Эзэн нь хичээх аваас л заяа нь хичээдэг
Хамгийн бүдүүлгээр дүрслэн хэлэхэд хүн бол нэг метр куб ч (нэг метр шоо дөрвөлжин) хүрэхээргүй хөрс шороо юм. Гэхдээ энэ хөрс шорооны нэг хэсэг нь яс, нөгөө хэсэг нь мах, гуравдахь хэсэг нь уураг тархи, бас жаахан үс, хялгас буй. Энэ хэсгүүдийг бүтээдэг бодис нь байгальд байдаг ердийн л зүйлүүд, нарийн ялгавал ихэнх нь ус, гайхах юм, ховор зүйл ер үгүй. Хүн үхээд л хөрс шороондоо л шингэдэг, биенээс нь үлдэх үнэтэй, цэнтэй юм нэг ч үгүй. Амьддаа зүүж байсан алмазан шигтгээтэй алтан бөгж, алтан шүд, мөнгөн бөгж мэт нь хүний бие биш шүү дээ.
Тэгэхдээ мөнхүү нэг метр куб маань амьд амьтны бие цогцос, эд, эрхтэнгүүд болохынхоо хувьд дэндүү гэхээр нарийн нандин, таних ойлгоход ч бэрх бүтэц, зохион байгуулалт бүхий биет, цогцолбор, систем юм.
Чухамхүү тийм болохоор л бид өөрийгөө судалж, таньж, тордож, үзлэгт оруулж, тэжээж, эмчилж, элдэв витаминаар хангаж, элэгдлийг нь нөхөн сэргээж, амьдрах насыг нь аль болохоор уртасгаж байх үүрэгтэй, хариуцлага хүлээх жамтай болчихдог. Эрдэнэт хүний бие бол шинжлэх ухааны үнэн мэдлэгт тулгуурласан байнгын үйлчилгээ шаардах онцгой нарийн систем, шаардлагатай бүхнээр нь хангаж байхгүй бол эвдрэх, хөгшрөх, зөнөглөх, үхэх эрсдэл нэн өндөр. Ясыг бөх, бат хэвээр нь, цусыг шингэн янзаар нь, булчингийн массыг зохих түвшинд нь, шүдийг эрүүл, дархлааны эсүүдийг, мэдрэлийн эсүүдийг, олон янз гормонуудыг, бүх булчирхайгаа, хараа болон сонсголоо идэр залуу үеийнх шигээр нь хадгалах, гар болон хөлний үеүдээ, нурууныхаа хоорондох зөөлөн эдүүдээ хэвийн байлгах, мэдрэлийн судлууд, артерийн болон венийн судаснуудынхаа ханыг цэвэр байлгах, уян хатан байлгах гэх мэтийн олон асуудал хүнд бүх насаар нь гарсаар, улиран хадгалагдсаар байдаг. Хэн хүнд урт наслах удаан жаргах боломжийг бурхан ч биш, эмч нар ч биш харин ганцхүү хүн өөрөө өөртөө л олгодог. “Эзэн нь хичээвэл л заяа нь хичээдэг” гэх үгний гол утга нь энэ юм.
Эрүүл мэнддээ хортой зүйлс (архи, тамхи, чихэртэй, давстай, дээд гурилан бүтээгдэхүүн, хиам, консерев г.м) маш ихээр, байнга шахам хэрэглэж байсан танилууд маань л миний холбоо, харилцаатай байсан олон зуун хүнээс түрүүлж, ихэнх нь 60 хүрээгүй насандаа өөд болцгоосон юм.
Элдэв тансаглалаас хол байсан, аливаа зүйлд болгоомжтой ханддаг (Айж явбал аминд тустай гэдэг дээ!), эрүүл мэнддээ санаа тавьдаг, бүх насаараа л уншиж, суралцаж ирсэн тун цөөхөн хэд нь л харин өнөөдөр 80 гаруй настай болцгоочихсон, эрүүл, саруул явцгааж байна. Зарим нь бүр 90 гаруй настай, насны ойгоо ч хийцгээлээ. Тамхи татдагууд нь уушгины хавдраар, архи уудгууд нь элэгний хавдраар, дандаа л их давстай (давсалсан ногоо, хиам, консерев, гадаад бяслаг мэтийг) зүйл хэрэглэж байсан нь цусны даралт, хоол боловсруулах замын өвчнөөр өөд болцгоосон юм. Хүн тус бүрийн нь л үхэл надад гүнзгий харамсал, гуниг төрүүлдэг байв. Ихэнх нь хүний хувьд сайн хүмүүс байсан даа. Орчин үеийнхэнтэй харьцуулах аваас мөн ч хүмүүнлэг, хариуцлагатай, найрсаг, тусархаг, үнэнч... Одоо ч үнэн юм ховор болжээ. Гурван шатны шүүхээр хэлэлцэгдэж шийдвэрлэсэн хэрэг ч гэсэн худлаа байсан нь илчлэгдлээ шүү дээ! Хэнд итгэх болж байна аа! гэж хашгирмаар болчихлоо. Миний багад муу хүнийг эрж олох нь хэцүү байсан бол одоо сайн хүнийг эрж олох нь хэцүү болов. Капитализм, тэр тусмаа эхний, зэрлэг үе шат нь хүний чанарыг үнэхээр л доройтуулдаг юм байна. Та бүхэн ч энэнийг мэдэрсэн байх...
Хүний амьдралын туршид мэдрэлийн эсүүд өсөж үрждэггүй. Харин үхэж хорогдсоор, цөөрөн цөөрсөөр эцэсдээ хүн зөнөж, санах, сэтгэх чадвар нь мохдог. Ингэхлээр мэдрэлийн эсүүдээ хамгаалах, үхэх, цөөрөх явцыг удаашруулах талаар мэдлэг хэрэгтэй. Мэдрэлийн эсүүд зөвхөн глюкозоор тэжээгддэг.
Тархинд очих цусаар глюкоз ирэхгүй бол мэдрэлийн эсүүд ажиллахгүй гэсэн үг. Гэхдээ цусанд сахар ихэсвэл аюултай. Энэчлэн холестерин ч гэсэн эсүүдэд хэрэгтэй. Ихэсвэл мөн л аюултай. Биен дэх юмсын хэмжээ ийм нарийн хэмжээ, харьцаатай байдаг нь гайхамшиг юм. Олон тэрбум жилийн туршид тасралтгүй төгөлдөржсөөр ирсэн болохоор арга ч үгүй юм даа. Цусны хэмжээ, цусан дахь чухал эсүүдийн тоо, чадавх хэвийн байх ёстой. Дархлааны эсүүд өсөж үрждэг. Үржихэд чухал нөхцөлийг нь бүрдүүлж байх учиртай. Цусны шингэн чанарыг хэвийн байлгах, судасны ханыг цэвэр, уян хатан байлгах, цусан дахь сахар болон холестерины хэмжээг хэвийн байлгах, цус өтгөрөх, бүлэн үүсэхээс сэргийлэх, артерийн даралтыг хэвийн байлгах гэх мэтээр үнэн мэдлэгтэй, зөв мэдээлэлтэй байх ёстой. Ясны сийрэгжилтээс, үеүдийн зөөлөн эд, мөгөөрс, үе хоорондын шингэн багасахаас, яс хугарахаас сэргийлэхэд мөн л зохих мэдлэг, мэдээлэл хэрэгтэй. Хэрэглэгдэх ёстой витамин, минералаар өөрийгөө хангаж, сэлбэж байх ёстой. Яснууд дундаас шүд бол маш чухал эрхтэн. Араатан ч тэр, адгуусан амьтан ч тэр хоолоо жижиглэж идэх шүдгүй бол турж, эцсээр үхдэг. Ингэхлээр шүдээ арчлах, тоог нь гүйцэд байлгах, хиймэл шүд хийлгэх нь онцгой анхаарах асуудлын нэг болно.
Эмээ, өвөөгийнхөө, аав, ээжийнхээ шүдний байдалд санаа тавих, зовох нь хүү болон охины нь тун ч чухал үүрэг юм. Орчин үед хүүхдүүдээ 8 нас хүртэл нь шүдний асуудалгүй байлгаж чадаж байгаа залуу аав, ээж гэж бараг л алга байна шүү дээ! Энэ бол маш том дутагдал юм.
Булчин махныхаа хэвийн жин ба хөгжлийг доройтуулах аваас хүн хөдөлж, явж, хөдөлмөрлөж чадахгүй болно. Биений булчин ясанд бэхлэгдэж, нүүрний булчин арьс болон ясанд бэхлэгддэг. Хүнд маш олон булчин буй. Тэдгээрээ тордох мэдлэг, мэдээлэл мөн хэрэгтэй. Дотор эрхтэнрүү орох нь чухал хэдий ч энэ удаа орхиё. Эцэст нь анхааруулахад хүнд өөрийгөө тордох, хүүхдээ өсгөх, эцэг эхээ асрахад шаардагдах мэдлэг, мэдээлэл заавал ч үгүй байх ёстой. Ийм мэдлэгтэй болох, мэдлэгээ хэрэглэх чадавхтай болох, шаардагдах ойр зуурын багаж хэрэгсэлтэй болох ухаан өрхийн хоёр тэргүүний аль алинд нь байхын чухлыг хүн бүр хүүхэд байх үеэсээ эхлээд л ойлгосон байх ёстой. Холбогдох мэдлэгүүдийг цуглуулж, хуримтлуулж, нөөцөлж, хэрэглэж сурсан байх учиртай. Тэгж байж л айл гэр элэг бүтэн, эвсэг найртай аж төрдөг юм. “Эзэн нь хичээвэл л заяа нь хичээдэг” гэх өвгөдийн маань энэ сургаал, яс үнэнийг хэлэх аваас, шашин болон шинжлэх ухааны хоёулангийн нь дээр залрах үнэн, үнэн мэдлэг юм шүү! Монгол ардын аман зохиол, зүйр цэцэн үг, оньсого, таавар, онигоо зэрэг нь тэр чигээрээ л гүн ухааны мэдлэг, онол, аргазүй, логик билээ.
Өвгөдийн маань оюун ухаан олон зуун мянган жилийн дотор үнэн мэдлэг, зөв мэдээллийг бүтээсээр, хэрэглэсээр, “мэдлэг бол хүч мөн” гэх үгийг нотолсоор ирсэн түүхтэй.
Энэнийг нь манай зарим “философичид” ойлгохгүй байсаар үс нь цайж байна даа... Харамсмаар шүү! Бидний биеийг бүтээж буй бүх зүйл энэ дэлхийн л хөрс шороо. Бид энэ дэлхий дээрээ л бүтээгдсэн болохыг энэ нь шууд гэрчилдэг. Бид бол байдаг л нэг амьтан, бусад амьтны л адил байгаль эхийн бүтээгдэхүүн. Тэгэхлээр бид засварлагдах, нөхөн сэргээгдэх, насаа уртасгах боломжтой гэсэн үг. Харин хүмүүс бид энэ бүхэнд хэрэгтэй мэдлэг, мэдээллийг л аль болохоор түргэн таних, хуримтлуулах, бүтээлчээр ашиглаж сурах хэрэгтэй. Өнөөдрийн түвшин маань гологдохоор, чамлагдахаар бага байгаа нь ч үнэн юм. Олон янзын шалтгаанаар үүсдэг хорт хавдруудад хүмүүс бид дарлуулаад л сууцгааж байна шүү дээ. Хүний оюун ухаан, сэтгэн бодох, аливаад гарц, шийдэл олох чадвар хорт хавдрын хувьд мөхөсдөөд байгаа гэж үү? “Эзэн нь хичээвээс л заяа нь хичээдэг” гэх үг энд ч хүчинтэй байх ёстой...
Судлаач, профессор Д.Чулуунжав
Мягмар - 04 сарын 21,
2026
Сэтгэгдэл6
1990 оноос Монгол зуун жилийн өмнөх дарангуйлалтай ялзарсан феодалын үе рүүгээ буцсан.
тасралтгүй иймэрхүү юм бичих юм даалгавартай юм шиг за тэгээд сайн анзаараад байгаарай шашин ч биш монголын үндэсний гэсэн болгоныг үзэн яддаг
Судлаачийн нэг багэш нь шашин бол хар тамхи гэж хэлсэн гэсэн
ийм алмас хараад хүн айна цочино нойр хоолгүй болохоос сайхан болохгүй нь мэдээж хүнийг айдасаар нь дарангуйлах гэсэн өөрсдийгөө тамын амьтад гэж ойлгуулах гэсэн шашны гаж урсгал юм байна.
Элдэв юм идэж уухгүй энэ Чуукаа өвгөн шиг хашир байгаад байвал хүн 90 хүрнэ ! Залуу авгайтай Трамп бол 100 хүрнэ ! Биё хамгаалагч нараа сайн сонгоод тожигноод алхаад байвал Путин ч 90 хүрнэ ! Хүн хөгширч үхдэггүй хөшиж үхдэг юм ! хөдөлгөөнтэй л байх хэрэгтэй !
Орчин үед бүх дэлхийд шашнуудын нөлөө огцом буурч байгаа. Монголд ч гэсэн мөрөө гаргаж, ламдаа мөргөдөггүй бусад үндэстнүүд яагаад өөрсдөөс нь дээр байгааг ойлгохыг ядаж оролдох болсон.