sonin.mn

Юмс ба үзэгдлүүдийн холбоо, харилцаа, уялдаа, бүр хоёр талт, мөн олон талт, нарийн ярьвал “түмэн шижмээрх хамаарал”! Ухаантны ухаан, оюунтны оюун л үүнийг нээдэг, нэмээд гайхшруулаг юм. Монголын шилдэг сэхээтнүүдийн дунд олон арван жил ажиллаж, амьдрахдаа миний бие цөөн хэдий ч аливааг таних чадвараараа гоц гаргуунд тооцогдох ухаантнуудтай танилцаж, ярилцаж, мэтгэлцэж явлаа. Юмсын, үзэгдлийн наад цаад, ил далд, өнгөний гүнийн, өнөөгийн эртний учир, утгыг нээж олж таньсан хэмжээ, түвшин нь тэдэнд тун ч өндөр байсан юм шүү. Даан ч тэд өнөөдөр алга... Ер нь монголчуудын, Монголын нийгмийн практик амьдрал бүх тал, хэсгээрээ л тун ч ухаалаг, зохистой, байнгад л эерэг үр дагавар, үр дүнтэй явж иржээ. Жишээ нь ЭРИЙН ГУРВАН НААДАМ. Нэр нь хүртэл оновчтой, тодхон. Эрчүүдийн нийгмийн үүрэгтэй нь бүрэн авцалдсан. Эрчүүд бол улс орны, өрх гэрийн эзэд хамгаалагчид. Тэд чадварлаг, баатарлаг дайчид байх ёстой. Энэ чухал шинжүүд нь бүр хүүхэд наснаас нь эхэлж буй болох учиртай. Ямар ч үед эрчүүд биеийн хүчээр, нум сумны цэцнээр, хүлэг морьдын хурдаар, сэлэм, жадны ирээр дайснаа ялж, дийлж байх ёстой.


Амьдрал, тэмцлийн энэ шаардлагад эрчүүд бүрэн нийцэж, “Ан гөрөө болон дайн тулалдаанд ямагт бэлэн байх” учиртай. Энэ хэрэглээ, хэрэгцээ, сонирхлын тусгал, хэрэгжилт болж “ЭРИЙН ГУРВАН НААДАМ” анх буй болжээ.


Эр хүн бүр, эрэгтэй хүүхэд бүр ёстой л “хэлд, хөлд орсон цагаасаа л энэхүү наадамд сулдаа, аяндаа өөрийгөө бэлддэг” нь бичигдээгүй хууль болж зуршжээ. Энэний ачаар л бидний өвөг дээдэс бусдад эзлэгдэж, боол болж, эд бараа мэт худалдагдаж байсангүй. Өөрөө өөртөө эзэн байсан, эзэн-боолын харилцааг эдлээгүй өнгөрсөн хувь тавилан тун ч цөөхөн угсаатанд байсныг дэлхий дахины түүх гэрчилдэг. Эрийн гурван наадам бол бидний мэдэх “Хөдөлмөр ба батлан хамгаалахад бэлхэн” хөдөлгөөний байнгын гэхээр нэгэн эртний хэлбэр, илрэл, хувилбар байжээ. Магадгүй дэлхий дахиныг бүхэлд нь шахам эзэлсэн их ялалтын нь нэгэн гол хүчин зүйл ч болсон байх. Өрсөлдөгчөө газарт унагааж чадах сурцыг бага балчраасаа барилдсаар олж авах нь маргаангүй чухал чадвар юм. Нөгөөтэйгүүр хүлэг морьдын хурд, хүч, маневарлах боломжийг (эмээл дээрээ суугаад, дөрөөн дээрээ босоод хаашаа л бол хаашаа хөдлөх) ашиглах нь мөн л өөр нэгэн чухал чадвар болно.


Нум, сумны эрч, хүч, цэцээр өрсөлдөгчөө зайнаас хөнөөх нь онцгой гэхээр чухал чадвар билээ. Эдгээр чадварыг эрчүүд маань өвөл, зунгүй барилдаж, уралдаж, ан ав хийсээр гаргууд сайн эзэмшээд, бүр наадам, тэмцээн хийж төгс, төгөлдөр болгосоор ирсэн түүхтэй.


Бөхийн цол, морины цол, мэргэн харваачийн цолнууд бол цэрэг дайнд ялалт байгуулж чадахын урьдач үнэлгээ, гэрчилгээ болж байв. Чингэж найр, наадам нь хүртэл амьдрал, тэмцлийн сорилго, туршилт, шалгалт, шүүлэг болсоор иржээ. Энэ нь хэрэг дээрээ цэргийн эрдэм, батлан хамгаалах сургалтыг бүх нийтийн биеийн тамир болгож хэвшүүлсэн том ухаан юм. Эр хүн бүр бага балчраасаа эхлээд л эр цэрэг болон хүмүүжиж, чадавхжиж байв. Эр хүн бүр л нум сум агссан анчид, гөрөөчид болон дадлагажиж, бас, морин спортод гэе, суралцаж байсан нь тэр юм. Тиймээс ч аюул тохиолдох аваас аравтууд, зуутууд хоногийн дотор л жигдрэн буй болдог байсан буй заа... Өмнө дурдагдсан уялдаа, холбоо, үр дагавар өнөөдөр харин ямар байна вэ? Бөх, морь, сур харваа гурвуулаа л мэргэжлийн тамирчдын хэрэг болчихлоо. Залуу насаа зөвхөн л барилдаж өнгөрөөдөг хэсэг эрчүүд буй болж, “салан тусгаарлалаа”. Уяачид гэгдэх донтолт олон хүнийг бүтээлч хөдөлмөрөөс холдуулчихлаа. Морь унаач хүүхдүүд гэгдэх “эрх нь элдвээр эвдэгдэж хохирдог” олон зуун, олон мянган багачууд буй болчихлоо. Тэд амь насаар хохирч, тахир дутуу болж, хичээл сургалтаас хоцорч элдвээр хэлмэгдсээр байна. Сур харваачид маань дэлхийн түвшинд, мэргэжлийн спорттой нь харьцуулах аваас их л бүдүүлэг хувилбар, сонихон үзмэр төдий болж үнэлэгдэх болов. Олон өөр нум, олон өөр сум, бүдүүлэгдүү бай, гээд л гологдох, гоочлогдох зүйл олон нь үнэн билээ. Цаг үеэ дагаад бүх зүйл өөрчлөгддөг жамтай, улам улам л боловсронгуй болдог түүхтэй. Монгол бөхийн хувьд ч шинэчлэлт хийгдэх цаг болчихжээ. Морь уралдах, сур харвахад ч шинэчлэлт, эдүгээжилт хэрэгтэй. Түүхэн уламжлал, үндэсний хэлбэрээ бодолцож, тооцож хийгдсэн шинэчлэлт, эдүгээжилт бол тус л болохоос биш ус болохгүй нь тодорхой билээ.


2000 жилийн өмнө, 1000 жилийн өмнө, 800 жилийн өмнө уг үзэгдэл, үйл хэрэг ямар хэлбэр, агуулгатай байсан яг л тэр эртний байдлаар нь хадгалах, уламжлан үлдээх гэх нь зохисгүйн дээр бүр боломжгүй юм.


Энэ учрыг бодолцон монголчууд бид Эрийн гурван наадмаа боломжийн хэрээр шинэчлэх, эдүгээжүүлэх, аливаа спортод тавигддаг нийтлэг шаардлагын дагуу боловсронгуй болгох хэрэгтэй байна. Эс тэгвээс болхидуу үзмэр төдий зиндаанд үзэгдэх, ойлгогдох, дүрсэлж хэлбээс, бүдүүлэгдүү үзүүлэн тоглолт мэт болж хувирах болно. Цагтаа ихээхэн учир, утга, ач холбогдолтой байсан биет болон биет бус соёлын өвдөө бид бүхэн тун ч ухаалаг хандаж эдүгээчлэн сэргээж, хадгалан авч явах нь шинжлэх ухаанч байр суурь мөн. Бусад ард түмний жишээ, туршлага ч яг л тийм байдаг. Хэзээ, хэрхэн, яаж шинэчлэх, эдүгээжүүлэх талаар судалгаа, сургалт, эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг хийх, бусдын туршлага судлах, гадны ажиглагчид, судлаачдын сэтгэгдлийг сонсох хэрэгтэй. Сонирхогчдын холбоод нь энэ хэрэгт тун ч их анхаарах ёстой. Хурдан морь, унаач хүүхдүүдийн хувьд ч бодолцох, тооцох зүйл тун олон буй. Зөвхөн түүхэн талаас нь цөөн зүйл өгүүлье. Дэлхийн хэмжээнд үзэх аваас алдартай хаад, жанждын хөшөөний ихэнх нь морьтой байдаг. Тэдний сүр, хүч, гавъяа хүлэг морьдтой холбоотой. Цэрэг эрс морьтой бол хүчтэй, хурдтай, морин цэргийн атак сүртэй, дуу чимээ нь ч айдас хүрэхээр байдаг нь үнэн.


Монголчууд “Ялалтнаас ялалтанд дэвшихэд ямагт морьтойгоо байсан” нь ч үнэн. Төрийн сүлд ч морьтой. Зэрлэг адууг гаршуулсан тэр эрт үеэс л морь ба хүний хослол, холбоо нь сүр, хүч, хурдны бэлгэдэл болсоор иржээ. Монголчуудын түүх, уламжлал, дуу, шүлэг, бүжиг, үлгэр, туульс, зураг, хөрөг бүгд л адууны соёлтой холбоотой.


“Хурдан морьдын яралзан ирэх нь” хэнд ч сайхан, бахархам! Ингэхлээр морин уралдаанаа яах билээ? Балчирхан үрсээрээ унуулсаар л, уралдсаар л байх уу? Энд зоримог шийдэл хэрэгтэй. Эрс тэс шийдэл хэрэгтэй. Нэг ч болов хүүхдийн амь нас, эрүүл мэндийг хохироож болохгүй. Дэлхий нийтээрээ ингэж үздэг, шаарддаг. Дайн байлдааны үед жин харгалзахгүй тулалддаг болохоор монгол бөхөд мөн жингийн ангилал байсангүй. Өндөр цолтнууд ам угтуул авдаг нь ч нэн өвөрмөц дүрэм билээ. Энэний ил, далд утга нь ч тун их нарийн, гүнзгий, ач холбогдол, эерэг болон сөрөг нөлөө нь ч олон талтай. Энэ дүрэм хэвээрээ байх уу? Морьдыг нас ангилан уралддаг хэдий ч нэгэнт буй болчихоод байгаа олон үүлдэр, угсааг яах вэ? Цэвэр монгол морьдыг ялгах арга зуун хувь оновчтой бус. Алдаа, булхай гарсаар л байх болно. Эрийн гурван наадмыг тойрсон мөн ч олон асуудал байна даа. Улстөрийн, эдийн засгийн, жалга довын, биологийн, унаач хүүхдүүдийн эрх, эрүүл мэндийн гэхчилэн, мөн бас бус сонин асуудлууд ч буй...



Судлаач, профессор Д.Чулуунжав