
Хэдхэн хоногийн өмнө дэлхийн дэвжээнд эх орны маань далбаа намирч, спортын хорхойтнуудыг суудлаас нь өндөлзүүлсэн агшин боллоо. Энэ амжилтын эзэн бол тууштай хичээл зүтгэл, хөдөлмөр, зорилгоороо өөрийгөө бүтээж яваа холимог тулаанч ОУХМ Б.Алтанчимэг. Одоо тэрээр дэлхийд данстай тамирчин болсон. Түүнийг “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа онцолж байна.
Тэсвэр, тэвчээр, хурд, хүчний гайхамшиг болсон тулааны спортод зүрх сэтгэлээ зориулж, хүсэл мөрөөдлөөрөө жигүүрлэж яваа түүнийг ялагдал, ялалт бүхэнтэй нь Монголын ард түмэн хайрладаг. Зорилгодоо тууштай байж чадвал хэзээ нэгэн цагт мөрөөдлөө биелүүлдэг гэдгийг харуулж чадсан хэрсүү ухаалаг, охин юм. Б.Алтанчимэгийн хувьд холимог тулаанаас гадна жюү жицү, таеквондогийн спортоор хичээллэдэг авьяаслаг нэгэн. Бид энэ удаа түүний холимог тулааны спортоор гаргасан амжилтуудаас нь хуваалцах юм. Тэрээр улсын аварга шалгаруулах тэмцээнд хоёр ч удаа түрүүлсэн.
Ази, Дэлхийн аваргад оролцох эрхийн эзэн болсон ч зардалгүйн улмаас тэмцээндээ явж чадаагүй үе түүнд цөөнгүй. Гэсэн ч тэрээр хүсэл мөрөөдлөө орхилгүй Их засаг олон улсын их сургуулийн Аюулгүй байдал, Эрхзүйн ангид суралцахынхаа хажуугаар угаагч, худалдагч, цэвэрлэгч хийж мөнгөө хуримтлуулдаг байж.
Дэлхийн дэвжээнд гарах боломжоо алдахгүйн тулд блокны үйлдвэрт ажиллаж байсан юм. Тухайн үед Н.Алтанчимэг охиныг дэмждэг, хайрладаг фенүүд нь зардалд нь дэмжлэг үзүүлсэн. Үүний дараа буюу 2024 оны долоодугаар сард Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон нь Б.Алтанчимэгийн хувьд олон улсын анхны том тэмцээн нь байж. Тэрээр Азийн аваргаас хүрэл медаль энгэртээ гялалзуулж, олон улсын тэмцээний буухиагаа амжилт дүүрэн эхлүүлсэн юм. Дараа нь Филиппин улсын нийслэл Манила хотод болсон "АММА Manila Open" тэмцээнд оролцсон нь анх удаа мэргэжлийн тамирчинтай гар зөрүүлж, туршлага хуримтлуулсан агшин байжээ. Үүний дараа Узбекистан улсын нийслэл Ташкент хотод зохион байгуулагдсан Залуучуудын ДАШТ-д амжилттай оролцож хүрэл медаль энгэртээ гялалзуулсан юм. Энэ үедээ тэрээр “Ази, Дэлхийд түрүүлж дараа нь дэлхийн хэмжээний тамирчин болохыг л хүсэж байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байв. Тэр энэ зорилгодоо хүрч чадсан. 2025 оны аравдугаар сарын 2-ны өдөр түүний хүсэл биелсэн цаг хугацаа байв.
Гүрж улсын Тбилиси хотноо дэлхийн 80 гаруй орны 1000 гаруй шилдэг холимог тулаанч өрсөлдсөн 2025 оны залуучууд, насанд хүрэгчдийн ДАШТ-д эх орноо төлөөлөн оролцсон Н.Алтанчимэг олон сонирхолтой тулаан үзүүлж, өндөр сэтгэл зүйтэй тамирчин гэдгээ харуулж чадсан юм.
Тэсвэр, тэвчээр, хурд, хүчний гайхамшгийг Н.Алтанчимэг үзүүлсэн. Тэрээр залуучуудын ангиллын -66кг жинд өрсөлдөн, финалын шатанд Ангол улсын тамирчин Надир Виеираг 2-р үед хөлийн гурвалжин боолтоор буулган авч дэлхийн аварга болсон юм. Баяр, бахдал, омогшил түрүүлж тэсэрсэн агшин байлаа. Баярын нулимстай зогсох охиноор Монголын ард түмэн бахархаж суув. Учир нь түүнийг энэ тавцанд зогсохын тулд ямар их хичээл зүтгэл гаргасныг мэдэх учраас тэр шүү дээ. Ялалт, ялагдал алинд ч байсан Монголын ард түмэн түүний спортод хайртай, тууштай чанарыг нь хүндэлж хайрладаг. Тиймээс хүсэл мөрөөдөл зорилгынхоо төлөө хөдөлмөрлөж, өнөөдрийн өөрийгөө бүтээж спортод зүрх сэтгэлээ зориулсан түүний өмнө олон ялалт хүлээж буй нь гарцаагүй.
П.АМГАЛАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Сэтгэгдэл1
Би таниар маш их бахархаж байна