sonin.mn

ЦЕГ-ын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газраас “гадаад улсын цахим залилах гэмт хэрэг үйлддэг үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт бүлэглэлд Монгол Улсын иргэд элсэж, тухайн бүлгийн аргачлал, заавраар фейсбүүк орчинд хуурамч хаяг нээн “Хусдаг сугалаа”, “Алт, үнэт эдлэлийн сугалаа”, “Үнэт болон уурхайн чулуу”-ны азтан шалгаруулах шууд бичлэг ашиглан залилах гэмт хэргийг үйлддэг 17 этгээдийг баривчиллаа. 


Тухайн этгээдүүд нь Хаан банкны аппликейшныг хуурамчаар зохиож Сангийн яамны тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагаа явуулж байгаа, хонжворын мөнгөн дүнг шууд шилжүүлж байгаа зэргээр залилах гэмт хэргийг Монгол Улсын хилийн гаднаас үйлдсэн болохыг тогтоожээ. 


Дээрх этгээдүүд нь 1742 иргэнд 5.2 тэрбум төгрөгийн хохирол учруулсан болох нь урьдчилсан байдлаар тогтоогдсон байна. 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэмт бүлэглэлд хамаарах Монгол Улсын 12 иргэн гадаад улсад байрлан энэ төрлийн гэмт хэргийг дахин үйлдэхээр бэлтгэж байгааг тогтоон, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Интерполын "Улаан булант зар" мэдээгээр эрэн сурвалжлан албадан ирүүлэхээр Цагдаагийн байгууллагаас холбогдох ажиллагааг Прокурорын байгууллагатай хамтран шуурхай хэрэгжүүлж байна