sonin.mn

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан авлига, албан тушаал, эрүүгийн онц хүнд гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдэг ноцтой мэдээлэлд нэр холбогдсон тул уг асуудлыг хууль хяналтын байгууллага шалгаж, эцэслэн шийдтэл УИХ-ын хуралдааныг удирдах ёс зүйн эрхгүй гэж үзэж Ардчилсан намын бүлгээс шаардлага хүргүүлээд 10 хонож байна. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд ч мөн түүнд “албан тушаалаасаа түдгэлзэж байгаад шалгуулчихаад ир ээ” гэдэг шаардлагыг тавив. Энэ бол парламентын нэр хүнд, үнэт зүйл, хүлээн зөвшөөрөгдөх чанар гээд аль алиныг нь бодсон ч туйлын зөв, зүй ёсны шаардлага. 


Гэмт хэрэг хийгээгүй л юм бол бүрэн эрхээсээ түдгэлзэж байгаад шалгуулчих амархан шүү дээ. 1992-1996 оны УИХ-ын үед Ц.Элбэгдорж бүрэн эрхээсээ түдгэлзэх улс төрийн шийдвэр гаргаж, жирийн иргэн болж очоод хууль хяналтын байгууллагад шалгуулаад гарч ирж байсан.


Тэрбээр 2019 онд буюу Ерөнхийлөгчөөс буусныхаа дараа ч “Зангиагаа зүүж, гутлаа тослоод” АТГ-т очиж тайлбар өгч байв. Н.Номтойбаяр гишүүнийг эгүүлэн татах асуудал сөхөгдмөгц тэрбээр өөрөө өргөдлөө өгөөд УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөн нь таван жилийн өмнөх явдал. Өнөөгийн УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж агентлагийн даргаар ажиллаж байхдаа өөрийн хүсэлтээр албан тушаалаасаа түдгэлзэж, иргэн Пүрэвдоржийн хувиар шалгуулаад гэм буруугүйгээ нотолж байсан. 


Атал Д.Амарбаясгалан парламентын гишүүдийн зүй ёсны шаардлагын хариуд Засгийн газрыг огцруулах бичгийг өргөн бариулав.


Ийнхүү хувийн асуудлаа төрийн зовлон болгож, Засгийн газраар туг тахихаар шийджээ. Хууль тогтоох дээд байгууллагыг даргалж суугаа спикер өөрөө хуулийн өмнө эрх тэгш байх зарчмыг уландаа гишгэж орхилоо. УИХ-ын гишүүний халдашгүй бүрэн эрх, УИХ-ын даргын өндөр албан тушаалыг “аврах хантааз”-аа болгож байгаа нь парламентат ёсны хэм хэмжээг давсан үйлдэл боллоо гэдгийг олон нийт хэлж байна. 



Б.Галсандорж