sonin.mn

Арваннэгдүгээр сарын 16-нд Хятадын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Филиппиний нийслэл Манила хотод болсон Хятад–АСЕАН-ы удирдагчдын 29 дүгээр уулзалтад оролцлоо. 


Ли Чян хэлэхдээ, энэ онд Хятад, АСЕАН-ы хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосны таван жилийн ой тохиож байна. Өнгөрсөн таван жилд олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байсан ч Хятад–АСЕАН-ы хамтын ажиллагаа тасралтгүй гүнзгийрч, харилцан холболт улам бэхэжсэн. Хоёр тал найрсаг, харилцан туслалцах уламжлалаа эрхэмлэн хөгжүүлж, нээлттэй, харилцан ашигтай байх зарчмыг баримтлан, Хятад–АСЕАН-ы улам нягт хувь заяаны хамтын цогцыг хамтран байгуулах ёстой гэжээ. 


Ли Чян гурван зүйлт санал дэвшүүлэв. Нэгдүгээрт, санал зөрөлдөөнөө яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар зохистой шийдвэрлэж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалан, “Өмнөд Хятадын тэнгис дэх талуудын үйл ажиллагааны тухай дүрэм”-ийг аль болох эрт батлахаар ажиллах. Хоёрдугаарт, аж үйлдвэрийн болон нийлүүлэлтийн сүлжээ, дэд бүтэц, эрчим хүч, хиймэл оюун ухаан зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн хөгжил цэцэглэлтийг дэмжих. Гуравдугаарт, ядуурлыг бууруулах, гамшгаас урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, хүнсний аюулгүй байдал, эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэнд зэрэг чиглэлийн хамтын ажиллагааг бэхжүүлж, иргэдийн сайн сайхан амьдралыг дээшлүүлэхийг санал болгожээ. 


Уулзалтад оролцсон АСЕАН-ы орнуудын удирдагчид хоёр талын хамтын ажиллагааны үр дүнг нааштай үнэлж, стратегийн харилцаа холбоогоо бэхжүүлэн, эдийн засаг, худалдаа, харилцан холболт, дижитал эдийн засаг зэрэг салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлж, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахад бэлэн байгаагаа илэрхийлэв. 


Уулзалтын үеэр Хятад–АСЕАН-ы чөлөөт худалдааны бүсийн 3.0 хувилбарын шинэчлэлийн протокол 2026 оны арванхоёрдугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр болж, 2027 оныг “Хятад–АСЕАН-ы хиймэл оюун ухааны хамтын ажиллагааны жил” болгон зарласныг мэдэгдлээ. Мөн хамтын ажиллагааны үр дүнг тусгасан хэд хэдэн баримт бичиг нийтэлжээ.