sonin.mn

БЕЙРУТ, 2026 оны арваннэгдүгээр сарын 5 /TASS/. Сургагч нар нь Йемений хуситуудын “Ансар Аллах” хөдөлгөөний талд цэргийн ажиллагаанд оролцож байгаа гэх Йемений Засгийн газрын мэдэгдлийг Ливаны шийт шашинтнуудын “Хезболла” байгууллага няцаажээ.


“Хуситуудын довтолгоонд дэмжлэг үзүүлж, цэргүүдийг бэлтгэж, зэвсгээр хангаж байгаа гэх Йемений эрх баригчдын мэдээлэл огт үндэслэлгүй” гэж тус байгууллагын хэвлэлийн алба лхагва гарагт “Telegram” сувагтаа нийтэлсэн мэдэгдэлд дурджээ.


Мөн “Йемений ард түмэн гаднын тусламжгүйгээр эх орноо хамгаалах хангалттай чадавх, нөөц боломж, туршлагатай” гэж онцолсон байна. Түүнчлэн цэргийн мэргэжилтнүүд нь Йеменд байгаа гэх мэдээллийг няцаасан байна. Мөн Йемений эв нэгдлийг хадгалах, санал зөрөлдөөнийг зохицуулахын тулд мөргөлдөгч талуудыг дотоодын яриа хэлэлцээгээ сэргээхийг уриалжээ.


Өмнө нь Ливаны Ерөнхий сайд Наваф Салам “Хезболла” бүлэглэлд хандан мэдэгдэл хийхдээ, Арабын орнууд, тэр дундаа Йемений дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох нь үндэсний ашиг сонирхолд хохирол учруулж болзошгүй гэж анхааруулсан байна.


Йемений Дотоод хэргийн сайд Ибрахим Али Ахмед Хейдан 11 дүгээр сарын 3-нд мэдэгдэхдээ, Ливаны "Хезболла" болон Ираны Исламын хувьсгалыг хамгаалагчдын корпусыг хуситуудын цэргийн ажиллагааг шууд удирдан чиглүүлж, пуужин болон дроны хөтөлбөрүүдийг нь хөгжүүлэхийн сацуу Улаан тэнгис, Баб-эль-Мандебын хоолой дахь худалдааны хөлөг онгоцнууд руу хийх халдлагыг зохион байгуулж байна гэж буруутгажээ. 




Б.Адъяахүү