sonin.mn

Хуульч Х.Бат-Ялалт суулт зарлаж буй тухай хэвлэлийн бага хурал хийв.

Энэ үеэрээ: "Өнөөдөр ҮАБЗ, АТГ, ЦЕГ, УЕПГ-т гомдол гаргаж байгаа. "Иргэдийн шударга шүүх" ТББ нь өнгөрсөн 20 жилийн хугацаанд шүүхийг шударга болгохыг шаардаж тэмцэл хийж байгаа. Бүх салбарт авлига албан тушаалын хэрэг газар авсан. Үүнтэй тэмцэх ёстой хууль хяналтын байгууллагууд нь нүд нь сохор, чих нь дүлий, нүдэн дээр нь гэмт хэрэг үйлдэгдэж байхад хараагүй юм шиг суудаг болчихлоо. Өнгөрсөн 32 жилийн хугацаанд төрөө маш олон удаа өөрчилсөн боловч ямар ч үр дүн гарсангүй. Улам ядуурч, авлига хээл хахууль, шударга бус байдал газар авчихлаа. Ганц өөрчлөөгүй үлдсэн нь шүүх засаглал байна.



Худалдагдсан шүүх, цагдаа, прокурорууд Монгол улсын үндэсний аюулгүй байдлын хамгийн том асуудал болоод байна.



УИХ-ын гишүүдээ шоронд ороход нь баярладаг нийгмийг байгуулмааргүй байна. УИХ-ын гишүүд бидний итгэлтэй хүмүүс байх ёстой. Шүүгч нар яллагдаад явдаг нийгэм бидэнд хэрэггүй. Шүүгч нар хамгийн шударга хүмүүс байх ёстой. Ард түмэнд шударга ёс хэрэгтэй байна. Монгол улсад бараг гэмт хэрэг үйлдэхийг өөгшүүлсэн хууль тогтоомжууд гарч ирээд байна. Тэрбумын авлига авсан хүн 40 саяар торгуулж байна. Хуульзүйн сайд нь ийм поп юм яриад сууж байна. Энэ арчаагүй байдлаас чинь болж ард түмэн тэсэрхэд бэлэн болчихсон байна. Ирэх Лхагва гарагаас эхлэн Сүхбаатарын талбай дээр суулт хийх болно. Юуны эсрэг тэмцэх вэ? гэдэг дайснаа зөв тодорхойлмоор байна. Их наядын хулгай сонсоод ч яах ч үгүй болчихсон байна.


Шүүх, цагдаагийн байгууллагаас маш олон хүн ял авч, шийтгүүлж байна. Удахгүй тэр хүмүүсийн нэрсийг зарлана гэж бодож байгаа. Би 20 жил шүүхийг шударга болго гээд тэмцэж байна. Цаг хугацааны хувьд би ялалт байгуулж байгаа. Хүн бүр, Ерөнхийдөгч нь, Ерөнхий сайд нь шүүхийг шударга болгоно гэж ярьдаг боллоо. Энэ бол бидний хийсэн тэмцлийн үр дүн.



Хэрэв ямар нэгэн байдлаар нийгмийн зөрчил гарлаа гэхэд, 2008 оны 7-р сарын 01 шиг үймээн самуун дэгдэх юм бол буруутан нь Монгол улсын шүүх засаглал шүү.



Шүүх засаглал ажлаа хийхгүй байгаа учраас бид гэмт хэрэгтнүүдтэй хүчээр тэмцэх тухай бодоод байгаа юм. Ялтан болоод эд хөрөнгөө, эрх мэдлээ хураалгаж байх ёстой хүмүүс нь ард түмнээрээ дайжигнаж, басамжлан доромжлоод байгаа учраас л иргэд бухимдаад байна. Энэ бухимдлыг нэгтгэж бодитой тэмцэл болгохын төлөө хэнээс ч, юунаас ч айхгүй ажиллана. Чаддаг юм бол бид нарыг прокурор, шүүгч нар нь бөөнөөр нь тууж аваачаад Хамбын овоон дээр буудчих л даа. Чадахгүй шүү дээ. Өөрсдийнхөө эрх мэдэл, мөнгө төгрөгийг хэзээ ч дуусахгүй юм шиг бодож сагаад дарвалзаад байгаа төрийн эрх мэдэлд хууль бус аргаар оччихоод хулгай луйвар цэцэглүүлээд байгаа хүмүүс анхааруулж хэлье. Та нарын толгой дээр тоосго очих цаг ойрхон шүү." гэв.



М.Чой