Сэтгүүлч болохоор оюутны ширээнд сууж байсан 2000-аад он. Хэл шинжлэл, түүх, шашин судлал, өрнө, дорнын утга зохиол, гоо зүй гэх мэт суурь эрдмийн хичээлүүд ерөнхийдөө хаагдаад сэтгүүлзүй рүүгээ төвлөрдөг жил хичээлийн хуваарьт “Чөлөөт сэтгүүлзүйн онол, практик” гэдэг шинэ хичээл нэмэгдсэн байв. Ерөнхий эрдмээсээ ангижирсандаа баярлаад сэтгүүлзүйн бичлэгийн төрөл зүйлээ дөнгөн данган ялгахчаа аядаад практик руу гарын үзүүр дүрэн ядаж байсан шалдан оюутнуудад чөлөөгүй сэтгүүлзүй нь ч юу юм, чөлөөтэй нь аль нь ч юм бүү мэд!
Яг энэ үед Ц.Дашдондов багш ангид орж ирсэн. Түүнийг “чөлөөт хэвлэлийн загалмайлсан эцэг” гэж зүй ёсоор нэрлэдэг. Багшийн дэвтэрт бичүүлсэн хамгийн эхний үг:
“ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ХООРОНД ЯНАГ АМРАГИЙН ХОЛБОО БАЙЖ БОЛОХГҮЙ!”
-Янаг амрагийн холбоо. Яг юу гэсэн үг вэ, багш аа?
-Редакц засгийн газраар дэмжүүлж, тэндээс санхүүжиж огт болохгүй гэсэн үг. Энэ бол чөлөөт хэвлэлийн хамгийн анхны суурь зарчим.
-Засгийн газрыг мөрдөн мөшгөөд, баримт цуглуулаад л, алаад л байх ёстой юм байна. Гэхдээ тэр ажлыг чинь цагдаа хийдэггүй юм уу, багш аа?!
-Цагдаа эрх баригчидтай хуйвалддаг жишээ үй олон, тэд голдуу эрх баригчдын буулган дор байх нь бий...
-Баримт. Баримтыг шударгаар олж авах ёстой юу? Олон нийтийн эсрэг маш том гэмт хэргийн баримтыг хулгайлж авч болох уу?
-Баримтаа шударгаар олж аваагүй учраас шийтгүүлсэн сэтгүүлчийн жишээ бас олон.
-Хэрэв өрсөлдөгч нь баримт өгвөл, баримтыг мөнгө төлж авбал шударга уу?
-Ер нь нэг баримт хангалтгүй. Хэн нэг нь чамд худлаа баримт өгсөн байвал яахав? Сэтгүүлч өөрийгөө хамгаалъя гэвэл нэг нь нөгөөгөө батлах дор хаяж 2-3 баримттай байж асуудлыг сөхөж тавих хэрэгтэй болно. Баримтгүйгээр дуулиан шуугиан дагаж намирах бол мэргэжлийн сэтгүүлзүй биш...
Ойлгох ойлгохгүй зөндөө л юм ярьсан. Харин ажил дээр гарсны дараа бага багаар бүх зүйл маш ойлгомжтой болсон.
Бүх зүйл заалгаснаас шаал өөр байсан.
1. Санхүүгийн эрх чөлөөгүй л бол чөлөөт хэвлэл гэж байх боломжгүй. Хэн санхүүжүүлж байгаагаас хамаарч хэний хоточ нохой, хэн рүү хуцагч нохой болох нь шийдэгдэнэ.
2. Зар сурталчилгаанаас орлого олж редакц тэжээх боломжгүй тул том бизнесмэнүүд, эсвэл компаниудаас санхүүжнэ. Монголд бол нүүрсчид, алтчид, зэсчид, хулгайчид л том. Бүр хаалтын гэрээ хийж төсвөөр, төрөөр, мөнөөх засгийн газраараа тэжээлгэнэ. Иймээс сэтгүүлзүй бол шантаажзүй болж хувирсан.
3. Улстөрчдийг төсвөөс хулгайлж байна гэж чичлэх мөртлөө өөрсдөө лоббидож хууль батлаад төртэй нийлж үзэгчдийн халааснаас хүчээр хулгайлж өөрсдийгөө санхүүжүүлнэ.
4. Дан сэтгүүлзүй хийгээд, дан зар сурталчилгаагаар орлого олоод яаж тэр олон хүнийг маш дажгүй цалинжуулж, бүр бүгдэд нь байр орон сууц өгөөд байдгийг би ойлгодоггүй. Нүүрс зөөхгүй л бол боломжгүй.
5. Сэтгүүлзүй нийгмийн сэхээтний салбар байхаа хэдийн болиод гудамжны жарагон хэллэгийн хэвийн болтол нутагшуулсан бүдүүлэг хэллэгтэй, ичгүүргүй араншинтай, жад шиг хумстай ордон сахисан сэгсгэр хүүхнүүдийн бөөгнөрөл болж хувирсан. Уриа нь “СЕНСААЦ, ХАНДАЛТ...”. Монголын сэтгүүлзүйн үүсгэл-Шинэ толь сонины олныг соён гэгээрүүлэх гол уриа хаана, хэзээ гээгдсэнийг хэн ч эс мэднэ.
Ц.Дашдондов багш: “ЧӨЛӨӨТ ХЭВЛЭЛ БОЛ ГАЛЗУУ НОХОЙ БИШ, СЭТГҮҮЛЧ БОЛ ЯЛЛАГЧ БИШ!
“ШҮҮМЖИЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ ГЭЭД ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ, ИЛЧИЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ ГЭЭД ГҮТГЭЖ БОЛОХГҮЙ, ЭРЭН СУРВАЛЖИЛЖ БАЙГАА НЬ ЭНЭ ГЭЭД УЛ ШАГАЙЖ БОЛОХГҮЙ!”... гэж билээ.
Одоо бол бүгд эсрэгээрээ ягштал хэрэгжиж байна.
Эцэст нь хатуу үнэнтэйгээ эвлэрцгээе, үзэг нэгт эрхэм андууд минь ээ!
Cэтгүүлзүйг нийгмийн шударга бусыг илчилдэг гайхалтай сайхан гэгээн салбар, сэтгүүлчдийг нийгэмд шударга ёсыг тогтоодог аймаар гоё хүмүүс биш гэдгийг ойлгоод СЭТГҮҮЛЗҮЙ БОЛ СИСТЕМИЙН ЭД ЭС, ЭРЭГ ШУРАГ гэдгийг хүлээн зөвшөөрч системээ өөрчлөхөөс өөр гарцгүйг ухаарцгаая!
Шулуухан хэлэхэд ЧӨЛӨӨТ СЭТГҮҮЛЗҮЙ, ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨ гэдэг гоё сайхан зүйл ерөөсөө байхгүй.
Энэ бол ард түмнийг тараах, эв нэгдлийг бусниулах, хагалан бутаргах, төргүй болгох... 35 жилийн өмнө гаднынхны Монголд хэрэгжүүлж эхэлсэн том төслийн нэг л хэсэг юм шүү дээ! Харин үүнийг манай системийн сэтгүүлзүй, чөлөөт сэтгүүлч нэрэндээ итгэсэн эрэлхэг сэтгүүлчид маань хэзээ ойлгохыг хэлж эс мэднэ...
Өнөөдөртөө багтаагаад энэ үнэнийг хэлье!
Тэгээд манай салбар малбар гэсэн балайрлаа бүх салбарынхан хаяад МОНГОЛ гэдэг үндсэн "салбар"-таа л нэг байцгаая!
Гантөмөрийн Уянга
Ням - 05 сарын 03,
2026
Сэтгэгдэл1
ci ter segsger vulgar huuhen uuruu mun shde. chamaas l ehleltei shde ene eree ceergui baliar huuhnuud setguulch nertei