sonin.mn

Сумын цолтон болон залуу бөхчүүдийн улирлын хаалтын барилдаанд 608 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Увс аймгийн Давст сумын харьяат, Гранд Ариун Од ХХК, Увснуур дэвжээний бөх, сумын баяр наадмын хоёр түрүүтэй заан Цэгмидийн Бямбацогт 10 даван анх удаагаа түрүүлж, Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Гансүхийн Мөнхтулга үзүүрлэв. 


Их шөвгийн гуравт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын харъяат, Батжин Ойл ХХК, Эв Монгол клубийн бөх, сумын баяр наадмын дөрвөн түрүүтэй заан Д.Саранцогт, тавд Завхан аймгийн Отгон сумын харьяат, УБТЗ-ын авто үйлчилгээний төв, "Завхан Даян" дэвжээний бөх, сумын баяр наадмын найман түрүүтэй заан Г.Анх-Эрдэнэ, Увс аймгийн Тэс сумын харьяат, Батмөнх Констракшн ХХК, Хурд дэвжээний бөх, сумын баяр наадмын гурван түрүүтэй заан Ж.Жамц нар шалгарлаа. 


Дунд шөвөгт Төвийн заан Б.Золбаяр, Дундговийн заан Д.Мягмаржав, Ховдын заан О.Мөнхбат, Ц.Мөнхбаяр, Архангайн заан П.Нямжав нар үлдэв. 


Дараагийн барилдаан ирэх 7 хоногт буюу тавдугаар сарын 30-ны бямба гарагт 13:00 цагаас Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, Аймгийн арслан Д.Жанцан, Г.Батпүрэв, С.Мөнхсүх, М.Энхтайванбаатар нарын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой 256 бөхийн барилдаан, 31-ний ням гарагт 13:00 цагаас Монголын Үндэсний Ардчилсан Нам байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан Улс аймаг цэргийн цолтой 256 бөхийн барилдаанаар тус тус үргэлжилнэ.