sonin.mn

Ардчилсан намын даргаар сонгогдсон даруйдаа О.Цогтгэрэл намынхаа гишүүдийн бүртгэлийг шинэчлэх ажлыг эхлүүлж, “Ардчиллын гэрэгэ” хэмээх гишүүний баталгаажуулалтын хэлбэрийг танилцуулсан. Тэрээр тухайн үед уг гэрэгэ нь намын гишүүдийг нэгтгэх, шинэчлэлийн бодлогын нэг хэсэг гэж тайлбарлаж байв. Мөн “Ардчиллын гэрэгэ” авсан иргэдэд зарим боломж нээгдэх тухай, тэр дундаа АНУ-ын визийн асуудалд давуу тал үүсч магадгүй гэх агуулгатай мэдэгдэл хийж байсан нь олон нийтийн анхаарлыг татаж байсан юм. Гэвч удалгүй уг мэдэгдлээ үгүйсгэсэн.


Харин үүнээс илүү ноцтой асуудал нь намын албан ёсны AN.mn вэб сайтад олон сая иргэний мэдээлэл байршуулсан гэх асуудал байв. Тухайн үед уг сайтад регистрийн дугаар оруулахад тухайн хүний хувийн мэдээлэл ил гарч ирэх боломжтой байв. Энэ нь зөвхөн намын гишүүдийн мэдээлэл бус, илүү өргөн хүрээний иргэдийн мэдээлэл байсан байж болзошгүй гэх хардлагыг ч төрүүлсэн.


Хэрэв үнэхээр хоёр сая гаруй иргэний мэдээлэл ийм байдлаар ил гарсан бол энэ нь зөвхөн улс төрийн маргаан биш, иргэний үндсэн эрхтэй холбоотой асуудал болж хувирна. Монгол Улсад иргэдийн хувийн мэдээллийг хамгаалах эрх зүйн зохицуулалт бий бөгөөд хувь хүний мэдээллийг зөвшөөрөлгүй цуглуулах, боловсруулах, түгээх нь хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болдог.


Тэгвэл энд хамгийн чухал асуулт гарч ирж байна. Тухайн мэдээллийг хаанаас, ямар эх сурвалжаас авсан бэ? Иргэдээс зөвшөөрөл авсан уу? Эсвэл төрийн мэдээллийн сангаас алдагдсан мэдээлэл ашиглагдсан уу? Хэрэв хоёр сая гаруй иргэний мэдээлэл үнэхээр тэнд байсан бол энэ нь санамсаргүй алдаа биш, системтэйгээр цуглуулсан мэдээлэл байх магадлал өндөр.


Мэдээллийн аюулгүй байдлын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар регистрийн дугаар дээр тулгуурласан хайлт нээж тавих нь иргэний мэдээллийг хамгаалах хамгийн энгийн зарчмыг ч зөрчсөн үйлдэлд тооцогддог. Учир нь регистрийн дугаар бол Монгол Улсад иргэнийг таних гол түлхүүр мэдээлэл бөгөөд түүнийг ашиглан банк, үйлчилгээ, бүртгэлийн олон системд нэвтрэх боломж бүрддэг.


Ийм нөхцөлд иргэдийн мэдээлэл алдагдсан эсэх, хэр хэмжээний мэдээлэл байсан, хэрхэн ашиглагдсан зэрэг асуудлыг хууль хяналтын байгууллагууд бодитойгоор шалгах шаардлагатай гэсэн байр суурийг хуульчид илэрхийлж байна. Учир нь улс төрийн нам гэдэг нь иргэдийн эрх ашигт үйлчлэх ёстой байгууллага болохоос биш иргэдийн мэдээллийг хамгаалалтгүйгээр ашиглах эрхтэй байгууллага биш.

Өнөөдөр Монголд хувийн мэдээллийн хамгаалалт улам чухал асуудал болж байна. Төрийн байгууллага, улс төрийн нам, хувийн компани гээд хэн ч байсан иргэдийн мэдээллийг зөвшөөрөлгүй ашиглах ёсгүй. Хэрэв ийм тохиолдол гарсан бол улс төрийн харьяаллаас үл хамааран хариуцлага тооцох нь хууль ёсны төрийн зарчимд нийцнэ.

Иймээс Ардчилсан намын вэб сайтын мэдээллийн сангийн асуудал зөвхөн нэг намын дотоод хэрэг биш, Монголын иргэн бүрийн мэдээллийн аюулгүй байдалтай холбоотой асуудал юм. Хамгийн гол нь энэ асуудалд хэн, хэрхэн хариуцлага хүлээх вэ гэдэг асуулт өнөөдөр ч хариулт нэхсээр байна.


С.Сарнай