sonin.mn

Увс аймгийн ИТХ-ын дарга Ц.Батболд мэдээлэл хийлээ. Энэ үеэрээ тэрээр : "Өнөөдөр би Монгол улсын ҮАБЗ-д хандаж байгаа юм. Сүүлийн үед өрнөөд байгаа нөхцөл байдлуудыг харахад УИХ-ын гишүүн, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар гэж хүн Монгол хүн мөн юм уу? биш юм уу? Увс аймгийн ард түмний сонголтоор 16 жилийн туршид Монгол төрийн бүх л өндөр албан тушаалд томилогдлоо. Олон удаа сайд хийлээ. Төсвийн байнгын хорооны дарга хийлээ. Эдийн засгийн байнгын хорооны дарга хийлээ.



16 жил УИХ-ын гишүүнээр ажиллахдаа энэ хүн Увс аймагт ганц үйлдвэрийн шав тавьсангүй. Тийм учраас баруун таван аймгийг хөгжүүлэх, Монгол улсыг хөгжүүлэх чадамж энэ хүнд байхгүй.



Гадаадын хөрөнгө оруулалтын хууль нэрийн дор Монгол улсын газар нутгийг гадныханд найр тавин өгөх бусармаг үйл ажиллагаа хийж байгаа учраас Увс аймгийн ИТХ-ын даргын хувьд эсэргүүцэж байна. Увс аймагт амьдардаг цөөхөн Баяд, Дөрвөд, Хотон угсаатнуудыг хооронд нь талцуулдаг, маргалдуулдаг, эндээсээ ашиг олдог нөхцөл байдал Увс аймагт хэрээс хэтэрлээ. Хөрөнгө оруулалт нэрээр орж ирдэг төсвийг дандаа өөрийн хамаарал бүхий хүмүүсээр дамжуулж, хамаарал бүхий хүмүүстээ өгч, буцааж сонгуульдаа ашигладаг болчихлоо. Ийм байдал даамжрах юм бол Монгол улсын хэмжээний асуудал болно шүү гэж дурдаад байхад ҮАБЗ тухайн үед ажиллаагүй. Гэтэл өнөөдөр Монгол улсын Үндэсний аюулгүй байдалд хамгийн их хохирол учруулах хэмжээний зүйлийг Шадар сайд, ЭЗХ-ийн сайд, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар зохион байгуулж эхэллээ.



Энэ хүн бол Монгол хүн биш юм гэдгийг Цензургүй нэвтрүүлгээр мэдээлэл өгсөн. Монгол улсын архивт байхгүй гээд байгаа. Эд нар архиваас тухайн материалыг устгуулчхаад Увс аймгийн ой санамж байхгүй гэж бодоод байх шиг байна.



Ч.Хүрэлбаатар гэж хүний үүсэл, угшил ямар хүн бэ? Цаашдаа энэ хүний асуудлыг ҮАБЗ-ийн хүрээнд авч үзэж, бүрэн эрхийг нь хязгаарлаж байж шалгалт явуулахгүй бол аюултай нөхцөл байдлууд үүсээд байна." гэв. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн, Шадар сайд бөгөөд Эдийн Засгийн Хөгжлийн Сайд Ч.Хүрэлбаатарыг Монгол хүн мөн эсэхэд Увс аймгийнхан ч эргэлзэж эхэлсэн бололтой.



М.Чой