“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж, тэдний сонирхолтой шийдэл санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа “Чингис хаан үндэсний музей”-н сан хөмрөгч Б.Мөнхбатыг урьж, ярилцлаа.
“Бусадтай адил болохоос илүү үнэ цэнээ хадгалах нь чухал”
-Монгол Улсад 1990 оноос хойш хийгдсэн соёлын салбарын хамгийн том бүтээн байгуулалт бол манай “Чингис хаан үндэсний музей” юм. Би 2021 онд музейг анх байгуулагдах үеэс ажиллаж байна. Одоогоор судалгаа шинжилгээний чиглэл, музейн үзэл баримтлал, агуулга, үзүүлэнгийн боловсруулалт дээр төвлөрч ажилладаг.
Монгол Улс 100 жилийн музейн түүхтэй. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар үр түүхээ шингээсэн, олон улсын стандартад нийцсэн, орчин үеийг музейг бүтээн байгуулан хөгжүүлж байгаа нь монголчуудын хувьд чухал ач холбогдолтой билээ.
Нэгдүгээрт, бид үйлчилгээний соёлыг чухалчилдаг. Хоёрдугаарт, музейг зөвхөн эртний түүхэн олдвор, эд өлгийн зүйл хадгалдаг газар бус, судалгаа шинжилгээний байгууллага гэдэг ойлголтыг түгээн дэлгэрүүлэхийг зорьдог. Ер нь сүүлийн жилүүдэд соёл, түүхийн салбарт төрөөс анхаарал тавих нь нэмэгдэж, бодлогын түвшинд илүү тодорхой дэмжлэгүүд хэрэгжүүлж эхэлсэн.
Тухайлбал, Музейн тухай хууль батлагдсанаар энэ салбар эрх зүйн хувьд илүү тодорхой зохицуулалттай болсон. Өнөөдөр нийгэмд соёл, түүх рүү чиглэсэн хандлага нэмэгдэж байна.
Олон нийтийн зүтгэлтнүүд, уран бүтээлчид, олон дагагчтай контент бүтээгчид хүртэл түүх, соёлын сэдвийг хөндөж, энэ чиглэлээр зөвлөгөө авах, хамтран ажиллах хүсэлтүүд нэмэгдэж байгаа. Энэ нь нэг зүйлийг илэрхийлж байна. Юу вэ гэхээр техник технологи хэчнээн хөгжсөн ч улс орны жинхэнэ ялгарал, ондоошил нь түүх, соёл, өв уламжлал дээрээ л тогтдог. Бусадтай адил болохоос илүү өөрийн гэсэн үнэ цэнийг хадгалах нь хамгийн чухал болсон ийм цаг үе иржээ. Энэ үнэт зүйлсийг нэгтгэн зангидаж, хадгалж хамгаалан, олон нийтэд ойлгомжтой байдлаар хүргэх нь бидний эрхэм үүрэг хэмээн боддог. Музей өөрөө зөвхөн үзмэр хадгалах газар биш, харин үндэсний дархлаа, соёлын ондоошлыг хадгалж байдаг гол институц билээ.
“Бид дэлхийн түүхэнд ялж явсан түүхтэй улс, энэ бол түүхэн капитал”

-“Чингис хаан үндэсний музей”-н үндсэн үзмэрүүдийн дийлэнх буюу ойролцоогоор 80 хувийг археологийн малтлага, судалгаанаас илэрсэн олдворууд эзэлж байна. Монгол Улсын төрт ёсны анхны улсуудаас эхлээд XX зуун хүртэлх түүхийг, ялангуяа хаад, язгууртнуудтай холбоотой эд өлгийн зүйлс манайд хадгалагдаж байна. Үе үеийн түүхийг илтгэх, дэлхийн түүхэнд үнэлэгдсэн гайхамшигт олдворууд бий. Тухайлбал, Хүннүгийн үеийн Ромын шилэн аяга, Монголын эзэнт гүрний үеийн хаадын хэрэглэж байсан алтан сав суулга, үнэт эдлэл, гэрэгэ зэрэг хосгүй үнэт үзмэрүүдийг нэрлэж болох юм.
Хамгийн сүүлд гэхэд Монголын нутаг дэвсгэрээс олдож байгаагүй мөнгөн гэрэгэ илэрч түүх, археологийн салбарт чухал нээлт болсон. Тэр манайд хадгалагдаж байгаа.
Тэгээд мэдээж Алтан Чингис. Энэхүү бүтээлийг үзэхээр дэлхийгээр тархан суурьшсан монгол угсаатнууд маань хүртэл зорин ирдэг болсон нь музейн үнэ цэн, нөлөөг илтгэж байна. XXI зуунд бид бусдаас юугаараа өөр вэ, биднийг юу тодорхойлох вэ гэсэн асуултыг улс бүр өөртөө тавьж байна.
Монгол Улсын хамгийн том ондоошил бол түүх юм. Бид дэлхийн түүхэнд ялалт байгуулж, хүн төрөлхтний хөгжилд нөлөө үзүүлсэн ард түмэн шүү дээ. Ялангуяа Монголын эзэнт гүрэн бол биднийг дэлхийд тодорхойлж чадах өв, үнэт зүйл. XIII-XIV зууны дэлхийн түүхийг судалж байгаа хэн боловч монголчуудын түүхийг тойрч гарах боломжгүй.
Энэ бол бидний бусдаас ялгарах хамгийн том хүч, давуу тал. Тийм ч учраас бид түүх, соёлын салбартаа хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Энэ нь зөвхөн нэг салбарыг хөгжүүлж байгаа хэрэг биш, харин үндэсний дархлаа, тусгаар тогтнол, олон улсад өөрийгөө таниулах бодлогын нэг хэсэг гэж харж болно. Хоёр том гүрний дунд оршдог манай улсын хувьд өөрийн түүхэн үнэ цэн, соёлын ондоошлоо хадгалж, хамгаалах нь стратегийн ач холбогдолтой. Манайхтай ойр байдаг Казахстан зэрэг бүс нутгийн орнууд ч өөрсдийн түүхэн үнэт зүйлээ олон улсад таниулахад анхаарч байна.
“Ялж явсан монголчуудын түүхийг бодитоор мэдэрч, үзэж, ойлгох гэж хүмүүс ирж байна”
-Өнөөдөр дэлхийн хаана ч очсон Чингис хаан гэдэг нэрийг хэлэхэд хүмүүс Монгол Улсыг мэддэг. Энэ өөрөө асар том брэнд, асар том түүхэн капитал. Түүнтэй адил гаднаас хүмүүс Монголд ирээд ялж явсан бидний түүхийг бодитоор мэдэрч, үзэж, ойлгох орчин хангалттай байх ёстой. Хүн зөвхөн сонсоод биш, харж, мэдэрч, туршиж байж тухайн түүхэнд үнэхээр итгэдэг. Тиймээс музей гэдэг бол зөвхөн үзмэр хадгалдаг газар биш, харин үндэсний түүх, бахархал, үнэт зүйлээ дэлхийд харуулдаг орчин үеийн соёлын төв байх ёстой.
Гаднын хүн ирээд “Монголчууд үнэхээр түүхээ үнэ цэнтэй хадгалж, орчин үеийн хэлбэрээр дэлхийд харуулж чаджээ” гэж мэдрэх тэр орчныг бүрдүүлэх нь өнөөдрийн бидний хийх ёстой хамгийн чухал ажлуудын нэг гэж харж байна.
Тиймээс Чингис хаан үндэсний музей олон улсын хэмжээнд үйл ажиллагаагаа өргөжүүлж, судлаач, мэргэжилтнүүдээ гадаад улс орнуудад сургаж, туршлага солилцуулах боломжийг бүрдүүлж байна. Үүний үр дүнд дотоодын хүний нөөц, мэргэжлийн боловсон хүчний чадавх улам сайжирч, музейн салбарын судлаачид чанартай, өргөн мэдлэгтэй болж байгаа. Нөгөө талаас музей бол зөвхөн үзмэр үзүүлдэг газар биш, үйлчилгээний байгууллага юм. Тиймээс хүн музейд орж ирээд зөвхөн түүх, соёлтой танилцаад зогсохгүй, чөлөөт цагаа зөв боловсон, тав тухтай өнгөрүүлэх боломжийг бүрдүүлэх нь чухал. Манай музей энэ зарчмыг баримталж ажилладаг. Үзэгчид орж ирэхэд бүх мэдээлэл ойлгомжтой, хэрэгцээтэй зүйлс нь хүртээмжтэй, амарч тухлах орчин бүрдсэн байх зэрэг анхдагч хэрэгцээг нь хангах тал дээр онцгой анхаарч ажиллаж байна. Ядаж л хүн музей дотор төөрөхгүй, хэрэгтэй үйлчилгээгээ төвөггүй авч, тав тухтай үйлчлүүлэх боломжтой орчныг бүрдүүлэхийг зорьдог.
Мөн орчин үеийн музейн хөгжлийн хамгийн чухал хэсгийн нэг бол технологи юм. Уламжлалт байдлаар хүн зөвхөн үзмэр үзээд өнгөрөхөөс илүүтэйгээр өнөө үеийн хүүхэд, залуус болон суралцагчид мэдээллийг дижитал технологиор дамжуулан илүү хурдан, үр дүнтэй хүлээж авдаг болсон.
Тиймээс бид уламжлалт үзмэрийг орчин үеийн дижитал технологитой хослуулан, үзэгчдэд илүү ойлгомжтой, сонирхолтой байдлаар хүргэхийг зорин ажиллаж байна. Хүүхдийн ой тогтоолт, мэдээллийг хурдан хүлээж авах чадварт орчин үеийн технологи маш хүчтэй нөлөөлж байна. Өнөөдрийн хүүхдүүд зөвхөн түүхэн эд өлгийн зүйлийг хараад, тайлбар уншаад мэдээлэл авах бус, харин дижитал орчинд орж, өөрөө мэдэрч, оролцож, туршиж үзэх үедээ илүү хурдан ойлгож, удаан тогтоодог болсон. Ялангуяа харах, сонсох, мэдрэх, зарим тохиолдолд үнэрлэх зэрэг хүний мэдрэхүйн эрхтнүүдийг хослуулан мэдээлэл авах үед суралцах үр дүн илүү өндөр байдаг.
“Музей судалгаа шинжилгээний байгууллага болж хөгжих ёстой”
-БНСУ, Япон зэрэг улс орнууд музейн салбартаа дижитал технологийг маш амжилттай нэвтрүүлж, бүр дан дижитал контентод суурилсан музей, интерактив үзүүлэнгийн орчныг бий болгон хөгжүүлж байна. Энэ нь хүүхэд, залуусын боловсрол, танин мэдэхүйд маш эерэг нөлөө үзүүлж байгаа. Манай “Чингис хаан үндэсний музей”-н хувьд ч энэ чиглэл рүү анхаарч, олон улсын туршлагыг идэвхтэй судалж ажиллаж байна. Тухайлбал, тухайн орнуудаас мэргэжилтнүүд урьж сургалт зохион байгуулах, дотоодын боловсон хүчнээ бэлтгэх ажлууд үе шаттай хэрэгжиж байна. Ер нь сүүлийн үеийн судалгаануудыг харахад музей гэдэг олон шинжлэх ухааны огтлолцол, уулзвар цэг болдог гэдэг нь улам тод харагдаж байна.
Музейд зөвхөн түүх, археологийн судалгаа явагддаггүй, мөн Байгалийн шинжлэх ухаан, Нийгмийн шинжлэх ухаан, сэтгэл зүй, урлаг зэрэг олон чиглэлийн судлаач нэг дор хамтран ажилладаг онцлогтой. Энэ жишиг олон улсын музейн байгууллагуудад ч мөн адил харагддаг.
Тухайлбал, үзэсгэлэнгийн куратор, түүхч, археологич, химич, байгалийн шинжлэх ухааны судлаачид, сэргээн засварлагчид, мөн менежмент, бизнесийн чиглэлийн мэргэжилтнүүд хүртэл музейн салбарт хамтран ажилладаг. Энэ нь музей өөрөө дан ганц нэг салбарын байгууллага биш, харин олон салбарын мэдлэг, судалгаа, туршлага нэгддэг орчин гэдгийг харуулж байна. Тиймээс цаашдаа Монгол Улсын музейн салбарын судлаачид ч н энэ чиглэл рүү илүү хөгжиж, олон салбарын шинжлэх ухааны хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай гэж харж байна. Чингис хаан үндэсний музей ч энэ чиглэлд анхаарч, олон талын мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдээ бэлтгэн хөгжүүлэхэд түлхүү ажиллаж байна.
“Орон нутгийн музейнүүд хөгжлөөс хоцрогдоод байгаа нь үнэн”
-21 аймаг, сум бүрд орон нутаг судлах музей, соёлын төвүүд ажиллаж байна. Бидэнд дотоодын хамтын ажиллагаа, нэгдсэн стандарт, мөрдөх арга зүйн тогтолцоо харьцангуй сул байгаа. Хуульд газрын хөрсөнд булшлагдсан байхаас үл хамааран, газрын гадарга дээр ил байгаа эсэхээс үл шалтгаалан соёлын өв бол нийт ард түмний өмч гэж үздэг. Харин музей бол тухайн өвийг хадгалж хамгаалах, судлах, олон нийтэд сурталчлах үүрэг хүлээсэн байгууллага юм. Мөн Музейн тухай хууль батлагдсанаар музейн үйл ажиллагаа илүү тодорхой эрх зүйн зохицуулалттай болсон.
Өнөөдөр бид хүний нөөцийн бүтэц, үзмэр хадгалалт, үзэсгэлэн гаргах, үзмэр шилжүүлэх зэрэг бүхий л үйл ажиллагаагаа энэ хуулийн хүрээнд хэрэгжүүлж байна. Гэхдээ практик дээр тулгамдаж байгаа асуудал бий. Юуны өмнө хууль, журамдаа цаг үеийн шаардлагад нийцсэн тодорхой шинэчлэл хийх хэрэгцээ байна.
Учир нь өнөөдөр бид олон улсын хамтын ажиллагаа, байгууллага хоорондын уялдаа холбоог илүү өргөжүүлэх шаардлагатай байгаа ч зарим тохиолдолд одоогийн эрх зүйн зохицуулалт нь энэ үйл ажиллагаатай зөрчилдөх нөхцөл үүсгэх магадлал байдаг.Нөгөө талаас хамгийн том тулгамдсан асуудлын нэг бол музейн салбарын мэргэжилтнүүдийн цалин, нийгмийн баталгаа юм. Залуу судлаачид, шинэ боловсон хүчин энэ салбарт орж ирэх нь харьцангуй бага байгаа шалтгааны нэг нь цалин хангамжийн асуудалтай холбоотой. Үүн дээр нэмээд хууль эрх зүйн зохицуулалт харьцангуй хатуу учраас зарим тохиолдолд ажиллах орчин, боломжийг хязгаарлах тал ажиглагддаг. Тиймээс цаашид музейн салбарын хөгжилд зөвхөн хууль эрх зүйн шинэчлэл төдийгүй олон нийттэй илүү нээлттэй, хамтын ажиллагаанд суурилсан бодлого, хэлэлцүүлэг маш чухал гэж харж байна. Ингэж чадвал музейн салбарын хөгжлийг шинэ түвшинд гаргах боломж бүрдэнэ.
Орон нутгийн музейнүүд ч хүний нөөц, орчин нөхцөл, мэргэжлийн удирдлага дутмаг, хөгжлөөс хоцорсон байдал ажиглагддаг нь үнэн. Мөн үндэсний статустай музейнүүдийн нэг чухал үүрэг бол орон нутгийн музейнүүдэд арга зүйн зөвлөгөө өгөх, туршлага хуваалцах байдаг. Энэ нь практик хэрэгжиж чаддаггүй.
Тиймээс зөвхөн үзмэр хадгалах бус, мэргэжилтнээ зөв бэлтгэх нь чухал байна. Мэргэжилтэн хүн өөрөө соёлын өвийг хэрхэн хамгаалах, хэрхэн судлах, түүний үнэ цэнийг олон нийтэд яаж ойлгуулах вэ гэдгээ гүнзгий ойлгосон байх ёстой. Ингэж байж дараагийн шатанд олон нийтэд музейн жинхэнэ үнэ цэн, үүргийг зөв ойлгуулж чадна. Өнөөдөр хүмүүсийн дунд музей гэхээр зөвхөн хуучны эд өлгийн зүйл хадгалдаг газар гэсэн ойлголт түгээмэл хэвээр байна. Гэтэл музейн үндсэн үүрэг нь зөвхөн хадгалалт биш, мөн соёлын өвийг хамгаалах, судлах, түгээн дэлгэрүүлэх, олон нийтийг соён гэгээрүүлэх явдал юм.
Төмөрбаатарын БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
Даваа - 05 сарын 18,
2026
Сэтгэгдэл1
наадах чинь музэй биш шарын шашны буюу харийн хог хадгалах агуулах болсон байна