sonin.mn

“Бөмбөгийг алдсан ч, зорилгоо бүү алд. Хамгийн чухал нь дараагийн бөмбөг” гэж Солонгосын алдарт волейболын тамирчин Ким Ён Кёны хэлсэн үг санаанд ором ширүүхэн өрсөлдөөнтэй дээд лигийн шинэхэн улирал эхлээд байна. 2025-2026 оны волейболын үндэсний дээд лигийн эмэгтэйчүүдийн төрөлд найман баг өрсөлдөж байгаа бөгөөд “Дархан Могулс” баг “Уурхайчин”-ны хүчирхэг охидын эсрэг хийсэн тоглолтоороо анхны ялалтаа авлаа. Тэгвэл тус тоглолтын шилдэг нь байж ялалтын 22 оноог багтаа авчирсан Х.Нэргүйг энэ удаагийн “Амжилтын эзэн” буландаа онцолж байна. 


Монголын дараагийн эмэгтэй легионер


Бөмбөг агаарт нисгэх урлагийг волейбол гэх аж. Шүүгчийн шүгэл дуугарах мөчид давуулагчийн гараас агаарт нисэх бөмбөг талбайн хаана оноо болон унахыг холбогчийн ур ухаан, довтлогчийн хурд хүч л шийдэх болов уу. Холбогчийг багийн тархи гэвэл довтлогчийг зүрх гэлтэй. Мэдээж бусад гишүүд ч хүний биеийн эрхтэн тогтолцоо шиг чухал үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, элэн халин дэвэх бүргэд мэт агаарт дүүлж, оноо авах боломж, орон зайг гаргаж өгдөг. Харин энэ итгэлээр жигүүрлэн багийнхаа хожлын оноог түүчээлэгч нь Х.Нэргүй юм. Магадгүй шинэ улирал, шинэхэн баг хамт олонд уусч, тоглолтын хэмнэлдээ ороход эхний хоёр тоглолт чухал нөлөөтэй байсан болов уу.


Энэ тухай тэрээр “Энэ жилийн лигийн анхны хожлоо 3:0-ээр хүртсэндээ баяртай байна. Эсрэг багийнхаа техникийг сайн судалж тоглолтдоо ордог. Дараагийн тоглолтдоо хаалт, давуулалт дээрээ илүү анхаарна” гэсэн юм. 


Тэрээр чөлөөт болон жүдо бөхөөр хичээллэж спортын гараагаа эхлүүлж байв. Харин өдгөө тэсрэлттэй үсрэлт, хурдтай хаалт, хүчтэй довтолгоогоороо гайхагдаж яваа залуу үеийн төлөөлөл, цахиур хагалах тамирчин болжээ. Тухайлбал, өнгөрсөн жилийн Залуучуудын улсын аварга шалгаруулах волейболын тэмцээний шилдэг довтлогчийн шагнал хүртсэн удаатай. Харин энэ жил бууриа сэлгэж “Дархан Могулс”-тай гэрээ байгуулж, дээд лигийн аваргын төлөө хүч сорьж буй нь энэ юм. Х.Нэргүй нэгэн ярилцлагадаа гадаадын лигт, тэр дундаа Солонгосын дээд лигт тоглох хүсэлтэй гэдгээ хуваалцаж байв. Түүнийг Монголын дараагийн эмэгтэй легионер гээд зарлуулаад зогсож байхыг үгүйсгэх аргагүй. 


Шигшээ багийн ирээдүй


Өнгөрсөн зун Зүүн Азийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсынхаа нэрийн өмнөөс шигшээ багийн өмсгөлтэй Хонконгийн талбайд гарч, тоглолтын ур чадвар, туршлагаа багагүй сайжруулаад ирсэн 18 настай залуу тоглогч билээ. Энэ үед шигшээ багийн тамирчин Г.Хандсүрэн “Х.Нэргүйтэй хамт тоглоход их зүйл ойлгож, сурч байгаа нь анзаарагдсан. Хээгүй сайхан зангаараа системийг илүү сайн ойлгоод тогтвортой сайн тоглоод сурчихвал Монголын ирээдүйн шигшээ баг үзээтэй нэг гишүүнтэй болж байгаа нь тэр” гэж тамирчны замнал нэгт дүүдээ сэтгэлийн чанд дахь бодлоо хуваалцаж байсан удаатай. Волейболын тамирчид төдийгүй үзэгчид Х.Нэргүйн хээгүй гэмээр хүүхдээрээ цоглог занд нь татагддаг болов уу. Түнийг дараагийн тоглолтуудад яаж гялалзахыг дэргэдээс нь үзэж сэтгэлээ баясгахыг уншигч танд зөвлөж, таван номероо тамгалсан дэлхийн тамирчин болохыг ерөөе. 


П.Лхагважаргал 

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин