Засгийн газраас үндэсний үйлдвэрлэгчдээ бодлогоор дэмжих, татварын таатай орчныг бүрдүүлэх, төрийн худалдан авалтад дотоодын үйлдвэрлэл эрхлэгчдийн оролцоог нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Сар шинийн баяр дөхөж байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Г.Занданшатар “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнтэй танилцах үеэрээ дотоодын үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриаллаа.
Ерөнхий сайд Г.Занданшатар үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулан УИХ-д өргөн барихаар ажиллаж байгааг мэдээллээ. Татварын багц хуулийн шинэчлэлд татвар төлөгчдөөс 1,6 их наяд төгрөгийн татварын ачааллыг бууруулахаар тусгасан. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн татварын босго 1,5 тэрбум төгрөг байгааг 2,5 тэрбум төгрөг болгох, НӨАТ-ын буцаан олголтыг нэмэгдүүлэх зэрэг өөрчлөлтийг Татварын багц хуулийн төсөлд тусгаад байгааг хэллээ.

“Монголд үйлдвэрлэв” гэдэг зөвхөн шошго, гарал үүсэл биш, чанар, хариуцлага, бахархлын баталгаа байх учиртайг онцлоод, үндэсний үйлдвэрлэл хүчирхэг байж эдийн засаг тогтвортой байна. Эдийн засаг тогтвортой байж ажлын байр нэмэгдэнэ. Ажлын байр нэмэгдэж байж иргэдийн амьдрал бодитоор сайжирна.
Иймээс эх орондоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь өнөөдрийн сонголт төдийгүй маргаашийн хөгжилд оруулж буй хөрөнгө оруулалт гэдгийг Ерөнхий сайд Г.Занданшатар онцлоод зөвхөн дотоодод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар, стандартад анхаарч, өрсөлдөх чадварыг сайжруулахыг баялаг бүтээгчдээс хүслээ.
Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн худалдан авахад стандартын шаардлага хангахгүй байх асуудал тулгардаг. Иймд төрийн байгууллагууд үндэсний үйлдвэрлэгчдийг шинэ стандарт нэвтрүүлэхэд нь дэмжиж, тусалж байхыг чиглэл болголоо.

Манай улсад бүртгэлтэй хуулийн этгээдийн тендер шалгаруулалтад шалгарсан нийт дүн сүүлийн таван жилд 2,8 дахин нэмэгдэж, 12,6 их наяд төгрөгт хүрсэн байна. Тендер шалгаруулалтад шалгарсан дотоодын ААН 2019 онд 3580 байсан бол 2025 онд 5137 болжээ.
“Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл 2026” үзэсгэлэнгийн үеэр дотоодын үйлдвэрээс худалдан авах бараа бүтээгдэхүүний жагсаалт танилцуулах, үйлдвэрлэл эрхлэгчид төрийн худалдан авалтад ямар бараа бүтээгдэхүүн нийлүүлэх болон стандартын тохирлын гэрчилгээ авах зэрэг асуудлаар зөвлөгөө, мэдээлэл өгч байна.
Засгийн газрын тогтоолоор дотоодын үйлдвэрлэгчдээс чанар стандартын шаардлага хангасан тохирлын баталгаатай 154 нэр, төрлийн бараа бүтээгдэхүүний жагсаалт баталсан. Энэ жагсаалтын нэр төрлийг нэмж батлах шаардлагатайг үзэсгэлэнд оролцогчид Ерөнхий сайдад хэлж байлаа.





Пүрэв - 03 сарын 26,
2026
Сэтгэгдэл3
Попроод л байх юм
Ерөнхий сайдаа. Иргэдийн хувьд НӨАТ-ын буцаан олголтыг нэмэхэд их мөнгө буцааж аваад сайхан л байх. Бизнес эрхлэгчдийн хувьд НӨАТ-ын хэмжээг бууруулах нь дэмжлэг болно гэдгийг та уг нь эдийн засгийн хүн мэдэж л баймаар юм. Зээлийн хүү буурах нь иргэд, ААН гэлтгүй бүх бизнес эрхлэгчдэд хэрэгтэй. Гэхдээ үнэ өсгөж байгаа, инфляц буурахгүй байгаа гол шалтгаан нь авилга шүү. Монголд үйлдвэрлэв гээд дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж байгаа юм шиг ярих юм. Бизнес эрхлэхэд шат шатанд байгаа авилгаас болоод авилгаа шингээсэн бүтээгдэхүүний өртөг өндөр гарахаар дотоодын бүтээгдэхүүний үнэ импортын үнэтэй өрсөлдөхөд хэцүү байна. Хамгийн энгийн жишээ ЖДҮ-н зээл. 1,5 тэрбумын зээл авсан бүх газарт баримтаар нотолж чадахгүй 150 сая төгрөгийн зардал байгаа. Итгэхгүй бол татварын албанаас хйисэн шалгалтын дүнг нэг хараарай.
Занданшатар=Алиа салбадай.