс хойш хоёр сар хагасын хугацаа өнгөрлөө. Сар гаруйн дараа УИХ-ын намрын чуулган эхэл­нэ. Гэсэн ч, одоогоор тус ажлын хэсэг УИХ-ын даргын захирамжид заа­сан ямар үйл ажиллагаа явуулсан талаарх ямар нэг мэдээлэл гараагүй байна. 


Б.ГАРЬД


Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин