sonin.mn

Орон сууц захиалагчдын мөнгөөр барилга барьсан компаниуд байруудыг давхардуулан зарж, иргэдийг хохироосон талаар “Байр захиалаад хохирсон иргэдийн холбоо”-ны тэргүүн Д.Санчир, тус холбооны гүйцэтгэх захирал н.Мөнх-Эрдэнэ, “Монголын эрэгтэйчүүдийн хөгжлийн нийгэмлэг”-ийн ерөнхийлөгч Ж.Цогтсугар нар мэдээлэл хийлээ.


Ж.Цогтсугар энэ үеэр: "Манай байгууллага 20 жил хурааж цуглуулсан мөнгөө надад итгэж өгөөд, миний нэр дээр байр захиалсан юм. Гэтэл жил орчим хүлээгээд байрандаа орж чадсангүй. Д.Сайнсанаа захиралтай "Ирээдүйн билэг" компани, төслийн захиалагч "Аврора Трэйд" компани, гэрээт гүйцэтгэгч н.Эрдэнэбаатар тэргүүтэй нөхдүүд



хүмүүсийн мөнгөөр захиалуулж, байр аваад, тэр байраа босгочихоод өөр хүмүүс оруулаад, мөнгөө өгч захиалсан хүмүүсийг нь гудамжинд хаячихсан. Энэ залилангаа маш нарийн аргаар, системтэйгээр хийсэн байна.



Үүнийг илрүүлэх гэж бид шинжилгээний баг гаргаж ажиллуулсан. Бид нар туг далбаа барьж, өөрсдийгөө зовоож, өөрийгөө хөнөөж тэмцдэг хүмүүс биш. Бодлогын хүрээнд тэмцэнэ." гэсэн бол н.Мөнх-Эрдэнэ: "Иргэд мөнгө цуглуулаад байр захиалдаг. Гэтэл байрандаа орж чадахгүй байгаа асуудал монголын нийгэмд ихээхэн газар авлаа. Үүний эсрэг тэмцэхээр эвсэн, нэгдэн нийлж, хууль ёсны хүрээнд ажиллаж, хохирлоо барагдуулхаар тус холбоог байгуулсан. Хүмүүс байранд орох гэж банкнаас зээл авдаг, олон жилийн хөдөлмөрөөрөө олсон мөнгөө хурааж хуримтлуулж урьдчилгаанд өгдөг. Гэтэл залилууснаас болж байрандаа орж чаддаггүй. Үүнээс болж залуу гэр бүлүүд салж байна. Зарим нь сэтгэл гутралд орж, архины хамааралтай ч болдог гэх мэт хор хохирол маш их гарсаар байна.



Албан бус тоогоор Нийслэлийн хэмжээнд байр захиалаад орж чадаагүй, бүрэн болон бүрэн бус буюу ямар нэгэн хэмжээгээр төлбөр төлсөн мөртлөө байр, орон сууцандаа орж чадаагүй 70.000 иргэд байна.



Зарим нь мөнгөө өгч, байраа захиалаад орон сууцандаа орж чадаагүй 10 гаруй жил болж байгаа тохиолдол ч бий. Хохироод үлдэж байгаа тэр олон хүмүүсийн сэтгэл санаа, бие махбодь, эдийн засгийн эрх чөлөө нь зөрчигдөөд байхад төр засаг нь хараагүй мэт үл тоож байгаа юм бэ? Бид үүнтэй эвлэрч чадахгүй. Иргэдийнхээ Үндсэн хуульд заагдсан эрхийг хангаж өгөөч ээ. Энэ их хохирлыг хэн барагдуулж, хэн хариуцлага хүлээлгэх юм бэ? Бидэнд яаралтай хариу тайлбар өгөхийг хүсэж байна. Энэ асуудал үнэхээр том хэрэг болж хувирна шүү." гэв.



М.Чой