sonin.mn

Эр бяр, эв дүй, ур ухаан нь тэнцүүхэн төрсөн эрдэм чадалт бөхчүүдийг “Зууны мэдээ” сонин “Бөхийн мэдээ” буландаа онцолдог билээ. Энэ удаагийн “Дугаарын зочин”-оор Төв аймгийн Батсүмбэр сумын харьяат, сумын заан М.Өсөхбаярыг урьж, ярилцсан юм. Тэрээр өчигдрийн байдлаар нийт бөхийн чансааны 52-т эрэмбэлэгдэж, зодоглосон даваа бүрдээ уран мэхийг уралдуулсаар байна.

 

-Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын барилдааны нэгийн даваанд П.Бүрэнтөгс аваргыг давж, үзэгч олныг шуугиулсан. Аварга арслангуудтай барилдах ямар байдаг вэ?


-Энэхүү чансаа өндөр 128 бөхийн барилдаанд хоёр сумын заан зодоглосон. Сумын цолтны барилдаанд хоёр ойрхон түрүүлсэн тул чансаагаараа багтаж, П.Бүрэнтөгс аваргатай нэгийн даваанд таарсан. Багштайгаа зөвлөлдөж, мэхээ ярьж байгаад барилдахаар гарсан. Барилдааны явцад эв нь таараад, мундаг аваргыг азаар ч гэх юм уу давсан. Үзэгчид шуугиад ирэхээр сэтгэл огшоод гоё байсан. Энэ цаг үеийн хамгийн бяртай бөх гэдэг О.Хангай аваргатай дараа нь барилдаж, хэд хэдэн мэхэнд нь тогтож чадсан. Хүмүүс ч их үнэлсэн. Хэдий унасан ч гэсэн их урам зориг авсан.


-Энэ барилдаануудын дараах үзэгчдийн хандлага, сэтгэгдлийг хэрхэн хүлээж авдаг вэ?


-Магтаал, шүүмж сэтгэл зүйд их нөлөөлдөг. Хүчний спорт болохоор эрчдээ татагдах үе байна. П.Бүрэнтөгс аваргыг давахад гишгэчихгүйг хичээгээд гарсан. Гэтэл хүмүүс аваргаа хүндэлсэнгүй, дээгүүр нь харайлаа зэргээр янз янзаар хэлсэн. Сошиал орчин хөгжсөн энэ үед хүмүүсийн үгэнд сэтгэлийн хаттай байх нь чухал санагдсан. Ер нь хүний харах өнцөг, дэмждэг бөхтэй нь яаж барилдах нөлөөлдөг. Намайг дэмждэг хүмүүстэй байх бас их сайхан. Энэ бүх хүмүүсийнхээ итгэлийг алдахгүй сайн бөх болохыг хичээдэг. Багаасаа чөлөөт бөхөөр барилдаж барилдаж, спортынхоо суурийг тавьж байсан болохоор сэтгэл зүйгээ удирдаж, үзэгчдийн дэмжлэгээр хурцлагдаж, чөлөөтэй барилдаж чаддаг. Улсын арслан Б.Орхонбаяр, Э.Батмагнай, улсын харцага Б.Зоригтбаатар гээд бөхчүүдийн уран хурц, хурдан шаламгай барилдааныг үзэх дуртай.  


-Чөлөөт бөхөөс хэрхэн үндэсний бөх рүү хөрвөх болов. Нөлөөлсөн зүйл бий юу?


-2016 онд Баянгол дүүргийн чөлөөт бөхийн аваргад түрүүлж, 2017 онд мөнгө, 2018 онд хүрэл медаль авсан юм. Ингээд амжилт буураад байхаар нь бэлтгэлээ сайн хийж байгаад дараа жил нь дахиж ороод түрүүлсэн. Үүнээсээ урам зориг их авч, 2021 онд Залуучуудын улсын аваргаас хүрэл, 2023 онд мөн хүрэл медаль авч, спортын замнал руу сэтгэл шулуудсан. Гэтэл нуруу өндөр болоод ирэхээр жингийн спортод тохирохгүй юм байна гээд жингээ нэмээд үндэсний бөхөөр барилдах болсон. Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн барилдаанаар улсын аварга О.Хангай, улсын арслан Б.Орхонбаяр хоёрын уран хурц, үзүүштэй сайхан барилдааныг үзээд үндэсний бөхөөр барилдах сэдэл төрсөн. Б.Орхонбаяр арслан “Хөдөлмөрлөсөн хүнд аз ирдэг” гэдэг шүү дээ. Энэ үгийг бодож, бэлтгэлээ тогтмол сайн хийдэг болохоор бага ч болов амжилт гарч байгаа болов уу. Өдөр бүр бэлтгэлээ чамбай хийж, дэвжээнд гарсан хойно тайван, хүлээцтэй барилдахыг хичээдэг.


-Сумын заан, залуу бөхчүүдийн барилдаанд ойрхон хоёр төрүүлээд заал танхимын барилдаанд үнэн хүчийг үзэж сайхан барилдаж байна.


-Багш маань “Өөртөө итгэлтэй байх нь чухал” гэдэг. Багш надад итгэж байхад би багшдаа итгэж байж амжилт гардаг гэж боддог. Г.Ганжад багшийнхаа хүүхэд нь юм шиг ойр дотно байдаг. Багш маань “Би чамайг түрүүлэх түвшний хэмжээнд харж байна” гэхэд нь би өөртөө итгэлгүй байсан. Ингээд өнгөрсөн оны есдүгээр сарын сумын заануудын барилдаанд үзүүрлээд дараагийн удаагаа түрүүлэх боломжтой юм байна гэж бодоод өөртөө итгэлтэй барилдаад арваннэгдүгээр сард түрүүлсэн. Дараа нь нэг түрүүлсэн юм чинь амжилтаа баталъя гэх зорилготой зодоглоод дахин түрүүлсэн. Барилдааны эхнээс даваа бүрд хянамгай, бодолтой алхам хийж барилдсан. Харин нэгдүгээр сард хайхрамжгүй байдлаасаа болоод унасан. Сэтгэл хөөрөөд гурвын даваанд ойролцоо барилдаан хийгээд дараагийнх дээр нь яарч мэх хийгээд өвдөг шороодсон. Барилдаан бүрээсээ туршлага хуримтлуулаад, суралцаж байна.


-Зам мөрийг нь заадаг багш нарынхаа тухай хуваалцвал?


-Чөлөөт бөхийн бэлтгэлээ Ч.Пүрэвбаяр багштайгаа хийдэг байлаа. Багш маань 2023 онд элэгний хорт хавдраар бурхан болсон. Анхны багшаа алдсан харамсалтай энэ явдал их хүндээр туссан. Аварга дээд сургуульд оюутан болж ороод улсын начин Б.Адъяахүү багшаараа заалгаж, үндэсний бөхийн бэлтгэлээ хийж эхэлсэн. Дараа нь Б.Адъяахүү багш улсын начин Г.Ганжад багш дээр намайг дагуулж очсон. Одоо Г.Ганжад багштайгаа бэлтгэл сургуулилалтаа хийж байгаа. Анх чөлөөтөөр барилдахдаа хөнгөн жинтэй, мэх техниктээ анхаараад уян хатан байсан болохоор үндэсний бөхөөр барилдаж эхлэхэд хүчний бэлтгэл сайн хийж, бяр суух шаардлагатай болсон. Хилчин спорт хорооны Баттулга багш дээр хүчний бэлтгэлээ хийдэг.


-Амжилтаа баталж, баталснаа ахиулдаг бөх шиг санагддаг. Сумын начнаа хоёр, сумын заанаа нэг баталсан байна. Цолондоо дүүрэн барилдах юм аа?


-Зодоглосон барилдаандаа үзүүрлэж болно. Түрүүлж ч болно. Харин хүмүүст азаар давлаа, азаар үзүүрлэлээ гэх сэтгэгдэл төрүүлэхгүй нүүр бардам байхыг зорьдог. Унаж, давснаа мэддэг жудагтай бөх байхыг чухалчилдаг.


“Өрсөлдөгч байхгүй бол би байхгүй” гэдэг шүү дээ. Дэмжээн дээр бид хэдий өрсөлдөгчид ч нэгэндээ хүндэтгэлтэй хандах нь жудгийн нэгэн илэрхийлэл гэж боддог. Олимпын аварга Оно Шохэй “Надад ялагдсан хүмүүсийг хараад би яаж инээх юм бэ” гэж хэлсэн байдаг.


Аливаа амжилт хүндлэлээс эхтэй. Анх сумын начин болохдоо нутгийнхаа уран гараа дэвээтэй, аймгийн начин Н.Батбилгүүн найздаа үзүүр түрүүнд унаж, дараа жил нь дахиж даагаа нэхэж унаад сумын начнаа олон баталсан. Ингэж бие биеэ хурцалж, хамтдаа өсөж дэвшдэг.


-Түрүүлэх барилдааны өглөө нар арай өөр тусаад байгаа юм шиг санагдах үе байв уу?


-Тийм ээ. “Дэнж нь хотойхгүй бол Дэмүүл хүү түрүүлнэ” гэж эртнээс хашир хүмүүс ярьдаг байсан. Надад нар хур тэгшрээд бие хаа хөнгөрөөд байгаа мэт мэдрэгддэг. Хүн байгаль хоёр хүйн холбоотой гэдэг шиг нар ганцхан над дээр тусаад ч байгаа юм шиг санагдана. Нутгийнх нь уул ус хүүгээ түшдэг гэдэг шүү дээ. Эргэн тойрныхон минь сэтгэл зүйгээр дэмждэг болохоор нутгийнхаа уул усанд сүсэглээд зөв явахад болох байх аа. Монгол бөхийн цол дуудахад хүч чадал нь бүрдэн төрсөн, олноос онцгой гэх үгнүүд цол дуудахад сэтгэл огшоож, өөртөө итгэх итгэлийг бүрдүүлж өгдөг. “Загварлаг шоп” компани, “Үдлэг агро шим” хоршоо маань намайг дэмжээд цалин урамшуулал өгдөг болохоор өөрийнхөө хэрэгцээг хангаад бэлтгэлээ хийж байна.


-Багадаа ямар хүүхэд байв. Аав ээж, гэр бүлийнхээ тухай хуваалцвал?


-Миний аавыг Доржийн Мөнхбаяр гэдэг. Хөшүүрэг Дорж нэрээрээ алдаршсан миний өвөө нутаг орондоо мэдлэг боловсролтой, хүнд тустай хүн байсан гэдэг. Энэ тусархуу зан нь үр хүүхдүүдэд нь өвлөгдсөн. Аав минь цэргээс ирээд хэсэг барилдсан боловч бэртэл гэмтлээс болоод үргэлжлүүлж чадаагүй гэдэг. Харин намайг бага байхад хурдан морь уядаг байсан.


Уяа морь унаж бага нас маань өнгөрсөн болохоор дурсамж дүүрэн. Хэрвээ барилдаагүй байсан бол нутагтаа хурдан хүлгийнхээ уяа сойлгыг тааруулж байх байсан болов уу. Моринд их дуртай, дүйтэй гэж боддог. Аав ээж маань “Сайныг дагавал сарны гэрэл” даруу төлөв, зөв хүнтэйгээ нөхөрлөж яваарай гэдэг.


Манайх үхрийн фермертэй болохоор багаасаа үхрийнхээ хашаа хороог цэвэрлэнэ. Гадуур тоглож гүйх нь бага. Хийсэн ажлаа дуусгана л гэж гүрийдэг. Хүнд худлаа хэлэх дургүй. Хэлсэндээ хүрдэг шударга хүн байхыг хүсдэг. Тиймдээ ч аав ээжийгээ хот хүрээ явахад итгэлийг нь алдахгүй гэрээ найдвартай харна. Манайх эхээс дөрвүүлээ. Би дээрээ нэг эгчтэй, айлын том залуу нь. Доороо хоёр дүүтэй.


-Тэгвэл ирээдүйн гэргийгээ ямар хүн байх бол гэж боддог вэ. Охид аавтайгаа адилхан хүнтэй сууна гэдэг шиг хөвгүүдэд тийм зүйл байдаг уу?


-Хүн бүрд гэр бүл зохиох зөв цаг гэж байдаг байх. Зарим нь залуугаасаа үерхэж нөхөрлөөд болж бүтэж байна. Харин миний хувьд ганцаараа өдий хүрснийх эхлээд карьераа босгож, амьдралын баталгаагаа бүтээгээд дараа нь гэр бүл зохиоё гэж боддог. Царайны сайхнаар цай сүлэхгүй гэдэг шүү дээ. Сэтгэл нийлээд нэгнээ ойлгож, дэмжиж байвал болно байх. Би хүнлэг, шударга хүнд дуртай. Бэлтгэл, тамирчны замналыг минь ойлгодог, орой ирэхэд халуун хоол ундтай угтдаг халуун сэтгэлтэй бүсгүйтэй ханилна гэж боддог.


-Спортын замналыг сонгосон хүн оргилд нь хүрэхийг зорьдог байх. Хүүгээ ивээх нутаг усандаа юу гэж залбирдаг вэ?


-Морь уралдахад “Хүүхэд, морь мэнд ирээсэй” гэж залбирдагтай адил бэртэл гэмтэлгүй барилдуулж өгөөрэй гэж нутгийнхаа уул усанд залбирдаг. Бусдаар түрүүлж, үзүүрлэх нь гол биш ээ. Оролдлого хийж, өөрийгөө сорьж байгаа нь чухал шүү дээ. Бэлтгэл сургуулилалт чинь миний ажил, заал танхим наадмын барилдаан шалгалт нь болж байгаа юм. Одоо аймгийн цолтны эгнээнд багтах зорилготой байгаа. Аливаа зүйлийг тооцоолол, бодит байдал дээр харж, дүгнэлт хийдэг. Сэтгэлийн хөөрөлдөө автаж тэнгэрийн юм ярьж болохгүй. Залуу бөх байхдаа цолтой болохыг хүсэж, цолтой болоод батлахыг зорьж, батлаад ахиулахыг хичээсэн. Одоо сумын заанаас дараагийн цолоо атгахыг хичээж байна. “Өөртөө үнэнч байвал дэвжээ чамайг ивээнэ” гэсэн ах нарын үг санаанаас гардаггүй юм.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин