sonin.mn

МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа “Урлагт 40 жил-Хайрын бурхан” тоглолтын хэвлэлийн бага хурал боллоо.


Хурлын эхэнд МУГЖ, Зууны манлай дуучин Б.Сарантуяа: "Өнөөдөр миний хувьд маш онцгой өдөр байна. 1970 оны 4 дүгээр сарын 20-нд Батмөнх, Паня хэмээх залуу хосын гэр бүлд хоёр дахь охин нь болон мэндэлж байсан тэр өдрөөс хойш урлагийн замналтай амьдралаа холбож, өдгөө 40 жилийн босгон дээр ирээд байна. Энэ сайхан өдөр хэвлэлийн бага хурлаа хийж байгаадаа туйлын их баяртай байна. Юуны өмнө, миний журмын анд, найруулагч Ононбатдаа баярласнаа илэрхийлье.


Тэрээр “Хайрын бурхан” тоглолтын 10 жил, урлагт 30 жилийн ойн тоглолтын ерөнхий найруулагчаар амжилттай ажиллаж байсан бол энэ удаа мөн миний урлагийн 40 жилийн ойн тоглолтын найруулагчаар ажиллахаар зөвшөөрч, найзынхаа төлөө сэтгэл гарган ирсэнд чин сэтгэлээсээ талархаж байна.


Мөн Tribes энтертайментийн ерөнхий найруулагч Даваасүрэн (Халзаа) дүүдээ баярлалаа. Миний бие 1990 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд “Хөх тэнгэр” хамтлагтайгаа анхны амьд тоглолтоо хийж байснаас хойш бие даасан томоохон тоглолт хийж байгаагүй. Харин 40 жилийн ойн тоглолтоо цэнгэлдэх хүрээлэнд хийх санааг бид 3 жилийн өмнөөс ярилцаж эхэлсэн. Зах зээлийн хүнд хэцүү үед, ачаалал ихтэй үед ч “The Hu” хамтлаг, “Зуны зугаа” зэрэг томоохон тоглолтуудыг амжилттай зохион байгуулж байсан туршлагатай залуус миний тоглолтыг зохион байгуулахаар болсон нь надад маш их урам өгсөн. Тиймээс би энэхүү саналыг туйлын баяртайгаар хүлээн авсан.


Мөн өнөөдөр миний баруун, зүүн талд миний тайзны алтан партнер, ая зохиогч Б. Ангирмаа хүрэлцэн ирсэнд баяртай байна. Өнөөдөр би үнэхээр баяртай байна. Гэрийн даалгавраа маш сайн хийсэн, хичээл зүтгэлтэй сурагч шиг догдлон сууна.


Урлагийн 40 жилийн ойн тоглолтоо хийх гэж байгаадаа сэтгэл хангалуун байна. Энэ олон жилийн турш эгшиглүүлсэн шилдэг дуунуудаа та бүхэндээ дахин хүргэх болсондоо давхар баяртай байна." гэв.


Харин тоглолтын найруулагч, МУГЗ С.Ононбат: "“Мөнгөн харандаа”-гаас эхлүүлээд маш олон уран бүтээл дээр ажиллалаа. Ойн тоглолтуудаас гадна анхны клипүүд гээд дурсах зүйл их байна. Өнөөдөр ингээд 40 жилийн ойн тоглолтоо хийх гэж байгаадаа баяртай байна. Хамгийн хэцүү зүйл нь гэвэл, супер хит дуунууд ихтэй уран бүтээлчтэй ажиллахад хэцүү байдаг. Хайран сайхан дуунууд хасагдах гээд байдаг нь толгой өвтгөдөг. Бусдаар бол мэдээж хүмүүсийн дуртай дуунууд, амьдралд нь тохиолдож байсан үйл явдлууд гээд олон зүйл давхцаж, сайхан тоглолт болно гэж найдаж байна. Та бүхнийг 6-р сарын 6-нд хүрэлцэн ирэхийг урьж байна." гэлээ.


Б.Төгсбаясгалан