sonin.mn

УИХ-ын 2024 оны сонгууль хэдхэн сарын дараа болох гэж байна. УИХ дахь МАН-ын бүлгийн Дарга Д.Тогтохсүрэнгийн хэлж байгаагаар МАН УИХ-ын сонгуульд дахин ялбал нэг хүнд оногдох ДНБ-ийг 10 мянган доллар болгох мөрийн хөтөлбөр боловсруулсан юм гэнэ. Тодруулбал тэрээр энэ тухай: "МАН-аас УИХ-ын 2024 оны сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө Үндэсний Аудитийн Газарт хүргүүлсэн мөрийн хөтөлбөртөө 2028 он гэхэд нэг хүнд ноогдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүргэнэ гэж тусгасан. Үүнийг Эдийн Засгийн Хөгжлийн Яам боловсруулсан. Ингэхдээ ирээдүйн 4 жилийн дэлхийн зах зээлийн үнэ, экспортын нөхцөл байдал зэрэг олон зүйлийг харгалзаж үзэж байгаад тавьж байгаа тоо" гэсэн билээ.


Сайхан л сонсогдож байна. Гэхдээ иргэд итгэх юм болов уу даа?


Ердөө дөрөвхөн жилийн өмнө тухайн үед ЗГХЭГ-ийн Дарга, Монгол Улсын сайд байсан, өнөөгийн Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахалж боловсруулсан мөрийн хөтөлбөрөөр бол тус нам нийгийн даатгал төлдөг иргэн бүрийг орон сууцанд орох нөхцлийг бүрдүүлэхээр амлаж байв. "МАН-ын энэ удаагийн мөрийн хөтөлбөр үндсэндээ дундаж орлоготой иргэдийг дэмжихэд чиглэх бөгөөд банкны зээлийн хүүг бууруулах реформ, орон сууцжуулах хөтөлбөр багтсан. Орон сууцыг тасралтгүй барьсаар байгаа ч гэсэн орон сууцны үнэ зорилтот бүлэг худалдан авах боломжтой төвшинд очихгүй байна. Тийм учраас Сингапурын хуримтлалын нэгдсэн тогтолцоог нэвтрүүлэх асуудлыг мөрийн хөтөлбөрт тусгасан. Нийгмийн даатгал төлж байгаа иргэн бүхэн орон сууцанд орох, түүнд нь төр оролцохоор байна. Тодруулбал, 50 м/кв байрыг залуу гэр бүл болон гэр хорооллоос орон сууцанд орох тохиолдолд цемент, арматурыг тэглээд, төрийн орон сууцны корпорацийг оролцуулаад, зах зээлийн үнэлгээг бууруулах том хөтөлбөр багтсан." хэмээсэн Л.Оюун-Эрдэнийн яриа одоо ч интернэтэд байсаар л байгаа.



Энэ зорилт огт хэрэгжээгүй. Энэ худал амлалтынхаа төлөө ч хэн ч ямар ч хариуцлага хүлээгээгүй. Тэгсэн атлаа нэг хүнд оногдох ДНБ-ийг 10 мянган доллар болгоно хэмээн дахин амлах нь МАН-ынхан Монголын ард түмнийг дэндүү доромжилж буй хэрэг биш гэж үү?


Д.Дандархүү