sonin.mn

НИТХ-аар нийслэлд олгох тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаарын дээд хязгаар тогтоох тухай шийдвэрийг эсэргүүцэж Эко авто машин импортлогчдын холбоо ТББ-аас мэдээлэл хийлээ.


Энэ үеэрээ тэд : "Улаанбаатар хотын даргаар томилогдож ирсэн Х.Нямбаатар дарга монголчуудын ид завгүй, баярын үеэр, хулгайгаар бид бүгдийг унаагүй болгох журмыг НИТХ-аар оруулж, батлуулах гэж байна. 2023 оны 12-р сард УИХ-аар түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг барилгажуулах гэсэн том хаягтай, бидний уур бухимдлыг төрүүлдэг сэдэв дээр дөрөөлсөн хуулийг Х.Нямбаатар батлуулсан. Энэ нь Үндсэн хуулийн суурь зарчмыг зөрчсөн гэж үзэж байна. Шинэ жил гээд хүн бүр завгүй байхад 3 хоногийн дотор УИХ-аар батлуулсан. Энэ хуулийн хүрээнд нийслэл хотын түгжрэлийг бууруулах чиглэлээр Улаанбаатар хотод олгох автомашины дугаарыг хязгаарлах эрхийг НИТХ-д олгосон. Үүний дагуу нийслэл хотод олгох автомашины дугаарын хязгаарлалтын тогтоох тогтоолын төслийг Х.Нямбаатар оруулж иржээ.



Энэ нь нийслэл хотод дээд тал нь 730 мянган автомашинд дугаар олгох төсөл байна. Гэтэл танилцуулга дээр нь 2023 оны эцсээр Улаанбаатар хотод бүртгэлтэй байгаа автомашины тоо 730 мянга байна. Хэрэв энэ тогтоол батлагдвал маргаашнаас эхлээд иргэд машин авах эрхгүй болох нь ээ.



Энэ бол Үндсэн хуулиар олгогдсон өмчтэй байх эрхийг зөрчсөн тогтоол батлагдах нь байна. МАН засгийн эрх бариад 8 жил боллоо. 8 жилийн хугацаанд утаа, түгжрэлийг бууруулах дорвитой шийдвэр гаргасан уу? Та бүхэн бүгд харж байгаа. Утаа бүр хортой боллоо. Утаагаар бизнес хийдэг болсон. Утаагаар мөнгө угаадаг боллоо. Одоо ядаад түгжрэлээр мөнгө хийх гэж байгаа юм уу? Улсын дугаарыг 9911 шиг үнэтэй болгоно гэж ярьж байна. Бидний амьдрал Сингапурын амьдралтай адилхан байна уу? Сингад 100.000 доллар байна гэж хотын дарга нь хэлж байна лээ. Тэр хүн амьдралаас тасарсан баян байж болно. Гэтэл бидний орлого ямар билээ? Ийм хэмжээнд хүрчхээд байна. Улаанбаатар хотын дарга Х.Нямбаатартай энэ асуудлаар бидэнтэй уулзаач гэдэг хүсэлт хүргүүлсэн. Одоо болтол хариу байхгүй. Маргааш буюу 2-р сарын 08-нд хүмүүс ид завгүй байх үеэр НИТХ-аар энэ тогтоолыг оруулаад, хулгайгаар батлуулах гэж байна." гэв.



М.Чой