sonin.mn

ОХУ-Украины дайн эхэлж, ОХУ-ын түрэмгийллийн эсрэг хөдөлгөөн үүссэний 2 жилийн ойн хэвлэлийн хурал 2-р сарын 23-нд боллоо.


Энэ үеэр тус хөдөлгөөний идэвхтэн Э.Одбаяр: "No War хөдөлгөөн ядрахгүй, залхахгүй, зогсохгүй. Цаашдаа бүр идэвхтэй өрнөх болно. Үүний илэрхийлэл болгож Украинд үзүүлэх хандив, тусламжаа Монгол улсын иргэний хувиар үргэлжлүүлнэ. Өнгөрсөн хугацаанд эрүүл мэнд, батлан хамгаалах, сэргээн босголт, боловсрол, шинжлэх ухаан гэх мэт салбаруудаас сэргээн босголт болон эрүүл мэнд, шинжлэх ухааны чиглэл рүү хандиваа хүргэж байсан.



"No War" хөдөлгөөн цаашдаа Украин улсад өөрийн эрх чөлөөг хамгаалах зэвсэг, цэргүүдэд хүнс, тоног төхөөрмжийн чиглэлд хандив өргөнө. Үүгээрээ бид өөрсдийн үйл ажиллагааг улам идэвхжүүлнэ.



Илүү бодит, их хэмжээний хандив өгөх болно. "No War" хөдөлгөөний залууст оноосон ял, зорчих эрхийг нь хязгаарласан цахим гавыг тайлна. Хилийн хориогоо цуцлуулна. Бид Украин улсад очно. Украин улсад хүнс аваачна. Сайн дурын үйл ажиллагаа явуулна, тусламжаа хүргэнэ. Өнгөрсөн 2 жилийн хугацаанд бидний хэлсэн үг, хийсэн үйлдэл зөрөөгүй. Үзэл баримтлал, үзэл санаа ийм хүчтэй байдаг юм. Эрх чөлөөний үзэл санаа ийм хүчтэй байдаг юм. Ийм учраас Оросын түрэмгийлэл, дарангуйллын эсрэг "No War" хөдөлгөөн 2 жилийн босгон дээрээ илүү идэвхитэй, бодлогын шинж чанартай, илүү үндэсний хэмжээний , олон улсыг хамарсан үйл ажиллагаа явуулна гэдгээ мэдэгдэж байна." гэв.


Мөн "Та бүхнийг зөвхөн Украин-Оросын дайныг л яриад бусад бүс нутаг дахь мөргөлдөөнийг ярьдаггүй, үүнээс үүдээд зөвхөн Оростой л зөрчилдүүлэх зорилготой гэж шүүмжлэх нь бий. Энэ тухайд ямар тайлбар хэлэх вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултанд тус хөдөлгөөний идэвхтэн Б.Цацрал: "2 жилийн өмнө ОХУ-аас Украин улсад өдөөсөн дайныг эсэргүүцэж эрх чөлөөг эрхэмлэдэг олон нийт, залуучууд "No War" хөдөлгөөнийг өрнүүлж байсан. Үүний цаана нэг асуулт байдаг нь Украин улс Монгол улсаас юугаараа өөр юм бэ?



Украин улс Монголоос юугаараа өөр болоод ОХУ Монгол улс руу дайрахгүй юм бэ? Тийм баталгаа хаана байгаа юм бэ? Ойр дотно гэдгээрээ Украин улс Монголчуудаас илүү ОХУ-тай ойр шүү дээ. Биднийг бодвол ОХУ Украин хоёр элэг нэгтэй.



Монголчууд Орос ах гэдэгтээ яагаад ийм итгэлтэй байж энэ балмад үйл ажиллагааг эсэргүүцэхгүй байгаа юм бэ? Энэ бол бидний өөрсдөөсөө асуух асуулт юм. "No War" хөдөлгөөний залуучуудаас дотоодын асуудалдаа илүү анхаарал хандуулаач гэж асуудаг хүмүүс бий. Гэтэл энэ дайн бол манай хөрш улсын өдөөсөн дайн. Бид гадаад асуудлаа харахгүйгээр, юу болж байгааг бодитоор үнэлэхгүйгээр дотоод асуудлаа шийдэх боломжгүй гэдгийг сүүлийн 8 жилд маш тод харуулж байна." хэмээн хариулсан юм.



М.Чой